Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 09 өдөр

Дугаар  2021/ДШМ/955

 

 

 

 

                

    2021            11            9                                           2021/ДШМ/955                          

 

Д.М, Б.Х,

А.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор М.Анхбаяр,

шүүгдэгч Б.Х,

шүүгдэгч Д.М, Б.Х нарын өмгөөлөгч Н.Нарантуяа,

шүүгдэгч А.Эийн өмгөөлөгч Д.Баб,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/604 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.М, Б.Х нарын өмгөөлөгч Н.Нарантуяагийн гаргасан давж заалдах гомдлоор Д.М, Б.Х, А.Э нарт холбогдох эрүүгийн 2105 00000 0191 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Б овгийн Дийн Мя, .... оны ... дүгээр сарын ....-ны өдөр .............. төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, барилгын материалын инженер мэргэжилтэй, “М” ХХК-д физик, механик, инженер ажилтай, ам бүл 1, ................... аймгийн ............... сумын ... дугаар баг, ................... гудамжны .... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ................... дүүргийн ... дугаар хороо, ..... дугаар байрны .... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:..................../;

 

2. У овгийн Бын Ха, ....... оны ... дугаар сарын ...-ны өдөр .................. төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Г” ХХК-д цалингийн нягтлан бодогч ажилтай, ам бүл 1, .................. дүүргийн .... дүгээр хороо, ................ дугаар гудамжны .... тоотод оршин суух бүртгэлтэй боловч .................. дүүргийн .... дүгээр хороо, ...................... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:................................../;

 

3. Б овгийн Аийн Эг, ....... оны ..... дугаар сарын ....-ний өдөр ........................ төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “А” зочид буудалд ресепшн ажилтай, ам бүл 1, .................... аймгийн ................. сумын .... дүгээр баг, ...................... дугаар гудамжны ..... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ................ дүүргийн ... дугаар хороо, .... дугаар байрны .... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:.........................../;

Шүүгдэгч Д.М, Б.Х, А.Э нар нь бүлэглэн 2021 оны 2 дугаар сарын 6-ны өдөр 23 цагийн үед Баянгол дүүргийн 2 хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Эрүүлжүүлэх, саатуулах байранд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч, цагдаагийн дэд ахлагч Б.Аг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн,

шүүгдэгч Д.М, Б.Х нар нь бүлэглэн цагдаагийн дэд ахлагч Б.Аг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцэхдээ Д.М нь баруун гартаа барьсан гар утсаа ашиглан хохирогч Б.Агийн толгой тус газар олон удаа цохиж, Б.Х нь баруун гараараа 2 удаа толгойн ар хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, хуйханд шарх, хүзүү, баруун чихний дэлбээ, чихний урд, зүүн шуунд зулгаралт, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Д.М, Б.Х нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

А.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овогт Д-гийн М, У овогт Б-ын Х нарыг бүлэглэж хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэгт гэм буруутайд, Б овогт А-гийн Эийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэгт гэм буруутайд, Б овогт Дгийн М, У овогт Б-ын Х нарыг албан үүрэгтэй нь холбогдуулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.М, Б.Х нарыг 8 /найм/ сар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Эийг 6 /зургаа/ сар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.М, Б.Х нарыг 1 /нэг/ сар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.М, Б.Х нарт оногдуулсан тус бүрийн 8 сар зорчих эрхийг хязгаарлах ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Эд оногдуулсан 6 сар зорчих эрхийг хязгаарлах ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.М, Б.Х нарт оногдуулсан тус бүрийн 1 сар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлж, Д.М, Б.Х, А.Э нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.А гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, Д.М, Б.Х, А.Э нарт урьд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.М, Б.Х нарын өмгөөлөгч Н.Нарантуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх хууль зүйн үндэслэл байх ба энэ нь шүүх Эрүүгийн хуулийн хууль ёсны зарчим, шударга ёсны зарчим, гэм буруугийн зарчимд огт нийцээгүй гэж үзэж байна.

