Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 541

 

 

Т.Ц-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганпүрэв, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б, хохирогчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 34 дүгээр магадлалтай, Т.Ц-д холбогдох 1827000000014 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Б.Ганпүрэв нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Б овогт Т-ийн Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх шүүгдэгч Т.Ц-ийг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Т.Ц-д холбогдох хэргийг анхан шатны шүүхэд буцааж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-ын гаргасан гомдлын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Б.Ганпүрэв нар хамтран гаргасан гомдолдоо “...Прокуророос Т.Ц-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд “...шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 31 тоот актад дурдагдсан амь хохирогчид учирсан гэмтлүүд, шинжээч эмч Э.Х, Б.С, Т.Н, Г.М, Б.Б болон яллагдагч Т.Ц-ийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. ...Т.Ц-ийн үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хангасан. Хархорин сум дахь прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шинжээчийн дүгнэлт эргэлзээгүй” гэж дүгнэсэн байна. Энэ нь шүүхээс шүүгдэгч Т.Ц-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийнхээ үндэслэл болсон нотлох баримтын агуулга, тэдгээр нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны болсон талаар эрх хэмжээнийхээ хүрээнд дүгнэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүх Т.Ц-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэхээс өөрөөр “олон тооны шарх гэмтэл үүсгэсэн” гэж хүндрүүлэн зүйлчлэх, дүгнэх хууль зүйн үндэслэлгүй юм. Иймээс давж заалдах шатны шүүх “шүүгдэгч Т.Ц нь иргэн Б.Ө-ыг алахдаа түүнд олон тооны шарх гэмтэл үүсгэсэн байхад түүнийг анхан шатны шүүх дүгнээгүй” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх хэмжээ, хязгаарт тохироогүй дүгнэлт хийсэн нь хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн чухам аль заалтыг зөрчсөн талаар заагаагүй нь магадлалын хууль зүйн үндэслэлийг тодорхойгүй болгож байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хууль зүйн үндэслэл нь тодорхойгүй байгаа байдал, мөн магадлалын тодорхойлох болон тогтоох хэсэг нь зөрүүтэй байгааг анхаарч үзнэ үү. Иймд давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14, 39.7, 39.8 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байх тул магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганпүрэв хэлсэн саналдаа “...Хяналтын журмаар гаргасан гомдлоо дэмжиж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хоёр үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргасан. Нэгдүгээрт, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэнэ гэсэн зарчмаас хальж дүгнэлт хийсэн. Хоёрдугаарт, Цагдаагийн байгууллагыг иргэний хариуцагчаар татаагүй байна гэсэн дүгнэлт хийсэн ба шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээсэн, хохирогчийн хохирол төлбөрийг шийдвэрлэсэн учраас заавал иргэний хариуцагчаар татаж, хохирол төлбөрийн асуудлыг шийдвэрлэх шаардлага байхгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн хэлсэн саналдаа “...Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна. Учир нь уг хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-ын хууль ёсны эрх ашгийг хангаагүй, хуульд заасан эрх, үүргийг ноцтой зөрчсөнөөс болж хохирогч шүүх хуралдаанд оролцож чадаагүй. Мөн хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Яагаад гэвэл энэ гэмт хэрэг ердийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бус, харин хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг. Хохирогчийг зовж тарчлан амь насаа алдах байдалд хүргэсэн учраас онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэж үзэж байна. Мөн гэмт хэрэг гарахад хажууд нь байсан хүмүүс хараад зогсож байсан мэт ойлгогддог. Гэтэл хүний амь насанд илт аюултай байдал бий болж байхад дэргэд нь байсан хүмүүс юу хийж байсан, эсхүл тухайн хүмүүс дэмжиж байсан юм уу гэдгийг тогтоогоогүй. Шүүгдэгч Т.Ц нь Тахарын албанд ажиллаж байсан бөгөөд шүүх, прокурорын хүмүүстэй ойр байсан нь хохирогч хардах эрхийнхээ хүрээнд шүүхийн шийдвэрт эргэлзэх нөхцөл байдал үүсгэж байна” гэв.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Хэрэгт авагдсан баримтуудаар тухайлбал, шинжээчийн дүгнэлтээс үзэхэд шүүгдэгч Т.Ц-ийн үйлдлийг “онц харгис хэрцгийгээр хүнийг алсан” гэж үзэх үндэслэлтэй байна. Түүнчлэн прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Т.Ц нь хүнийг алах гэмт хэргийг яаж үйлдсэн талаар тодорхой дурдаагүй нь яллах дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцсэн тул хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Б.Ганпүрэв нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн Т.Ц-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Ц нь 2018 оны 02 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бүрд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Өлзийтийн худаг” гэх газар малын гоц халдварт шүлхий өвчний хорио цээрийн хязгаарлалтын бүсэд томилогдон ажиллаж байх үедээ иргэн Б.Ө-ыг зодож алсан нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдсон гэсэн хууль зүйн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 10 жил хорих ял шийтгэж шийдвэрлэсэн байна.

Харин давж заалдах шатны шүүх шүүгдэгч Т.Ц нь иргэн Б.Ө-ыг алахдаа түүнд олон тооны шарх, гэмтэл үүсгэсэн байхад прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг анхан шатны шүүх тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтыг шалган шийдвэрлэхдээ няцаасан болон үгүйсгэсэн үндэслэлээ тодорхой заалгүйгээр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж шийдвэрлэсэн гэж үзэж, шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөх эсэх тухай асуудлыг огт дүгнэлгүйгээр орхигдуулсан байна.

Тухайлбал, шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч Б.Ө-ын тархинд аалзан бүрхүүлийн доорх тархмал цус харвалт, зүүн уушгины дэлбэнгийн хатгагдсан шарх, баруун 9, 10, 11, зүүн 6, 7, 8 дугаар хавирганы хугарал, нүүр, толгой, дээд доод мөчид, их биеийн шарх, зулгаралт зэрэг олон тооны гэмтлүүд амьд үед нь үүсгэгдсэн байгаагаас гадна, Б.Ө нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан нөхцөл байдал илэрсэн байхад эдгээр нөхцөл байдлууд нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөх эсэхэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан шаардлагыг хангаагүй, ноцтой зөрчил гаргасан байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг үндэслэлтэй бөгөөд хууль ёсны гарсан гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Б.Ганпүрэв нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 34 дүгээр магадлалыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Б.Ганпүрэв нарын хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                               Д.ГАНЗОРИГ

                                                                                               Ч.ХОСБАЯР

                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН