Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 1134

 

 

 

 

 

 

 

 

 

И.Тийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дугаар сарын 10-ний өдрийн 102/ШШ2019/01015 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч И.Тийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Б, Б.О нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 18 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

хариуцагчийн өмгөөлөгч Т.Тын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы  илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Л.Б,

Хариуцагч Д.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч: Г.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ц нар оролцов.

Нэхэмжлэгч И.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 1 дүгээр сарын 09-нд Д.Бд 6 сарын хугацаатай 10 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй байгуулж, зээлсэн. Ингэхдээ Огийн дансаар шилжүүлсэн. Улмаар 2015 оны 07 дугаар сарын 29-ны өдөр, 2016 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр тус тус сунгаж шинэчлэн байгуулсан ба зээлийн нөхцөл, хугацаа, хүү адилхан хугацаа хэтэрвэл хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр гэрээлсэн. Иймд Б.О, Д.Б нараас үндсэн зээл 10 000 000 төгрөгийн хүү 3 000 000 төгрөг, алданги 5 000 000 төгрөгийн хамт, нийт 18 000 000 төгрөгийг шаардаж нэхэмжлэл гаргасан. Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281.1, 282.3 дахь хэсэгт заасан хуулийн дагуу хийгдсэн. Тооцоо нийлээгүй учир алданги төлөхгүй гэх тайлбар үндэслэлгүй юм. Нийт зээлийн хүүгийн төлбөрт 9 000 000 төгрөг төлөх ёстой. Хариуцагч тал нийт 11 525 000 төгрөг төлсөн гэдэг нь дансны хуулгуудаар батлагдаж байна гэжээ.

Хариуцагч Б.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний дансаар мөнгө орж гарсан нь үнэн. Би энэ мөнгийг нэг хоног ч хэрэглээгүй. Би өөрийгөө энд хариуцагчаар оролцох үндэслэлгүй гэж үзэж байна. И.Тийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анар шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээний үндсэн төлбөр 10 000 000 төгрөг, хүү 3 000 000 төгрөг, алданги 5 000 000 төгрөгийг ямар үндэслэлээр хэрхэн бодсон нь тодорхойгүй. Нэхэмжлэгчийн хаан банкны дансны хуулгуудыг 2015 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл гаргуулснаар хариуцагчийн зүгээс 19 000 000 орчим төгрөгийг төлсөн болох нь тогтоогдоно. Мөн ямар хугацаанд хэдэн төгрөгийн зээлийн төлбөр төлсөн болохыг нь тогтоосноор цаашид хэдэн төгрөгийн үүрэн гүйцэтгэх эсэхийг тогтоох боломжтой болно. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй. Алданги тооцох үндэслэлгүй гэж үзэж байна. Д.Б 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 1 000 000  төгрөг өгөөд, миний тооцоогоор 10 000 000 төгрөгөө төлөөд дуусчихлаа гэхэд нь И.Т үүний дараагаар чи 18 000 000 төгрөг өгөх ёстой гэдэг зүйл ярьсан. Тооцоо нийлээд гаргаад өгсөн бол үүнээс өмнө төлөөд дуусгачих байсан. Энд үүрэг гүйцэтгүүлэгчийн буруутай. Иймд хариуцагчийн зүгээс 7 475 000 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэж үзэж байна. Эхний байгуулсан гэрээ болон сунгагдсан гэрээний зүйл заалттай маргаагүй. Алдангийг төлөхгүй гэх шалтгаанд үүрэг гүйцэтгүүлэгч буруутай үйл ажиллагаа гэж үзэж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 234.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Баас 13 212 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.Тд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Б.Од холбогдох хэсэг болон 4 787 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Баас 224 012 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.Тд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Зээлийн гэрээний хугацаа сунгасан сүүлийн гэрээний хугацаа 2016 оны 07 дугаар сарын 14-ний өдөр дуусч, энэ үеэс нэхэмжлэгчид гэрээний үүргийг зээлдэгчээс шаардах эрх үүссэн бөгөөд гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 350 000 төгрөг төлж, нийт 7 525 000 төгрөг төлсөн нь зээлийн хүүгийн 9 000 000 төгрөгөөс хасагдаж 1 475 000 төгрөгийн хүү, үндсэн зээл 10 000 000 төгрөг төлөгдөөгүй байжээ..” гэж шүүх дүгнэсэн нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэхээр байна. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 07 дугаар сарын 14-ний өдөр дууссан. Үүрэг гүйцэтгэгч Д.Б 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 350 000 төгрөг төлсөн байгаа нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй байгаа учраас иргэний хуулийн 216 дугаар зүйл “Үүрэг гүйцэтгэх дараалал”, 216.4 дэх хэсэг “..үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжид шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ...” гэсэн дарааллын дагуу үндсэн үүрэг болох 10 000 000 төгрөгийг хасаж үндсэн зээлээс 9 650 000 төгрөг үлдэхээр байна. Гэтэл шүүх үүрэг гүйцэтгэх дарааллыг баримтлахгүйгээр шууд хүүнээс хасаж тооцож байгаа нь үүрэг гүйцэтгэгч Д.Бд илүү хохиролтой болсон гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч И.Т нь хариуцагч Б.О, Д.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 10 000 000 төгрөг, хүү 3 000 000 төгрөг, алдангид 5 000 000 төгрөг, нийт 18 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.О нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд эс зөвшөөрч, хариуцагч Д.Б 7 475 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

