Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2021/ДШМ/34

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 03 өдөр                                2021/ДШМ/34                          Хэрлэн сум

 

О-т холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2021/0034/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,

Прокурор Н.Амаржаргал /цахимаар/,

Шүүгдэгч О-ын өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урантуяа нарыг оролцуулан,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/36 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Н.Амаржаргалын эсэргүүцлээр О-т холбогдох эрүүгийн 2140000670038 дугаартай 2 хавтас 259 хуудас бүхий хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1995 онд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 10, урьд Хэнтий аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын баривчлах ялаар, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн Я овогт Э-н О нь

- 2019 оны 11 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө Б-ийн гэрийн хаалганы цоожийг татаж онгойлгон гэрт авдар дээр байсан “Самсунг калакси жи-3” маркийн хар өнгийн гар утсыг хулгайлж, бусдад 150000 төгрөгийн хохирол учруулж, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, хууль бусаар авч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан,

- 2019 оны 11 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө Б-ийг эзгүй байхад нь хашаатай байсан малаас 4 тооны эр хонь хулгайлж, бусдад 600000 төгрөгийн хохирол учруулж, мал хулгайлах гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Амаржаргалаас О-ын дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх: “Шүүгдэгч Я овогт Э-н  О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлсан” гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын малыг хулгайлсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8-д зааснаар шүүгдэгч Я овогт Э-ийн О-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Самсунг калакси жи-3” маркийн гар утсыг шүүгдэгч О-т буцаан олгож, шүүгдэгч О-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 1800000 төгрөгийг шүүгдэгч О-аас гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Н.Амаржаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “О-ын 2019 оны 11 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө Б-ийн гэрийн хаалганы цоожийг татаж онгойлгон гэрт авдар дээр байсан “Самсунг калакси жи-3” маркийн хар өнгийн гар утсыг хулгайлж, бусдад 150000 төгрөгийн хохирол учруулж, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, хууль бусаар авч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан, 2019 оны 11 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө Б-ийг эзгүй байхад нь хашаатай байсан малаас 4 тооны эр хонь хулгайлж, бусдад 600000 төгрөгийн хохирол учруулж, мал хулгайлах гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Анхан шатны шүүх “О- нь 2019 оны 11 дүгээр сарын 26-27-ны шилжих шөнө гэмт хэрэг үйлдсэн байх тул 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т зааснаар уг хууль үйлчлэх хугацаанд хамаарч байна, мөн шүүгдэгч О-ын үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан өршөөлд хамаарахгүй гэмт хэрэг биш байна” гэж дүгнээд эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.  

О-ын үйлдсэн мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хамаарч байх тул өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй байна. 

Харин О-ын үйлдсэн хулгайлах гэмт хэргийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан заалтад хамааруулан хорих ял оногдуулж, оногдуулах хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэх атал хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн байна.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хуралдаан дээр улсын яллагчийн зүгээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1, 5.1, 12.8 дугаар зүйлд зааснаар О-т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өршөөн хэлтрүүлэх саналыг гаргасан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна” гэжээ.

    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Н.Амаржаргалын бичсэн эсэргүүцлийн үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Шүүх дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулснаар дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

О- нь 2019 оны 11 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө Б-ийн гэрийн хаалганы цоожийг татаж онгойлгон гэрт авдар дээр байсан “Самсунг калакси жи-3” маркийн хар өнгийн гар утсыг хулгайлж бусдад 150000 төгрөгийн хохирол учруулж, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, хууль бусаар авч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан, 2019 оны 11 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө Б-ийг эзгүй байхад нь хашаатай байсан малаас 4 тооны эр хонь хулгайлж бусдад 600000 төгрөгийн хохирол учруулж, мал хулгайлах гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

О-ын мал хулгайлах гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай байх бөгөөд дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул О-т холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хавтаст хэргийн 135 дугаар талд авагдсан О-ын иргэний үнэмлэхийн лавлагаанаас үзэхэд регистрийн дугаар нь “..........” байхад анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “...........” гэж зөрүүтэй бичсэнийг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2, 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 2-т заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/36 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, О-т холбогдох эрүүгийн хэргийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газарт буцаасугай. 

 

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.БОЛОРМАА

 

                           ШҮҮГЧИД                                                  Я.АЛТАННАВЧ

                                                               

                                                                                              Б.ДЭНСМАА