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Хд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдэн хүргүүлсэн.

Шүүх хуралдаанаар талуудын тайлбар, мэдүүлэг мэтгэлцээнд шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан гэх боловч хэн яаж, хэрхэн гэмтэл учруулсан тухай дурдаагүй, хяналтын камерын бичлэгт Б.Х нь хохирогчийн биед гэмтэл учрах хэмжээний идэвхтэй үйлдэл хийсэн нь харагддаггүй. Мөн шүүгдэгч Д.М нь хохирогч Б.Агийн биед хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг, хохирол барагдуулсан байдаг. Эдгээр гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, тайлбар, шинжээчийн дүгнэлт зэргийг үндэслэн шүүгч нь шүүгдэгч Б.Хд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх нь үндэслэлгүй. Учир нь шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцээгүй бөгөөд анхнаасаа түүний шаардлагыг биелүүлж хүлээцтэй хандаж байсан. Цагдаагийн албан хаагчийн зүгээс түрүүлж үйлдэл хийн Д.Мийг түлхэх, чирж дотогшоо оруулах гэсэн үйлдлээс болж тэдгээрийг салгах оролдлого хийж байсан нь харагддаг. Хууль эрх зүйн мэдлэггүй, дуу дүрсний бичлэгийг зөвшөөрөлгүй хийж болохгүй гэдгийг мэдэхгүйгээсээ болоод гар утсаа гаргаж бичлэг хийх гэсэн болов ч хохирогч Б.Агийн шаардлагыг хүлээж аваад тухайн үйлдлээ даруй зогсоосон байдаг. Шинжээчийн дүгнэлтэд дурдсан хохирогчийн биед учирсан гэмтлийг шүүгдэгч Б.Хгийн үйлдэл оролцооны улмаас учирсан гэмтэл гэдгийг тогтоогоогүй, хэлбэрийн төдий харагдах байдлаар хүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлгүй юм.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар 2105 00000 0191 дугаартай эрүүгийн хэрэгт шүүгдэгч Б.Хд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг тус тус хэрэгсэхгүй болгохоор Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/604 дугаартай шийтгэх тогтоолын шүүгдэгч Б.Хд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна. Би ямар нэгэн санаа агуулж хохирогчийг гэмтээсэн зүйл байхгүй. Өмнөх шүүх хуралдаануудад ч хэлж байсан. Миний зүгээс Д.Мийг эрүүлжүүлэх гээд хүч хэрэглэх үед нь хажуу талаас нь салгах гэж л үйлдэл гаргасан. Хохирогчоос уучлалт хүссэн. Одоо үүсгэсэн хэргийг миний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй, гомдолтой байна.” гэв.  

Шүүгдэгч А.Эийн өмгөөлөгч Д.Баб тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмнө нь анхан шатны шүүхээр энэ хэрэг хэлэлцэгдээд шүүгдэгч А.Эийг цагаатгаж шийдвэрлэж байсан. Давж заалдах гомдол бидний зүгээс гаргаагүй. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч А.Э нь төрийн албан хаагчийг эсэргүүцсэн үйлдэл гаргасан болох нь бүрэн дүүрэн тогтоогдоогүй. Эргэлзээтэй нөхцөл байдал байдаг. Иймд шүүгдэгч А.Эийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв. 

Прокурор М.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдалд тохирсон ял шийтгэл оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Д.М, Б.Х нарын өмгөөлөгч Н.Нарантуяагийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.М, Б.Х, А.Э нар нь бүлэглэн 2021 оны 2 дугаар сарын 6-ны өдөр 23 цагийн үед Баянгол дүүргийн 2 хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Эрүүлжүүлэх, саатуулах байранд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч, цагдаагийн дэд ахлагч Б.Аг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн,

