Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 1170

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Нын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дугаар сарын 30-ний өдрийн 183/ШШ2019/01026 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Нын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Х.Хт холбогдох,

 

Гэм хорын хохиролд 47 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч Х.Хын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы  илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ц.Н,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Г,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ө.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Ц нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Х нь Зам Тээврийн яамны Авто замын техник-эдийн засгийн үндэслэл, зураг, төсөв хариуцсан ахлах мэрэгжилтнээр ажиллаж байсан Д.Энхтуяатай үгсэн тохиролцож хаа хамаагүй өөр байгууллагын захиалсан зам гүүрийн барилгын ажлын зураг үзүүлж, нэхэмжлэгчийн Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа “Шинэ илион нэн юань” ХХК-д шинээр зам гүүрийн барилгын тендерийн ажил олж өгнө гэсэн. 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 40 000 000 төгрөгийг Х.Хын эзэмшлийн Хаан банкны 5026171131 тоот дансанд шилжүүлж, 57 000 000 төгрөгийг бэлнээр авч, нийт хуурч мэхлэх замаар 97 000 000 төгрөгийг залилж авсан. Иймд Ц.Н нь 2016 онд Цагдаагийн байгуулагад гомдол гаргаж, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас эрүүгийн 201625014258 тоот хэрэг үүсгэн шалгаж 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 219 тоот Прокурорын тогтоолоор Д.Энхтуяа, Х.Х нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэж тооцсон боловч ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул эрүүгийн хэрэгт хариуцлага хүлээлгэх хугацаа өнгөрсөн гэж хэргийг хааж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн. Өнөөдрийн байдлаар Х.Х нь Ц.Нт 50 000 000 төгрөг буцааж өгсөн тул үлдэгдэл 47 000 000 төгрөгийг Х.Хаас гаргуулж өгнө үү гэжээ

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 онд БНХАУ-ын иргэн Ц.Нтай танилцаж, улмаар түүний эзэмшлийн компанид шинээр зам гүүрийн барилгын ажилд тусалж, тендерт оролцсон боловч тухайн компани шалгарч чадаагүй. Анх дээрх хятадтай түүний жолоочоор ажиллаж байсан н.Очирбат нь танилцуулж байсан. Тендерийн ажлын урьдчилгаанд Ц.Наас 97 000 000 төгрөг авснаас 50 000 000 төгрөгийг буцаан өгч, 27 000 000 төгрөгийг жолооч н.Очирбатад дансаар, 10 000 000 төгрөг, бэлнээр 17 000 000 төгрөг өгсөн. Миний хувьд дээрх иргэнийг ямар нэгэн байдлаар залилсан зүйл байхгүй. Ц.Н нь 2016 онд энэ асуудлаар цагдаад гомдол гаргасан ч 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр прокурорын 219 тоот тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон. Би Ц.Нт 47 000 000 төгрөг бус 20 000 000 төгрөг өгөхөд татгалзахгүй. Үлдэгдэл 27 000 000 төгрөгийг н.Очирбатаас гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Н.Очирбатад 10 000 000 төгрөг шилжүүлсэн тухай баримт байгаа гэжээ. 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х.Хаас 47 000 000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн /NAMURI/ Ц.Нт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 392 950 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 392 950 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Миний хувьд 2013 онд Ц.Нтай түүнмй жолоочоор ажиллаж байсан н.Очирбат гэх хүнээр дамжуулан танилцаж байсан бөгөөд Ц.Н нь “Зам гүүрийн барилгын ажлын тендерт” оролцох хүсэлтийг надад тавьсан бөгөөд үүний дагуу миний бие түүний эзэмшлийн компанийн ажилд тусалж тендерт оролцсон боловч тухайн компани шалгарч чадаагүй. Тендерийн ажлын урьдчилгаанд Ц.Наас 97 000 000 төгрөг авснаас 50 000 000 төгрөгийг буцаан өгч 27 000 000 төгрөгийг жолооч н.Очирбат гэгчид дансаар 10 000 000 төгрөг бэлнээр 17 000 000 төгрөгийг тус тус өгч байсан ба энэ талаар тус шүүхэд хүсэлт гаргаж байсан боловч намайг шүүх хуралдаанд оруулалгүйгээр 47 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Миний хуралд оролцож чадаагүй шалтгаан нь өмгөөлөгч маань гадаад улсад байгаад ирж чадаагүй, мөн шүүх хурлын товыг буруу хэлсэнээс үүдэлтэй юм. Миний бие 20 000 000 төгрөгийг төлөхөд ямар нэгэн татгалзал байхгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ц.Н нь хариуцагч Х.Хт холбогдуулан гэм хорын хохиролд 47 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч “20 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх 27 000 000 төгрөгийг н.Очирбатад өгсөн гэх үндэслэлээр зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Х.Х нь 97 000 000 төгрөгийг надаас авсан. Үүнээс 50 000 000 төгрөгийг буцааж өгсөн. Үлдэгдэл 47 000 000 төгрөгийг гаргуулна” гэж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...Би Ц.Наас 97 000 000 төгрөг авсан үнэн. Нэхэмжлэлийн шаардлагаас 20 000 000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Үлдэх 27 000 000 төгрөгийг жолооч н.Очирбатад өгсөн тул хүлээн зөвшөөрөхгүй” гэж тус тус тайлбарласан байна.

Анхан шатны шүүх талуудын хоорондын эрх зүйн харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар бусдын мөнгөн хөрөнгийг үндэслэлгүйгээр шилжүүлэн авсан гэж дүгнэсэн нь зөв байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн тайлбар нотолгооны хэрэгсэлд хамаарах тул талуудын гаргасан тайлбараар маргааны үйл баримтыг тогтоох боломжтой.

Шүүх хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар зэргийг харьцуулан нэхэмжлэгч Ц.Н нь Д.Энхтуяа гэх этгээдээр ажил бүтээлгэхээр Х.Хт 97 000 000 төгрөгийг шилжүүлснээс хариуцагч 50 000 000 төгрөгийг буцаан өгсөн, үлдэх 47 000 000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас буцаан шаардах эрхтэй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

            Нөгөө талаар хариуцагч Х.Х нь “20 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 27 000 000 төгрөгийг Ц.Нын жолооч н.Очирбатад дансаар 10 000 000 төррөг, бэлнээр 17 000 000 төгрөгийг өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч өөрийн татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж мэтгэлцээгүй байх тул шүүх хариуцагч Х.Хыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасантай нийцжээ.

 

            Хариуцагч нь давж заалдах гомдолдоо “...Анхан шатны шүүх шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, шүүх хуралдаанд оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн” гэжээ.

 

            Нэхэмжлэгч нь 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, шүүх 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийг хариуцагчид гардуулсан. Хариуцагч Х.Х нь 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хариу тайлбараа ирүүлсэн. 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр шүүх 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэгч талаас өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасныг шүүх хангаж, шүүх хуралдааныг 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хуралдуулахаар зохигчдод шүүх хуралдааны тов мэдэгдэж гарын үсэг зуруулсан /хх 76/, хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд оролцоогүй тул түүний эзгүйгээр шүүх хуралдаан явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт нийцсэн болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дугаар сарын 30-ний өдрийн 183/ШШ2019/01026 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Хаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 392 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                           Б.НАРМАНДАХ

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН