Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 122/ШШ2023/0003

 

2023 оны 05 сарын 08 өдөр            122/ШШ/2023/0003                        Баруун-Урт сум

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                       

******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баярцогт даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийж,

 

Гомдол гаргагч: “*******” ХХК-ийн гомдолтой,

 

Хариуцагч: ******* аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч*******,

           

Гомдлын шаардлага: “******* аймгийн Байгал орчин, аялал жуулчлалын газрын улсын байцаагч*******ын “*******” ХХК-д оногдуулсан 0048006 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн гомдлын шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхсүх, хариуцагч ******* аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нар оролцов.

 

                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хэргийн нөхцөл байдлын талаарх хураангуй:

 

1.1. Гомдлын шаардлага: Гомдол гаргагч “*******” ХХК нь ******* аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч*******ад холбогдуулан ******* аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч*******ын “*******” ХХК-д 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 0048006 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгууль оногдуулж, байгаль орчинд учирсан хохирлын нөхөн төлбөрт 26,428,343.12 төгрөг, хохирлыг тогтооход гарсан зардалд 3.000.000 төгрөгийг төлөх тухай шийдвэрийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан.

 

1.2. Эрх бүхий албан тушаалтан болох ******* аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч******* нь ******* аймаг дахь Цагдаагийн газраас харьяаллын дагуу шилжүүлсэн ******* аймгийн******* сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК нь орон нутгийн зөвшөөрөлгүйгээр ус зөөвөрлөж, маршрут зөрчиж хөрс эвдсэн гэх гомдол мэдээлэлд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулаад Зөрчлийн тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан зөрчил гаргасан гэж үзээд “*******” ХХК-д 500 нэгжтэй тэнцэх буюу 500.000 төгрөгөөр торгож, байгаль орчинд учирсан хохирлын нөхөн төлбөрт 26.428.343.12 төгрөг, хохирол тогтоох зардалд 3.000.000 төгрөгийг тус тус гаргуулахаар шийтгэл ногдуулжээ.

 

2. Процессын түүх:

 

2.1. Дээрх шийтгэлийн хуудсыг “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Эрдэнэцогтод 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр танилцуулсан байх бөгөөд тэрээр гаргасан шийдвэртэй танилцаж гарын үсэг зурсан байна.

 

2.2. “*******” ХХК нь маргаан бүхий шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан бөгөөд уг гомдлоо 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр шууданд хийсэн байх бөгөөд оролцогчийн гомдлыг тус шүүх 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч танилцаад, 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

 

3. Гомдол гаргагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхсүх шүүхэд гаргасан гомдолдоо: “*******” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын байцаагч*******ын 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 0048006 дугаартай шийтгэлийн хуудас үйлдэж Зөрчлийн тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1.3 дэх хэсгийг зөрчсөн гэх үндэслэлээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийн дагуу мөн “Зөрчлийн хэргийн бодит байдлыг тогтоох” зарчмуудыг зөрчиж үндэслэлгүй шийтгэх хуудас  гаргасан гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна.   

Улсын байцаагчаас зөрчлийн хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг баримтлан урьдчилсан дүгнэлт гаргаж, оролцоог хангалгүйгээр зөрчил шалган шийдвэрлэсэн тухайд. 

3.1. Шийтгэлийн хуудсаар хохирлын нөхөн төлбөр болох 26,428,343 төгрөг төлүүлэх үндэслэл болсон Байгаль орчны үнэлгээ хийх эрх бүхий “*******” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлт нь буруу аргачлал ашиглаж гаргасан хохирлын үнэлгээ, шинжээчийн дүгнэлтийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шинжээч “*******” ХХК нь тус дүгнэлтийн 1.6-д БОАЖЯамны сайдын 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А-156 тоот тушаалаар батлагдсан Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлалыг үндэслэл болгож хийсэн бөгөөд уг аргачлалаар байгалийн нөөц баялгийг ашиглах аливаа үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээг тооцоход ашигладаг бөгөөд манай компани нь ямарваа нэг байдлаар байгалийн нөөц баялгийг ашиглах үйл ажиллагаа явуулаагүй буруу аргачлал ашиглаж гаргасан хохирлын үнэлгээ, шинжээчийн дүгнэлтийг хүчин төгөлдөр бус болсон байна. 

 

3.2. Тус эвдэрсэн замыг манай компани ашигладаггүй зөрчилд холбогдож буй тээврийн хэрэгсэл нь 4246 УНУ улсын дугаартай авто машин, 8169 УНР улсын дугаартай машинууд нь манай бүртгэлтэй машин биш бөгөөд ******* аймгийн******* сумаас “*******” ХХК-нд олгосон замын маршрут олгож тус замыг тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК, “Эф Жи Пи Эм” ХХК-иудын олон жилийн эвдрэл гэмтлийг зөвхөн манай компани үүсгэсэн мэтээр хариуцуулан торгох мөн хохирол, нөхөн сэргээх зардлыг шаардаж байгаа нь илт хууль бус шийтгэх хуудас болсон байна.    

 

3.3. Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааны талаар хуульд заасан журмын дагуу мэдээлэл авах, холбогдох баримт бичгийг хуулбарлан авах, 15.1.4-т заасан захиргааны шийдвэр гаргахаас өмнө оролцогч нотлох баримт гаргах, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгөх, 92 дугаар 92.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй гэж заасан нэхэмжлэгчийн хуульд заасан эрхийг зөрчсөн, түүнчлэн мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 32 дугаар зүйлийн 32.1-д Захиргааны байгууллага өөрийн шийдвэрийн хүчин төгөлдөр байдлыг урьдчилан мэдэгдэх, тухайн шийдвэртэй холбоотой оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад шаардлагатай баримт бичигтэй оролцогч, түүний төлөөлөгчид танилцах боломж олгоно гэж заасныг тус тус хэрэгжүүлэн ажиллах хуулиар тогтоосон журмыг зөрчин мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан сонсох ажиллагаа-г явуулах үүргээ эрх бүхий албан тушаалтан хэрэгжүүлээгүй мөн шинжээчийн дүгнэлт гаргасан “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал байгаль орчны шинжээч Г.Мөнгөнбаатар гэх хүн нь дүгнэлт гаргах эрхгүй, тус компанийн гүйцэтгэх захирал биш хүн байна.

 

3.4. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн “…5.1.Хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага /цаашид “хяналт шалгалтын байгууллага” гэх/ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хяналт шалгалтыг хийх бөгөөд хяналт шалгалтыг төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийн гэж ангилна…” мөн 5.2.Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх бөгөөд түүнд дараах зүйлийг тусгана мөн хуулийн 5.6.-т Хяналт шалгалт эхлэхээс өмнө эрх бүхий албан тушаалтан шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгөх бөгөөд улсын байцаагч албаны үнэмлэхээ үзүүлнэ…” гэж заасан ч улсын байцаагч******* нь ямар нэгэн удирдамж, хөндлөнгийн шинжээч томилсон талаар танилцуулахгүйгээр мөн тус газрын байцаагч нар мөн хуулийн 5.4.Хяналт шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно гэж заасныг ноцтойгоор зөрчиж, Зөрчлийн тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1.3 дэх хэсгийг зөрчсөн буюу цөлжилттэй тэмцэх арга хэмжээний тухай журам зөрчсөн гэх үндэслэлгүй урьдчилсан дүгнэлт гарган шийдвэр гаргасан хууль бус болсон байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “…тухай хүн … зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх”-ийг эрх бүхий албан тушаалтан тогтоосон байх ёстой…” мөн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-т Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ…” заасныг зөрчсөн, зөрчил шалгах тодорхой ажиллагааг зөрчсөн юм. 

 

3.5. 2023 оны 04 сарын 03-ны өдөр ирж шийтгэлийн хуудастай танилц гэсэн дагуу танилцаж гомдол гаргах, хэргийн материалтай танилцах, хуулбарлах, утас дээрээ зураг дарах эрхээр хангаагүй бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 4-т заасан Оролцогч энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан прокурорын шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор тухайн нэгжийн дээд шатны прокурорт гомдол гаргаж болно гэсэн эрхийг зөрчиж 2023 оны 04 сарын 03-ны өдөр улсын байцаагч******* нь дуудан зөрчлийн хэргийг хааж байгааг мэдэгдэн 0048006 дугаартай шийтгэлийн хуудсыг танилцуулсан явдал нь Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн явдал нь   урьдчилсан дүгнэлт гарган шийдвэр гаргасан хууль бус шийдвэр болсон бөгөөд дээрх хуульд заасан оролцоог хангаагүй нэг талын шийдвэр үйл баримтын хүрээнд маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд нэхэмжлэгчийн оролцоог хангахгүйгээр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6-д заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээр урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчмыг бүрэн хангаагүйгээр хариуцагч нь шийдвэр гаргасан байна.

   Иймд дээрх үндэслэлүүдээр Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын байцаагч*******ын 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 0048006 дугаартай шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

 

   Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

3.6. “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй ******* аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын байцаагч*******ын 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 0048006 дугаартай шийтгэлийн хуудас хүчингүй болгуулах захиргааны хэргийн хэргийн шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар, шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дараах тайлбар, саналыг гаргаж байна.

Юуны өмнө Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын байцаагч*******ын 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 0048006 дугаартай шийтгэлийн хуудас үйлдэж Зөрчлийн тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1.3 дэх хэсгийг зөрчсөн гэх үндэслэлээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийн дагуу мөн “Зөрчлийн хэргийн бодит байдлыг тогтоох” зарчмуудыг зөрчиж үндэслэлгүй шийтгэх хуудас гаргасан болохыг онцлон хэлэхийг хүсэж байна.

