Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 182/ШШ2016/00076

 

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 182/ШШ2016/00076

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ХУДТХ нэхэмжлэлтэй

Хариуцагч: ГЛ ХХК-нд холбогдох

Татварын өр 7.021.960 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ГЛ ХХК нь барилгын дуусах шатны үйл ажиллагаа явуулдаг. 2006.01.10-нд улсын бүртгэлд бүртгэгдсэн. Тус байгууллага нь 2007 оны дотоодын бараа, үйлчилгээний татвар НӨАТ 5.190.100 төгрөг, 2007 оны ААНОАТ 436.620 төгрөг, 2006 оны цалин хөлс болон түүнтэй адилтгах орлого суутган-1 217.940 төгрөг, 2007 оны хяналт, шалгалтын актаар 1.177.300 төгрөг, нийт 7.021.960 төгрөгийн татварыг төлөөгүй болно. Бид уг өрийг барагдуулах талаар хариуцагч байгууллагыг эрэн сурвалжилж олсны дараа Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлд заасан татварын өрийг үл маргах журмаар гаргуулах талаарх ажиллагааг хийсэн боловч үр дүнд хүрээгүй учир шүүхэд хандсан. Хариуцагч байгууллага татварыг төлөх талаар маргадаггүй, гагцхүү одоо үйл ажиллагаа явуулахгүй байгаа, санхүүгүй гэдэг шалтгаан хэлдэг. Нэгэнт өөрсдийнх нь тайлагнасан тайлангийн өр, татварын хяналт шалтгалтын өр учир төлөх ёстой. Иймд хариуцагч байгууллагаас 7.021.960 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч талын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ХУДТХ нь хариуцагч ГЛ ХХК-нд холбогдуулж 2007 оны НӨАТ 5.190.100 төгрөг, 2007 оны ААНОАТ 436.620 төгрөг, 2006 оны цалин хөлс болон түүнтэй адилтгах орлого суутган-1 217.940 төгрөг, 2007 оны хяналт, шалгалтын актаар 1.177.300 төгрөг, нийт 7.021.960 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хариуцагч ГЛ ХХК нь өөрсдийн тайлагнасан 2007 оны НӨАТ 5.190.100 төгрөг, 2007 оны ААНОАТ 436.620 төгрөг, 2006 оны цалин хөлс болон түүнтэй адилтгах орлого суутган-1 217.940 төгрөг, мөн 2007 оны хяналт, шалгалтын актаар тогтоогдсон 1.177.300 төгрөг, нийт 7.021.960 төгрөгийг төлөөгүй, тэрээр 2007.09.28-ны өдрийн 0233257 дугаартай актанд Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 17 дугаар зүйлийн 17.1.6, 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар эрх бүхий байгууллагад гомдол гаргаагүй, уг акт хүчин төгөлдөр болсон болох нь нэхэмжлэгч талын тайлбар, татварын өрийн тооцооллын жагсаалтууд, 2007.09.28-ны өдрийн 0233257 дугаартай татварын улсын байцаагчийн акт болон хавсралтууд зэрэг баримтуудаар тогтоогдов.

 

Дээрх төлбөрийг төлүүлэх талаар ХУДТХ улсын байцаагч ГЛ ХХК-ийн удирдлагатай уулзаж ярилцаж байсан, мэдэгдэх хуудас хүргүүлэх зэргээр ажиллагаа хийсэн, хариуцагч ГЛ ХХК нь уг төлбөрийг төлөх талаар тайлбар гаргаж байсан болох нь татвар төлөгчийн карт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, ярилцлагын тэмдэглэлүүд, үүсгэн байгуулагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, мэдэгдэх хуудас хүлээн авсан тухай тэмдэглэлүүд, мэдэгдэх хуудас гардуулсан тухай татварын улсын байцаагчийн тэмдэглэл зэрэг баримтуудаар нотлогдсон.

 

Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д татвар төлөгч нь татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, 18.1.2-т татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ, тайланг гаргаж, тогтоосон хугацаанд татварын албанд ирүүлэх,

 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай 16 дугаар зүйлийн 16.1.1-д тухайн сард борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд ногдох албан татварыг албан татвар төлөгч өөрөө төвөст төлөх үүрэгтэй,

 

Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Албан татвар төлөгч нь нягтлан бодох бүртгэлийн аккруэл сууриар гаргасан улирал, жилийн татварын тайланг үндэслэн жилийн эхнээс өссөн дүнгээр орлого болон төлөх албан татвараа өөрөө үнэн зөв тодорхойлж төсөвт төлнө гэж тус тус заасан.

 

Хариуцагч ГЛ ХХК нь хуулийн дээрх заалтуудын дагуу татвараа тайлагнаж байсан байх боловч тайлан болон хяналт шалгалтын актаар тогтоогдсон нийт 7.021.960 төгрөгийн өрийг төлөх үүргээ биелүүлээгүй байна.

 

Хариуцагч ГЛ ХХК-ийн захирал Г.П 2016.04.26-ны өдөр нэхэмжлэлийг гардан авч, 2016.05.11-ний дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй байхад ирүүлээгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3‑т зааснаар баримтаар нотлоогүй.

 

Тодруулбал хариуцагч ГЛ ХХК нь хэргийн материал танилцах, шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх зэрэг эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, энэ эрх, үүргээ хэрэгжүүлэхэд шүүхээс ямар нэгэн байдлаар саад болоогүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4‑т нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3-т заасны дагуу хариуцагч ГЛ ХХК-ийг нэхэмжлэгч ХУДТХ гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Нэхэмжлэгч тал Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар хариуцагчийн төлөөгүй татварын өрийг мөн хуулийн 63, 64 дүгээр зүйлүүдэд заасан журмаар барагдуулах ажиллагаануудыг хийсэн болох нь Татварын албанаас банкны байгууллагад хүргүүлсэн мэдэгдэх хуудас, татвар төлөгчдөд хүргүүлсэн мэдэгдэх хуудсууд, татвар төлөх ярилцлагын тэмдэглэлүүд зэргээр тогтоогдож байна.

 

Иймд хариуцагч ГЛ ХХК-иас 7.021.960 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХУДТХт олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагч ГЛ ХХК, захирал Г.Пд нэхэмжлэл болон нэхэмжлэлийг гардуулсан тухай баримтанд бичсэн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, согоот 34-421 тоот хаягаар шүүх хуралдааны мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн байх бөгөөд мэдэгдэх хуудсыг 2016.06.14-ний өдөр Г.Пгийн эхнэр Уранчимэг гэх хүн хүлээн авсан болох нь мэдэгдэх хуудсыг хүлээн авсан тухай баримтаар тогтоогдсон.

 

Иймд хариуцагч ГЛ ХХК, захирал Г.Пг шүүх хуралдааны товыг мэдсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3‑т зааснаар нэхэмжлэгч талын гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Хариуцагч ГЛ ХХК, захирал Г.Пд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ гэж заасныг нэхэмжлэлийг гардуулах үед танилцуулсныг тэмдэглэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1, 55 дугаар зүйлийн 55.1.3, 70 дугаар зүйлийн 70.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хариуцагч ГЛ ХХК-иас 7.021.960 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХУДТХт олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч ХУДТХ нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч ГЛ ХХК-иас 127.301 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА