Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 254

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Буманбаяр,  

улсын яллагч А.Нямсүрэн,

шүүгдэгч А.М, түүний өмгөөлөгч А.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хууль (2002 оны)-ийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн Тугтан овогт Алтанбилэгийн Мөнхбаясгаланд холбогдох 2017 2503 0319 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

  Монгол Улсын иргэн, 1988 оны 08 сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 14-261 тоотод оршин суух,

2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 34 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн, Тугтан овогт А.М /РД:…………………………/

 

Холбогдсон хэргийн талаар:

   Шүүгдэгч А.М нь 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 23 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Оч бүрд караокены үүдэнд болон гадна согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин "Оюундэлгэрийг манай бэр, чи яах гээд байгаа юм бэ гэж хэллээ" гэх үл ялих зүйлээр шалтаглан пивоны шилийг зэвсгийн чанартай хэрэглэн Ц.Баасандоржийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.М мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир мэдүүлэг өгөхгүй” гэв.

А.Мгийн сэжигтнээр мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 20 цагийн үед би ганцаараа Оч бүрд нийтийн караоке баар луу орсон. Би Оч бүрд караокений текнийхээ дэргэд сууж байсан. Уг караокед Хүчит шонхор худалдааны төв дээр махан дээр ажилладаг Төмөрбат, Баасандорж нар эмэгтэйчүүдтэй олуулаа сууж харагдсан. Тэгээд 2 цагийн дараа бааран дотор Төмөрбат, Баасандорж нар хэдэн хүмүүстэй маргалдсан, хоорондоо орилж хашгичаад ноцолдоод байхаар нь би тэд нар дээр очоод болиоч гэж хэлсэн …Баасандоржийн биед би гэмтэл учруулсан. Би тухайн үед Баасандорж бид хоёр хоорондоо зодолдсон, тэгээд Баасандорж бид хоёр дээр доороо гараад л зодолдсон …” гэх мэдүүлэг /хх-79-81х/, 

Хохирогч Ц.Баасандоржийн мөрдөн байцаалтад өгсөн: "...Тухайн үед би бүжгийн талбай дээр нэг залуутай маргалдсан юмаа. Тэгтэл Төмөрбат ах ирээд намайг гаръя гээд дотор хаалгаар гараад караокены гадна хаалгаар гарах гэж байтал араас нэг хүн пивоны шилээр намайг цохьсон. Би цохиулахад миний дотор муухайраад нүд харанхуйлаад явчихсан би хэн намайг цохьчихвоо гэж асуутал манай дүү Эрдэнэдаваа энэ ах сая таныг цохьлоо гэхээр нь хартал зүс мэдэх Мөнхбаясгалан намайг цохьсон байсан. Миний толгой өвдөөд дотор муухайраад байхаар нь эхнэр Эрдэнэчулуунаар түшүүлж замын цаана гарч бөөлжиж байгаад буцаад караокены гадаа очтол Мөнхбаясгалан дээгүүрх хувцасаа тайлчихсан "та нарыг алаад өгье" гээд байхаар нь би очтол намайг Мөнхбаясгалан цохьсон тэгэхээр нь би зөрүүлээд А.Мг цохьсон. Би хэдэн удаа биеийн аль хэсэгт нь цохьсоноо санахгүй байна. Мөнхбаясгалан харин миний нүд рүү цохьсон байсан. Тухайн үед бид 2-ыг зодолдож байхад Хүчит шонхор худалдааны төв дээр тэрэгчин хийдэг Очироо гэх залуу ирээд бид 2-ыг салгасан. Бүжгийн талбай дээр Долгорсүрэн, Эрдэнэчулуун, Оюундэлгэр, Эрдэнэдаваа бид нар бүжиглэж байхад манай бэр Оюундэлгэртэй танилцъя гээд татаж чангаагаад байхаар нь би тэр залуул хандаж "наад хүүхэн чинь манай бэр" гэж хэлээд түлхсэн юм. Тэгээд тэр залуу намайг заамдаж авсан, би ч заамдалцаад авсан, тэгэхэд Төмөрбат ах, Эрдэнэдаваа 2 салгаад караокеноос гарах гэтэл миний араас ирээд пивоны шилээр цохьсон. Би шилээр цохиулсандаа болоод л А.Мтай зодолдох болсон юм. Миний толгой хагарсан, нүд хөхөрсөн, толгой дүүрч өвдөж байсан өөр ямар нэг гэмтэл байгаагүй. Миний биед А.М гэмтэл учруулсан. Хэрэг болох үед манай дүү Эрдэнэдаваа таныг энэ ах пивоны шилээр цохьчихлоо гэжхэлсэн. Би ч тэр хүнийг харахад А.М байсан..." гэх мэдүүлэг /хх-13-15х/,

              Гэрч Н.Долгорсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: "... 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 18 цагийн үед би нөхөр Төмөрбатын хамт Төв аймгийн Сэргэлэн сумаас ирээд Баасандоржийн Булган аймгаас ирсэн айргийг авахаар Баасандоржийн гэрт нь очсон Баасандоржийн гэрт ороход эхнэрийн хамт байсан, Төмөрбат бид хоёрын араас Оюундэлгэр Эрдэнэдаваа орж ирсэн. Бид нар хоорондоо буу халж суугаад айраг уусан хүний хул аягаар хоёр удаа л уусан. Тэгээд Баасандорж бэрүүд цугларсан юм чинь өнөөдөр хэдүүлээ ууна гээд бид нар караоке орохоор болсон Төмөрбат айргаа гэртээ аваачихаар явсан. Баасандорж, Эрдэнэчулуун, Оюундэлгэр Эрдэнэдаваа бид нар Оч бүрд караоке руу суухаар явсан. Оч бүрд нийтийн караокены заалны булангийн ширээнд нь суусан. Эхлээд бид нар 0.5 литрийн шилтэй 4 ширхэг пиво авсан. Оюундэлгэр, Эрдэнэдаваа, Эрдэнэчулуун нар нь уугаагүй ээ, огт амсаагүй, гэртээ айраг л уусан. Ихэвчлэн Баасандорж бид хоёр л пиво уусан. Баасандорж нь 200 грамм архи захиалж уусан. Тэгээд би Төмөрбатыг хүрээд ир, бид нар явах гэж байна гээд дуудсан юм. Удалгүй Төмөрбат орж ирээд бид нарын ширээн дээр суусан. Тэгтэл Баасандорж юунаас болж муудалцсанг мэдэхгүй байна, нэг залуутай муудалцаад, заамдалцаад зогсохоор нь Төмөрбатыг дуудаж салгуулсан. Тэгээд бид нар явахаар болсон. Төмөрбат, Эрдэнэдаваа, Баасандоржийг дагуулаад түрүүлээд гарсан, араас нь Оюундэлгэр, Эрдэнэчулуун бид 3 гарсан, тэгтэл Оч бүрд караокены үүдний хэсэг нь газраар дүүрэн пивоны шил хагарчихсан байсан, Оч бүрд караокены үүдний хэсэгтээ хоосон пивоны шил дүүргээд саванд хийсэн байсан. Тэгтэл Эрдэнэчулуун нөхрийнхөө хамт гадаа гарчихсан зогсож байсан, уул нь Оюундэлгэр бид хоёртой цуг гарах шиг болсон юм. Бид нар юу болсон юм бол гээд гарсан чинь гадаа нэг шар залуу дээгүүрээ нүцгэлсэн байдалтай Баасандорж руу дайраад байсан. Тэр залуу нилээн согтуу байсан бөгөөд хүн болгон руу хашгираад л, "би боксчин хэн надтай үзэх юм бэ?" гэх мэтэзр орилоод байсан. Тэгээд Баасандоржтой зодолдчихсон. Баасандоржийн толгой нь хагарчихсан, бөөн цус нөжтэйгээ холилдчихсон байсан. Би такси барих гээд зам дээр зогсож байхад замын хажууд зодоон болоод байсан болохоор такси зогсохгүй болохоор нь би зодооноос зайтай явж байгаад такси барих гэтэл зогсохгүй байсан. Тэгтэл цагдаагийн машин ирээд Баасандорж, Төмөрбат нарыг аваад явсан. Караокены гадаа ганцаарахнаа дээгүүрээ шалдалчихаад орилоод байсан. Төмөрбаттай тэр залуу зодолдоогүй ээ. Баасандоржтой л зодолдоод байсан. Баасандоржийн толгой хагарсан байсан..." гэх мэдүүлэг /хх-20-21х/,

 

              Гэрч О.Оюундэлгэрийн мөрдөн байцаалтад өгсөн: "...Бид нар караокед ороод удахгүй явна гэж байсан болохоор диско ая тавигдахаар нь бүжгийн талбай руу нь гараад бүжиглэсэн. Тэгтэл нэг залуу над руу хүрч ирээд "хөөе охин танилцья" гээд намайгтатаж, чангаагаад байсан, тэгтэл Баасандорж нилээн халчихсан байсан болохоор "чи яагаад байгаа юм бэ? наадах чинь манай бэр" гээд намайг өмөөрөөд тэр залуутай маргалдаад, заамдалцаж авсан. Би айгаад ширээн дээрээ очоод суусан чинь Төмөрбат ах явья гээд ирчихсэн байсан. Төмөрбат ах, Эрдэнэдаваа нар Баасандоржийг тэр залуугаас салгаад караокеноос аваад гарсан, араас нь Эрдэнэчулуун, Долгорсүрэн эгч бид нар хувцасаа аваад гарах гэтэл хамгийн урд талд нь явж байсан Баасандоржийг надтай танилцъя гээд байсан залуу пивоны шилээр толгой руу нь цохьчихсон, пивоны шил нь хагарсан. Баасандоржийг толгойдоо цохиулсаныг хараад Эрдэнэчулуун араас нь гүйгээд очсон. Би ч араас нь Долгорсүрэн эгчтэй гарсан чинь нөгөө танилцья гэж байсан залуу дээд хэсгийнхээ хувцасыг тайлчихсан, шалдан тэр хавиар орилж, хашгичаад бйсан. Тэр залуу би боксчин, намайг хэн ч барахгүй шүү, би том хүн шүү гээд Баасандоржтой зодолдох гээд байсан, дундуур нь Төмөрбат ах орж салгасан. Баасандоржтой тэр залуу ноцолдоод зодолдоод байсан. Хэн ч цагдаа дуудсан юм бүү мэд, цагдаагийн машин ирээд Баасандорж, Төмөрбат нарыг аваад явчихсан. Эрдэнэчулуун, Долгорсүрэн эгч бид нар цагдаагийн хэлтэс дээр ирэхэд нөгөө надтай танилцъя гээд байсан залуу мөн ирчихсэн сууж байсан. Тэр залуу надтай танилцъя гээд намайг өдөөд гар хөлнөөс татаж чангаагаад байхад нь "Ц.Баасандорж яагаад байгаа юм бэ? Наадах чинь манай бэр" гэж хэлсэн. Баасандоржтой зодолдсон хэрэг болох үед ганцаараа явж байсан. Төмөрбат ах тэр залуутай маргалдаж, зодолдсон асуудал байхгүй Баасандорж тэр залуу 2-ыг салгах гэж дундуур нь орсон. Баасандоржийн толгой нь нилээн том хагарчихсан, цус нь тогтохгүй байсан. Баасандоржийн толгойг надтйа танилцъя гэж байсан хагалсан. Би пивоны шилээр цохиж байхыг нь нүдээр харсан. Оч бүрд караокены гарах гарцны ойролцоо саванд хийгээд тавьчихсан пивоны шил зөндөө байсан. Ц.Баасандорж нь надтай танилцъя гэж хэлсэн залуугаас өмнө өөр хүмүүстэй муудаж маргалдсан зүйл байхгүй. Надтай танилцъя гэсэн залуу нилээн согтуу байсан..." гэх мэдүүлэг /хх-22-23х/,

 

               Гэрч О.Эрдэнэдаваагийн мөрдөн байцаалтад өгсөн: "...Тэгээд бид нар Оч бүрд караокены булангийн ширээн дээр сууж байгаад диско ая явахаар нь бүжгийн талбай руу бүгд гарч бүжиглэсэн. Тухайн үед Эрдэнэчулуун эгч, Оюундэлгэр бид гурав архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, харин Долгорсүрэн эгч, Баасандорж ах хоёр л уусан. Бүжиглэж байх үед Төмөрбат ах ирээд би сууж байсан ширээгээ зааж өгөөд суулгасан. Оюундэлгэр, Баасандорж, Долгорсүрэн, Эрдэнэчулуун бид тав бүжиглэж байхад Оюундэлгэрийг ойролцоогоор 170 орчим см-тэй намхан хүн хажууд нь ирээд наалдаж бүжиглээд Оюундэлгэрийг танилцья гээд хажуу талаас нь татаж чангаагаад байсан, караокены дуу чанга байсан болохоор яг юу гэж ярьсанг нь би сонсоогүй, тэгтэл Оюундэлгэр ширээ рүү явахаар нь дагаж очоод Төмөрбат ахыг дуудсан. Төмөрбат ахад Баасандорж ах маргалдаад байна, очоод салгая гэж хэлээд цуг очсон. Баасандорж ах тэр залуутай заамдалцаад тэр залуутай дух хэсгээрээ нийлээд зогсож байхад нь Төмөрбат ах бид 2 салгаад Баасандорж ахыг караокеноос авч гарахаар болсон. Төмөрбат ах өөрийн урд талд Баасандорж ахыг түрүүлж гаргасан, араас би дагаад явж байтал Баасандорж ахтай маргалдсан залуу хажуугаар пивоны шил барьж очоод Баасандорж ахын толгой дээр нь цохиж хагалсан, тэгэхэд нь Баасандорж ах шууд хаалгаар гарсан. Караокеноос гартал Баасандорж ахын эхнэр Эрдэнэчулуун хажууд нь ирээд дагуулаад зам гарсан, харин нөгөе залуу чинь дахиад пивоны шил барих шиг болсон тэр үед би сууж байсан ширээ лүүгээ очоод куртик, цүнх зэрэг эд зүйлийг нь хамж аваад гарсан. Тэгэхэд Баасандорж ахын толгой руу пивоны шилээр цохьсон ах замын голд цээж хэсгээрээ нүцгэлчихсэн, бокс тоголдог надтай боксдох хун байна уу? гээд орилж хашгичаад байсан. Баасандорж ах замын нөгөө талд эхнэриинхээ хамт харагдсан. Тэр ах Баасандорж ах руу дайраад байсан, Баасандорж ахыг тэр залуу нэг удаа цохьсон, тэгэхэд Баасандорж ах тэр залуутай маргалдаж, зодолдож эхэлсэн. Би тэр хүмүүс рүү ойртож чадахгүй, айгаад холоос хараад зогссон. Тэгтэл зам дагуу приус маркийн машин зогстол нөгөө цээж хэсгээрээ нүцгэн байсан ах чинь тэр машины баруун урд талын хаалга руу өшиглөсөн, тэр машин шууд хөдлөөд яваад өгсөн, би тэр машины улсын дугаарыг нь хараагүй. Удалгүй цагдаагийн машин ирээд Баасандорж ах, Төмөрбат ахыг аваад явчихсан. Ийм л зүйл болсон. Оюундэлгэрийг тэр согтуу хүн наалдаж бүжиглээд хоргоогоод байхаар нь Баасандорж ах өмөөрөөд маргалдсан. Нийтийн караоке дотор тэр хоёр заамдалцаад духаа нийлүүлж зогсоод байсан. Тэгтэл нөгөө хүн нь юу болсон бүү мэд Баасандорж ахыг караокенаас гарах гэж байхад нь араас нь толгой руу нь пивоны шилээр цохьсон. Ц.Баасандорж нь караоке дотор өөр хүнтэй зодолдсон зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хх-24-25х/,

   Гэрч Ю.Мөнгөнцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: "... 2017 оны 01 дүгээр сарын 14-ний шөнийн 00 цаг болж байсан, яг цаг хараагүй болохоор би мэдэхгүй байна. Тухайн үед би найзынхаасаа гараад гэр лүүгээ явж байсан. Би өөрийн 48-03 УНИ улсын дугаартай Тоёота Приус 10 маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэлтэйгээ хотын төвөөс гэр лүүгээр харьж явсан. Хүчит шонхор худалдааны төв рүү өгсөж явсан замаар хойд зүг рүү явж байтал Оч бүрд караоке баарны гадаа зодоон болж байсан. Тухайн үед би тэр хүмүүсийг зам руу ороод ирэх вий гэж бодоод хурдаа хасаад хажуугаар нь өнгөртөл цээж хэсгээрээ нүцгэн залуу миний машины баруун урд талын карлог өшиглөөд цөмөлчихсөн. Тэр залуу шал согтуу байдалтай байсан. Гадаа хүйтэн байхад л дээгүүрээ нүцгэн явна гэдэг тэр хүнийг ямар согтуу байсныг илэрхийлэх байх, тэнд байсан хүн болгон руу л үсчээд дайраад байсан, агсам залуу байсан. Миний машиныг өшиглөлсөн залуу нэг залуутай зодолдож байсан, тэгээд зодолдож байхдаа миний машиныг өшиглөсөн. Уул нь би тэр хүнд ямар ч саад бололгүй замаар зорчиж байсан. Зодоон болж байхад байсан хүний тоог мэдэхгүй байна, ямар ч байсан хэдэн хүүхнүүд байсан. Би уг асуудлыг шалгуулах шаардлагагүй, надад учирсан хохирлыг нөхөн төлсөн учир надад гомдол саналгүй..." гэх мэдүүлэг /хх-26-27х/,

