Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2021/ДШМ/922

 

Л.Б-т холбогдох эрүүгийн

                хэргийн тухай              

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Онон,

шүүгдэгч Л.Б-, түүний өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ, И.Хонгор, П.Учралгэрэл,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу, шүүгч Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/536 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Л.Б-ын өмгөөлөгч И.Хонгорын гаргасан давж заалдах гомдлоор Л.Б-т холбогдох эрүүгийн 21050000000635 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            Л.Б-, 1962 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тэтгэвэрт, ам бүл 2, хүүхдийн хамт оршин суух,

            - Хэнтий аймгийн 5 дугаар хэсгийн шүүхийн 1993 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 5/34 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Хэнтий аймгийн шүүхийн 1994 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 22 дугаартай магадлалаар эдлээгүй үлдсэн 7 сар 11 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

            - Хэнтий аймаг дахь Сум дундын шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 390 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жил 8 сарын хорих ялаар шийтгүүлж, 2000 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар эдлээгүй үлдсэн 11 сар 5 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлж суллагдсан,

            - Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 115 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2003 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

            - Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж, мөн шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 419 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 4 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

            Л.Б- нь 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр ***  тоотод гэртээ өөрийн төрсөн хүү Б.Г-ын эхнэр Ө.У-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар улаан хүрэн өнгийн иштэй хутга ашиглан алахыг завдсан,

            мөн Ө.У-г алахыг завдсан үйлдлийг таслан зогсоох гэсэн Б.Г-ын биед улаан хүрэн өнгийн хутга ашиглан “баруун гарын дунд, ядам, чигчий хурууны 2 дугаар үений дотор талын зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирлыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: Л.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.                       

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Л.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан 8 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон хоногоос 30 хоногийг цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон хасч 450.000 төгрөгөөр торгох ялыг эдэлсэнд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үлдсэн урьдчилан цагдан хоригдсон 87 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Л.Б-ын өмгөөлөгч И.Хонгор давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Л.Б- нь гэмт хэргийг үйлдэж төгсгөх боломжтойг ойлгож байсан боловч туйлд нь хүргэхээс сайн дураараа татгалзсан. Хохирогч Б.Г-ын “...эхнэр У- 2021 оны 4 дүгээр сарын 1-ний шөнө хэвлийд байх ураг нь зулбасан юм. Энэ талаар би аавд хэлсэн чинь аав уурлаад “Тэгвэл наадахыг чинь ална” гэж хэлээд манай эхнэр У- руу улаан өнгийн иштэй хутга аваад дайрсан. Манай аав хутга аваад эхнэр лүү дайрах үед би болиулах гээд хутганы ир хэсгээс атгаад авсан чинь аав хутгаа шувтарч татаад миний 4 хуруу үе хэсгээрээ зүсэгдсэн. Тэгээд аав гараад явчихсан. ...”, хохирогч Ө.У-гийн “... “Саяхан та манай эхнэрийг гэрээс хөөж гаргаад 8 хоног автомашинд хонуулснаас чинь болоод манай эхнэрийн хүүхэд зулбасан” гэж хэлсэн чинь хадам аав “Чи шар хүүхнээ өмөөрлөө, тэрийг чинь би ална” гэж хэлээд хутга аваад гал тогооны өрөөнөөс над руу гүйсэн чинь манай нөхөр болиулах гээд хутганы ир байдаг хэсгээс нь гараараа атгаад авсан чинь хадам аав хутгаа шувт татаад авсан. Нөхрийн гарын цусыг би тогтоох гээд боогоод байж байсан чинь хадам аав гараад явчихсан. ...” гэсэн мэдүүлэг зэргээс Л.Б- нь өөрийн үйлдлээ сайн дураараа татгалзаж, гэрээсээ гарч явсан. Дээрх мэдүүлгээс дүгнэхэд Л.Б- нь хүү Б.Г-ын гарыг зүссэнийхээ дараа шууд өөрийн үйлдлийг ухамсарлаж, хутгаа хаяад гарч явсан буюу сайн дураараа үйлдлээсээ татгалзсан нөхцөл байдал тогтоогдож байна. Түүнийг гэрийн гадаа сууж байхад цагдаагийн ажилчид ирсэн байдаг. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Л.Б- тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй гэв.

            Шүүгдэгч Л.Б-ын өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...мөрдөн шалгах ажиллагааг хэт нэг талыг барьж явуулсан. Хохирогчийн мэдүүлэгт үндэслэж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хохирогчийн гарыг хутгаар зүссэн хэдий ч ямар шалтгааны улмаас энэ хэрэг гарах болсон талаар үнэлж дүгнэх хэрэгтэй байсан. Шүүгдэгч Л.Б- нь хөгжлийн бэрхшээлтэй хүн. Өөрийнхөө тэтгэврийг авч захиран зарцуулахад нь хохирогч нар саад учруулдаг, мөн түүнийг ямар нэгэн асран хамгаалалтгүй байлгасан. Энэ бүхнээс шалтгаалж сэтгэл санаа нь цочрон давчдах, сэтгэл санаагаар унах зэргээр аргагүй хамгаалалтын үйлдэл гаргасан гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Л.Б-ыг үр хүүхдүүд нь байнгын гэр бүлийн хүчирхийлэл дарамтад амьдруулсан. Энэ асуудлыг шалгаагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд “Хүнийг алсан бол...” гэж өнгөрсөн цаг дээр хэргийн зүйлчлэл яригдаж байна. Хуулиар хүнийг нас барсан байхыг шаардаж байна. Хүнийг алахыг завдсан бол гэсэн шаардлага байхгүй. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Л.Б-ын өмгөөлөгч П.Учралгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгч И.Хонгорын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгч Л.Б- нь 60 настай, харвасны улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан хүн. Хохирогч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон, тэрээр бусдад төлөх төлбөргүй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг харьцангуй гайгүй байгаа. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл нь хохирогч нарын буруутай үйл ажиллагаа байдаг. Завдах гэсэн зүйл ангиар зүйлчилж, хүнийг алах санаа зорилготой байсан гэдгийг зөвхөн хохирогч нарын мэдүүлгээр тогтоосон. Үүнийг анхаарч үзэхийг хүсэж байна. ...” гэв.

            Прокурор Г.Онон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Л.Б-ын үйлдлийг төгсөөгүй завдалт гэж үзсэн. Хохирогч Б.Г- нь “...аав уурлаад “тэгвэл наадахыг чинь ална” гэж хэлээд манай эхнэр У- руу улаан өнгийн иштэй хутга аваад дайрсан. Энэ үед би болиулах гэж хутганы ишнээс атгаад авсан. Аав хутгаа шувтарч татахад 4 хуруу зүсэгдсэн...” гэж, хохирогч Б.У- нь  “...хадам аав “чи шар хүүхнээ өмөөрлөө, тэрийг чинь би ална” гэж хэлээд хутга аваад гал тогооны өрөөнөөс над руу дайрахад манай нөхөр болиулах гээд хутганы иртэй хэсгээс гараараа атгаад авсан. Хадам аав хутгаа шувт татаад авсан...” гэж тус тус мэдүүлдэг. Эдгээр мэдүүлгүүдээс үзэхэд шүүгдэгч Л.Б- нь өөрийн үйлдлээс сайн дураараа татгалзсан зүйл харагддаггүй. Түүний хүү Б.Г- нь хутганаас нь барьж болиулсан байдаг. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

            1. Прокуророос Л.Б-ыг 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр ***  тоотод гэртээ өөрийн төрсөн хүү Б.Г-ын эхнэр Ө.У-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар улаан хүрэн өнгийн иштэй хутга ашиглан алахыг завдсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

            мөн Ө.У-г алахыг завдсан үйлдлийг таслан зогсоох гэсэн Б.Г-ын биед улаан хүрэн өнгийн хутга ашиглан “баруун гарын дунд, ядам, чигчий хурууны 2 дугаар үений дотор талын зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирлыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч Л.Б-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн”, мөн “хүнийг алахыг завдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан 8 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон хоногоос 30 хоногийг цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон хасч 450.000 төгрөгөөр торгох ялыг эдэлсэнд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үлдсэн урьдчилан цагдан хоригдсон 87 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохоор шийдвэрлэжээ.

Гэвч дээрх байдлаар шийдвэрлэхдээ, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчийн үйлдсэн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” болон “хүнийг алахыг завдсан” хэргийн үйл баримтуудад огт хууль зүйн дүгнэлт хийгээгүй, шүүгдэгчийг дээрх гэмт хэргүүдэд гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтын агуулгыг тусгаагүйн гадна, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг тус бүрт хүлээлгэсэн эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ, хорих ял эдлэх байгууллагын дэглэм нөхцөл, эдэлбэл зохих ялын хэмжээг хэрхэн тогтоосон шалтгаан үндэслэлээ бичээгүй, тухайлбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын хамгийн хөнгөн төрлийг сонгож, доод хэмжээг оногдуулахдаа, мөн хүнийг алахыг завдсан үйлдэлд нь төгс үйлдэгдсэн гэмт хэрэгт оногдуулах ялтай адил хэмжээнд хорих ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг хэрхэн харгалзан үзсэн, мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэхгүй байх үндэслэлээ тодорхойлоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2 дахь заалтын шаардлагад тус тус нийцээгүй байна.

Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургадугаар бүлэгт хуульчилсан бөгөөд шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй нөхцөлд хуулийн ноцтой зөрчил гэж үзэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан болно.

2. Прокуророос Л.Б-ын “...Б.Г-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйлдлийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн биш хийгдсэн байхад шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд тусгасан агуулгаар ойлгох бөгөөд уг зүйлд заасан аль нэг үйлдлийг байнга хийсэн тохиолдолд, өөрөөр хэлбэл Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн зэрэг хүчирхийллийн аль нэгийг байнгын шинжтэй үйлдсэн тохиолдолд дээрх гэмт хэргээр зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл бүрддэг.

Эрүүгийн эрх зүйн онол болон практикт тодорхой үйлдэл, эс үйлдэхүйн давтамжийн шинжийг тодорхойлоход “давтан”, “байнга” гэсэн ойлголтыг хэрэглэдэг. “Байнга” гэдэг нь тоон илэрхийллийн хувьд гурав болон түүнээс дээш удаа үйлдэгдсэн байх хууль хэрэглээний ойлголт билээ.

Түүнчлэн давтамжаас гадна, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг эрхшээлдээ байлгах зорилгоор хяналт тогтоон өөрийн хамааралд оруулж тэгш бус харилцааг бий болгон хүчээр давамгайлж байсан эсэхийг харгалзан үзэх учиртай.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэх шинжээр хүндрүүлэн зүйлчлэхдээ тухайн үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг хангаж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг зөв тогтоох шаардлагатай байдаг.

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Б.Г-оос “...он, сарыг нь сайн санахгүй байна. Ер нь уух болгондоо гэрээс хөөгөөд, хэл амаар доромжлоод байдаг. Тэгээд эхнэр бид хоёр хүүхдүүдээ аваад автомашиндаа, ажил дээрээ хонодог. Архи уусан үедээ эхнэр, хүүхэд бид нарыг “Ална” гэж хэлээд дэрэн доороо хутга тавьж унтдаг. Намайг байхгүй үед эхнэр, хүүхдүүд маань ааваас айгаад гэртээ ирдэггүй. ...” /хх 10-11/ гэж,

хохирогч Ө.У-гаас “...хадам аав архи их уудаг, уух болгондоо хэл амаар доромжилдог. ... мөнгө нэхэж айлган сүрдүүлээд 2021 оны 3 дугаар сарын 6-наас 12-ны өдөр хүртэл би орц, автомашинд хоносон. Ингэж ядарснаас болоод миний 2 сар гарантай ураг зулбасан. Архи уухаараа “Ална” гэж их айлгадаг. Унтахаараа дэрэн доороо хутга тавьж хонодог. Би болон манай хүүхдүүд хадам аавтай хамт байхаас айдаг. Манай хоёр хүүхэд ааваас айгаад надтай цуг ажил дээр байрлаж байгаа. ... урьд агсам согтуу тавиад над руу хэд хэдэн удаа дайрч байсан. Тэр үед манай нөхөр өмнөөс нь барьж аваад болиулдаг байсан. Тэгж байхдаа манай нөхөр цохиулж зодуулдаг байсан. ...” /хх 34-35/ гэж,

гэрч Ө.Э-аас “...хааяа манай эгч хүүхдүүдээ дагуулаад манай гэрт хүрээд ирдэг. Юу болсон талаар асуухад “Хадам аав Б- архи уусан, агсам тавиад байна” гэж хэлдэг байсан. ...” /хх 21/ гэж бие махбодь, сэтгэл санааны хүчирхийлэлд байнга өртсөн байж болзошгүй үйл явдал болон Л.Б-ын зан авир, харилцаа, хандлагын талаар мэдүүлсэн мэдүүлгүүдэд ач холбогдол өгөлгүйгээр “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн шинжтэй эсэх үйлдлийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу шалгалгүй орхигдуулж, зөвхөн Б.Г-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Л.Б-ыг холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулсныг буруу гэж үзлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Нэгдүгээр бүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчмыг тодорхойлохдоо энэ хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.” гэж, 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж тус тус заасан.

Мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлсний эцэст хэргийг шүүхэд шилжүүлж, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэх ёстой байтал тус үүргээ биелүүлж чадаагүй буюу хэрэгт цугларсан баримт нь хэргийн үйл баримтыг бодитой тогтоох, түүнд хууль зүйн дүгнэлт хийх, гэм буруу, эрүүгийн хариуцлагын асуудлыг шийдвэрлэхэд учир дутагдалтай байна.

Аливаа гэмт хэргийн яллах болон цагаатгах, гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлж болох нөхцөл байдлын хүрээг зөв тогтоож, мөрдөн шалгах ажиллагаа хийснээр хэргийн бодит үнэний талаарх үйл баримтыг тогтоохоос гадна хууль зүйн дүгнэлт буюу хэргийн зүйлчлэлд нөлөөлөхүйц байдлыг тогтоодог.

Шүүх хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй бөгөөд ингэснээр уг ажиллагааны зорилт хэрэгжих учиртай.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимд нийцүүлэн, уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд явуулж, үйл баримтыг бүрэн тогтоосны эцэст хэргийг зөв зүйлчлэх шаардлагатай байна.

Эдгээр нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Л.Б-т холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Баянгол дүүргийн прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийг прокурорт буцаасантай холбогдуулан шүүгдэгч Л.Б-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, субъектив санаа зорилгын асуудлаар маргасан шүүгдэгч Л.Б-ын өмгөөлөгч И.Хонгорын давж заалдсан гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 16ы өдрийн 2021/ШЦТ/536 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Л.Б-т холбогдох хэргийг мөн дүүргийн шүүхээр дамжуулан, Баянгол дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Прокурорын газарт хэрэг очтол Л.Б-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

            ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН