Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2017/0522

 

Д.*******ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 111/ШЗ2017/0008 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.*******ын нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 111/ШЗ2017/0008 дугаар шийдвэрийн нэгдүгээр заалтаар: Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д зааснаар Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/110 дугаар Хяналт шинжилгээ, үнэлгээний тасгийн дарга Д.*******ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, Д.*******ыг Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, хоёрдугаар заалтаар: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалин 6186207 /зургаан сая нэг зуун наян зургаан мянга хоёр зуун долоо/ төгрөгийг Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулан Д.*******ад олгож, мөн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “ ... Засаг даргын тамгын газрын даргын “Бүтэц орон тоог шинэчлэн тогтоох тухай” 2016 оны А/92 дугаар тушаалаар байгууллагын бүтэц орон тоог шинэчлэн баталсан.

Уг тогтоолоор “Хяналт шинжилгээ үнэлгээний тасаг”-ийг Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын хэлтэс болгон өөрчилсөн бөгөөд, тухайн ажлын байрны тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Ажлын байр /Албан тушаал/-ны тодорхойлолт боловсруулах заавар”-ын 7 дахь “Тухайн байгууллага, нэгжийн үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө, тэдгээрт тусгагдсан зорилт чиг үүрэг өөрчлөгдсөн тохиолдолд ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж зохих журмын дагуу баталж мөрдүүлнэ.” гэж заасны дагуу ажлын байрны тодорхойлолтыг өөрчилсөн.

Аймгийн Засаг даргатай зөвшилцөх асуудлыг хурлын тэмдэглэлээр баталгаажуулсаар байтал Монгол Улсын дээд шүүхийн 2009 оны “Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 08 дугаар тогтоолын 12 дахь заалтад “...33.4, 36.2-заасан зөвшилцөх гэдгийг “Ерөнхийлөгчийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” Улсын дээд шүүхийн 1996 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 216 дугаар тогтоолд заасны дагуу ойлгож хэрэглэнэ.”, “Ерөнхийлөгчийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” Улсын дээд шүүхийн 1996 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 216 дугаар тогтоолын 11 дэх "Хэрэв хууль тогтоомжид тусгайлан заагаагүй бол зөвшилцлийг энэ тогтоолд заасан журмаар явуулах бөгөөд харин зөвшилцлийг биечлэн уулзаж явуулсан бол зохих журмын дагуу тэмдэглэл хөтөлсөн байна” гэсэн заалтыг баримтлалгүй хэт нэг талыг барин шийдвэр гаргаж байна гэж үзэж байна.

Мөн Д.*******ын аймгийн Засаг даргын тамгын газрын Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн даргаар ажиллаж байхдаа үйл ажиллагааны үр дүн мэргэжлийн түвшинг үнэлэх илтгэх хуудсаар тухайн ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагын дагуу түүний ажлын дадлага туршлага мэдлэг ур чадвар үнэлэгдсэн гэх боловч Д.*******ыг 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 33 дугаар тушаалаар томилохдоо 6 сарын туршилтын хугацаагаар түр томилсон байх бөгөөд жинхлэн томилсон тушаалыг гаргаагүй байсан байна.

Энэ нь уг албан тушаалд цаашид үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүйг нотолсон хэрэг гэж үзэж байна.Шинээр байгуулагдсан “Хяналт-шинжилгээ үнэлгээ дотоод аудитын хэлтэс”-ийн даргын ажлын байранд тавигдах мэргэжил, ур чадвар зэрэг шаардлагыг хангахгүй байна.

Иймд Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 111/ШШ2017/0008 дугаар шийдвэрийг хянаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг дутуу цуглуулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаалаа.

Нэхэмжлэгч Д.******* нь “Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/110 тоот тушаалыг хүчингүй болгох, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн ямар нэг орон тоонд томилогдох, ажилгүй байсан хугацааны цалин, хоол унааны мөнгө, хууль зүйн туслалцаа авсны үнэ болон бусад хохирлыг буруутай албан тушаалтнаас гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоо өөрчлөгдсөнтэй холбогдуулан дээрх маргаан бүхий актыг хариуцагч гаргасан байх бөгөөд нэхэмжлэгч Д.*******ын ажиллаж байсан Хяналт шинжилгээ, үнэлгээний тасгийн даргын албан тушаалын ажлын байрны тодорхойлолт хэрэгт авагдаагүй байх тул уг албан тушаалын чиг үүрэг нь шинээр баталсан Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын албан тушаалд хадгалагдсан эсэхийг тогтоох боломжгүй байна.

Анхан шатны шүүхийн “... 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр баталсан ажлын байрны тодорхойлолт нэхэмжлэгчийн ажиллаж байх үед гарсан буюу 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн ажлын байрны тодорхойлолтоос зөвхөн гуравдугаар заалт өөрчлөгдөж, ихэнх ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа ... ” гэж харьцуулсан 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн ажлын байрны тодорхойлолт нь Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт байх бөгөөд хариуцагчийн давж заалдах гомдолд “... дотоод аудитын чиг үүрэг нэмэгдсэнтэй холбоотой ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөн .... тавигдах мэргэжил, ур чадвар зэрэг шаардлагыг хангахгүй ...” гэх тайлбар, гомдол үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй байна.

 Нэхэмжлэлд Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн мэргэжилтний орон тоо нэмэгдсэн байхад өмнө нь ажиллаж байсан албан хаагч намайг тэр орон тоонд шилжүүлэн ажиллуулах боломжтой байсан. Чөлөөлсөнд гомдолтой байна ...”  гэж дурдсантай холбоотой мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт хэрэгт авагдсан боловч анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч “... Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын албан тушаалд томилуулах ...” гэж тодруулсан байх тул үүнтэй холбоотой нэхэмжлэгчийн ажиллаж байсан Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалын ажлын байрны тодорхойлолтыг гаргуулаагүй байна.

Мөн Баянхонгор аймгийн Засаг дарга нь Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолд үндэслэн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/92 дугаар тушаалаар Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн тогтоосон байх бөгөөд төрийн байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдсөнтэй холбоотой төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг эдлүүлэхэд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д зааснаар Засаг даргатай зөвшилцөх шаардлагагүй гэж үзнэ. Учир нь төрийн жинхэнэ албан хаагчийг шинээр томилох асуудал биш бөгөөд ажиллаж байсан жинэхэн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 27.2.3, 27.2.4-д заасан нэмэгдэл баталгааны аль тохирохыг томилох эрх бүхий этгээд нь заавал эдлүүлэх үүрэгтэй.

Иймд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг нэхэмжлэгчээс тодруулсны үндсэн дээр холбогдох нотлох бармитыг бүрэн цуглуулж, Төрийн албаны тухай хуулийн 27.2.3, 27.2.4-д заасан төрийн байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдсөн тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаа эдлэх эрх нь зөрчигдсөн эсэхийг тогтоож хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Мөн “энэ тушаал гарсантай холбогдуулан хууль зүйн туслалцаа авсны үнэ болон бусад хохирлыг буруутай албан тушаалтнаас гаргуулах” гэсэн шаардлагаа дэмжсэн эсэх талаарх баримт байхгүй тул энэ талаар тодруулах шаардлагатай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 111/ШШ2017/0008 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