Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 283

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,

улсын яллагч Ш.Хосбаяр,

шүүгдэгч М.М, өмгөөлөгч Д.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хууль (2002 оны)-ийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэцэн сартуул овогт Мэндбаярын Мөнхнасанд холбогдох 201725030421 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1986 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар  хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программ хангамжийн инженер мэргэжилтэй, Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Техник ашиглалтын хэлтсийн радио холбооны засварын ахлах инженер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-13 гудамж 236 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо 418-122 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Цэцэн сартуул овогт М.М /РД:………………../.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.М нь 2017 оны 02 дугаар сарын 03-ны шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Нийгмийн хэв журмыг хамгаалах тасгийн эргүүлийн офицер Б.Буянжаргалын хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь “чи миний харьхыг мэддэг юу уу, ямар сонин дэслэгч вэ, би цагдаагийн ахмад цолтой хүн байна” гэх зэргээр нийгмийн хэв журмыг сахиулах эрх хэмжээгээ хэрэгжүүлэхэд саад учруулж гараа далайлгаж заналхийлсэн гэмт хэргийг үйлдсэн,

Мөн шүүгдэгч М.М нь 2017 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хаалганы шилийг өшиглөж хагалан санаатайгаар устгасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М мэдүүлэхдээ: “Тухайн өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Эс-Лоунж” гэх пабд ажлынхантайгаа сууж архи уусан бөгөөд энэ үйлдэлдээ гэмшиж байгаа. Тэр өдөр манай ажлынхан цасны баяр тэмдэглээд шууд ирсэн тул бэлэн мөнгөгүй байсан бөгөөд паб ажиллуулж байсан хүнээс карт унших уу? гэхэд бүх төрлийн карт уншина гэсэн. Гарахдаа тооцоо хийх гэхэд карт уншихгүй гэсэн. Цаг орой болсон тул карт уншихгүй гэж хэллээ, анх ороход карт уншина гэж хэлсэн тухай асуудлаас маргаан үүссэн. Энэ үеэр миний зүүн нүдний доор паб ажиллуулж байсан хүн халдсан нь маргаан ихсэх шалтгаан болсон. Дуудлагаар ирсэн цагдаа намайг шууд буруутгаж, надтай ёс бус харьцсан тул би цагдаатай маргалдсан. Би цагдаагийн бие, хувцас, эрх чөлөөнд халдаагүй бөгөөд цагдаа руу гар далайгаагүй, зэвсгийн чанартай зүйл барьсан үйлдэл байхгүй. Миний гарыг далан дээгүүр давуулж гавлахад надад маш зовиуртай байсан тул гаваа тайлж өгөхийг гуйж, шаардахад тайлаагүй. Намайг машинд суулгаад явахад нь би энэ хүмүүстэй өөрөө асуудлаа шийдье гэхэд намайг аваад явсан. Миний эхнэр над руу залгаад манай найз утсаараа яриулах гэхэд Цагдаагийн хэсэг дээр очиход чимээ ихтэй байсан тул би чимээнээс холдож үүдний хэсэг рүү очсон. Энэ үед цагдаа намайг зугтах гэж байна хэмээн бодож араас татах үед нь би тэнцвэр алдан унахаас сэргийлж хөлөөрөө тулахдаа хаалганы шилийг санамсаргүй байдлаар хагалсан. Надад санаатай үйлдэл байхгүй гэв.

