| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борын Дэнсмаа |
| Хэргийн индекс | 2139000040034 |
| Дугаар | 2021/ДШМ/37 |
| Огноо | 2021-11-04 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 18.6.1., |
| Улсын яллагч | Ж.Б |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 2021/ДШМ/37
2021 оны 07 сарын 21 өдөр 2021/ДШМ/24 Хэрлэн сум
Б-, Б-, Б-, Б-
нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар
226/2021/0037/Э
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,
Прокурор Ж.Батбаатар /цахимаар/,
Шүүгдэгч Б- /цахимаар/, Б- /цахимаар/,
Шүүгдэгч Б-, Б- нарын өмгөөлөгч Г.Баярсайхан /цахимаар/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урантуяа нарыг оролцуулан,
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/180 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б-, Б- нарын өмгөөлөгч Б.Баярсайханы гаргасан давж заалдах гомдлоор Б-, Б-, Б-, Б- нарт холбогдох эрүүгийн 2139000040034 дугаартай 2 хавтас 347 хуудас бүхий хэргийг 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Хэнтий аймгийн Дадал суманд 1988 онд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 3, урьд Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг 3 жил 6 сарын хугацаагаар тэнссэн, мөн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдсэн Б овогт Ц-н Б,
Хэнтий аймгийн Дадал суманд 1980 онд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, , ял шийтгэлгүй Х овогт Б-н Б-
Хэнтий аймгийн Батноров суманд 1969 онд төрсөн, 52 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникийн слесерь мэргэжилтэй, ам бүл 6, ял шийтгэлгүй Д овогт Т-н Б-
Хэнтий аймгийн Батноров суманд 1967 онд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, ял шийтгэлгүй Д овогт Т-н Б-
Шүүгдэгч Б-, Б- нар нь бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг “Жимбий хар” гэх газраас Б-ийн ухаа зүсмийн бярууг хулгайлж 600000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг “Жимбий хар” гэх газраас Б-ийн 1 тооны ногоон зүсмийн сувай үнээг хулгайлж 1000000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б-, Б- нар нь яллагдагч Б-, Б- нарын 2020 оны 12 дугаар сарын 26-29-ний өдрийн хооронд мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох хоёр тооны үхрийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө болохыг мэдсээр байж “Toyota prius 20” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, зарж борлуулсан, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан гэмт хэрэгт холбогджээ.
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Б-, Б-, Б-, Б- нарын дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтууд, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас шүүгдэгч Х овогт Ба-н Б-г бусадтай бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Б овогт Ц-н Б-г бусдын олон тооны малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Д овогт Т-н Б-, Д овогт Т-н Б- нарыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-, Б- нарыг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-, Б- нарт оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд Хэнтий аймгийн Х сумын нутаг Ч хотоос гарч явахгүйгээр зорчих үүргийг хүлээлгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-, Б- нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б-, Б- нар нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол тэдний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг Б-, Б- нарт анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.8, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч Б-гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морины үнэ болох 950000 /есөн зуун тавин мянга/ төгрөгийг шүүгдэгч Б-гээс, мөн шүүгдэгч Б-, Б- нарын мөнгө угаах гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Toyota Aqua” маркийн тээврийн хэрэгсэл, “Tоyota Prius-20” маркийн тээврийн хэрэгслүүдийн үнэ болох 20214800 /хорин сая хоёр зуун арван дөрвөн мянга найман зуу/ төгрөгийг шүүгдэгч Б-, Б- нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Б-аас 10107400 /арван сая нэг зуун долоон мянга дөрвөн зуу/ төгрөг, шүүгдэгч Б-аас 10107400 /арван сая нэг зуун долоон мянга дөрвөн зуу/ төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлж, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатарын шүүгдэгч Б-гийн өмчлөлийн шарга зүсмийн 1 тооны адууг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг шийтгэх тогтоол биелэгдэх хүртэл хэвээр үргэлжлүүлж, “Toyota Aqua” маркийн тээврийн хэрэгсэл, “Tоyota Prius-20” маркийн тээврийн хэрэгслүүдийг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор тус тус заан шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б-, Б- нарын өмгөөлөгч Б.