Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 182/ШШ2016/00489

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 182/ШШ2016/00489

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т-О ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Х.Э-д холбогдох

Түрээсийн гэрээний үүрэгт 12.915.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.М, хариуцагч Х.Э, өмгөөлөгч М.Э гэрч О.Г шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Т-О ХХК нь 2013.02.08-ны өдөр иргэн Х.Этой түрээсийн гэрээг 5 жилийн хугацаатай байгуулж, Х.Э нь Баянгол дүүргийн ** хорооны нутагт байрлах дэвсгэрт байрлах манай компанийн эзэмшлийн АТ г худалдааны төвийн 1 давхрын 16, 17, 19 дүгээр нийт 71 м.кв талбайг түрээслүүлсэн. Тус талбай дээр эрэгтэй, эмэгтэй үсчин, хумс арьс арчилгаа, гоо сайханы бараа бүтээгдэхүүн борлуулах зэрэг үйл ажиллагаа явуулах зориулалтай байсан. Сарын түрээс нь 4.260.000 төгрөг байснаас зохигчид харилцан ярилцаад 2013 оны 2, 3 сард түрээсийн төлбөрөөс 30 хувийг хөнгөлөөд 2.982.000 төгрөг, 2013 оны 04 сард 10 хувь хөнгөлөөд 3,980 000, 2013 оны 5, 6, 7 дугаар саруудад түрээслэгч нарын байдлыг харгалзаад 3.121.000 төгрөгөөр тус тус хөнгөлж байсан. Түрээсийн төлбөр 2015 оны 8 сараас буцаад 3 талбайд 4.260.000 төгрөг болох байсан. Гэтэл түрээслэгч нь 9 сард 400.0000 төгрөг 10 сард 400.000 төгрөг, нийт 800.000 төгрөг төлөөгүй. Нэхэмжлэгч түрээсийн төлбөрөө төлөх талаар удаа дараа шаардаж байсан. Түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.5-д түрээсийн төлбөрийг тухайн сарын 1-5-ны өдрүүдэд бэлнээр болон дансаар төлж барагдуулна гэж заасан байгаа. Гэтэл Э түрээсийн төлбөрөө төлж шудрагаар үүргээ биелүүлээгүй тул гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд алданги тооцсон. Алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүй байхаар заасан байдаг тул 800.000 төгрөгийн алдангид 400.000 төгрөг, нийт 1.200.000 төгрөг нэхэмжилсэн байгаа.