И.Т, Д.Б нарын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 10 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.2 хувийн алданги тооцохоор харилцан тохирч, уг гэрээнд 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулж гэрээний хугацааг 6 сараар сунгаж, анзын хэмжээг 0.5 хувь болгон нэмэгдүүлсэн, мөн уг гэрээний хугацааг 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 6 сараар сунгасан болох нь хэрэгт авагдсан дээрх гэрээнүүд, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх 5-8/

            Анхан шатны шүүх хариуцагч Б.Од холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ зээлийн гэрээний тооцооллыг буруу тооцсон байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжтой.

            Зохигчдын байгуулсан зээлийн гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагыг зөрчөөгүй, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр хэлцэл байх тул нэхэмжлэгч И.Т нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний үндсэн төлбөр, хүү, алдангийг хариуцагчаас шаардах эрхтэй.

            Хэрэгт хариуцагч Д.Бын Хаан банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд авагдсан байх ба дээрх зээлийн гэрээний үүрэгт 2015 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 09-ны өдрийг хүртэлх хугацаанд 2 800 000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 1 020 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1 050 000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 535 000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 500 000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 550 000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 200 000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 520 000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 350 000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 1 000 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 1 000 000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 500 000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 500 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 1 000 000 төгрөг, нийт 11 525 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байна. /хх 39-46, 55-56, 79-86/

 

            Иймд хариуцагч И.Тээс үндсэн зээл 10 000 000 төгрөг, зээлийн хүү 9 000 000 төгрөг, гэрээгээр харилцан тохиролцсон алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэх ёстой үүрэг болох 7 475 000 төгрөгийн 50 хувиар тооцон 3 737 500 төгрөг, нийт 11 212 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 787 500 төгрөг болон хариуцагч Б.Од холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

            Хариуцагч Д.Б нь зээлийн гэрээгээр хүү төлөхгүй талаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсон хэмээн тайлбарлаж байгаа боловч өөрийн татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дугаар сарын 10-ний өдрийн 102/ШШ2019/01015 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...13 212 500 төгрөг” гэснийг “11 212 500 төгрөг”, “...4 787 500 төгрөг” гэснийг “...6 787 500 төгрөг” гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...224 012 төгрөг” “194 342 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь зааснаар хариуцагч Д.Баас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224 020 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

                         ШҮҮГЧИД                                          Б.НАРМАНДАХ

 

                                                                                    Д.ЦОГТСАЙХАН