Баярсайхан давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: “Шүүгдэгч Б- нь шүүгдэгч Б-гийн гуйлтаар өөрийн эзэмшлийн автомашинаар хулгайн мах гэдгийг нь мэдэлгүйгээр бярууны мах тээвэрлэж хөлсөнд нь 20000 төгрөг, түүний дараа дахин нэг үнээний мах тээвэрлэж хөлсөнд нь 100000 төгрөг авсан байдаг. Дээрх 120000 төгрөг бол талдаа 100 гаруй километр явсны хөлс гэж авсан болохоос хулгайн малыг мэдсээр байж үгсэн тохиролцож ачиж ирж борлуулсан үйлдэл биш юм. Б- нь дээрх бяруу, үнээний махыг борлуулсан мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй. Мөнгө угаах гэмт хэрэг гэдэг нь хулгайн гэмт хэрэг гэдгийг мэдсээр байж түүнээс олсон ашиг орлогоос хувь хүртэхийг ойлгодог. Гэтэл анхан шатны шүүхээс Б-ыг мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэж ял шийтгэл оногдуулсан. Б- нь мөнгө угаах гэмт хэрэг үйлдээгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Б- нь Б-г бярууны мах зарна гэхээр нь “Давсан бадрах” гэх газраас нааш “Танкын даваа” орчим очиж өөрийн эзэмшлийн “Приус-20” маркийн автомашинтай авч аймагт ирээд эхнэр Г-тэй уулзаж дансаар 500000 төгрөг, бэлнээр 300000 төгрөг, нийт 800000 төгрөгөөр худалдан авсан байдаг. Мөн “Давсан бадрах” гэх газраас Б-гийн гуйлтаар мах ачиж ирж О гэх хүнд 1040000 төгрөгөөр өгсөн бөгөөд гарал үүслийн бичиг авчирч өгөөд мөнгөө аваарай гэсэн тул мөнгөө авч чадаагүй байж байгаад цагдаад баригдсан. Б- нь хулгайн үхэр гэдгийг мэдээгүй. Б-гийн гуйлтаар түүнд тус болж яваад мөнгө угаах гэмт хэрэгт холбогдсон. Б- нь Б-гээс шан харамж гэж нэг ч төгрөг аваагүй, мөнгө угаах гэмт хэрэг үйлдээгүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Б, Б- нарыг мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б-, Б- нарыг мөнгө угаах гэмт хэрэг үйлдээгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.
Б-, Б- нар нь мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон.
Учир нь хулгайн гэмт хэрэг нь нууц далд аргаар үйлдэгддэг. Б-, Б- нарын тухайн гэмт хэрэгт оролцсон оролцоо, тухайн малыг хулгайлсан гэдгийг мэдэж байсан талаарх өөрсдийнх нь өгсөн мэдүүлгүүд, зарж борлуулж байгаа хэлбэр, Хэнтий аймгаас машинтай тосч авч байгаа үйлдлүүд зэргээс харахад мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь хангалттай нотлогдож тогтоогдож байна.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр гарсан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч Б-, Б- нарын өмгөөлөгч Б.Баярсайханы гаргасан давж заалдах гомдлын үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.
Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
Шүүгдэгч Б-, Б- нар нь бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг “Жимбий хар” гэх газраас Б-ийн ухаа зүсмийн бярууг хулгайлж 600000 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг “Жимбий хар” гэх газраас Б-ийн 1 тооны ногоон зүсмийн сувай үнээг хулгайлж 1000000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б-, Б- нар нь яллагдагч Б-, Б- нарын 2020 оны 12 дугаар сарын 26-29-ний өдрийн хооронд мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох хоёр тооны үхрийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө болохыг мэдсээр байж “Toyota prius 20” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, зарж борлуулсан, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг “Жимбий хар” гэх газраас ногоон зүсмийн сувай үнээгээ алдсан.
...2020 оны 12 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг “Жимбий хар” гэх газраас ягаан зүсмийн бяруу алдсан.