Түрээслэгч Х.Эын төлөөгүй төлбөр болох 2016 оны 2, 3 сарын түрээсийн үндсэн төлбөр 4.260 000 төгрөг. Үүн дээр 2016 оны 2 сарын хугацаа хэтэрсэн хоног нь нийт 39 хоног, тэгэхээр нэг хоногийн алданги нь 21,300 төгрөгөөр тооцсон. Ингээд 2 сарын төлбөр нь нийт 5.090.700 төгрөг, 3 сарын түрээсийн төлбөр 4.260.000 төгрөг, хугацаа хэтэрсэн 10 хоног, үүний нэг хоногийн алдангийг 21.300 төгрөгөөр бодож тооцоод нийт 4.473.000 төгрөг. Түрээсийн гэрээг 2016 оны 04 сарын 16-ны өдөр дуусгавар болгож талбайг хүлээж авсан тул 4 сарын эхний 15 хоногийн төлбөр 2.130.000 төгрөг, үүн дээр 2 хоногийн алдангийг 21.300 төгрөгөөр тооцож нийт 12.915.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 1-25 дугаар талбайн түрээсийн төлбөрийг нэхэмжилж байсан боловч тус талбайн түрээсийг Х.Э цаг тухайд нь төлж байсан талаар баримтыг ирүүлсэн тул тус талбайн түрээсийн төлбөрт нэхэмжилсэн 7.250.000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад 12.915.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 2013.02.08-ны өдөр түрээсийн гэрээ байгуулагдаж бид АТ г худалдааны 1-16, 1-17, 1-19 тоот 71 м.кв талбайг нийт 4.260.000 төгрөгөөр түрээсэлж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Ер нь энэ талбайг түрээсэлж байх явцад бид илүү төлөлт хийж, тэр нь дараагийн төлбөрт тооцогдож явсан. Мөн түрээсийн төлбөрийн хөнгөлөлт эдэлж байсан талаар маргахгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 2015 оны 10 сарын түрээсийн төлбөрийг, алдангийн хамт, 2016 оны 02, 03 сарын төлбөр, алдангийн хамт төлнө. Харин 2015 оны 09 сарын үлдэгдэл төлбөр 400.000 төгрөг, алданги болон 2016 оны 04 сарын 15 хоногийн төлбөр, алдангийг зөвшөөрөхгүй. Учир нь 2015 оны 09 сарын төлбөрийг бид бүрэн төлсөн. Энэ нь Т-О ХХК-ийн өгсөн албан бичгээс харагдана. Тэгээд ч бидний хооронд маргаан үүссэн учир миний бие 2016.03.16-ны өдөр түрээсийн гэрээг цуцлах албан бичгийг Т-О ХХК-нд хүргүүлсэн. Уг албан бичигт 2016.03.20-ны өдрөөр түрээсийн гэрээг дуусгавар болгох талаар дурдсан. Тийм ч учраас би түрээсийн 3-н талбайг 2016.04.01-нд чөлөөлж өгсөн, тэгээд байгууллагын нягтлантай нь уулзаж, тооцоо нийлье гэхэд шүүхэд өгсөн, шүүхээрээ яв гээд хүлээж аваагүй юм. Харин нэхэмжлэгч тал талбайг 04 сарын 16-нд хүлээж авсан гэж төлбөр нэхэж байгаа боловч энэ талаар хэн аль нь акт үйлдээгүй, баримтгүй, нэхэмжлэгч энэ шаардлагаа нотолж чадахгүй байна гэж үзэж байна. Харин бид 1-25 тоот талбайн түрээсийг төлж байсан нь нотлох баримтаар тогтоогдож байгаа шалтгаанаар нэхэмжлэгч тал шаардлагаа багасгасан учир энэ талаар ярих зүйлгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Т-О ХХК нь хариуцагч Х.Эд холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 20.165.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдааны явцад шаардлагаа 12.915.000 төгрөг болгон багасгасны зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Т-О ХХК нь Х.Этой 2013.02.08-ны өдөр түрээсийн гэрээг 2018.02.01-ны өдрийг хүртэл 5 жилийн хугацаатайгаар байгуулсан байх бөгөөд уг түрээсийн гэрээгээр хариуцагч Х.Э нь нэхэмжлэгч Т-О ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн ** хорооны нутагт байрлах дэвсгэрт байрлах АТ г худалдааны төвийн 1 давхрын 31.4 м.кв 1-16 тоот, 11.4 м.кв 1-17 тоот, 28.2 м.кв 1-19 тоот талбайг эрэгтэй эмэгтэй үс, арьс, хумс арчилгааны болон гоо сайхны бүтээгдэхүүн худалдах үйлчилгээний зориулалтаар түрээслэн авсан, түрээсийн төлбөр нийт талбайд 4.260.000 төгрөг байхаар тохиролцсон, мөн уг гэрээнд 2013.02.28-ны өдөр нэмэлт оруулсан, хариуцагч Х.Э нь түрээсийн төлбөрийн хөнгөлөлт эдэлж байсан болох нь зохигчдын тайлбар, түрээсийн гэрээ, эд хөрөнгө хүлээлгэн өгсөн актууд, Х.Эын хүсэлтүүд, Т-О ХХК-ийн албан бичгүүд, Т-О ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Баянгол дүүргийн 2016.06.28-ны өдрийн 950 тоот албан бичиг, түүний хавсралт болох Т-О ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, АТ г үйлчилгээний барилгын зураг зэрэг баримтуудаар тогтоогдсон.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх харилцааг шүүх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан шаардлагыг хангасан түрээсийн гэрээний харилцаа байна гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг хариуцагч Х.Э нь гэрээний үүргээ биелүүлээгүй учир гэрээг цуцласан, гэрээний дагуу төлөх ёстой 2015 оны 09 сарын үлдэгдэл төлбөр 400.000 төгрөг, 2015 оны 10 сарын үлдэгдэл төлбөр 400.000 төгрөг, алданги 400.000 төгрөг, нийт 1.200.000 төгрөг, 2016 оны 02 сарын төлбөр 4.260.000 төгрөг, алданги хоногийн 21.300 төгрөг, 2016.02.05-наас 2016.03.15-ныг хүртэл 39 хоног, 830.700 төгрөг, 03 сарын түрээсийн төлбөр 4.260.000 төгрөг, алданги хоногийн 21.300 төгрөг, 10 хоног 213.000 төгрөг, 2016 оны 04 сарын 15 хоногийн төлбөр 2.130.000 төгрөг, алданги хоногийн 10.650 төгрөг, 2 хоногийн 21.300 төгрөг, нийт 12.915.000 төгрөгийг төлөөгүй учир шаардах эрхтэй гэж тайлбарласан.

