| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбатын Шинэхүү |
| Хэргийн индекс | 105/2024/0868/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2769 |
| Огноо | 2025-12-04 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Г.Нандин-Эрдэнэ |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2769
2025 12 04 2025/ШЦТ/2769
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Шинэхүү даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат,
Улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ........, түүний өмгөөлөгч Г.Ичинхорол,
Шүүгдэгч ........., түүний өмгөөлөгч Г.Оюунболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан .......... яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2403 00272 0425 дугаар хэргийг 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
................
Холбогдсон хэргийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч .......... нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа Баянзүрх дүүргийн .... дугаар хороо, Доржийн гудамж, ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ зам хөндлөн гарч байсан явган зорчигч ...... мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ..... нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдөр найзтайгаа уулзах гээд ..... рүү явж байсан. Би тухайн үед жолооны курст сууж байсан. Би тэр үед ........ руу явж байхад үзэгдэх орчин хязгаарлагдмал, хохирогч гэнэт гараад ирсэн...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ........ нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Анх зам тээврийн осол гараад гэмтэл дээр очиход хүнд байсан. Нөхөр маань осол болсноос 16 хоногийн дараа ухаан орсон. Бүдүүн гэдэсний чамархай нь задарсан. Эмнэлэгт байхдаа гарын хагалгаанд 3 удаа орсон. Мөн 9 сард хагалгаанд орсон. Гар нь эдгэхгүй байгаа, гарын шууны яс нь эвлэрэх боломжгүй хугарсан. 6 дугаар сард бүдүүн гэдэсний түгжрэл болсон. Гуравдугаар эмнэлэгт яаралтай хагалгаанд ороод 5 хувийн найдвартай гээд Бүгд Найрамдах Хятад Ард улс руу хагалгаанд орохоор очсон. Тухайн үедээ эмчилгээ хийлгээд эм тариагаар эмчлүүлж байсан. ........ нь анхны шүүх хурал дээр л хохирлоос барагдуулсан. Үүнээс хойш нэг ч удаа холбогдоогүй. Хохирлын хувьд шүүгдэгчээс 14.950.000 төгрөг авсан. Одоо эмчилгээний зардал 36.514.414 төгрөг, 1 жилийн хугацааны цалин 8.280.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, үйл баримтын талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн Дуудлагын лавлагааны хуудас /1хх-ийн 4 дэх тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 5-6 дахь тал/,
Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 8-10 дахь тал/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1хх-ийн 11 дэх тал/,
Хохирогч ........ мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 14-15 дахь тал/,
Иргэний хариуцагч ...... мөрдөн байцаалтын үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 23 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч ..... мөрдөн байцаалтын үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 26 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хууль ёсны төлөөлөгч ....... мөрдөн байцаалтын үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 30 дахь тал/,
Гэрч ....... мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 34 дэх тал/,
Цагдаагийн Ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 24-1/1394 дугаартай албан бичиг /1хх-ийн 49 дэх тал/,
Гэрч ....... мөрдөн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 54 дэх тал/,
Гэрч ...... мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 57 дахь тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 6077 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 63-65 дахь тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2825 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 72-74 дэх тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2823 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 86-88 дахь тал/,
“Хөрөнгө Эстимэйт Үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 19356 дугаартай Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ /1хх-ийн 95-96 дахь тал/,
“Автотээврийн Үндэсний Төв” ТӨҮГ-ын Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 40391474 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 108-114 дэх тал/,
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 971 дугаартай Мөрдөгчийн магадалгаа /1хх-ийн 118-119 дэх тал/,
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Өвчний түүх /1хх-ийн 127-183 дахь тал/,
Хохирогч ......... гаргаж өгсөн хохирлын талаарх баримтууд /1хх-ийн 187-218, 2хх-ийн 8-14, 118-127, 238-250, 3хх-ийн 1-3 дахь тал/,
“Гуа Субашид” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 01 дугаартай тодорхойлолт /2хх-ийн 16 дахь тал/,
“...” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /2хх-ийн 26 дахь тал/,
“...” ХХК-ийн дүрэм /2хх-ийн 27-28 дахь тал/,
Хөлсөөр ажиллуулах гэрээ /2хх-ийн 29-32 дахь тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1199 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 91-94 дэх тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 39 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 98-102 дахь тал/,
......... Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /2хх-ийн 116 дахь тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ЕГ0825/3615 дугаартай шинжээчийн дүгнэлт /3 хх-ийн 24-26 дахь тал/,
Яллагдагч ........ мөрдөн байцаалтын үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 227 дахь тал/ зэрэг болно.