...би хулгайд алдсан сувай ногоон зүсмийн үнээний мөнгө болох 1640000 төгрөгийг хүлээн авсан. ...нэхэмжлэх зүйл байхгүй... ” гэх мэдүүлэг ” гэх мэдүүлэг /1хх 4-5, 7-8, 133-134/,
Гэрч З-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 26-ны үед манай нөхөр Б- буурал юм уу ягаан гэхээр зүстэй 1 тооны бяруу тууж ирээд Б- гэх хүний хамт гэрийнхээ гадаа нядалсан. Мөн 12 дугаар сарын 29-ний өдөр ногоон зүсмийн үнээ гэрийнхээ гадаа тууж ирээд мөн Б-н хамт нядалсан... ” гэх мэдүүлэг /1хх 20-21/,
Гэрч О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 16-17 цагийн хооронд Б- гэх хүн гарал үүслийн бичиг байхгүй 1 үхрийн мах зарсан. Үхрийн мах 1640000 төгрөг болсон. Тухайн үед мөнгийг нь өгөөгүй гарал үүслийн бичгээ өгөөд мөнгөө аваарай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх 28-29/,
Гэрч Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ...Давсанбадрах гэх газраас зүүн тийшээ нэлээн явж байгаад Б- ахтай таарч замаас гарч зогссон. Би “Приус-20” маркийн машинтай, Б- цагаан өнгийн “Aqua” маркийн машинтайгаа явж байсан. ...Б-ын машинаас савхи өмссөн залуу гарч ирээд Б- ахын машины арыг онгойлгоод манай машины тээшинд 1 хаа, 1 гуя ачсан...” гэх мэдүүлэг /1хх 30-32/,
Гэрч Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн үдээс хойш 15 цагийн үед манай нөхөр Б- утсаар залгаад “Б- нэг үхрийн махтай ирсэн байна. Цуг явж байгаа хүн нь 800000 төгрөгөөр мах зарна гэж байна, худалдаж авах уу” гэхээр нь худалдаж авахаар болж өөрийн 5956045276 гэсэн данснаас З гэх хүний дансанд 500000 төгрөг шилжүүлж, үлдсэн 300000 төгрөгийг бэлнээр өгсөн...” гэсэн мэдүүлэг /1хх 33-34/,
Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ШД-05 дугаартай: “... 1 тооны бод малын / нас гүйцсэн сувай ногоон үнээ/ зах зээлийн үнэлгээ 1000000 төгрөг байх боломжтой...” гэсэн дүгнэлт /1хх 45-46/,
Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн ХХК”-ийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ШД-06 дугаартай: “...1 тооны бярууны /ухаа зүсмийн бяруу/ зах зээлийн үнэлгээ 600000 төгрөг байх боломжтой... ” гэсэн дүгнэлт /1хх 50-51/,
Яллагдагч Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 29-ний орой манай гэрээс баруун тийш 1 км орчим зайд Б-ийн 100 гаруй тооны үхэр байхаар нь өөрийн эзэмшлийн хүрэн зүсмийн хязаалан морьтой очоод ногоон зүсмийн сувиа үхэр туугаад гэрийнхээ гадаа ирж ...Б-н хамт гэрийнхээ зүүн талд ажилласан. ...Б- руу утсаар залгаад “аймаг руу ганц үхэртэй явах гэсэн юм, та туслах уу” гэж хэлсэн чинь Б- “аймгийн төв явж өгье” гэж хэлсэн. Тэгээд орой нь Б- өөрийн эзэмшлийн цагаан өнгийн жижиг машинтай ирээд багаажинд нь үхрийн махыг ачаад манай эхнэр З, охинтойгоо, Б-, Б- нар аймгийн төв рүү яваад би хөдөө гэртээ ганцаараа үлдсэн. Тэгээд маргааш нь манай эхнэр З над руу утсаар залгаад махаа зарж борлуулсан Б- мах зарсан гээд 500000 төгрөг надад өгсөн гэж хэлсэн...”
“...2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өөрийн гэрээсээ баруун тийш 1 км орчим зайд 10 гаруй тооны үхэр байхаар нь өөрийн эзэмшлийн хүрэн зүсмийн хязаалан насны морьтой очоод ...ягаан зүсмийн эр бярууг тууж гэрийнхээ гадаа авчирч ....Б- бид хоёр манай гэрийн зүүн талд ажилласан.
...би бусадтай бүлэглэсэн асуудал байхгүй. Би дээрх гэмт хэргүүдийг ганцаараа үйлдсэн. ...би Б-, Б- нарт хулгайн үхэр гэж огт хэлээгүй. ...хийсэн хэрэгтээ гэмшиж байна... “ гэх мэдүүлэг /1хх 108-109, 177-178/,
Яллагдагч Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Б- “бяруу ажиллаад өгөөч, манай бяруу байгаа юм” гээд гуйгаад байхаар нь ягаан зүсмийн бярууг ажиллахад нь тусалсан.
...2020 оны 12 дугаар сарын 29-ний орой Б- “нэг үхэр хамт ажиллаад өгөөч, маргааш аймаг орох ажилтай болчихлоо” гээд гуйгаад байхаар ногоон зүсмийн үнээг хамт ажилласан. ...би Б-гээс юун үхэр юм бэ гэж асуухад хүнээс авлагатай байсан юм гэж хэлсэн.
....маргааш нь буюу 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Б- цагаан өнгийн “Aqua” маркийн тээврийн хэрэгсэлтэй ирж үхрийн махыг ачаад аймаг явсан, ...Давсангийн гуанзны ойролцоо “Приус” маркийн тээврийн хэрэгсэл ирээд махаа хувааж хоёр машинд ачсан. ...би эхний ажилласан бярууг хулгайн үхэр гэдгийг нь огт мэдээгүй. Харин сүүлийн ажилласан үнээг Б-, Б- нар хоёр машинд хувааж ачаад байхаар нь хулгайн үхэр байна гэж ойлгосон. Би Б-д хоёр тооны үхэр ажиллаж өгсөн хэдий ч ямар нэгэн мөнгө аваагүй. ... Б-, Б- нар нь хоорондоо юм ярилцаад байсан. Би яриаг нь сонсож чадаагүй. Б- нь хоёр тооны үхрийг хулгайнх гэдгийг нь мэдэж байгаа байдалтай байсан... “ гэх мэдүүлэг /1хх 119-120/,
Яллагдагч Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б- эхний үхрийн махыг зараад бензиний мөнгө гэж 20000 төгрөг өгсөн, дараагийн үхрийн махыг зараад 100000 төгрөг өгөхөөр нь бас гарал үүслийн бичиггүй болохоор буруу гарын мөнгө юм байна гэдгийг нь мэдсэн. ...хийсэн үйлдэлдээ хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байна... “ гэх мэдүүлэг 1хх 206-207, 232-233/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаар анхан шатны шүүх үйл баримтын талаар үндэслэлтэй дүгнэлт хийжээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас шүүгдэгч Б-г бусадтай бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Б-, Б- нарын үйлдлийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж буй эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцэж Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангаж байх учиртай.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б-г бусадтай бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Мөн шүүхээс шүүгдэгч Б-г бусдын олон тооны малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн, Б- Б- нарыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт хуульд заасан төрөл хэмжээний ял оногдуулсан нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдалд тохирсон байна.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Баярсайханы гаргасан “шүүгдэгч Б-, Б- нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн утга бүхий давж заалдах гомдлын тухайд: Б-, Б- нарын тухайн гэмт хэрэгт оролцсон оролцоо, тухайн малыг хулгайлсан гэдгийг мэдэж байсан талаарх өөрсдийнх нь өгсөн мэдүүлгүүд, зарж борлуулж ашигласан, Хэнтий аймгаас машинтай тосч авч байгаа үйлдлүүд зэргээс үзэхэд шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах” буюу “Мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь тогтоогдож байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/180 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Баярсайханы гаргасан “шүүгдэгч Б-, Б- нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн утга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б-гийн цагдан хоригдсон 66 хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БОЛОРМАА
ШҮҮГЧИД Я.АЛТАННАВЧ
Б.ДЭНСМАА