 

3.7. Манай зүгээс зөрчил байсан гэдэгт эргэлзэж байна. Зөрчлийн тухай хуулийн 1.1, 2.1 дэх хэсэгт зааснаар хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэж заасан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.1, 1.4.2 дахь хэсгүүдэд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох, хуульд заасан ажиллагааг зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг гэнэ. Хуульд заасан ажиллагаа гэдэг бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1.2 дахь хэсэгт Зөрчил шалгах ажиллагаа нь зөрчил үйлдэгдсэн газар, хүн, хуулийн этгээдийн эзэмшил газар, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, хүний бие, эд зүйлд үзлэг хийх, баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах, эд зүйл, баримт бичгийг хураан авах, эд хөрөнгийг битүүмжлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, мэдүүлэг авах, шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, шинжилгээ хийлгэх ажиллагаанаас бүрдэнэ гэж заасан. Гэтэл зөрчлийн шийтгэх хуудас бичсэн******* байцаагч ямар ажиллагаа хийсэн бэ гэвэл 2 бичиг л явуулсан. Захиргааны ажиллагаанд зааснаар бий болсон газарт үзлэг хийгээд талуудаас тайлбар аваад шинжилгээ хийх ажиллагааг огт хийгээгүй. Өмнө нь бий болсон баримтыг үндэслээд ажиллагаа хийсэн гэж үзээд байна.

Гэтэл өмнө нь бүрдсэн баримтууд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.2.2 дахь хэсэгт зааснаар прокуророос заавал зөвшөөрөл авч зөрчлийн хэрэгт хавсаргах ёстой байсныг зөрчсөн.

 

3.8. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гээд мөн зүйлийн 1.6 дахь заалтад зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлэхээр прокурорт танилцуулж, шийдвэрлүүлэх; гэж заажээ.

Хавтаст хэрэгт 39, 40, 41, 42-р талд цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлсэн талуудын тайлбар мэдүүлэг зэргээс үзэхэд ******* аймгийн******* сумын нутаг дэвсгэр дээр гаргасан гэх зөрчлийг******* сумын ИТХ-ын дарга Э.Мөнхтулга нь 2023 оны 03 сарын 05-ны өдөр утсаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж 2023 оны 03 сарын 08-ны өдрийн хүлээн аваад зөрчлийн хэрэг бүртгэгч дэслэгч С.Отгонбаатар нь ******* аймгийн прокурорын газраас 1100044230000610 дугаартай зөрчлийн хэрэг бүртгэлийн дугаарыг авч зөрчлийн хэрэг шалгаж байгаад 2023 оны 03 сарын 21-ний өдөр зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн дарга цагдаагийн хошууч зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан болох Ж.Итгэлт нь ******* аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт шилжүүлэхдээ прокурорын зөвшөөрөлгүй буюу танилцуулж бүртгүүлэхгүйгээр шилжүүлсэн нь хууль бус болжээ.

Учир нь, хууль зүйн утгаараа дээрх тохиолдол нь зөрчил шалган шийдвэрлэх байгууллагын харьяалал өөрчлөгдөж байгаа явдал бөгөөд энэ тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 1.4 дэх заалт бус, харин мөн зүйлийн 1.6 дахь заалтыг баримталж, прокурорт танилцуулж шийдвэрлүүлэх шаардлагатай байсан.

 

3.9. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрх бүхий албан тушаалтан 14 хүртэл хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлт явуулна, 2 дахь хэсэгт зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14 хүртэл, прокурор 30 хүртэл хоногоор сунгаж болно гэж заасан.

Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнээс үзвэл, аливаа зөрчлийн тухайд түүнийг шалган шийдвэрлэх үндсэн хугацаа нь 14 хоног, сунгах тохиолдолд зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14 хүртэл, прокурор 30 хүртэл хоног, нийт 58 хоногийн хугацаанд зөрчлийг шалган шийдвэрлэх журам үйлчилнэ.

Мөн уг хуулийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зөрчлийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлсэн тохиолдолд хэрэг бүртгэлтийн хугацааг үргэлжлүүлэн тоолно, мөн зүйлийн 4 дэх хэсэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон үйлдэл, эс үйлдэлд зөрчлийн хэрэг нээх тухай прокурорын шийдвэрийг эрх бүхий байгууллага хүлээн авсан өдрөөс эхлэн зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг тоолно гэж заажээ.

Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнээс үзэхэд эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон үйлдэл, эс үйлдэлд зөрчлийн хэрэг нээх тухай прокурорын шийдвэрийг эрх бүхий байгууллага хүлээн авсан өдрөөс эхлэн зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг тоолохоор байх бөгөөд энэ үндэслэлээр зөрчлийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлсэн тохиолдолд хэрэг бүртгэлтийн хугацааг үргэлжлүүлэн тоолохоор, өөрөөр хэлбэл, зөрчил шалган шийдвэрлэх хугацаа шинээр эхлэхгүй буюу тасалдахгүйгээр үргэлжлэн тоологдох журамтай байна.