Хохирогч Г.Мөнхсувдын мөрдөн байцаалтад өгсөн: “…Манай хэлтсийн нэгдүгээр давхрын гадна хаалганы дотор шилэн хаалгыг 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ЦЕГ-ын мэдээлэл шуурхай удирдлагын албан хаагч болох цагдаагийн ахмад М.М нь хагалж өшиглөсөн. Үүний улмаас хаалганы доод хэсэг хагарсан. Тухайн хэрэг болсон өдрийн хяналтын камерын бичлэгийг нь 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн өглөө 09 цагийн үед ЦЕГ-ын МШУТөвийн алба хаагч М.Мг манай цагдаа нар саатуулаад хүлээлгийн танхимд байлгаж байхад нэг залуу Мөнхнасангийн чихэн дээр гар утас аваачиж өгөхөд Мөнхнасан гэдэг залуу шилэн хаалгаар гарах үед манай цагдаа нар очиж барьж аваад дотогш оруулах гэхэд орохгүй ноцолдоод Мөнхнасан хөлөөрөө өшиглөөд шилэн хаалгыг хагалж байгаа бичлэг байсан. Мөнхнасан 2017 оны 02 дугаар сарын 04-ний үдээс хойш Мөнхнасан ирээд хагалсан шилээ шинээр хийж өгсөн гэсэн. Бичлэг дээр Мөнхнасан шилэн хаалгыг өшиглөж байгаа харагдсан. Санаатай санамсаргүй өшиглөснийг би хэлж мэдэхгүй, бичлэг дээр хагарсан шилнүүд хол үсэрч байгаа харагдаж байна лээ …” гэх мэдүүлэг /хх-36-37х/,

Хохирогч Б.Буянжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “…би 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 09 цагаас 02 дугаар сарын 04-ний өдрийн 09 цаг хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн 1,4 дүгээр хороонд хайрхан 116 чиглэлд эргүүлийн үүргийг 40-67 УНҮ улсын дугаартай автомашинтайгаар цагдаа жолооч, цагдаагийн ахлагч Ерболдын хамт үүрэг гүйцэтгэсэн. 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 22 цаг 38 минутад Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах С лаунж нэртэй паабд хүмүүс тооцоо хийхгүй зодолдоод байна гэсэн дуудлагыг Хайрхан 10-с хүлээн аваад уг дуудлагад 22 цаг 41 минутад очсон. Паабын гадаа хүнгүй байсан бөгөөд цагдаа жолоочийн хамт дотогш ороход текний цаахна талд Мөнхнасан пааб ажиллуулдаг хүүхэнтэй маргалдаад зогсож байсан. Хажууд нь 4-5 эрэгтэй хүмүүс байсан. Мөнхнасан уг паабын эзэн гэх эмэгтэйтэй маргалдаад зогсож байсан. Тэр хүүхэн Мөнхнасан руу уусан идсэн юмныхаа тооцоог хий гэсэн чинь төлнө гээд байсан. Паабын эзэн гэх хүүхнээс юу болсон талаар асуухад энэ залуу надтай болон өөр хүмүүстэй маргалдаад ойр зуурын юм  эвдчихлээ гэхээр нь Мөнхнасанд чи тооцоогоо хийгээд харьж амар гэсэн чинь өмнөөс чи миний харих үгүйг мэддэг юм уу гээд дайраад байхаар нь хамтдаа гаръя гээд Мөнхнасанг аваад гадагш гарсан. Гадаа гарангуутаа би Мөнхнасанд уусан идсэн юмныхаа мөнгийг төлчих, найз нараа аваад харь, паабын эзнээс уучлалт гуйчих, бичиг баримт байна уу гэсэн чинь “Чи ямар сонин дэслэгч вэ” гэснээ цагдаагийн үнэмлэх гаргаж ирээд “би цагдаагийн ахмад цолтой хүн байна” гэхээр нь үнэмлэхийг үзэх гэтэл “чи миний үнэмлэхийг үздэг хэн бэ” гэсэн. Тэгтэл паабын гадаа байсан хүмүүс “энэ агсам тавиад байсан залуу чинь цагдаа юм байна ш дээ, цагдаа нь цагдаагийнхаа шаардлагыг биелүүлэхгүй байна” гэж хашгирч орилсон. Тэгэхээр нь хүмүүсээс холдъё  гэсэн чинь өмнөөс дайраад гараа далайлгаад байхаар нь Ерболдтой нийлж байгаад Мөнхнасангийн 2 гарыг нь ард нь гавалсан. Ингээд машины арын хаалгаар суулгах гэсэн чинь нэг хөлөөрөө машин руу жийгээд суухгүй байхаар нь хүчээр суулгаад шууд хэлтэс рүү авч очсон …” гэх мэдүүлэг /хх-40-42х/,

Гэрч Ж.Бар-Үрийн мөрдөн байцаалтад өгсөн: “…Мөнхнасан манай хэлтэс дотор гавтайгаа нааш цааш холхиод байсан бөгөөөд нэг харсан чинь хэлтсийн хаалгаар хамт ирсэн найзынхаа хамт гарч байсан хамт ирсэн найз нь Мөнхнасангийн зүүн чихэн дээр гар утсаа тавьсан байдалтай байсан. Цагдаагийн дэслэгч Буянжаргал араас нь гүйж очоод Мөнхнасангийн баруун гарнаас нь татсан. Цагдаагийн ахлагч Ерболд Буянжаргалд туслахаар очсон. Тэгтэл Мөнхнасанг Буянжаргал баруун гарнаас Ерболд зүүн гарнаас нь татсан чинь хэлтсийн дотор шилэн хаалга хагарсан. Мөнхнасан өшиглөөд хагалах шиг болсон …” гэх мэдүүлэг /хх-78х/,

Хаалганд тусгайлан үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-7х/,

Илтгэх хуудас /хх-12-13х/,

Эд мөрийн баримтаар хураан авсан камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-16-18х/,

Гэрч И.Ерболдын мэдүүлэг /хх-74х/,

Эд зүйлийн үнэлгээ /хх-84х/,

Албаны шалгалтын материал /хх-123х/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-96-97х/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч М.М нь 2017 оны 02 дугаар сарын 03-ны шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Нийгмийн хэв журмыг хамгаалах тасгийн эргүүлийн офицер Б.Буянжаргалын хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь “чи миний харьхыг мэддэг юу уу, ямар сонин дэслэгч вэ, би цагдаагийн ахмад цолтой хүн байна” гэх зэргээр нийгмийн хэв журмыг сахиулах эрх хэмжээгээ хэрэгжүүлэхэд саад учруулж гараа далайлгаж заналхийлсэн гэмт хэрэг,

Мөн шүүгдэгч М.М нь 2017 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хаалганы шилийг өшиглөж хагалан санаатайгаар устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч Г.Мөнхсувд /хх-36-37х/, Б.Буянжаргал /хх-40-42х/, гэрч И.Ерболд /хх-74х/, Ж.Бар-Үр /хх-78х/,  Хаалганд тусгайлан үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-7х/, Илтгэх хуудас /хх-12-13х/, Эд мөрийн баримтаар хураан авсан камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-16-18х/, Гэрч И.Ерболдын мэдүүлэг /хх-74х/,  Эд зүйлийн үнэлгээ /хх-84х/, Албаны шалгалтын материал /хх-123х/ шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд болох Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-96-97х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн боловч М.Мд эрүүгийн хууль (2002 оны)-ийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг эрүүгийн хууль (2015 оны)-ийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас М.Мд Эрүүгийн хууль (2002 оны)-ийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, түүнд энэ зүйл ангиар зохих ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай Монгол улсын хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон үйлдэл, үйлдэл эс үйлдэхүйд 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө үйлчилж байсан Эрүүгийн хуулиар ял шийтгүүлсэн этгээдийг эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ял, бусад арга хэмжээнээс чөлөөлнө гэж заасан байх тул энэ тогтоолоор оногдуулах ялаас М.Мг чөлөөлж шийдвэрлэв.

Энэ гэмт хэрэг нь бага хэмжээний буюу 300.000 төгрөгнөөс дээш хохиролтой бол гэмт хэргийн шинжийг агуулдаг. М.Мгийн үйлдэл нь 80.000 төгрөгийн хохиролтой.

Иймд М.Мгийн бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэсэн гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хадгалж, М.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.