| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 316/2025/0246/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/274 |
| Огноо | 2025-12-01 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Содномиший |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 2025/ШЦТ/274
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Номин хөтөлж, улсын яллагч Б.Содномиший, шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* ургийн овогт *******ийн ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай, 316/2025/0246/Э индекстэй хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын *******-ний өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хадлангийн ажил хийдэг, ам бүл 2 аавын хамт Сэлэнгэ аймгийн ******* сумын 02 дугаар *******ийн 1-******* тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, ******* ургийн овогт *******ийн ******* (РД:МС8110*******19)
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.******* нь 2025 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын 02 дугаар *******ийн нутаг дэвсгэрт тодорхой шалтгаангүй хохирогч Х.*******ын баруун дал хэсэгт нь хутгалж биед баруун талын дал мөрний түвшинд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, мөн хохирогч М.*******ын баруун мөр хэсэгт нь хутгалж биед баруун мөрөнд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.******* нь 2025 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын 02 дугаар *******ийн нутаг дэвсгэрт тодорхой шалтгаангүй хохирогч Х.*******ын баруун дал хэсэгт нь хутгалж биед баруун талын дал мөрний түвшинд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, мөн хохирогч М.*******ын баруун мөр хэсэгт нь хутгалж биед баруун мөрөнд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Д.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******ын зүгээс: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Согтуу байсан болохоор санахгүй байна” гэжээ ,
2.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.*******ын зүгээс: “...Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Шүүгдэгчтэй *******ын найзууд учраас ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ ,
3.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Х.******* өгсөн мэдүүлэгтээ: “...2025 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд гэртээ ганцаараа 1 шил архи уучихаад захиргааны урд байдаг дэлгүүр дээр яваад очиход *******, Д.******* нартай тааралдсан. Ингээд 1 шил архи дэлгүүрээс худалдаж аваад Д.*******ын гэр руу очсон. Д.*******ын гэрт очоод авсан 1 шил архийг бид гурав хувааж ууцгаасан. Үүнээс хойш юу болсныг санахааргүй согтсон байсан. Нэг сэрэхэд би сумын эмнэлэг дээр ирчихсэн сувилагч Оюунтуяа миний баруун далан дээр оёдол тавиад боолт хийж байсан” гэсэн мэдүүлэг ,
4.Хохирогч М.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2025 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд хөрш ******* ах бид 2 сумын төвийн дэлгүүрийн гадна сууж байтал ******* ах хүрч ирээд бид ярилцаж суутал ******* ах 5,000 төгрөг гаргахаар нь би 10,000 төгрөг нэмж дэлгүүрээс 1шил 0,5 литрийн “Хараа” архи худалдаж аваад Д.******* ахын гэрт очсон. Бид анх уулзахад гадна харанхуй болчихсон байсан. Архиа хувааж уугаад дуусгасан. Д.******* сууж байснаа босоод гал зуухны шүүгээгээ ухаж байснаа хутга гаргаж ирээд ******* ахын баруун нуруу дал орчим руу нь дүрчихсэн, би Д.******* ахын зүүн гараас нь хутгыг нь салгаж авах гээд булаацалдаж байх явцад миний баруун мөрөнд хутга нь зүсэгдчихсэн. Би хутгыг нь булааж аваад ******* ахын фудволкыг сөхөөд хартал баруун далнаас нь цус гарч байсан. ******* ах дахиад гал зуухны шүүгээгээ ухахаар нь яваад очиход дахиад хутга гараад ирснийг мөн булааж авсан. Ингээд хоёр хутгыг усны савны дэргэд нууж тавьсан. Үүний дараа төрсөн ах руу утсаар яриад болсон үйл явдлыг хэлсэн. ах машинтайгаа ирээд ******* ах бид хоёрыг эмнэлэгт хүргэж өгсөн" гэсэн мэдүүлэг ,
5.Иргэний нэхэмжлэгч Ц. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би дээрх хэргийн улмаас хохирогч М.*******ын биед гэмтэл учирсантай холбоотойгоор 51,450 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ, хохирогч Х.*******ын биед гэмтэл учирсантай холбоотойгоор 51,450 төгрөгийн эмчилгээ үйлчилгээний төлбөрийг нэхэмжилмээр байна” гэсэн мэдүүлэг ,
6.Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2025 оны 07 дугаар сарын 14-ний шөнө 00 цагийн орчимд ******* сумын Эрүүл мэндийн төвөөс хутгалуулсан хүн хүлээн авах дээр ирсэн байна гэж дуудлага мэдээлэл ирсэн. Тэгээд сумын эрүүл мэндийн төв дээр очиход тус сумын иргэн М.*******, Х.******* нар дал, мөр хэсэгтээ хутгалуулсан байсан, хэнд хутгалуулсан талаар асуухад тус сумын иргэн Д.*******од хутгалуулсан гэж байсан. Тэгээд Д.*******ын гэрт очиход Д.******* нь гэртээ ганцаараа согтуу хэвтэж байсан. Д.*******ыг цагдаагийн хэсгийн байранд авчирч аймгийн төвөөс ирсэн ажлын хэсэгт хүлээлгэн өгч ажилласан” гэсэн мэдүүлэг ,