шүүгдэгч Д.М, Б.Х нар нь бүлэглэн цагдаагийн дэд ахлагч Б.Аг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцэхдээ Д.М нь баруун гартаа барьсан гар утсаа ашиглан хохирогч Б.Агийн толгой тус газар олон удаа цохиж, Б.Х нь баруун гараараа 2 удаа толгойн ар хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, хуйханд шарх, хүзүү, баруун чихний дэлбээ, чихний урд, зүүн шуунд зулгаралт, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Агийн “...би 2021 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 13:00 цагаас 2 дугаар сарын 7-ны өдрийн 13:00 цагийн хооронд хуваарьт жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. 2021 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн орой 23 цагийн орчимд а/а Г.Амаржаргал, а/а Г.Ариунбаяр нар Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрийг хариуцан “Бэгэр-120” чиглэлд үүрэг гүйцэтгэж байхдаа Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 57 дугаар байрны 6 тоотод хүмүүс архидаад байна гэсэн дуудлага мэдээллийн дагуу очиж шалгачихаад ирэхдээ Одгэрэл гэх залууг авч ирсэн. Тухайн үед а/а Г.Амаржаргал, а/а Г.Ариунбаяр нар дараагийн дуудлага ирсэн тул тэр хүнийг эрүүлжүүлэх талаар хэлчихээд явсан. Цагдаагийн алба хаагч нарыг дуудлагад явсны дараа зөрөөд 3 эмэгтэй хүн “Одгэрэл гэдэг хүнийг авч явъя, батлан даалтаар авна” гэх зүйл яриад орж ирсэн. Би “боломжгүй” гэж хэлээд хаалгаа хаатал хаалга маш хүчтэй нүдээд байхаар нь хаалгаа онгойлготол шар куртиктэй эмэгтэй гар утсаараа бичлэг хийгээд эхэлсэн. Тэгэхээр нь би “бичлэг хийж болохгүй, одоо бичлэг хийхээ боль” гэдэг шаардлага тавьсан. Тэнд байсан хар куртиктэй эмэгтэй мөн гар утсан дээрээ дуу хураагаад байсан. Би хаалгаа хаахад дахин чанга нүдэж эхэлсэн. Тэгээд би “энэ хүнийг гаргах боломж байхгүй, энэ хүнийг хүргэж ирсэн цагдаа нар нь дуудлага мэдээллийг шийдвэрлэх ёстой. Гар утсаараа бичлэг хийхээ боль” гэж удаа дараа ойлгуулах гэж оролдсон боловч шаардлага хүлээж авахгүй байхаар нь гар утсыг нь авах гэж оролдсон. Гэтэл шар куртиктэй эмэгтэй намайг түлхээд элдэв бусын үгээр хэлээд байхаар нь тэр эмэгтэйг хүлээлгийн танхим руу оруулах гэж оролдоход орохгүй гэж маргасан. Гэтэл урдуур нь жижиг биетэй урт куртиктэй эмэгтэй орж хаагаад байсан. Би ноцолдоод урт болон шар куртиктэй 2 эмэгтэйг хүлээн авах өрөөний хаалга руу түлхэх үед хар куртиктэй эмэгтэй намайг цохиод тэр 3 эмэгтэй нийлээд намайг цохиж, зодсон. Эрүүлжүүлэн саатуулах байрны эмч Амаа гарч ирээд салгасан...” /хх 29-31/,

