Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2021/ДШМ/38

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 04 өдөр                  2021/ДШМ/38                                  Хэрлэн сум

 

Б-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2021/00038/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Я.Алтаннавч, Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,

Прокурор Д.Чулуунпүрэв /цахимаар/,

Шүүгдэгч Б- /цахимаар/, түүний өмгөөлөгч Б.Баярсайхан /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урантуяа нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/177 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярсайханы гаргасан давж заалдах гомдлоор Б-д холбогдох эрүүгийн 2139001370170 дугаартай 1 хавтас 220 хуудас бүхий хэргийг 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Хэнтий аймгийн Дадал суманд 1972 онд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 520 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 11 дүгээр  сарын 22-ны өдрийн 364 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2006 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2962  дугаартай Өршөөл үзүүлэх комиссын тогтоолоор 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан “Өршөөл үзүүлэх тухай” Монгол Улсын хуулийн 5 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 03 жил 03 сар 17 хоногийн хорих ялаас 3 жилийг өршөөн хасаж үлдсэн 00 жил 03 сар 17 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн, Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын  19-ний өдрийн 57  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2  дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, Ч овогт Ц-н  Б- нь

2021 оны 02 дугаар сарын эхээр Хэнтий аймгийн Дадал сумын 4 дүгээр багийн нутаг ‘Хөндлөн булаг” гэх газраас С-ын эзэмшлийн 5 буюу олон тооны адууг хулгайлж С-т нийт 5000000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймгийн прокурорын газраас Б-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ч овогт Ц-н Б-ыг бусдын олон тооны малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б-ыг 3  /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1  дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-аас 900000 /есөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч С-т олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.8, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Ц” үсгэн тамгатай 1 тооны бүдүүн морины үнэ болох 1500000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт шилжүүлж, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Баянжаргалын 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 48 дугаартай “эд хөрөнгө битүүмжлэх” тухай тогтоолыг шийтгэх тогтоол биелэгдэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр тус тус заан шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярсайхан давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: “Шүүгдэгч Б- нь 2021 оны 02 дугаар сарын эхээр Хэнтий аймгийн Дадал сумын нутаг “Хөндлөн булаг” гэх газраас С-ын 5 тооны адууг хулгайлж, түүн дотроос хар зүсмийн шүдлэн байдсыг хоол хүнсэндээ хэрэглэж, С-т 900000 төгрөгийн хохирол учруулсан ба уг хохирлыг тугалтай үнээ өгч хохирол барагдуулсан боловч С-аас авсан бичгээ үрэгдүүлж шүүхээс бусдад төлөх төлбөртэй гэж шийтгэх тогтоолд заасан байдаг. Б- нь хохирлоо төлж барагдуулсан талаараа шүүх хуралдаан дээр мэдүүлсэн ба хавтаст хэргийн 33-34 талд гэрч М “нядалсан адууныхаа хариуд үхрээ өгсөн, энэ асуудлаар Б-тай яриад байж байхад нь би сонссон” гэж мэдүүлдэг. Гэвч хавтаст хэрэгт хохирол барагдуулсан баримт байхгүй, хохирогч шүүх хуралдаанд оролцоогүй зэрэг байдлаас хохирол төлбөртэй гарсан байна.

Давж заалдах шатны шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд хохирогч С- “гомдол саналгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн хариу өгсөн байна. Иймд Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэжээ.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэв давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Б-д холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэхэд хохирол төлбөр төлөгдөөгүй, төлөгдсөн баримт хавтаст хэрэгт авагдаагүй байсан бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Б-ыг бусдад төлөх төлбөртэй гэж үзсэн.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд мөн адил хохирол төлбөр төлсөн баримт байхгүй, хохирол төлөгдөөгүй байна.

Хавтаст хэргийн 33-34 талд гэрч М-н мэдүүлэг байх боловч тус мэдүүлэг нь бусад нотлох баримтуудаар давхар нотлогдоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярсайханы гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг мөрдөн байцаалтаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б- нь 2021 оны 02 дугаар сарын эхээр Хэнтий аймгийн Дадал сумын 4 дүгээр багийн нутаг “Хөндлөн булаг” гэх газраас С-ын эзэмшлийн тав буюу олон тооны адууг хулгайлж, хохирогчид 5000000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

   -  Хохирогч С-ын Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх12/,

  -  Гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх11/,

- Хохирогч С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 10-даар манай 9 тооны адуунаас хонгор халзан азарга, хүрэн алаг гүү, хар алаг гүү, буурал байдас, хар зүсмийн шүдлэн байдас зэрэг 5 тооны адуу алга болсон байсан. ...хонгор халзан азарга, хүрэн алаг гүү, хар алаг гүү, буурал байдсаа гэрийнхээ ойролцоох Балж голоос олсон. Харин хар зүсмийн шүдлэн байдсаа олоогүй...” гэх мэдүүлэг /хх 29-30/,

- Гэрч М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай нутгийн залуу С- манай гэрт ирээд манай нөхөртэй уулзаад манайхаас тугаллах үнээ аваад явсан. ...нөхрөөсөө асуухад С-ын нэг адууг цагаан сарын үеэр хулгайлж нядалсныхаа хариуд үхрээ өгч байгаа юм гэж хэлсэн, мөн энэ талаар С-тай ярьж байхад нь сонссон...“ гэх мэдүүлэг  /хх 33-34/,     

-  Гэрч Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2021 оны 02  дугаар сарын эхээр ...сартай таван хошуу тамгатай хар зүсмийн шүдлэн байдсыг Б- ахтай гэрийн нь гадаа хамт нядлаад би тал махыг нь аваад явсан.  Би бэлэн 70000  төгрөг өгсөн...“  гэх мэдүүлэг /хх 52-53/,

- Яллагдагч Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2021 оны  02 дугаар сарын эхээр ...Хэнтий аймгийн Дадал сумын 4 дүгээр багийн нутаг “Хөндлөн булаг” гэх газраас С- гэх хүний 5 тооны  адууг нь хулгайлж, хар зүсмийн шүдлэн байдсыг нь нядлаад талыг нь Г-д өгөөд талыг нь хоол хүнсэндээ  хэрэглэсэн. ...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх 75-77/,

- Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ийн 2021/ШД-212, 2021/ШД-262 дугаартай “5 тооны адууны зах зээлийн үнэлгээ 5000000 /таван сая/ төгрөг байх боломжтой, ...сартай хээр зүсмийн бүдүүн адууны зах зээлийн үнэлгээ 1500000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлтүүд /хх 59-64, 20-22/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б-ын үйлдсэн гэмт хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүгдэгч Б-д оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн  хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярсайханы гаргасан “ял хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь:

Шүүгдэгч Б- хохирогч С-ын таван тооны адууг хулгайлсан, хохирогч дөрвөн тооны адуугаа олж авсан, үлдэх хар зүсмийн шүдлэн байдсыг олоогүй, уг байдсыг Б- Н.Ганзоригтой хамт гэрийнхээ гадаа нядалж, Г-д тал махыг 70000 төгрөгөөр өгч, үлдэх хэсгийг өөрийн хүнсэндээ хэрэглэсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон байх ба Б- шүдлэн байдасны үнэ 900000 төгрөгийг хохирогчид төлсөн гэх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэгт  заасан хорих ялыг хөнгөрүүлж болохоор хуульчилсан ба энэ зохицуулалтыг хэрэглэх гол шаардлага нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх шаардлага юм.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэхэд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлөгдөөгүйгээс гадна шүүгдэгч бусдын олон тооны мал буюу таван адууг хулгайлсан, гэмт хэргийг санаатай үйлдсэн үйлдэлд нь шүүхээс оногдуулсан ял шийтгэл  тохирсон байна.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “ял хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1.1, 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн  2021/ШЦТ/177 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярсайханы гаргасан “ял хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ын цагдан хоригдсон 72 хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ДЭНСМАА

 

                                ШҮҮГЧИД                                           Я.АЛТАННАВЧ

 

                                                                                              Г.БОЛОРМАА