 

3.10. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, анх ******* аймгийн Прокурорын 610 дугаартай зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр хүлээн аваад 2023 оны 03 сарын 21-ний өдөр ******* аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт шилжүүлсэн байх бөгөөд энэ хугацаанаас зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг тоолоход үндсэн 14 хоногийн хугацаа нь 2023 оны 03 сарын 27-ны өдөр дуусгавар болжээ.

Тодруулбал, хариуцагч улсын байцаагч нь гомдол гаргагчид холбогдох зөрчлийн хэргийг 2023 оны 03 сарын 27-ны өдөрт багтаан шийдвэрлэж, зохих шийдвэрийг гаргах учиртай байсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрх бүхий албан тушаалтан дараах үндэслэл тогтоогдвол зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргана гээд мөн зүйлийн 1.4 дэх заалтад зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан гэж заасан.

Өөрөөр хэлбэл, хариуцагч улсын байцаагч нь хуулийн дээр дурдсан заалтын дагуу зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан гэх үндэслэлээр зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шийдвэр гаргахаар хуульчилсан байна.

Мөн хавтаст хэргийн 60 хуудаст авагдсан далд уурхайн шүүрлийн усыг ашиглах гэрээний дагуу манай компани зөвхөн худалдан авагч тал хэрэглэгч бөгөөд ус тээвэрлэх нийлүүлэх үүргийг “Говь мастер” ХХК нь өөрийн жолооч, автомашин техник хэрэгслээр нийлүүлснийг манай компани хариуцлага хүлээх ёсгүй.

Иймд шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн эрхийг хангаж өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

4.1.  “*******” ХХК нь “*******” ХХК-ийн уурхайгаас байгалийн нөөц баялаг болох гүний усыг гэрээ дүгнэлтгүйгээр авч ашиглах явцдаа газрын хөрсийг гэмтээж газарт хохирол учруулсан. Ийм зөрчлийг 2021, 2022 онуудад бас үйлдэж байсан сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчид арга хэмжээ авч ажиллаагүй. Зөрчлийг “*******” ХХК нь давтан гаргаж байгаа, БОАЖЯамны сайдын 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А-156 тоот тушаалаар батлагдсан Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлалаар хохирлын үнэлгээг тооцдог үүнээс өөр ашиглах тушаал шийдвэр байхгүй “*******” ХХК-ийн шинжээчийн ашигласан А-156 тоот тушаалаар гаргасан дүгнэлт нь үнэн зөв болно. 

4.2. Зөрчилд холбогдож буй 4246 УНУ, 8169 УНР улсын дугаартай авто машинууд нь хувь хүний эзэмшилд байдаг. 2022 онд “*******” ХХК-иас “*******” ХХК-ийн баяжуулах үйлдвэрт гэрээний дагуу ус зөөж байсан. “*******” ХХК-ийн уурхай дээр парклан байршуулсан бөгөөд жолооч нарыг дуудаж “*******” ХХК-ийн хятад захирал LUO YUJING 5 машин ус зөөсөн усны машины жолооч нь шинээр ирсэн маршрут зөрчсөн явдал байна. Би бас явж үзсэн хэсэг хэсэг газар машины дугуй шигдэж орсон байна. Нээх их эвдэрчихсэн зүйл байхгүй байна байгалиараа сэргэчих боломжтой. Мэргэжлийн байгууллагууд их өндөр үнэ хэлдэг манайх компаниа сонгож хийлгэж төлбөрөө төлөх саналтай байна. Гаргасан зөчилдөө хариуцлага хүлээнэ гэх “*******” ХХК-ийн холбогдогч Х.Эрдэнэцогтын мэдүүлэг. 

4.3. “*******” ХХК-ийн холбогдогч О.Шинэдарам мэдүүлэхдээ манай компани нь 2022 онд уурхайн шүүрлийн усаа холбогдох гэрээний дагуу 12864м3 ус нийлүүлсэн 2023 онд ус нийлүүлэх гэрээ байгуулаагүй байгаа. 3 сарын 6-ны өдөр уурхай дээр очиж шалгахад тоолуурын заалт 13118 болсон байна. Ус зөөдөг машин  манай компанид байхгүй манай компаниас ус авах зөвшөөрөл аваагүй манай маршрутын замаар яваагүй өөрсдийн дураар зам гарган явсан тул манайх хариуцахгүй “*******” ХХК-тай холбоотой асуудал, хэн хулгай хийнэ гэж бодох вэ дээ буухдаа хариуцлага алдаж гүний насосны утсыг ил орхисон байна. Бид хэлмэгдчихээд байна. “*******” ХХК нь кемпийн харуулаас гуйж байгаад авсан байсан. Хуулийн дагуу хариуцлагаа хүлээнэ гэх мэдүүлэг.

 

4.4. Гэрчийн мэдүүлснээр: “*******” ХХК-ийн орчуулагч С.Отгонбаяр ус зөөх хугацаанд Бор-Өндөр хотод ажлаар явж байсан ирээд мэдсэн. 2022 онд ус авах гэрээг “*******” ХХК-тай байгуулсан тэгээд гэрээнд заасан усыг бүрэн аваагүй байсан тул хятад захирал үлдэгдэл усаа авч болно гэж ойлгосон 5 машин ус зөөсөн. Жолооч нарт маршрут зөрчихгүй яв гэдгийг бол сануулж хэлдэг хэсэг хэсэг газар бол эвдэрсэн байна би сая явж үзсэн. Сумын ИТХ-ын дарга Э.Мөнхтулга ярьж хэлсэн цагдаад мэдэгдэж шалгуулна гэж хэлсэн гэх мэдүүлэг.

 

4.5. Гэрч Б.Батбаяр “*******” ХХК нь “*******” ХХК-ийн уурхайгаас зөвшөөрөлгүйгээр ус зөөсөн 2 дугаар сарын сүүлчээр******* суманд их хэмжээний цас орсны дараа “*******” ХХК нь ус зөөсөн тээвэрлэлт хийх замаараа яваагүй замын хажуугаар ковшоор цасыг нь хусуулаад том усны машинаар ус зөөсөн газар эвдэж явсан. 3 дугаар сарын 05-аас 08-ны хооронд 3 өдөр ус зөөсөн газар гэсэж хөлдөж байгаа үед таарсан газрыг бол гамшиг болгосон байгаа та нар хараа байлгүй дээ малчид бид энэ газраар шөнө орой малын араас явна явах боломжгүй хүний амь нас эрүүл мэндэд халтай байна. Тодоос тод харлаад хөрсийг нь эргүүлчихсэн байгаа өөрсдийнх нь зам хажууд нь байгаа гэх мэдүүлэг.

 

4.6. Гэрч Х.Цогтбаатар “*******” ХХК 3 сарын 05-аас 08-ны хооронд “*******” ХХК-ийн уурхайгаас 30 тн усны том машинаар ус зөөсөн, зөөхдөө батлагдсан замаараа яваагүй ковшоор цас хусаж усны машин явсан нь хөрс их эвдсэн одоо эвдэрсэн газар нь хөлдөөд машин мотоцикль явах боломжгүй хүндрэлтэй байна. “*******” ХХК-ийг ажиллаж байгаа юм байх гээд очиход ямар ч хүн байгаагүй. Сумын ИТХ-ын даргад утсаар хэлсэн “*******” ХХК нь хариуцаж байгаа хүнгүй замын хажуугаар өөр зам гаргаж ковш усны машинтай явж байна гэж хэлсэн гэх мэдүүлэг.

 

4.7. Хохирогч Э.Мөнхтулга ******* аймгийн******* суманд үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК нь “*******” ХХК-ийн уурхайгаас сум орон нутагт мэдэгдэлгүй батлагдсан замын маршрутаа зөрчин тоосжилт үүсгэж зам эвдэж тээвэрлэлт хийсэн. Мөн ковш машинаар замын цас хусаж газар эвдсэн. Иргэн Б.Батбаяр, Х.Цогтбаатар нар утсаар гомдол мэдээлэл өгсний дагуу миний бие цагдаад гомдол гаргасан. “*******” ХХК-ийн удирдлагуудтай өөрийн биеэр очиж уулзах гэсэн боловч удирдлагууд нь байгаагүй орчуулагч Отгонбаяр гэх залуу байсан Отгонбаярт хэлсэн замын маршрут зөрчиж зам эвдлээ гэхэд батлагдсан замаараа явж байгаа 2022 оны усны гэрээнийхээ үлдэгдэл усыг зөөсөн гэж хэлсэн. Сум орон нутаг удирдаж байгаа хүний хувьд багийн иргэдээ сонсож ажиллах ёстой гэх мэдүүлэг, 2021 2022 онуудад “Эф жи пи эм” ХХК-иас “*******” ХХК нь ус зөөж зам эвдсэн гэх зөрчлийг******* сумын ЗДТГ-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийг шалгаж шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн.

           4.8. “*******” ХХК нь байгаль орчны нарийвчилсан үнэлгээний хийх эрхийг 2010 оны 11 сард Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас тусгай зөвшөөрлөө авсан 13 жилийн туршлагатай компани юм 2022 оны 05 дугаар сард 3 жилээр үнэлгээ хийх эрхийг сунгуулсан. Гүйцэтгэх захирлаар Г.Мөнгөнбаатар нь 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 23/001 дугаартай шийдвэрээр гүйцэтгэх захирлаар томилогдсон эрх бүхий албан тушаалтан мөн. Г.Мөнгөнбаатар нь 15 цагийн чадавхжуулах сургалтад сууж сертификат авсан.  

           4.9. Өргөдөл гомдол ирсэн тохиолдолд Төрийн хяналт шалгалтын 5.2 заасны дагуу төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх удирдамжийг батлуулж холбогдох компаниудад мэдэгддэг. Тус газарт иргэнээс гомдол мэдээлэл ирүүлээгүй. 