 

Харин хариуцагч тал нэхэмжлэлийн дээрх шаардлагаас 2015 оны 10 сарын үлдэгдэл төлбөр, алдангийг, мөн 2016 оны 02, 03 сарын төлбөр, алдангийг төлөхийг зөвшөөрнө, харин 2015 оны 09 сарын үлдэгдэл төлбөр, алданги болон 2016 оны 04 сарын 15 хоногийн төлбөр, алдангийг зөвшөөрөхгүй, учир нь Т-О ХХК-ийн захирлын өгсөн албан бичгээс бид 2015 оны 09 сарын төлбөрийг бүхэлд нь төлсөн болох нь, мөн бидний явуулсан албан бичгээс гэрээг цуцлаж, талбайг 2016.04.01-ний өдөр хүлээлгэж өгсөн нь харагдана гэж маргав.

 

Зохигчдын дээрх мэтгэлцээн, тайлбараас үзвэл хариуцагч Х.Э нь нэхэмжлэлийн 12.915.000 төгрөгийн шаардлагаас 2015 оны 10 сарын үлдэгдэл төлбөр 400.000 төгрөг, алданги 200.000 төгрөг,

2016 оны 02 сарын төлбөр 4.260.000 төгрөг, алданги хоногийн 21.300 төгрөг, 2016.02.05-наас 2016.03.15-ныг хүртэл 39 хоногийн 830.700 төгрөг,

03 сарын түрээсийн төлбөр 4.260.000 төгрөг, алданги хоногийн 21.300 төгрөг, 10 хоногийн 213.000 төгрөг, нийт 10.163.700 төгрөгийг төлөхийг зөвшөөрч,

харин 2015 оны 10 сарын үлдэгдэл төлбөр 400.000 төгрөг, алданги 200.000 төгрөг, 2016 оны 04 сарын 15 хоногийн төлбөр 2.130.000 төгрөг, алданги хоногийн 10.650 төгрөг, 2 хоногийн 21.300 төгрөг, нийт 2.751.300 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй байгаа үйл баримт тогтоогдов.

 

Иргэний хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1, 232 дугаар зүйлийн 232.6, түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.5, 3.6, 4 дүгээр зүйлийн 4.1.2-д зааснаар нэхэмжлэгч Т-О ХХК нь түрээсийн төлбөр, алдангийг шаардах эрхтэй, хариуцагч Х.Э нь түрээсийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.10-т зааснаар түрээсийн төлбөр, алдангийг төлөх үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч Т-О ХХК нь харилцагчийн гүйлгээний хуулгууд, 2015.09.29-ний өдрийн 118/2015 дугаартай Т-О ХХК-ийн албан бичгийг үндэслэн 2015 оны 08 сард түрээсийн хөнгөлөлт дууссан, 09 сараас түрээсийн төлбөр 4.260.000 төгрөг болсныг мэдэгдсэн байхад хариуцагч Х.Э нь түрээсийн төлбөрт 400.000 төгрөг дутуу төлсөн, мөн түрээсийн объектыг 2016.04.16-ны өдөр хүлээж авсан учир энэ хугацааны түрээсийн төлбөрийг төлөх үүрэгтэй гэж мэтгэлцэж байх бөгөөд зохигчид түрээсийн объектыг хэзээ хүлээлгэн өгч, хэзээ хүлээн авсан талаар маргаантай.

 

Т-О ХХК-ийн 2015.09.29-ний өдрийн 118/2015 дугаартай албан бичиг нь хариуцагч Х.Эд 1-16, 1-17, 1-19 тоот талбайд түрээсийн төлбөрийн хөнгөлөлтийг үзүүлж байсан, цаашид түрээсийн төлбөрийн хөнгөлөлт дууссан тухай, мөн 1-25 тоот талбайн түрээсийн төлбөрийг заасан хугацаанд төлж дуусгах агуулгатай байх бөгөөд үүнээс түрээсийн төлбөрийн хөнгөлөлт 2015 оны 08 сард дууссан, 09 сарын төлөлт 4.260.000 төгрөг байна гэх агуулга харагдсангүй.

