Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 09 өдөр

Дугаар  2021/ДШМ/954

 

 

 

      

 

 

 

 

      2021           11             9                                         2021/ДШМ/954                             

 

 

С.Нд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Отгонжаргал,

хохирогч З.Эы өмгөөлөгч Г.Энхтүвшин,   

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2021/ШЗ/2297 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бат-Отгоны гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн С.Нд холбогдох эрүүгийн 2106 02356 1708 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

С овогт С-ын Н, ...... оны .... дугаар сарын ....-ны өдөр .............. аймгийн ............... суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютер техник хангамжийн инженер мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ ..................... дүүргийн .... дугаар хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгч ажилтай байсан, ам бүл 1, .................... дүүргийн ....... дугаар хороо, .......................... дүгээр гудамжны ............. тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, /РД:................................./;

Шүүгдэгч С.Н нь 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн орой Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” нэртэй хүнсний дэлгүүрийн ар талын байшинд иргэн З.Эыг үл ойлголцох хэрүүл маргааны улмаас нүүр хэсэг рүү гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн зодож эрүүл мэндэд нь “Зүүн хацар, шанаанд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: С.Нн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлах явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15 дахь заалтад заасан мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх нөхцөл байдал илэрлээ. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн шатанд С.Н хамтран амьдрагч н.Б-тай хардан хохирогчийг зодсон гэж мэдүүлж байх боловч гэрчээр н.Б-гаас мэдүүлэг аваагүй байна.

Хохирогч шүүхийн шатанд “намайг миний хүүхдийн дэргэд зодсон” гэж байх тул насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг аваагүй байна.

Мөн хохирогч миний эзэмшлийн авто машины цонхыг хагалж эд зүйлийг эвдсэн гэх тул ийм үйлдэл болсон эсэхийг дуудлагаар очсон цагдаагийн ажилтнуудаас мэдүүлэг авах замаар шалган тогтоох шаардлагатай байна.

Түүнчлэн хохирогчид учирсан гэм хорын хохирлыг нарийвчлан тогтоох зэрэг ажиллагааг хийх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд С.Нд холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцааж, С.Нд авсан хувийн баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бат-Отгон давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх С.Нд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15 дахь заалтад заасан мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийх нөхцөл үүссэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хавтаст хэргийн хүрээнд нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон гэж үзэж байна.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

Хохирогч З.Эы өмгөөлөгч Г.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч З.Эы өмгөөлөгчөөр анхан шатны шүүх хуралдаанаас эхэлж оролцсон. Шүүгдэгч С.Н нь З.Эы эрх, эрх чөлөөнд халдаж хөлөөрөө өшиглөж биед нь гэмтэл учруулсан. Ингэх явцдаа хохирогчийн эзэмшлийн хашаанд байсан автомашиныг өшиглөсөн, чулуу авч шидэж цонхыг нь хагалсан байдаг. Мөн гэрт унтаж байсан 10 настай З.Эы охиныг айлган сүрдүүлж, эцгийг нь нүдэн дээр нь зодсон үйлдэл байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ талаар нарийн шалгаж тогтоогоогүй. Зөвхөн хүний биед халдсан үйлдлийг нь шалгаж, яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Машиных нь цонхыг хагалж бусдын эд зүйлийг устгаж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бие даасан тусдаа гэмт хэрэг байдаг. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.     

 

Прокурор М.Отгонжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр прокурор хүлээж авсан. Миний бие “Ковид-19” вирусээр халдварлаж өвчтэй байсан тул шүүгчийн захирамжид эсэргүүцэл бичиж чадаагүй. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хуулийн шаардлагад нийцээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхээргүй байхаар бичигдсэн байх ёстой. Яллагдагчийн гэм буруутай эсэхийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.12 дахь заалтад заасан таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой санал, дүгнэлтийн асуудлаар хэргийг прокурорт буцаах үндэслэл болгосон нь үндэслэлгүй. Энэ нь шүүгчийн захирамжийн удирдлага болгосон хуулийн зүйл, заалт байгаа. Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэх агуулгаар хэргийг прокурорт буцаасан. Удирдлага болгох хуулийн зүйл, заалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.12 дахь заалтад зааснаар буцаасан байна. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын ямар нотлох баримтуудыг шинжлэн судалсан нь тодорхойгүй. Шүүх хуралдаанаар тэдгээр нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ямар нөхцөл байдал илэрсэн. Тухайн нөхцөл байдал нь тухайн шүүгдэгчид холбогдох хэргийн бодит байдал, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг шийдвэрлэхэд ямар байдлаар нөлөөлж байгаа талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байх ёстой гэх хуулийн заалтыг ноцтой зөрчсөн зөрчил байна. Хохирогчийн өмгөөлөгчөөс гаргасан эд хөрөнгө санаатай устгаж гэмтээсэн тухай хэргийг хүндрүүлэн зүйлчлэх тухай хүсэлтийг ямар үндэслэлээр шүүх хүлээн авсан, энэ асуудлаар шүүх хуралдааны явцад прокуророос хэлсэн тайлбарыг яагаад хүлээж аваагүй талаар дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасныг ноцтой зөрчсөн. Шүүх хуралдааны явцад хохирогчийн “миний автомашины цонхыг хагалсан” гэх мэдүүлэгт үндэслэн хавтас хэрэгт огт байхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгагдаагүй асуудлыг үндэслэж прокурорт хэргийг буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн шалгаж тогтоосон байхад гэм хорын хохирлыг нарийвчлан тогтоох шаардлагатай гэж буцаасан нь үндэслэлгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нь хохирогчид учирсан эмчилгээний зардлыг төлж барагдуулсан. Энэ талаараа шүүх хуралдааны явцад хохирогч, шүүгдэгч нар мэдүүлсэн. Хэргийн талаар нотолбол зохих байдал бүрэн нотлогдон тогтоогдсон байхад хэргийг үндэслэлгүйгээр мөрдөн байцаалтад буцаасан байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар С.Нд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бат-Отгоны гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, С.Нд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалган тогтоожээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг “...тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” хэмээн тодорхойлон тогтоожээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.

Түүнчлэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гэрч, хохирогч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

Иймд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд анхан шатны шүүх хэрэг хэлэлцэх ажиллагааг явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзээд байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бат-Отгоны давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

Харин хохирогчийн өмгөөлөгчийн тайлбарт дурдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан эд хөрөнгө, устгах, гэмтээх гэмт хэргийн шинжтэй холбоотой маргаан байгаа бол тусдаа гомдол гарган шийдвэрлүүлэх боломжтой болохыг дурдах нь зүйтэй.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2021/ШЗ/2297 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, С.Нд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч С.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Д.ОЧМАНДАХ

 

 

                 ШҮҮГЧ                                             Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

                             ШҮҮГЧ                                             Б.АРИУНХИШИГ