              Гэрч Б.Эрдэнэчулууны мөрдөн байцаалтад өгсөн: "...Караокед дуулж байгаад, диско ая болоод Оюундэлгэр Эрдэнэдаваа нар гарч бүжиглэхээр нь араас нь Долгорсүрэн эгч, Баасандорж бид гурав гарч бүжиглэсэн. Нилээн бүжиглэж байхад нэг танихгүй залуу миний хажуугаар шахаж орж ирээд Оюундэлгэртэй ойрхон бүжиглээд, наалдаад байсан. Тэгэхэд нь Баасандорж тэр залууг чи яагаад байгаа юм бэ? наад эмэгтэй чинь манай бэр гэж хэлсэн чинь тэр залуу маргалдаад эхэлсэн, хоорондоо заамдалцаад, духаараа нийлээд зогсоод байсан, тэр үед Эрдэнэдаваа ширээ лүү яваад Төмөрбат ахыг дуудаад Баасандоржийг тэр залуугаас салгасан. Төмөрбат ах ч гаръя гээд Баасандоржийг дагуулаад гарсан. Тэгтэл нөгөө залуу чинь Баасандоржийн араас нь очоод пивоны шилээр толгой дээр нь цохиж хагалсан. Би Эрдэнэдавааг хувцас, цүнхээ бүгдийг нь хамаад аваад гараад ир гэж хэлээд Баасандорж дээр очтол Баасандорж миний дотор муухайраад байна, гарья гэхээр нь сугадаж дагуулж гараад замын эсрэг талд байх улаан худагны дэргэд очоод бөөлжсөн. Би Баасандоржийн нуруу дээр нь дарж өгөөд, буцаад Оч бүрд рүү очтол Баасандоржийн толгой дээр пивоны шил хагалсан залуу цээж хэсгээрээ нүцгэлчихсэн, би бокс тоголдог, улсын аварга, надтай үзэх байна уу? гэж хашгичаад байсан. Баасандоржийг харангуутаа ирээд Баасандоржиин нүүр хэсэгт нь нэг удаа цохисон, тэгэхэд нь Баасандорж уурлаад тэр залуутай зодолдсон. Зам дээр зогсож байсан нэг машиныг өшиглөөд явуулчихсан. Удалгүй цагдаагийн машин ирээд Баасандорж, Төмөрбат ахыг суулгаад явсан. Баасандоржтой зодолдсон залууг одоо харвал танина. Хэрэв тэр залуу Оюундэлгэрийг хоргоож өдөөгүй бол ийм зүйл болохгүй байсан. Төмөрбат ах хутга гаргаж ирсэн зүйл огт байхгүй ..." гэх мэдүүлэг /хх-28-29х/,

 

              Гэрч И.Төмөр-Очирын мөрдөн байцаалтад өгсөн: "... Ө.Төмөрбат, Ц.Баасандорж, А.М нарыг бүгдийг нь зүс танина. Хоорондын харилцаа холбоо нээх байхгүй, төрөл садангийн холбоо байхгүй. ...Оч бүрд караоке орсон. Тэнд ороод би нэг ширээн дээр нь орж суусан. Би ганцаараа ороод пиво уусан, уг караокегоор ихэвчлэн манай Хүчит шонхор төвийнхөн үйлчлүүлдэг. Намайг сууж байхад гаднаас Мөнхбаясгалан буюу Баясаа гэж дууддаг залуу орж ирээд ширээндээ нэг шил Болор архи авчихаад намайг дуудахаар нь очиж цуг архийг нь ууж дуусгасан. Би нилээн муудчихсан байсан болохоор ширээн дээр нь унтчихсан байсан. Би унтаж байгаад нэг сэрэхэд диско хөгжим явж байсан, би харихаар караокегоос гартал гадаа 2 хүн зодолдоод хажуугаар нь хэдэн хүүхнүүд зогсож байсан. Би хэн зодолдож байгааг нь хартал Мөнхбаясгалан нь буриад хочтой Баасандоржтой зодолдож байсан. Би Мөнхбаясгалантай караоке дотор архи уусан болохоор Мөнхбаясгаланг салгахаар очсон, Мөнхбаясгаланг Баасандоржоос салгах гэтэл намайг 2 удаа үүрч шидэж, газар унагаасан. Мөнхбаясгалан тухайн үед дээгүүрээ шалдалчихсан "алнаа" гээд орилж байсан. Би уул нь салгах гэж очоод салгаж чадаагүй. Мөнхбаясгаланд үүрч шидүүлчихсэн, тэгээд л би салгаж чадахгүй юм байна гээд гээд такси бариад гэр лүүгээ харьсан..." гэх мэдүүлэг /хх-30-32х/,

