Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 124

 

Н.Ш-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга,

Баянзүрх дүүргийн Засаг дарга, тус дүүргийн

 Газрын албанд тус тус холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч:  Х.Батсүрэн

Шүүгчид:               Д.Мөнхтуяа

                               П.Соёл-Эрдэнэ

                               Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:      Л.Атарцэцэг

Нарийн бичгийн дарга:    Г.Гантогтох

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 585 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/41, А/257 дугаар захирамжуудын Г.Энхболд, Б.Баясах нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Газрын албаны газар олгохгүй, хүсэлт шийдвэрлэж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2017/0819 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 221/МА2018/0035 дугаар магадлал,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нармандах, Р.Отгонбаяр, түүний өмгөөлөгч Б.Булгантамир,

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяа,

Нэхэмжлэгч Н.Ш-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нармандахын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.         

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07ы өдрийн 128/ШШ2017/0819 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1, 5.1.5.2, 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг тус тус баримтлан Н.Ш-ийн нэхэмжлэлээр Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газрын албанд тус тус холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 585 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/41 дүгээр захирамж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/257 дугаар захирамжийн Г.Энхболд, Б.Баясах нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Газрын албаны газар олгохгүй, хүсэлт шийдвэрлэж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 221/МА2018/0035 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2017/0819 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгч Н.Ш-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нармандах хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2017/0819 дүгээр шийдвэр, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 221/МА2018/0035 дугаар магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул эс хүлээн зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн талаар: Дүүргийн Засаг дарга аливаа иргэнд газар шинээр эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгох буюу баталгаажуулах захирамж гаргах ажиллагаа нь Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтад заасны дагуу зохион байгуулдаг. Тус журмын 5, 6 дугаар зүйлүүдэд газар эзэмших өргөдөл гаргасан иргэний бүрдүүлсэн газрын тойм зурагт байрших газар нь бусдын эзэмшил газартай давхцал, зөрчил байгаа эсэхийг тодруулах зорилгоор суурин болон хээрийн судалгааг хийдэг бөгөөд дүүргийн Засаг даргын захирамжаар Б.Баясах, Г.Энхболд нарт эзэмшүүлэхдээ хээрийн судалгааг огт хийгээгүй нь хавтаст хэрэгт авагдсан Б.Баясах, Г.Энхболд нарын өргөдөлд “...2008 оноос хойш амьдарч байгаа тул”-д гэж дурдсанаас үзвэл эдгээр иргэд нь тэнд амьдарч байсан гэж харагдахаар байна. Гэтэл эдгээр иргэдийг амьдарч байсан талаар шүүх тодруулаагүй, мөн тус 2 иргэн маргаан бүхий газрыг эзэмших талаар 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нэг өдөр, өргөдөл бүртгэлийн хяналтын картад дараалсан дугаар авч байгаа нь эргэлзээ төрүүлж байгааг анхан шатны шүүх хэргийг бодитой шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулаагүй байна.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасан. Нэхэмжлэгчийн зүгээс гомдоод байгаа шалтгаан нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Отгонбаяр хууль зүйн хувьд мэдлэггүй байдлыг ашиглаж, шүүх ач холбогдолтой гэх нотлох баримтыг цуглуулаагүй. Давж заалдах шатны шүүх үүнийг үнэлэхгүй хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар 2014 онд тухайн газрыг хариуцаж байсан мэтээр тайлбарлаж хээрийн судалгааг хийсэн гэж худал мэдүүлэг өгч байна. Учир нь тухайн төлөөлөгч нар 2014 онд энэ газарт хээрийн судалгааг хийсэн эсэх талаар баримтыг шүүхэд гаргаж байж нотлогдох учиртай гэтэл шүүх үүнийг тодруулаагүй, энэ нь хээрийн судалгааг хийсэн байх гэсэн тайлбараар үгүйсгэж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч хаана байгаа газрыг ямар хэмжээтэйгээр эзэмшүүлэхгүй байгаа Засаг даргын хууль бус эс үйлдэхүй байгаа талаар тодруулаагүй хэргийг шийдвэрлэсэн. Хавтаст хэрэгт газрын тойм зураг байхгүй байна.

6. Хууль буруу тайлбарласан талаар: Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж дүгнэж байна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өдрийн хуралд шүүх бүрэлдэхүүнээс маргаан бүхий газрууд буюу 13г, 13в, 23а гэх газрууд хоорондоо давхцал байгаа юу гэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Дагийсүрэн эдгээр газрууд нь хоорондоо давхцал бүхий байгаа гэж хариулсан нь маргаан бүхий газарт нэхэмжлэгчийн эрх зөрчигдөж байгаа талаар дурдаж байна. н.Дагийсүрэн анхан шатны хуралд тус газар нь 2013 оноос өмнө үерийн ам гэдэг байдлаар тайлбарлаж иргэдээс өргөдлийг албан ёсоор авч байгаагүй, мөн нийслэлийн Засаг даргын 2012 оны А/644 дүгээр захирамжаар газар баталгаажилтыг зогсоосон. Үүнээс үзвэл нэхэмжлэгчийн хүсэл зориг хэзээ үүссэн, газар эзэмших эрх үүссэн цаг хугацааг нотлоогүй хэргийг шийдвэрлэсэн.

7. Шүүхүүд Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар баримтаа газрын албанд өгсөн байхыг хуульчилсан гэж хуулийг буруу тайлбарласан. Газрын тухай хуулийн дээрх заалт аливаа газрыг ашиглах, эзэмшихдээ ямар бичиг баримтыг холбогдох асуудал хариуцсан байгууллагад өгөх, тэрхүү баримт нь хуулийн шаардлагыг хангаж байгаа эсэхэд Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар хээрийн болон суурин судалгаа хийхийг шаардсан. Тухайн маргаан бүхий газрыг эзэмшүүлэхдээ газрын зөрчил, давхцал байгаа эсэхийг шалгаж байж зөрчилгүй тохиолдолд хуульд заасан шаардлагыг хангах учиртай. Гэтэл хариуцагчийн зүгээс хээрийн судалгаа хийсэн гэх боловч тийм баримт хавтас хэрэгт байхгүй, зөвхөн тэр үед ажил хариуцаж байгаагүй төлөөлөгч нар очиж үзсэн мэт тайлбарлаж түүнийг шүүх үнэлж байгаа нь хуулийг буруу тайлбарлаж байна. Нэхэмжлэгч 2008 оноос хойш амьдарч тухайн маргаан бүхий газарт 2013 оноос авто засварын үйл ажиллагаа эрхэлж байсан талаар нотлох баримт буюу авто үйлчилгээний гэрээ зэргээр тогтоогдож байна.

8. Давж заалдах шатны шүүх 2005-аас 2013 оны сансрын зурагт нэхэмжлэгч байсан талаар нотлогдохгүй байна гэж нотлох баримтыг буруу дүгнэж байна. Газрын зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын зурагт “18660312276615” нэгж талбарын дугаарт 2005-2007 онд РД:УС70121706 н.Алтантуяа гэх хүний нэрд бүртгэлтэй байна гэсэн болохоос Н.Ш, эсхүл Б.Баясах, Г.Энхболд нарыг гэр, байшин аль нь болох, эсхүл тэдгээр иргэд амьдарч байгаа талаар тодорхойлоогүй байхад Н.Шинэтөр нь тухайн газарт оршин сууж, эзэмшиж байгаагүй нь нотлогдож байна гэж нотлох баримтыг буруу дүгнэсэн.

9. Эдгээр хууль зүйн фактад дүгнэлт хийж чадаагүй нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэг “...газар өмчлөх, ашиглах, эзэмшихэд шударга ёс, тэгш байдлыг хангах” гэж заасан шаардлагыг хангаагүй байна.

10. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

11. Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад хамааралтай нотлох баримтуудыг бүрэн бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

12. Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны А/585, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/41, А/257 дугаар захирамжийн Г.Энхболд, Б.Баясах нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

13. Маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны А/585 дугаар захирамжаар Г.Энхболдод Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Баяндөхөмийн 23-13г тоотод, Б.Баясахад Баяндөхөмийн 23-13в тоотод 700 м.кв газрыг тус тус эзэмшүүлж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/41 дүгээр захирамжаар Г.Энхболд, 2014 оны А257 дугаар захирамжаар Б.Баясах нарт эзэмшиж байсан газрыг нь тус тус өмчлүүлсэн байна.

