| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмонбаатар |
| Хэргийн индекс | 171/2011/1590/и |
| Дугаар | 198 |
| Огноо | 2012-02-29 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2012 оны 02 сарын 29 өдөр
Дугаар 198
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2011/1590/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цолмонбаатар даргалж, шүүгч Л.Оюунцэцэг, Тө.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Хонгор сум, *** дүгээр баг, Орон сууцны *** тоотод оршин суух, С*** овогт Я.Ц*** /РД: ***/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчооны дарга Г.Э***,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг дарга Ч.Ч***,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дүгээр баг, ** дүгээр хороолол, ** дугаар байрны ** тоотод оршин суух, Т*** овогт Б.Ц*** /РД: ****/ нарт холбогдох,
“Албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирол 2,400,600 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г***, хариуцагч Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчооны даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Н***, хариуцагч Б.Ц*** итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э***, иргэдийн төлөөлөгч Д.Ч***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэрэндагва нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Я.Ц*** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Дархан-Уул аймгийн Хонгор сумын ** дүгээр баг, ** дугаар байрны ***тоот орон сууцыг аймгийн Орон сууц хувьчлах товчооны 2009 оны ** дүгээр тогтоолын дагуу хувьчлан авч өөрийн өмчлөлд шилжүүлж, холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан.
Гэтэл Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ** дугаар шийдвэрээр Орон суц хувьчлах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д зааснаар Хонгор сумын Засаг даргаас надад олгосон Орон сууц эзэмших эрхийн *** тоот бичиг, Орон сууц хувьчлах товчооны 2009 оны ** тоот тогтоолын надад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, миний орон сууц өмчлөх эрхийн *** тоот Орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.
Тухайн үед уг орон сууцыг өмчилж авахад иж бүрэн засвар хийхгүйгээр хүн амьдрах ямар ч боломжгүй байсан. Тухайлбал цонхнууд байхгүй, хана нь нурсан, угаалтуур, суултуур зэрэг нь тоногдчихсон, хөгцтэй байсан. Ингээд уг орон сууцад нь иж бүрэн засвар хийж нийт 2,400,600 төгрөгийн зардал гаргасан.
Хэрэв захиргааны байгууллага албан тушаалтнууд надад орон сууцыг хувьчлаагүй байсан бол би энэ байранд засвар хийж зардал гаргахгүй байсан. Одоо энэ орон сууц Б.Ц*** өмчлөлд шилжсэн тул холбогдох буруутай албан тушаалтнуудаас хохирлоо гаргуулахыг хүсэж байна.
Нэхэмжлэлд хариуцагчаар сан боловч энэхүү хохирол учруулсан буруутай хүмүүс нь аймгийн Орон сууц хувьчлах товчооны дарга, Хонгор сумын Засаг дарга болох нь Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 08 дугаар шийдвэрээр тогтоогдсон учраас эдгээр албан тушаалтнуудаас хохирлоо нэхэмжилж байна. Харин хариуцагч Б.Ц***татгалзаж байна” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Я.Ц*** нь 2009 онд өргөдөл гаргасны дагуу Хонгор сумын засаг даргаас Дархан-Уул аймгийн Хонгор сумын 01 дүгээр баг, 10 дугаар байрны 03 тоот орон сууцыг эзэмших эрхийн бичиг олгож, аймгийн Орон сууц хувьчлах товчооноос тогтоол гарч өмчлүүлсэн. Гэтэл эдгээр шийдвэрүүд нь Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон. Өөрөөр хэлбэл Хонгор сумын засаг дарга болон аймгийн орон сууц хувьчлах товчооны шийдвэр хууль бус болох нь тогтоогдсон.
Я.Ц*** нь уг орон сууцыг өмчилж аваад 2,400,600 төгрөгийн засвар хийсэн байсан бөгөөд одоог уг орон сууцыг Б.Ц*** эзэмшиж байгаа.
Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлд зааснаар хохирол болох 2,400,600 төгрөгийг хууль бус шийдвэр гаргасан Хонгор сумын засаг дарга, аймгийн Орон сууц хувьчлах товчооны дарга нараас нэхэмжилж байна. Хариуцагч Б.Ц*** татгалзаж байгаа.
Хохиролд барилгын материал худалдаж авсан, засварын ажлын хөлс зэргийг нэхэмжилсэн байгаа” гэв.
Хариуцагч Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчооны даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Н*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дархан-Уул аймгийн Хонгор сумын 01 дүгээр баг, 10 дугаар байрны 03 тоот орон сууцны эзэмшлийн асуудлыг Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 08 дугаар шийдвэрээр эцэслэн шийдвэрлэсэн байна. Энэ шийдвэрээр иргэн Я.Ц***гийн ¹*** тоот орон сууц эзэмших эрхийн бичиг, Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчооны 2009 оны 41 дүгээр тогтоолын Я.Ц***д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосон.
Аймгийн орон сууц хувьчлалын товчоо Хонгор сумаас ирүүлсэн материалыг үндэслэн тогтоол гаргасан байдаг. Тийм учраас Аймгийн орон сууц хувьчлалын товчоо шалгах боломжгүй байдаг. Иймд хохирлыг хариуцах боломжгүй юм.
Нэхэмжлэгчийн гаргасан засварын зардлын тооцооны хувьд маргах зүйл байхгүй” гэв.
Хариуцагч Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг дарга шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Тус сумын ** дүгээр баг, ** дугаар байрны ** тоот орон сууцны эзэмшлийн асуудлыг Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 08 дугаар шийдвэрээр эцэслэн шийдвэрлэсэн билээ.
Уг шийдвэрээр иргэн Я.Ц***гийн ¹107 тоот орон сууц эзэмших эрхийн бичиг, Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчооны 2009 оны 41 дүгээр тогтоолын Я.Ц***д холбогдох хэсэг, Эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэгдсэн Я.Ц*** *** тоот Орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож, иргэн Б.Ц***д орон сууцны өмчлөлийг шилжүүлсэн билээ.
Энэхүү шийдвэрийн дагуу Я.Ц***гийн засвар хийсэн Хонгор сумын 01 дүгээр багийн орон сууцны 10 дугаар байрны 03 тоот орон сууц нь иргэн Б.Ц*** эзэмшилд байгаа тул засвар хийхэд зарцуулсан зардлыг иргэн Б.Ц***гаргуулан авах нь зүйтэй гэж үзэж байна” гэжээ.
Хариуцагч Б.Ц***шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Я.Ц*** нь хууль бусаар өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авахдаа уг байрыг Б.Удамбаяр гэгчтэй хамтран эзэмшиж байсан ба гэрчилгээ нь хүчингүй болсны дараа 123,000 төгрөгийг засварын мөнгө гэж авсан. Энэ мөнгийг авахдаа дахин байрны засварын болон эзэмшлийн талаар хэл ам гаргахгүй гэж бичиж өгсөн. Я.Ц***г уг байранд засвар хийх үед нь энэ миний байр, та нар засвар хийж болохгүй гэж хэлж байсан” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Я.Ц*** нь хариуцагч Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчооны дарга Г.Э***, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг дарга Ч.Ч***, иргэн Б.Ц***нарт холбогдуулан албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирол 2,400,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг дор дурьдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Дархан-Уул аймгийн Хонгор сумын ** дүгээр баг, ** дугаар байрны ** тоот орон сууцыг эзэмшүүлэх ¹*** тоот Орон сууц эзэмших эрхийн бичгийг Хонгор сумын Засаг дарга нь 2009 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Б.Ц*** орон сууц эзэмших эрхийн бичигтэй давхардуулан нэхэмжлэгч Я.Ц***д олгосон бөгөөд мөн аймгийн Орон сууц хувьчлалын товчоо нь Я.Ц***гийн өргөдлийг нягталж шалгалгүйгээр Орон сууц хувьчлах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1-д заасныг зөрчиж 2009 оны 41 дүгээр тогтоолоор түүнд хувьчилсан болох нь Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 08 дугаар шийдвэрээр тогтоогдсон байна.
Нэхэмжлэгч Я.Ц*** нь дээрх орон сууц эзэмших эрхийн гэрчилгээ, Орон сууц хувьчлалын тогтоол зэргийг үндэслэн *** тоот Орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг авсан байна.
Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 08 дугаар шийдвэрээр Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг дарга нь эзэмших эрхийн гэрчилгээг давхардуулан олгосон, Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчоо нь Орон сууц хувьчлах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1-д заасныг зөрчиж Я.Ц***д Хонгор сумын 01 дүгээр баг, 10 дугаар байрны 03 тоот орон сууцыг хувьчилсан гэсэн үндэслэлээр Я.Ц***гийн ¹*** тоот орон сууц эзэмших эрхийн бичиг, Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчооны 2009 оны 41 дүгээр тогтоолын Я.Ц***д холбогдох хэсэг, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2005000303 дугаарт бүртгэгдсэн Я.Ц****** тоот Орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн энэхүү шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Нэхэмжлэгч Я.Ц*** нь хариуцагч байгууллага, албан тушаалтнууд болох Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчоо, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг дарга Ч.Ч*** нараас эрх олгосны дагуу Дархан-Уул аймгийн Хонгор сумын 01 дүгээр баг, 10 дугаар байрны 03 тоот орон сууцыг өмчлөх эрхийг олж авсан үедээ уг орон сууцанд засвар үйлчилгээ хийж, нийт 1,918,600 төгрөгийн зардал гаргасан болох нь хэрэгт авагдсан гэрэл зургууд, “Тамирын голын хөндий” ХХК-ийн 2009 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн зарлагын баримт, “Дархан болор талст” ХХК-ийн 2009 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн зарлагын баримт, “***” ХХК-ийн 2009 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн зарлагын баримт, гэрч С.Т***, Ш.Ш***, Я.Ж***, С.Э*** нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж заажээ.
Өөрөөр хэлбэл төрийн байгууллага, албан тушаалтнуудын хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч Я.Ц*** нь өмчлөх эрхтэй болсон орон сууцандаа 1,918,600 төгрөгийн засвар, үйлчилгээ хийсэн бөгөөд уг орон сууцыг эзэмших, өмчлөх эрх нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болсноор хохирол учирсан байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-д Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцахаар ззасан байх тул нэхэмжлэгч Я.Ц***д учирсан 1,918,600 төгрөгийн хохирлыг хариуцагч Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчоо, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг дарга нараар тэнцүү хэмжээгээр хувааж хариуцуулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Я.Ц*** нь хохиролд барилгын материал, засварын ажлын хөлс нийт 2,400,600 төгрөг нэхэмжилснээс 482,000 төгрөгийн шаардлагад хамаарах баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д "Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй" гэж заасны дагуу хэрэгт нотлох баримтаар ирүүлээгүй байх тул энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Я.Ц*** нь шүүх хуралдаанд хариуцагч Б.Ц***төлбөр гаргуулах тухай шаардлагаасаа татгалзаж байх тул Б.Ц*** холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
Шүүх хариуцагч Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А*** шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-д заасан журмын дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгч Я.Ц***гийн хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасны дагуу хариуцагчийг эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар хариуцагч Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлалын товчооноос 959,300 төгрөг, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргаас 959,300 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Я.Ц***д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 482,000 төгрөгийн шаардлага, хариуцагч Б.Ц*** холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгч Я.Ц***гээс улсын тэмдэгтийн хураамжид 2011 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Төрийн сангийн 190,000,941 тоот дансанд төлсөн 44,110 төгрөг, 2011 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төлсөн 9,500 төгрөг, нийт төлсөн 53,610 төгрөгөөс илүү төлсөн 250 төгрөгийг буцаан олгож, үлдэх хэсэг болох 53,360 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлалын товчооноос улсын тэмдэгтийн хураамжид 26,680 төгрөг, хариуцагч Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид 26,680 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Я.Ц***д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦОЛМОНБААТАР
ШҮҮГЧИД Л.ОЮУНЦЭЦЭГ
Тө.ЭНХЖАРГАЛ