 

              Гэрч Б.Нямбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: "...Оч бүрд караокены гадна хүмүүс зодолдоод байна гэсэн дуудлагын дагуу очсон. ...А.М гээд цээж хэсгээрээ нүцгэлчихсэн залуу байсан. Нилээн согтуу байдалтай, цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байсан..." гэх мэдүүлэг /хх-33-35х/,

 

               Гэрч Т.Жамбалдоржийн мөрдөн байцаалтад өгсөн: "...2017 оны 01 дүгээр сарын 14-ний орой 23 цаг өнгөрч байхад шиг санагдаж байна Баясаа гэх залуу нэг хүнтэй зодолдох шинжтэй болохоор нь би бүгдийг нь караоке баарнаасаа хөөж гаргасан, тэгэхгүй бол хамаг юм эвдээд хаячихна. Би тэр хүмүүсийг юунаас болж маргалдаж эхэлсэнг мэдэхгүй байна. Ямар байсан замын цаана Баясаа гэх залуу цээж хэсгээ нүцгэлсэн нэг залуутай зодолдож байсан. Баясааг хүний толгой руу пивоны шилээр цохьсоныг хараагүй. Мөнхбаясгалан буюу Баясаа нь 1 өндөр залуутай муудалцаад байсан. Чанга чанга хашгираад зодолдох шинжтэй болохоор нь би баарнаас бүгдийг нь хөөж гаргасан. Тухайн үед хутга гаргасан хүн байхгүй. Мөнхбаясгалан нэг залуутай зодолдох шинжтэй байхаар нь хөөж гаргахаас өмнө өөр зодоон болоогүй. Мөнхбаясгалан нэг хүнтэй л зодолдох гээд байсан ..." гэх мэдүүлэг /хх­-133-134х/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 1757 тоот актын дүгнэлтэд:

“1. Баасандоржийн биед тархи доргилт, хуйханд шарх, хамар ясанд хугарал, зүүн зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна ..." гэжээ /хх-47х/ зэрэг болно.

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт, шийтгэх тогтоолын хуулбар /хх-97-102х/ зэрэг болно.

Хэргийн талаар шүүхээс хийсэн дүгнэлт:

Шүүгдэгч А.М нь 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 23 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Оч бүрд караокены үүдэнд болон гадна согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин "Оюундэлгэрийг манай бэр, чи яах гээд байгаа юм бэ гэж хэллээ" гэх үл ялих зүйлээр шалтаглан пивоны шилийг зэвсгийн чанартай хэрэглэн Ц.Баасандоржийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

А.Мгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, хохирогч хохирогч Ц.Баасандорж /хх-13-15х/, гэрч Н.Долгорсүрэн /хх-20-21х/, гэрч О.Оюундэлгэр /хх-22-23х/, гэрч О.Эрдэнэдаваа /хх-24-25х/, гэрч Ю.Мөнгөнцэцэг /хх-26-27х/, гэрч Б.Эрдэнэчулуун /хх-28-29х/, Гэрч И.Төмөр-Очир /хх-30-32х/, гэрч Б.Нямбаатар /хх-33-35х/, гэрч Т.Жамбалдорж /хх­-133-134х/ мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 1757 тоот акт /хх-47х/, Иргэний үнэмлэхийн лавлагаа, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт, шийтгэх тогтоолын хуулбар /хх-97-102х/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас А.Мд Эрүүгийн хууль (2002 оны)-ийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Хохирогч Ц.Баасандорж нь хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн   тул шүүгдэгч А.Мг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон 26 хоногтой, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.