гэрч Б.Амаагийн “...би 2021 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 13:00 цагаас 2 дугаар сарын 7-ны өдрийн 13:00 цагийн хооронд хуваарьт эрүүлжүүлэх, саатуулах байрны эмчээр ажилласан. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Баянгол дүүргийн 2 дугаар хороог хариуцаж үүрэг гүйцэтгэдэг цагдаа нар дуудлага мэдээллээр Одгэрэл гэх хүнийг авч ирсэн. Удалгүй гаднаас 3 эмэгтэй манай эрүүлжүүлэх, саатуулах байрны үзлэгийн өрөө рүү ордог вакум хаалгыг маш хүчтэй нүдэж эхэлсэн. Тэр үед манай цагдаа А тэдгээр хүмүүст хандаж “энэ хүнийг гаргах боломжгүй, битгий хаалга нүдээд бай” гэхэд тэдгээр хүмүүс “хүнээ авъя” гэж хэлээд явахгүй хаалга нүдсээр байсан. Цагдаа А дахин хаалга онгойлгоод “та нар битгий хаалга нүдээд бай, энэ хүнийг гаргах боломжгүй” гэж тайлбарлахад тэдгээр хүмүүс гар утсаараа бичлэг хийгээд байх шиг байсан. Цагдаа А “гар утсаа боль” гэж хэлээд байх шиг байсан. Гэтэл гэнэт түжигнээд, дуу чимээ гараад эхлэхээр нь хаалга руу очиход д/а Агийн толгойн хойд хэсгээс цус гарчихсан, өөрөө толгойгоо дараад хамгаалж, гар нь цус болчихсон байдалтай байсан. Тэдгээр 3 эмэгтэй толгойн тус газарт нь цохиод зодож байсан. Шар гадуур хувцастай эмэгтэй Аг цохиж байх үед нь би очиж хувцаснаас нь татаад болиулах гэхэд тэр эмэгтэй шаардлага эсэргүүцээд миний урдаас надтай ноцолдоод д/а Агаас салахгүй байсан. Тэгж байтал Баб 1 эмэгтэйг нь салгаж тэнд зодоон намжсан. Гаднаас эрүүгийн мөрдөгч, дэслэгч Н.Бабо, жижүүрийн ахлах мөрдөгч, хошууч Б.Очир-Эрдэнэ нар орж ирээд 103-т дуудлага өгч Аг үзүүлэхэд толгойд нь цус хуралт үүссэн байна, яаралтай авч явах шаардлагатай гэж хэлээд Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү авч явсан. Харин 3 эмэгтэйг Аг, Ар, Баб нар эрүүлжүүлсэн. Тэдгээр эмэгтэйчүүд Аг зодсоны дараа ч шаардлага эсэргүүцэн орилж, чарлаж байсан. Тэр 3 эмэгтэй нэлээн согтолттой байсан...” /хх 40-41/,

гэрч Н.Бабын “...хуваарьт жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. Эрүүлжүүлэх, саатуулахын байрны камераа хяначихаад үзлэгийн өрөөнд хүн хараад байж байхад Эрүүлжүүлэх, саатуулах байрны эмч а/д Б.Амаа цагдаа нарын авч ирсэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүний биеийн байдлыг үзэж байсан. Гэтэл Эрүүлжуүлэх, саатуулах байрны үзлэгийн өрөө рүү нэвтрэх гээд хүмүүс хаалгыг хүчтэй нүдээд байхаар нь д/а Б.А уулзаад байх шиг байсан. 3 эмэгтэй дайрч орж ирэх гээд орилж байгаад түжигнээд дуу чимээ гараад явчих шиг болсон. а/д Б.Амаа түрүүлж гараад би араас нь гарахад д/а Б.Аг 3 эмэгтэй нийлж хүч хэрэглэн зодож байсан. Харин а/д Б.Амаа 1 хүнтэй нь зууралдаад салгаж байсан. Миний хувьд тэр асуудал үүсгээд байсан 3 эмэгтэйн авч явах гээд байсан залуу хойд талд байсан болохоор хойноос ирж асуудал үүсгэх бий гэж бодоод хараад зогсож байсан...” /хх 58-59/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 1395 дугаартай “...Б.Агийн биед тархи доргилт, хуйханд шарх, хүзүү, баруун чихний дэлбээ, чихний урд, зүүн шуунд зулгаралт, зүүн сарвуунд цус хуралт гэх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.” /хх 64-65/ гэх шинжээчийн дүгнэлт,

Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Эрүүлжүүлэх, саатуулах байрны хяналтын камерт үзлэг хийсэн “...23:40:42 цагт Х д/а Б.Агийн хойд талд гараад толгой тус газар руу нь цохиод 23:40:44 цагт хөл рүү нь өшиглөж байх ба д/а Б.А эргэж хараад Хг хүлээлгийн өрөө рүү түлхэх үед 23:40:46 цагт Э д/а Б.Агийн хойд нуруунаас нь урагш түлхээд энэ үед М баруун гартаа гар утсаа бариад д/а Б.Агийн толгой тус газар руу 2 удаа цохих ба д/а Б.А Хг тавих үед 23.40.59 цагт М д/а Б.Аг дахин түлхээд толгойгоо хамгаалах үед а/а Н.Баб хүлээн авахын өрөөний дотор талаас Хг татах ба 23:30:50 цагт М д/а Б.Аг дахин баруун гартаа утсаа бариад 5 удаа цохих ба энэ хооронд 23:30:53 цагт д/а Б.Амаа гарч ирж Х нь хойш ухраад а/а Н.Бабаас салсан даруйдаа баруун хөлөөрөө д/а Б.Аг өшиглөөд доош суух үед нь толгойн дээрээс нь 1 удаа гараараа цохисон...” /хх 11-13/ гэх тэмдэглэл,

Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн болон хэсэг, авто эргүүл, эрүүлжүүлэх саатуулах байранд ажиллах албан хаагчдын томилгоо /хх 6/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.М, Б.Х нарыг бүлэглэж хууль сахиулагч Б.Аг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, А.Эийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн, шүүгдэгч Д.М, Б.Х нарыг бүлэглэж албан үүрэгтэй нь холбогдуулж хууль сахиулагч Б.Агийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэсэн анхан шатны дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бодит байдалтай нийцсэн байна.  

Д.М, Б.Х нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд заасныг журамлан тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар, А.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэгт “Яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа энэ хуулийг хэрэглэнэ.” гэж хууль хэрэглэх журамд заажээ.

Гэм буруу дээрээ маргасан яллагдагч Д.М, Б.Х, А.Э нарыг шүүхэд шилжүүлж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй.

Анхан шатны шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийсэн байх боловч тэдэнд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх заалтыг хэрэглэсэн нь буруу байна.  

Харин шүүгдэгч нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүд нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарагдаж байх тул энэ талаарх өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.М, Б.Х нарын өмгөөлөгч Н.Нарантуяагийн гаргасан “...Б.Хгийн үйлдэл нотлох баримтаар тогтоогдоогүй, шийтгэх тогтоолын түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Б.Х нь төрийн албан хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлсэн, Д.Мийг эрүүлжүүлэх гээд хүч хэрэглэх үед нь салгах үйлдэл хийсэн гэх тайлбарыг гаргаж байх боловч түүний энэхүү тайлбар нь хохирогч болон гэрч нарын мэдүүлэг, хяналтын камерт үзлэг хийсэн “...23:40:42 цагт Х д/а Б.Агийн хойд талд гараад толгой тус газар руу нь цохиод 23:40:44 цагт хөл рүү нь өшиглөж байх..., Х нь хойш ухраад а/а Н.Бабаас салсан даруйдаа баруун хөлөөрөө д/а Б.Аг өшиглөөд доош суух үед нь толгойн дээрээс нь 1 удаа гараараа цохисон...” /хх 11-13/ гэсэн тэмдэглэлээр няцаагдаж байна.

Иймд шүүгдэгч Д.М, Б.Х нарын өмгөөлөгч Н.Нарантуяагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/604 дугаартай шийтгэх тогтоолын:

- тогтоох хэсэгт: “...2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Д.М, Б.Х нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдийг, А.Эийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус өршөөн хэрэгсэхгүй болгосугай...” гэсэн нэмэлт заалт оруулж,

- тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг хүчингүй болгож,

- тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Д.М, Б.Х нарын өмгөөлөгч Н.Нарантуяагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ                                              

 

                        ШҮҮГЧ                                                             Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

                        ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