14. Нэхэмжлэгч нь дээрх иргэдээс өмнө буюу “...тухай газарт 2008 оноос амьдарсан, ...дугуй засварын үйл ажиллагаа эрхэлж байсан, ...түрүүлж хүсэлтээ гаргахад шийдвэрлээгүй атлаа өөр бусад эзэмшүүлсэн...” хэмээн маргажээ.

15. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Н.Ш, болон иргэн Г.Энхболд, Б.Баясах нарын хүсэлт болгож буй газрын байршлын хувьд давхцаж байгаа талаар маргаагүй байгаа боловч, тухайн газар нь хэрхэн давхцаж буй нь тодорхойгүй байна.

16. Иргэн Г.Энхболд, Б.Баясах нар нь ”...2004 оноос амьдарч байгаа” хэмээн анх газар эзэмших өргөдөлдөө бичсэнийг үндэслэн шүүх тухайн байршилд 2004 оноос хойш эдгээр иргэд ямар байдлаар оршин сууж байсныг тогтоох, энэ нь нэхэмжлэгчийн “... хүсэлт гаргаж байсан боловч шийдвэрлээгүй, ...дугуй засвар ажиллуулж байсан...” гэх газартай давхцаж байгаа эсэхийг зайлшгүй тодруулах шаардлагатай.

17. Мөн иргэн Г.Энхболд, Б.Баясах нар нь өөрсдийн өмчлөлийн газраа иргэн Б.Ц-д шилжүүлснийг үндэслэн шүүх Б.Ц-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулжээ.

18. Маргаж буй газарт нэхэмжлэгч нь дугуй засварын вагончик байрлаж байсан гэхээс өөрөөр 2004 оноос хойш Г.Энхболд, Б.Баясах нарын ямар хөрөнгө байрлаж байсан, Б.Ц газрыг худалдан авах үед газарт хэний ямар хөрөнгө байсныг мөн тодруулаагүй байна.

19 Хэргийн оролцогчдын тайлбараас үзвэл нэхэмжлэгч Н.Ш, иргэн Б.Баясах, Г.Энхболд нар нь 2004 оноос маргаан бүхий захирамж гарах 2014 он хүртэл аль аль нь тухайн газарт зөвшөөрөлгүй амьдарч байсан гэж үзэхээр ойлгогдож байхад шүүх иргэдийн бодитойгоор амьдарч байсан эсэх нөхцөл байдлыг шалган тогтоохгүйгээр “... хүсэлт гаргасан...” гэх хэт өрөөсгөл дүгнэлт хийж шийдвэр гаргасан нь буруу юм.

20. Шүүх нотлох баримтыг бүрэн бүрдүүлж, хэргийн нөхцөл байдлыг тодорхой болгох нь захиргааны байгууллагын маргаан бүхий захиргааны акт нь “...газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” тухай Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан зарчимд хэрхэн нийцэж байгааг дүгнэхэд ач холбогдолтой.

21. Үүнээс гадна хэрэгт иргэн Б.Ц-д олгосон газар өмчлөх гэрчилгээ байх боловч Г.Энхболд, Б.Баясах нараас Б.Ц-д газрыг худалдсаныг үндэслэн гаргасан захиргааны байгууллагын холбогдох шийдвэр байхгүй байна.

22. Шүүх хэргийн оролцогчдыг бүрэлдэхүүнд анхаарах, маргаан бүхий захирамж нь иргэн Г.Энхболд, Б.Баясах нартай хамааралтай байгаа, нэхэмжлэгч нь иргэн Б.Цагаанцоожид холбогдох захиргааны актын тухайд маргаж буй эсэхийг тодорхой болгох нь маргаан бүхий газрын асуудлаарх маргааныг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтойг анхаарвал зохино.  

23. Дээр дурдсаныг үндэслэн шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зөв гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2017/0819 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 221/МА2018/0035 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэдхянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаарзүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгч Н.Ш-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Х.БАТСҮРЭН

  ШҮҮГЧ                                                        Л.АТАРЦЭЦЭГ