| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 101/2016/05966/И |
| Дугаар | 182/ШШ2016/00700 |
| Огноо | 2016-09-30 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 182/ШШ2016/00700
| 2016 оны 09 сарын 30 өдөр | Дугаар 182/ШШ2016/00700 | Улаанбаатар хот |
М УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Ж.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: У.Б-н нэхэмжлэлтэй
Хариуцагч: МТ ХХК-нд холбогдох
Нэр төр, алдар хүндийг сэргээлгэх, уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийлгүүлэх, сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Э, хариуцагчийн төлөөлөгч Э.Л, түүний өмгөөлөгч Г.Т, иргэдийн төлөөлөгч М.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: М телевизийн ОЦ мэдээллийн 2016.05.09-ний орой 21.00 цагийн хөтөлбөрт У.Б 2013 онд Байгаль орчин аялал жуучлалын сайдаар ажиллаж байхдаа Оффшор данстай байсан гэж илт гүтгэлгийн шинжтэй худал мэдээлэл олон нийтэд цацагдсан. Энэхүү үйлдэл нь У.Бын хуулиар хамгаалагдсан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан бусармаг явдал гэж үзсэн. Ийнхүү худал мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр санаатай цацсан үйлдлээс улбаалж У.Б болон түүний гэр бүлийн гишүүд, настай аав, ээж зэрэг хүмүүс сэтгэл санааны хүнд цохилтонд орж, бодитой хохирол амссан. Ингэж илтэд худал мэдээлэл зохиож хүнийг гүтгэж, доромжилж болдог юм уу. У.Быг таниж мэддэг гадаад, дотоодын хүмүүс түүн рүү утсаар залгаж Энэ үнэн үү гэх зэргээр илт тохуурхсан маягтай ярьж эхэлсэн. Үүгээр зогсохгүй зүгээр энгийн иргэд энэ луйварчин гэх маягтай хандаж, хэвийн амьдрал үргэлжлэхэд хүнд боллоо. Олон нийтийн хэвлэл мэдээллээр оффшор данстай хүн луйварчин гэсэн ойлголтыг хүчтэй өгч байна. Энэ гүтгэлэг, үр дагаварыг яаралтай таслан зогсоож, буруутай этгээдэд хариуцлага тооцохгүй бол У.Бын бизнесийн нэр хүндэд учирсан цаашид учирч болзошгүй хохирол их хэмжээгээр тооцогдохоор байна. Телевизээр цацагдсан мэдээлэлд У.Б 2013 онд Байгаль орчин, аялал жуучлалын сайдаар ажиллаж байхдаа оффшор данстай байсан гэж шууд хэлж түүний фото зургийг гаргасан байна. Гэхдээ 2013 онд У.Б Байгаль орчин, аялал жуучлалын сайдаар ажиллаж байгаагүй, харин 2000.08.09-ний өдрөөс 2006.01.28-ны өдрийн хоорондох хугацаанд Байгаль орчны сайдаар ажиллаж байсан. Мөн сайд байхдаа тэрээр оффшор бүсэд ямар нэгэн данстай байгаагүй. У.Б нь Мын Эд Хэрэглэгчдийн Хоршооллын Анхны хоршоо Корпорацийн ерөнхий захирал /1992-1996 онуудад/, Мын Бизнесийн Хөгжлийн Агентлагийн Гүйцэтгэх захирал /1996-2000 онуудад/-аар тус тус хувийн хэвшил, бизнесийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан.