4.10. ******* аймгийн цагдаагийн газрын 2023 оны 43-8/899 тоот албан бичгээр 610 дугаартай зөрчлийн шинжтэй гомдол нь Байгаль орчин аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч шалган шийдвэрлүүлэхээр харьяалуулсан зөрчил байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйл ийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон тус газарт шилжүүлсэн тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн  явуулсан.  

 

4.11. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны холбогдогч Х.Эрдэнэцогтын мэдүүлэгт “*******” ХХК нь газрын хөрс эвдсэн зөрчилд хохирол тооцох шинжээч томилох асуудлыг дурдаж өгсөн. Х.Эрдэнэцогт нь өөрсдөө үнэлгээ хийлгэдэг компаниараа хохирлоо тооцуулна гэх саналыг өгсөн энэ үйлдэл өөрсийн гаргасан үйлдлээ нуун дарагдуулах оролдлого байж болох тул үнэлгээ хийх эрх бүхий байгууллагуудад миний бие санал тавьж хохирол үнэлгээг гаргаж өгөх санал хэлсэн компанийг сонгож хийлгүүлсэн. Шинжээч нь оролцогчоос өөрт шаардлагатай мэдээлэл хэрэгтэй болбол оролцогчоос татаж авна. Үнэн зөв дүгнэлт гаргах үүрэгтэй гэж эрх үүрэгт зааж өгсөн. Шинжээч болон үнэлгээний компанийг нэрийг “*******” ХХК-д мэдэгдэх шаардлагагүй. “*******” ХХК-ийн холбогдогч, тус компани гэрч нар нь өөрсдийн мэдүүлэгтээ маршрут зөрчиж хэсэг хэсэг газрыг эвдсэн байна сая явж үзлээ гэж мэдүүлсэн нь “*******” ХХК-ийн гаргасан зөрчил хөрс хамгаалах цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.5 дах заалт /тогтоосон авто зогсоол болон авто замын зорчих хэсгээс бусад газарт тээврийн хэрэгсэл зогсоох, зорчихыг хориглох/ 7.3.1 /бичил уурхайн зориулалтаар олгосон газар болон газрын тосны гэрээт талбай, ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээд нь үйл ажиллагааныхаа явцад доройтсон хөрсийг биологийн нөхөн сэргээлтийн стандартын шаардлагад нийцүүлэн нөхөн сэргээх/ гэх заалтуудыг зөрчсөн нь зөрчлийн тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгээр арга хэмжээ авах нь үндэслэлтэй.

4.12. Зөрчлийн материалтай танилцуулахдаа тухайн компанид хамааралтай хэсгүүдийг танилцуулдаг бөгөөд хэргийн материалтай танилцахдаа бүх хүний мэдүүлэг хэн юу гэж хэлснийг нэг бүрчлэн зургийг нь авах зорилго агуулж танилцах ажиллагааг явуулсан. Миний бие шаардлагаа тавьж та өөрт холбогдолтой материалтай танилцах ёстой гэдгийг хэлсэн эсэргүүцэх хандлага гаргаж байсан тул хэргийн материалтай танилцах үед прокурорт мэдэгдэж хэлсэн. Компанитай холбоотой материалтай танилцуулах ёстой гэсэн хариуг авч ажилласан.  Х.Эрдэнэцогт нь бухимдлаа илэрхийлж өс санасан маягтай үг хэллэг хэлж******* сумын хурлын даргын санал хүсэлтийг одооноос эхлээд хүлээж авахгүй, компанийхаа үйл ажиллагааг зогсоолгоно. Иргэд нь ажилгүй байг, Цогтбаатар, Батбаяр зэрэг малчин нь хурлын даргын хамаарал бүхий нөхөд шороо цасыг нь цэвэрлэж өгөхгүй. “*******” ХХК-д ямар нэгэн ажил үнэлгээ хийлгэхгүй байх хэрэгтэй юм байна гэх мэт үг хэллэгийг хэлж байсан. Зөрчлийн материалыг бүхэлд нь эргүүлж тэмдэглэл үйлдэж авч явсан.

 

4.13. “*******” ХХК-тай холбоотой зөрчлийг 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр харьяаллын дагуу шилжүүлж ирүүлсэн зөрчлийн хэрэг нээж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгаа талаарх мэдэгдлийг хүргэхээр захирал Чуданжийгийн 99118893 дугаар руу залгахад зарагдсан байсан холбогдож чадаагүй. Уурхайн дарга Баяраагийн 89919489 дугаарт өөрийн 95207524 дугаараар залгаж хэлсэн. Чуданжий захирал дугаараа сольсон хуучин дугаар нь зарагдсан гэдгийг бол баталж хэлж өгсөн. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд инженер, байгаль орчны мэргэжилтэн Х.Эрдэнэцогтыг томилон оролцуулах талаар мэдэгдэж хэлсэн. Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор ирэхэд нь уншиж танилцуулдаг. Тогтоолд бол гомдол гаргагчид мэдэгдэхийг тусгасан байдаг.

 

4.14. 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр “*******” ХХК-ийн холбогдогч Х.Эрдэнэцогт, гэрч С.Отгонбаяр нарт 4 дүгээр сарын 3-нд хэргийн материалтай танилцаж шийтгэврийн хуудас авах талаар биечлэн мэдэгдсэн мөн 4 дүгээр сарын 2-нд утсаар холбогдож сануулсан 4 дүгээр сарын 3-нд ирж хэргийн материалтай танилцаж гарын үсэг зурж зөвшөөрсөн. 2023 оны 03 сарын 27-ны өдөр ирж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо Х.Эрдэнэцогт, гэрч орчуулагч С.Отгонбаяртай ирсэн. Явсан мөр бол байна хэсэг хэсэг газар эвдэрсэн байна байгалиараа нөхөн сэргэчихнэ ш дээ гэх зүйлийг ярьж хэлсэн нь “*******” ХХК нь зөрчил үйлдсэн болох нь тогтоогдож байна. “*******” ХХК нь удаа дараа ийм зөрчил гаргаж байгаа бөгөөд арга хэмжээ авсан шийдвэрлэгдсэн асуудал байхгүй байна. 

Иймд дээрх гомдлыг хэрэгсэхгүй болгож шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

1. “*******” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2. ******* аймгийн Байгал орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0048006 дугаартай шийтгэлийн хуудсаар “*******” ХХК-ийг орон нутгийн зөвшөөрөлгүйгээр ус зөөвөрлөж, маршрут зөрчиж хөрс эвдсэн зөрчил гаргасан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгууль оногдуулж, байгаль орчинд учирсан хохирлын нөхөн төлбөрт 26,428,343.12 төгрөг, хохирлыг тогтооход гарсан зардалд 3.000.000 төгрөгийг тус тус төлүүлэхээр шийтгэл оногдуулжээ.

 

           3. Зөрчлийн тухай хуулийн Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль тогтоомжийг зөрчих гэсэн 7.2 дугаар зүйлийн 3-т цөлжилттэй тэмцэх арга хэмжээний журам зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно  гэж хуульчилсан.

 

            4. ******* аймгийн******* суманд үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК нь жонш баяжуулах үйлдвэрт ашиглах усаа “*******” ХХК-ийн уурхайгаас ус зөөж, батлагдсан замын маршрутыг зөрчиж зорчин, хөрс эвдэж хохирол учруулсан нь зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

            5.Хэрэгт авагдсан /хх-82/ “*******” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 28/001 дугаар Хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр Ганбаатар овогтой Мөнгөнбаатарыг тус компанийн гүйцэтгэх захирлаар томилсон, /хх-83/ Г.Мөнгөнбаатарын сургалтын сертификат, /хх-84/ Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрхийн 20 дугаар гэрчилгээ, уг гэрчилгээг сунгасан нэмэлт өөрчлөлтийн бүртгэлээр “*******” ХХК нь байгаль орчны нарийвчилсан шинжилгээ хийх эрх бүхий хуулийн этгээд байна.

 

            6. Хариуцагч улсын байцаагч*******ын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоолоор******* сумын “*******” ХХК-ийн уурхайгаас “*******” ХХК-ийн жоншны баяжуулах үйлдвэрт ашиглах ус зөөж, замын маршрут зөрчиж, хөрс эвдсэн хохирлыг тогтоолгохоор томилогдсон шинжээч нь Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А-156 тоот тушаалаар батлагдсан “Байгаль орчны хохирлын, нөхөн төлбөр тооцох аргачлал”-ын дагуу тухайн газарт учирсан хохирлыг тооцсоныг буруутгах боломжгүй.

 

            7.Тус эвдэрсэн замаар “*******” ХХК-ийн жоншны баяжуулах үйлдвэрт ашиглах ус зөөсөн болох нь хохирогч Э.Мөнхтулгын “******* аймгийн******* сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-ийн уурхай нь 2023 оны 03 дугаар сарын 05-аас 08-ны хооронд тус сумын 2 дугаар баг Баянцагаан гэх газарт байрлах “*******” ХХК-ийн уурхайгаас сум орон нутагт мэдэгдэлгүй, батлагдсан замаар явахгүй, тоосжилт үүсгэн зам харгуй эвдэж байна” /хх-42/, “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Эрдэнэцогтын “би сая явж үзсэн хэсэг газар машинуудын дугуй шигдэж орсон байна. Нээх их эвдчихсэн зүйл байхгүй байна. Байгалиараа сэргэх боломжтой байна” /хх-48/ гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

 

            8. Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, түүнд тавих прокурорын хяналт, нийгмийн хэв журмыг сахиулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа”-нд энэ хууль үйлчлэхгүй гэж зааснаар гомдол гаргагчийн Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагааг хариуцагч улсын байцаагч зөрчсөн гэх гомдлын шаардлагыг шүүх хүлээн авах боломжгүй.

 

            9. Мөн Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа уг харилцааг нарийвчлан зохицуулсан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар явагдах тул гомдол гаргагчийн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг хариуцагч улсын байцаагч зөрчсөн гэх гомдлын шаардлагыг шүүх хүлээн авах боломжгүй.

 

            10.Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн дарга цагдаагийн хошууч Ж.Итгэлтийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай” тогтоолоор /хх-38/ ******* аймгийн******* сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Мөнхтулгаас гаргасан тус аймгийн******* сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Монголжүюанли” ХХК-ийн уурхай нь тус сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-ийн уурхайгаас сум орон нутгийн зөвшөөрөлгүй ус зөөвөрлөж байна гэх зөрчлийн талаарх гомдол мэдээлэлтэй танилцахад хохирогч Э.Мөнхтулгын мэдүүлэг бусад баримтуудаар дээрх үйлдэл нь Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын байцаагч шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчил байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гомдол мэдээллийг Байгаль орчин аялал, жуулчлалын газарт харьяаллын дагуу шилжүүлсэн. Уг тогтоолоос үзэхэд цагдаагийн байгууллага хэрэг бүртгэлтийн хэрэг нээлгүйгээр гомдол, мэдээллийг шилжүүлсэн байна.

 

            11.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 1.2-т “Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлж, прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх”; гэж заасан харин 1.6-д “Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлэхээр прокурорт танилцуулж, шийдвэрлүүлэх”; гэж ялгаатай зохицуулсан бөгөөд гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэхдээ, прокурорт танилцуулж, шийдвэрлүүлэхээр зохицуулаагүй байхад цагдаагаас харьяаллын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын газарт гомдол мэдээллийг шилжүүлэхдээ прокурорт танилцуулж, шийдвэрлүүлээгүй гэж хариуцагчийг буруутгах боломжгүй.

 

            12. Хариуцагч улсын байцаагч******* нь 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол үйлдэн прокурорт танилцуулан Зөрчлийн 2330000132 дугаар аван хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан холбогдогчид шийтгэх хуудсаар торгууль ногдуулан 2023 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн Зөрчлийн хэргийг прокурорт хүргүүлэх тогтоолоор зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгасан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1-т “Эрх бүхий албан тушаалтан 14 хүртэл хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлт явуулна” гэсэн хугацаанд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа прокурорын хяналтад хуульд заасан журмын дагуу явагдаж дууссан байна.

      

13.Хөрсийг доройтлоос хамгаалах, нөхөн сэргээх, цөлжилтөөс сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулсан Хөрс хамгаалах, цөлжилттэй тэмцэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д “Өөрийн хууль бус үйл ажиллагаанаас хөрсийг доройтуулсан бол хохирлыг арилгаж, хөрсийг нөхөн сэргээх” гэж хуулийн этгээдийн хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх үүргийг хуульчлан тогтоосон.

            Мөн Хөрс хамгаалах, цөлжилттэй тэмцэх тухай хуулийн 4.1.1-т “хөрс гэж газрын гадаргын өнгөн хэсгийн үржил шимт давхарга бүхий сэвсгэр хэсгийг”; 4.1.2-д “хөрсний доройтол” гэж хөрсний үржил шим муудах, элэгдэл, эвдрэлд орох, бохирдох, бэлчээр талхлагдаж анхны шинж чанараа алдахыг”; ойлгохоор хуульчилсан бөгөөд “*******” ХХК нь өөрийн жонш баяжуулах үйлдвэрт ашиглах усаа “*******” ХХК-ийн уурхайгаас зөөхдөө батлагдсан замын маршрут зөрчиж хөрс эвдэж хохирол учруулсан нь Хөрс хамгаалах, цөлжилттэй тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.5-д “тогтоосон авто зогсоол болон авто замын зорчих хэсгээс бусад газарт тээврийн хэрэгсэл зогсоох, зорчихыг хориглох” гэж заасныг зөрчсөн байна.

            Түүнчлэн Хөрс хамгаалах, цөлжилттэй тэмцэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Хөрсөнд доройтол учруулсан тохиолдолд мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн байгаль орчны хяналтын улсын байцаагч, холбогдох сум, дүүргийн Засаг дарга учирсан хохирлыг арилгуулж, ... торгууль ногдуулан, төлөлтөд нь хяналт тавина” гэж зохицуулснаар эрх бүхий албан тушаалтан нь “батлагдсан замын маршрут зөрчиж хөрс эвдэж хохирол учруулсан” гомдол гаргагчид Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх хууль тогтоомж зөрчсөн гэж хариуцлага ногдуулсныг буруутгах үндэслэлгүй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Зөрчлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 7.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан “*******” ХХК-ийн ******* аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч*******ад холбогдуулан гаргасан ******* аймгийн Байгал орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч*******ын Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 0048006 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар “*******” ХХК-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгууль оногдуулж, байгаль орчинд учирсан хохирлын нөхөн төлбөрт 26,428,343.12 төгрөг, хохирлыг тогтооход гарсан зардалд 3.000.000 төгрөгийг тус тус төлөх тухай шийдвэрийг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.БАЯРЦОГТ