 

Харин 2015.10.14-ний өдрийн Т-О ХХК-иас Х.Эд хүргүүлсэн албан бичэгт та бүхний хүсэлтийг харгалзан үзэж талбайн түрээсээс 400.000 төгрөгийг хасч 3.860.000 төгрөг төлж байхаар тохиролцон 2015 оны 09 сарыг дуустал төлөгдөж ирсэн. 2015 оны 10 сараас тус талбайн түрээс 4.260.000 төгрөг болсныг бид албан ёсоор танд бичгээр мэдэгдсэн гэж дурдсан, төлбөр төлсөн тухай харилцагчийн гүйлгээний тайлангаар хариуцагч Х.Э нь 2015 оны 09 сарын төлбөрийг хөнгөлөлттэй нөхцөлөөр төлж дуусгасан байна гэж шүүх дүгнэлээ.

 

Түүнчлэн нэхэмжлэгч тал 2016 оны 04 сарын түрээсийн 15 хоногийн төлбөр, алдангийг нэхэмжилж байх боловч түрээсийн объектыг 2016.04.01-нд бус 2016.04.16-ны өдөр хүлээн авсан үйл баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар баримтаар нотолж чадсангүй.

 

Тодруулбал зохигчдын хэн аль нь түрээсийн гэрээг цуцласан талаар маргахгүй байх боловч түрээсийн объектыг хүлээж авсан, хүлээлгэн өгсөн талаар бичгийн ямар нэгэн баримтгүй, харин ч хариуцагч Х.Э нь түрээсийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.5, 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар түрээсийн объект болох 1-16, 1-17, 1-19 тоот талбайнуудыг 2016.04.01-ний өдөр хүлээлгэн өгч, тооцоо нийлэхийг нэхэмжлэгч Т-О ХХК-нд амаар мэдэгдсэн байх боловч Т-О ХХК нь хүлээж аваагүй, түрээсийн гэрээний үүргээ биелүүлээгүй буруутай болох нь хариуцагчийн тайлбар, Х.Эын 2016.03.16-ны өдрийн Т-О ХХК-нд гэрээг 2016.03.20-ны өдрөөр цуцлаж, түрээсийн объектыг хүлээлгэж өгөх талаар дурдсан албан бичиг зэргээр тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбараас илүүтэйгээр хариуцагч Х.Эын гаргасан би түрээсийн 1-16, 1-17, 1-19 тоот талбайг 2016.04.01-ний өдөр цэвэрлэж Т-О ХХК-ийн хуулийн ажилтан Үлэмжжаргалд хүлээлгэн өгсөн, тэр үед Т-О ХХК нь 2016.04.02-ны өдрөөс эхлэн уг талбайнуудыг түрээсэлнэ гэсэн зар наасан байсан, би түрээсийн объектоо хүлээж аваад тооцоогоо хийе гэхэд Т-О ХХК-ийн эрх бүхий хүмүүс шүүхэд хандсан байгаа шүүхээрээ учраа ол гээд хүлээж авахгүй байсан гэх тайлбарыг бодит үнэн гэж үзлээ.

 

Тиймээс хариуцагч Х.Э нь нэхэмжлэгч Т-О ХХК-нд 2015 оны 09 сарын түрээсийн төлбөрийн үлдэгдэл 400.000 төгрөг, алданги 200.000 төгрөг, 2016 оны 04 сарын 15 хоногийн төлбөр 2.130.000 төгрөг, алданги хоногийн 10.650 төгрөг, 2 хоногийн 21.300 төгрөг, нийт 2.751.300 төгрөгийг төлөх хууль зүйн үүрэггүй болно.

Иймд хариуцагч Х.Эоос түрээсийн төлбөр, алдангид нийт 10.163.700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т-О ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 2.751.300 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Нэхэмжлэгч Т-О ХХК нь 20.165.000 төгрөгийн шаардлагадаа 258.775 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлөх байтал 503.697 төгрөг төлж, 244.922 төгрөгийг илүү төлсөн байх тул түүний илүү төлсөн 244.922 төгрөгийг улсын төсвөөс буцаан олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Х.Эоос 10.163.700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т-О ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 2.751.300 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 503.697 /150.150+167.970+49.371+136.206/ төгрөгөөс 258.922 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 244.922 төгрөгийг буцааж, хариуцагч Х.Эоос 177.569 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т-О ХХК-нд тус тус олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА