| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2014/00416/И |
| Дугаар | 135/ШШ2015/00116 |
| Огноо | 2015-01-27 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 135/ШШ2015/00116
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2014/00416/И
Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, шүүгч Д.Алтантуяа, П.Баттулга нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч .... аймгийн ...... сумын ....дугаар баг ...дүгээр хороолол...... тоотод оршин суух ... овогт .......... нэхэмжлэлтэй,
Хариуцагч .... аймгийн ...... сумын . дүгээр баг ...дугаар байрны ...тоотод оршин суух . овогт ...... холбогдох
“2,196,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй,
“3,742,200 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч .... хариуцагч ..... иргэдийн төлөөлөгч ......шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“...2014 оны 09 дүгээр сарын 28-ний өдөр өөрийн эзэмшлийн Тоёото эксив маркийн машинтай явж байтал...нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчин уулзварт орж ирснээс болж машинд гэмтэл учирсан. Машины гэмтэл үнэлгээний газрын үнэлснээр 2,062,000 төгрөг болсон. Машинд эхнэр .........хамт явж байсан ба бид хоёрын шүүхийн шинжилгээний дүгнэлт нуруу нугасны зураг авхуулахад 50,000 төгрөг болсон. Авто ослын улмаас учирсан машины хохиролд 2,062,000 төгрөг, эмчилгээтэй холбогдох зардал 50,000 төгрөг, үнэлгээний төлбөр 84,000 төгрөг нийт 2,196,000 төгрөг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч...шүүхэд гаргасан болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“...2014 оны 09 дүгээр сарын 28-ний өдөр өөрийн эзэмшлийн .... улсын дугаартай Volkswagen Touareg маркийн машинтай явж байтал ... нь замын хөдөлгөөний дүрэм зөрчин хурд хэтрүүлэн том оврын чингэлэг бүхий авто машины ард явж байснаа том оврын ачааны машины буруу талаар асар хурдтай гүйцэд түрүүлэн орж ирэн миний жолоодож явсан машины хойд тал руу мөргөж зам тээврийн осол гаргаж машинд гэмтэл учирсан. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй ” гэв.
Хариуцагч...шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
“..машины гэмтэл үнэлгээний газрын үнэлгээгээр 3,288,000 төгрөг, үнэлгээний байгууллагын гаргасан дүгнэлтийн ажлын хөлс 116,000 төгрөг болсон.Мөн миний унаж явсан машиныг асар хурдтай мөргөснөөс баганы эйр баг, суудлын эйр баг задарснаас болж машины компьютерт үүссэн блок гаргаж, асаалтын системд үүссэн доголдлыг компьютероор оношлуулж машиныг асаахад гарсан зардал 300,000 төгрөг, тухайн үед хүзүү нуруу ууц нуруугаа 10 хоног бариулсан ба энэ үед авч уусан эмийн мөнгө 38,200 төгрөгийг төлсөн. Иймд ...аас 3,742,200 төгрөг гаргуулж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгч ... сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:
“...2014 оны 09 дүгээр сарын 28-ний өдрийн Зам тээврийн ослын актыг хүлээн зөвшөөрхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. ” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
2014 оны 08 дүгээр сарын 28-ны өдрийн орой 16.37 цагийн үед .... аймгийн ...... сумын ...дугаар баг Гялс машин угаалгын газрын урд зам дээр жолооч...нь В/Тоуреr маркийн .... улсын дугаартай авто машин жолоодож яваад жолооч ...ын жолоодож явсан Т/Корона маркийн . улсын дуг...аартай авто машинтай мөргөлдөж зам тээврийн осол гарсан бөгөөд В/Тоуреr маркийн .... улсын дугаартай авто машины жолооч...нь Монгол улсын замын хөдөлгөөны дүрмийн 7 дугаар бүлгийн 7.12-д “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ ирж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг,
Т/Корона маркийн .... улсын дугаартай авто машины жолооч ... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.3-д “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг тус тус зөрчсөн болох нь шинжээчийн 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн дүгнэлт, зам тээврийн ослын бүдүүвч зураг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, .... аймгийн Прокурорын газрын прокурорын 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн ..... тоот тогтоол зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Шинжээчийн 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02 тоот дүгнэлтээр “...уг зам тээврийн осол нь жолооч ..... ... нарын харилцан буруутай үйлдлээс болж гарсан болно” гэжээ.
Нэхэмжлэгч ... нь “авто ослын улмаас учирсан машины хохиролд 2,062,000 төгрөг, эмчилгээтэй холбоотой зардал 50,000 төгрөг, үнэлгээний төлбөр 84,000 төгрөг, нийт 2,196,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн ба хариуцагч...нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “нэхэмжлэгчээс ослын улмаас учирсан машины хохирол 3,288,000 төгрөг, үнэлгээний төлбөр 116,000 төгрөг, машины компьютер оношлогоо, үүссэн блок гаргуулахад гарсан зардал 300,000 төгрөг, нийт 3,742,200 төгрөгийг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй”, 499.4-д “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заажээ.
Хариуцагч...нь В/Тоуреr маркийн ..... улсын дугаартай авто машины эзэмшигч, өмчлөгч биш, тус автомашины эзэмшигч нь ....ХХК болох нь ....ХХК-ний үнэлгээний тайлан /хх-24/, болон хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ... нь .... авто ослын улмаас учирсан хохирол гаргуулахаар нэхэмжилсэн боловч хариуцагч...нь .... ХХК-ныг төлөөлж уг хохиролыг хариуцах үүрэгтэй этгээд биш, мөн...нь .ХХК-нийг ....төлөөлж В/Тоуреr маркийн .лсын дугаартай авто машинд учирсан хохирол төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш бөгөөд....М-т .. ХХК-ний төлөөлөх бүрэн эрх олгосон талаарх баримт шүүхэд ирүүлээгүй байна.
Иймд нэхэмжлэгч ...ын 2,196,000 төгрөг гаргуулах тухай, хариуцагч .... 3,742,200 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар нэхэмжлэгч ...ын 2,196,000 төгрөг гаргуулах тухай, хариуцагч ....3,742,200 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,100 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74825 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА
ШҮҮГЧИД Д.АЛТАНТУЯА
П.БАТТУЛГА