2000 оны УИХ-ын Сонгуулийн дүнд бүрдсэн Засгийн Газарт Байгаль Орчны Сайд, МУ-ын Засгийн Газрын гишүүнээр томилогдон 2000-2006 онуудад ажиллаж 2006 оны 01-р сарын 28-ны өдөр УИХын 18 тоот тогтоолоор уг албан үүргээс чөлөөлөгдөн төр, засгийн аливаа нэг албан тушаал хашилгүйгээр хувийн хэвшил, бизнесийн салбарт өнөөг болтол 11 жил ажиллаж байна. Иймд У.Б нь 2006 оны 01 сарын 28-ны өдрөөс хойш хувийн хэвшил, бизнесийн салбарт тууштай ажиллаж буй М улсад баялаг бүтээгч бизнесмэны нэг юм. Тухайн үеийн М Улсын зохих хууль, тогтоомжийн дагуу төр, засгийн албанд
ажиллаж байсан хүнд хөрөнгө, орлогын мэдүүлэг бөглөж эрх бүхий байгууллагад өгдөг тогтолцоо тогтоогүй байсан бөгөөд үүнээс нэлээд хойно хөрөнгө орлогын мэдүүлэг өгдөг болсон. У.Б нь 2006 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш өөрийн мэргэжлийн дагуу /1982-1986 онд Москва хотын У.В.Плехановын нэрэмжит Улс Ардын Аж Ахуйн Дээд Сургуулийг худалдааны эдийн засагч мэргэжлээр төгссөн/ бизнесийн үйл ажиллагаа эрхэлж, хувийн хэвшил, олон улсын бизнесийн үйл ажиллагаанд оролцож эхэлсэн бөгөөд одоо ч уг ажпыг эрхэлж байна. Ингэж иргэн У.Быг Байгаль орчны сайдаар 2013 онд ажиллаж байсан гэж онцолж М телевизийн нэвтрүүлгээр зориуд цацаж байгаа нь төр, засгийн албан хаагчид хөрөнгө орлогын мэдүүлэг бөглөдөг болсон цагаас 2013 он хүртэл хугацаанд өөрийн оффшор дансны мэдээллийг эрх бүхий байгууллагаас нууж татвараас зайлсхийсэн гэх мэт бусад эрүүгийн шинжтэй ноцтой үйлдэл хийсэн мэтээр гүтгэсэн, санаатай нэр хүндэд халдсан үйлдэл болсон гэж үзэж байна. Нийгмийн сэтгэл зүйд улс төрийн үйл явц идэвхжил, үүнийг далимдуулан өрсөлдөгчөө гүтгэх, муулах, нэр төрийг гутаах явдал даамжрах төлөвтэй байна. Ялангуяа оффшор данстай дайсан, луйварчин, адгийн хүн гэх мэт ойлголт, хэлэлцүүлэг хүчтэй өрнөж, энэ нийтийг хамарсан гүтгэлгийн асуудалд У.Быг онцлон авч, зориудаар гүтгэж, нэр хүндэд халдсан явдалд харамсаж байна. Иймд иргэн У.Бын нэр төр, алдар хүндийг сэргээлгэх, М телевизийн ОЦ мэдээллийн 2016.05.09-ний орой 21:00 цагийн хөтөлбөрт У.Б 2013 онд Байгаль орчин аялал жуучлалын сайдаар ажиллаж байхдаа Оффшор данстай байсан гэж илт гүтгэлгийн шинжтэй худал мэдээлэл олон нийтэд цацаж, иргэн У.Бын хуулиар хамгаалагдсан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан байх тул 2016 оны 05 дугаар 09-ний орой 21.00 цагийн хөтөлбөрт тавигдсан мэдээлэлд тухайн телевизээр дамжуулан залруулга хийлгэх хүсэлтэй байна. Мөн энэ бүгдээс шалтгаалж У.Бын сэтгэл санаа хохирсон тул 10.000.000 төгрөгийг гаргуулна. Харин Байгаль орчны сайдын үүрэгт ажлаа 2006 оны 01 сарын 28-ны өдөр хүлээлгэн өгснөөс хойш хувийн хэвшил, бизнесийн салбарт ажиллаж байх үед гадаадын аж ахуй нэгж байгуулагтай холбогдон эдийн засаг, хууль эрх зүйн харилцаанд орох нь М улсын аливаа нэгэн хууль, тогтоомж зөрчсөн эсэхийг тогтоолгох тухай шаардлагаасаа татгалзаж байна гэв.
Хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус өдрийн ОЦ мэдээллийн хөтөлбөрөөр Бүгд Найрамдах Панам Улсын Моссак Фонсека & Ко хэмээх хуулийн фирмийн алдагдсан мэдээлэл буюу Панамын Бичиг Баримт-тай холбоотой мэдээлэл хийсэн. Дээрхи мэдээллийг бид Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Зюддойче Цайтунг болон Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас хүлээн авсан. Тухайн ОЦ мэдээллийн хөтөлбөрийн агуулга нь гурван хэсгээс бүрдэж байсан бөгөөд эхний хэсэгт оффшор гэж юу болох талаар олон нийтэд товч тайлбарлаж дэлхий дахинд энэ асуудлаар гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ямар мэдээлэл цацагдаж байгаа талаар танилцуулсан. Дараагийн хэсэгт өөрийн хүлээж авсан мэдээллийг үндэслэн М Улсад анх удаа оффшор бүстэй нэр холбогдсон М Улсын дөрвөн иргэний талаар мэдээлсэн. Мэдээллийн сүүлийн хэсэгт М Улсад өмнө нь 2013 онд оффшор бүстэй холбогдож байсан иргэдийн талаар, өөрөөр хэлбэл өмнө нь олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байсан мэдээллийг дахин сануулсан. Үүнд хөтөлбөрийн 15:21 минутад нэхэмжлэгчтэй холбоотой Манай улсад Оффшор гэдэг үг хэзээнээс эхлэж яригдсан бэ гэдгийг хөндөх ёстой байх. Тодруулбал мөн л 2013 онд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан У.Бын оффшор бүс дэх данс илэрсэн юм. Түүний хувьд 2006.04.26-нд Их Британийн Виржиний аралд Мын байгалийн баялагийн хөрөнгө оруулалтын групп компаниа бүртгүүлэн, нууц данс нээсэн байсан гэж мэдээлэгдэж байсан гэдгийг мэдээлсэн. Уг мэдээлэл нь 2013 онд болсон үйл явдлыг дахин сануулсан агуулгатай байсан болохоос биш 2013 онд хариуцагчийг Байгаль орчин аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан гэж мэдээлээгүй. Өмнө нь 2013 онд У.Бын оффшор бүстэй холбогдсон талаар мэдээлэл олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байсан ба 3 жилийн өмнө www.bataar.mn, www.shuurhai.mn, www.24tsag.mn, www.offshoreleaks.icij.org сайтуудад тавигдсан байгааг харж болно.
Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар иргэний нэр, нэр төр,
алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээдэг. МТ ХХК-ийн зүгээс У.Б-ыг 2013 онд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр оффшор бүстэй нэр холбогдож байсан талаар мэдээлсэн ба энэ нь үнэн зөв болсон явдал. Иймд мэдээ буруу байсан гэж залруулга хийх эрх зүйн үндэслэл байхгүй. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ. Мөн дурдсанчлан хариуцагчийн зүгээс 2013 онд болсон үйл явдлыг мэдээлсэн нь бодит байдалд нийцэж байгаа тул гэм хорын хохирол арилгах ямар нэгэн үүрэг хүлээхгүй. Тэгээд ч 10.000.000 төгрөгийн хохирол учирсан тухай ямар нэгэн баримтгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч У.Б нь хариуцагч МТ ХХК-нд холбогдуулж Байгаль орчны сайдын үүрэгт ажлаа 2006.01.28-ны өдөр хүлээлгэн өгснөөс хойш хувийн хэвшил, бизнесийн салбарт ажиллах үед гадаадын аж ахуй нэгж байгууллагатай холбогдон эдийн засаг, хууль эрх зүйн харилцаанд орох нь М улсын аливаа нэгэн хууль, тогтоомж зөрчсөн эсэхийг тогтоолгох,
Нэр төр, алдар хүндийг сэргээлгэх, уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийлгүүлэх,
сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч нь Байгаль орчны сайдын үүрэгт ажлаа 2006.01.28-ны өдөр хүлээлгэн өгснөөс хойш хувийн хэвшил, бизнесийн салбарт ажиллах үед гадаадын аж ахуй нэгж байгууллагатай холбогдон эдийн засаг, хууль эрх зүйн харилцаанд орох нь М улсын аливаа нэгэн хууль, тогтоомж зөрчсөн эсэхийг тогтоолгох тухай шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа нэр төр, алдар хүндийг сэргээлгэх, уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийлгүүлэх, сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг гаргуулах гэж тодруулсныг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг МТийн 2016.05.09-ний өдрийн 21.00 цагийн ОЦ мэдээллийн хөтөлбөрөөр У.Бын тухай илт гүтгэлгийн шинжтэй, худал мэдээлэл олон нийтэд цацаж түүний нэр төр, алдар хүндийг гутаасан, үүнээс болж түүн рүү маш олон хүмүүс утасдаж сэтгэл санаанд нь хохирол учирсан гэж тайлбарлан Ц.Б, П.Г, Т.Д, www.shuurhai.mn сайтын 2016.09.02-ны өдрийн Хятад, Хонконгийг дамжин авлигын сүлжээ үүсгэсэн бүлгийн толгойлогчтой холбоотой У.Бод итгэх хүн үлдсэн үү гэх гарчигтай мэдээлэл, МУБИС-ийн сэтгүүлзүйн тэнхимийн багш, дэд профессор С.Агийн дүгнэлт зэрэг баримтуудыг үндэслэв.
Харин хариуцагч тал дээрх тайлбарыг зөвшөөрөхгүй байх бөгөөд бид мэдээллийнхээ эх сурвалжийг мэдээний хамгийн эхэнд танилцуулсан, хуучин мэдээг дахин давтаж сэргээх хэлбэрээр цацсан, У.Бын нэр төр, алдар хүндийг гутаагаагүй учир сэтгэл санааны төлбөр төлөх үндэслэлгүй, сэтгэл санаа нь хохирсон тухай баримтгүй гэж марган, www.bataar.mn, www.shuurhai.mn, www.24tsag.mn, www.offshoreleaks.icij.org гэх мэт сайтуудын мэдээлэл, MGL media group ХХК-ийн албан бичиг, түүний хавсралт, Үндэсний дата төвийн албан бичиг, МУБИС-ийн М судлалын төвийн эрхлэгч, доктор, профессор Ц.Өгийн тайлбар зэрэг баримтуудыг үндэслэж байна.
Хариуцагч МТ ХХК нь 2016.05.09-ний өдрийн 21.00 цагийн ОЦ мэдээллийн хөтөлбөрөөрөө Манай улсад Оффшор гэдэг үг хэзээнээс эхлэж яригдсан бэ гэдгийг хөндөх ёстой байх. Тодруулбал мөн л 2013 онд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан У.Бын оффшор бүс дэх данс илэрсэн юм. Түүний хувьд 2006.04.26-нд Их Британийн Виржиний аралд Мын байгалийн баялагийн хөрөнгө оруулалтын групп компаниа бүртгүүлэн, нууц данс нээсэн байсан гэж мэдээлэгдэж байсан. Энэ асуудал хэсэг яригдаж байгаад намжсан гэхэд болно. гэх мэдээллийг олон нийтэд мэдээлсэн болох нь зохигчдын гаргасан тайлбар, телевизийн бичлэг бүхий CD, түүнийг бичгийн хэлбэрт буулгасан текст зэргээр тогтоогдож байна.
Харин дээрх мэдээлэл нь нэхэмжлэгч У.Бын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэх агуулгагүй байх бөгөөд өнгөрсөн цагт илэрхийлэгджээ. Энэ нь хариуцагч талын тайлбарласан өмнө нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цахим сайтаар цацагдсан байсан мэдээллийг дахин сануулах, сэргээх гэсэн зорилгыг агуулсан байна гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл 2013.08.08-ны өдөр www.bataar.mn сайтад С.Б шиг нууц данстанууд тодров, www.shuurhai.mn сайтад У.Бын Оффшор бүс дэх нууц данс илрэв, 2013.09.30-ны өдөр ttp://news.zindaa.mn сайтад Оффшор данстай тэмцэл өрнүүлсэн Ж.Бы овоо хараанд У.Б онилогдов уу, 2013.08.12-ны өдөр www.24tsag.mn сайтад Гадаадад нууц данстай гэж зарлагдсан сайд асан У.Б, Ч.О хоёрт ямар хариуцлага хүлээлгэх вэ гэсэн гарчигтай нийтлэлүүд тавигдсан,
мөн www.offshoreleaks.icij.org сайтад У.Б нь Мын байгалийн баялагийн хөрөнгө оруулалтын групп /Би Ви Ай/ гэх компанийн хувьцаа эзэмшигч, уг байгууллага нь 2006.04.28-ны өдөр байгуулагдсан тухай мэдээлэл байх бөгөөд энэ нь У.Быг сайд байхаа больсноос хойшхи цаг хугацаанд хамаарч байгаа болох нь зохигчдын тайлбар, Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум /ICIJ/-ийн оффшор мэдээлийн сангийн мэдээлэл, MGL media group ХХК-ийн албан бичиг, түүний хавсралт, Үндэсний дата төвийн албан бичиг зэргээр тогтоогдов.
Тодруулбал хариуцагч МТ ХХК нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар 2016.05.09-ний өдрийн 21.00 цагийн ОЦ мэдээллийн хөтөлбөрөөр мэдээлсэн У.Бод холбогдох мэдээллийнхээ үнэн, зөвийг болон өмнө нь цацагдсан мэдээллийг дахин сэргээх зорилготойгоор мэдээлсэн, уг мэдээнийхээ эх сурвалжийг www.offshoreleaks.icij.org сайт буюу Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Зюддойче Цайтунг болон Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас хүлээн авсан байдлаа баримтаар нотолж байна гэж шүүх дүгнэв.
Харин нэхэмжлэгч талд Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-д зааснаар шаардах эрх үүссэн байх боловч МТ ХХК-ийн ОЦ мэдээллийн хөтөлбөрийн У.Бод холбогдох мэдээлэл нь түүний нэр төр, алдар хүндийг гутаасан, бодит үнэнд нийцэхгүй, өөрийнх нь эсрэг санаатайгаар, зохион байгуулалттайгаар тараасан гэдгийг, түүнчлэн нийгэмд үнэлэгдэх түүний нэр төр, алдар хүндийн үнэлэмж ямар байснаа, 2000.08.09-ний өдрөөс 2006.01.28-ны өдрийг хүртэл Байгал орчин, аялал жуулчлалын яамны сайдаар бус харин Байгаль орчны сайдаар ажиллаж байсан гэх үйл баримтаа, үүний улмаас сэтгэл санаа нь хохирсон гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар баримтаар нотолж чадсангүй.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож байгаа дээр дурдсан баримтууд болон хариуцагч талын татгалзлын үндэслэл болгосон МУБИС-ийн М судлалын төвийн эрхлэгч, доктор, профессор Ц.Өгийн тайлбар зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосонгүй.
Иймд хариуцагч МТ ХХК-ийг нэвтрүүлсэн мэдээллийнхээ төлөө хариуцлага хүлээх үндэслэлгүй гэж үзэн түүнд холбогдох нэр төр, алдар хүндийг сэргээлгэх, уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийлгүүлэх, сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч У.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь Байгаль орчны сайдын үүрэгт ажлаа 2006.01.28-ны өдөр хүлээлгэн өгснөөс хойш хувийн хэвшил, бизнесийн салбарт ажиллах үед гадаадын аж ахуй нэгж байгууллагатай холбогдон эдийн засаг, хууль эрх зүйн харилцаанд орох нь М улсын аливаа нэгэн хууль, тогтоомж зөрчсөн эсэхийг тогтоолгох тухай шаардлагаасаа татгалзсан учир нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-т зааснаар МТ ХХК-нд холбогдох нэр төр, алдар хүндийг сэргээлгэх, уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийлгүүлэх, сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг гаргуулах тухай У.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч У.Б нь Байгаль орчны сайдын үүрэгт ажлаа 2006.01.28-ны өдөр хүлээлгэн өгснөөс хойш хувийн хэвшил, бизнесийн салбарт ажиллах үед гадаадын аж ахуй нэгж байгууллагатай холбогдон эдийн засаг, хууль эрх зүйн харилцаанд орох нь М улсын аливаа нэгэн хууль, тогтоомж зөрчсөн эсэхийг тогтоолгох тухай шаардлагаасаа татгалзсаныг баталсугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч У.Боос тэмдэгтийн хураамжид төлсөн 245.150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХТУЯА
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Ж.БАЙГАЛМАА