7.Гэрч Н. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2025 оны 07 дугаар сарын 14-ний шөнө 00 цагийн орчимд манай эмнэлгээс ээлжийн сувилагч Оюунтуяа утсаар над руу залгаад хутгалуулсан 2 хүн ирлээ гэсэн. Тэгээд ажил дээрээ очиход тус сумын иргэн М.*******, Х.******* нар нь хүнд хутгалуулсан гэж байсан. Тэгээд М.*******ын биед үзлэг хийхэд мөрийн ил шарх, баруун мөрний хэсэгт 4см орчим урттай, 3-4см гүн ил шархтай байсан тул цэвэрлэж 4 оёдол тавьсан. Иргэн Х.*******ын биед үзлэг хийхэд баруун талын дал, мөр хэсэгт 3-4 см урттай, 4 см орчим гүн ил шархтай байсныг цэвэрлэж 4 оёдол тавьсан” гэсэн мэдүүлэг ,
8.Сэлэнгэ аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн №337 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...1.Х.*******ын биед баруун талын дал мөрний түвшинд шарх гэмтэл тогтоогдлоо. 2,З.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байсан. 4.Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт ,
9.Сэлэнгэ аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн №338 дугаартай шинжээч эмч Д.Дарьсүрэнгийн дүгнэлтэд: “...1.М.*******ын биед баруун мөрөнд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байсан. З.Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэгтогтоох журмын 3.1,1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт , 10.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл , 11.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт , 12.Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт , 13.Хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл , 14.Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас , 15.Иргэний үнэмлэхийн лавлагаа , 16.Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа , 17.Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа , 18. Багийн засаг даргын тодорхойлолт , 19.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас , 20.Х.*******, М.******* нарын сэтгэцэд учирсан хохирлынн зэрэг тогтоолгохгүй тухай хүсэлт , 21.ЭМД санд эмчилгээ хийгдсэний төлбөр төлсөн мөнгөн шилжүүлгийн баримт , 22.Д.*******ын хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэхээр Прокурорын газарт гаргасан хүсэлт , 23.Д.*******ын өмгөөлөгчгүй оролцох тухай хүсэлт , 24.Хохирогч М.*******ын хохирол төлбөр, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх Цагдаагийн болон Прокурорын газарт гаргасан хүсэлт , 25.Депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт: “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж хуульчилсан байна.
Хохирогч М.*******, Х.******* нь баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй, цаашид гомдол саналгүй гэсэнд үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзэв.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийн даатгалын санд хохирогчид эмчилгээ, үйлчилгээ хийгдсэн 105,900 төгрөгийн төлбөрийг шүүгдэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлснийг дурьдвал зохино.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүхээс шүүгдэгч Д.*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******од 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ял шийтгэл оногдуулж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэсэн.
Хохирогч нар шүүгдэгчээс баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, шүүхийн хэлэлцүүлэгт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлснийг үндэслэн шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 2 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах” комисст даалгавал зохино.
Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овгийн *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******од 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ял шийтгэл оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийн даатгалын санд хохирогчид эмчилгээ, үйлчилгээ хийгдсэн 105,900 төгрөгийн төлбөрийг шүүгдэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлснийг дурьдсугай.
5.Хохирогч нар шүүгдэгчээс баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, шүүхийн хэлэлцүүлэгт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлснийг үндэслэн шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцсугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 2 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах” комисст даалгасугай.
7.Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