Тээврийн Прокурорын газраас яллагдагч ......... холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан харьяаллын дагуу шилжүүлсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Харин шүүх хавтаст хэрэгтэй танилцахад .......-ны өдөр ....... гэрчээр мэдүүлэг /1хх-ийн 38 дахь тал/ авсан нь түүнийг хэрэгт хамаарал бүхий нотолгоо бий болсны дараа мэдүүлэг авсан байх бөгөөд тус мэдүүлгийг худал өгвөл хуулийн хариуцлага хүлээлгэхийг сануулж түүнээс өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэгт “…Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно…” гэж заасан Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх эрхийг зөрчжээ.
Хууль тогтоогчоос тус эрхийг баталгаатай эдлэх хууль зүйн үндэслэлийг бий болгохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “…Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй…”, мөн хуулийн 31.8 дугаар зүйлийн 1.5 дахь заалтад “…өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх…”, 31.11 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад “…өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх…”, 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “…Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй…”, 3 дахь “…Яллагдагчийг өөрийнх нь эсрэг мэдүүлэг авахаар албадахыг хориглоно…” гэж тус тус хуульчилжээ.
Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн…”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина…” гэж тус тус хуульчилсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, тэдгээрт хяналт тавих, хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг баталгаажуулсан байдаг билээ.
Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох”-оор тус тус заажээ.
Иймд шүүгдэгч ........... гэрчээр өгсөн мэдүүлгийг шүүхээс нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон, нотлох баримтын хүрэлцээт байдал хангалттай байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Гэм буруугийн талаар шүүхээс дараах дүгнэлтийг хийв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно…”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно…” гэж тус тус заажээ.
Улсын яллагчаас “…Шүүгдэгч ........ нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа Баянзүрх дүүргийн .............. их сургуулийн зүүн урд замд 2024 оны .... дугаар сарын ...-ны өдөр ............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байх үедээ замын хөдөлгөөний дүрмүүдийг зөрчиж зам хөндлөн гарч байсан явган зорчигч ......... мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч ......... болон түүний өмгөөлөгч .......... нар нь улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй маргаагүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь заалтад “…Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол…” гэж гэмт хэргийн шинжийг хуульчилжээ.
Тодруулбал дээрх хэм хэмжээний диспозици нь бланкетны буюу иш татсан хэм хэмжээг зөрчсөний улмаас бусдын биед хүндэвтэр гэмтэл учирсан тохиолдолд гэмт хэрэг болохоор хуульчилжээ. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь заалтад “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн бол” гэж гипотиз буюу хүндрүүлэх шинжийг тогтоож өгчээ.
Яллагдагч ....... мөрдөн байцаалтын үед өгсөн: “...2024 оны ........минутын орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр ....... замд осол гаргасан. ...Өөрийн гаргасан зөрчлөө ухаарч ойлгож байгаа. Хохирогчид хохирлыг төлж барагдуулж байгаа. Хохирогчийн биеийн байдлын талаар асууж лавлаж түүний талаар санаа зовж гэмшиж байгаа. ...Би жолоодох эрх аваагүй байгаа. Жолоочийн курст тухайн үед суралцаж байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 227 дахь тал/ авагджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй…” гэжээ. Харин дээрх мэдүүлэг нь дараах нотлох баримтуудаар давхар нотлогдож байна гэж шүүхээс дүгнэлээ. Үүнд:
Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн Дуудлагын лавлагааны хуудас /1хх-ийн 4 дэх тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 5-6 дахь тал/,
Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн: “...Осол гарсан замын байдал: асфальт, шулуун тэгш, хуурай, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, гэрэлтүүлэгтэй, тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, эгнээний тоо 6, явган хүний замтай, хашлагатай, хайсгүй...” гэх хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 8-10 дахь тал/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан: “.......... овогтой ....... драйгер багаж ашиглан шалгахад 0.00%...” гэх тэмдэглэл /1хх-ийн 11 дэх тал/,
Хохирогч ....... мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...... зах орчмоос орой ... цагийн орчим дүүгийн хамт гарч ирээд ........... зүүн урд байрлах ..... нэртэй зочид буудалд орсон. .... ахындаа байхад би нэг лааз пиво уусан. Буудалд ороод хамт явсан дүүгээ “...... автомашин хүргээд өгчих” гэж явуулаад би буудалдаа ганцаараа үлдсэн. Тэнд байж байтал татах тамхи дууссан байхаар нь тамхи худалдаж авах гээд 22 цагийн орчим буудлаасаа гарахад замын урд нэг жижиг дэлгүүр байсан. Дэлгүүр орж тамхи авчхаад дэлгүүрээс гараад зам руу орох гээд явж байснаа санаж байна. Тэгээд түүнээс хойш юу ч санахгүй байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 14-15 дахь тал/,
Гэрч ........ мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “........... гэрээс орой ... цагийн орчим гараад өөрийн гэртээ очоод кино үзээд байж байтал .... осол гаргасан талаар мэдээд уг газарт нь очиход түргэн тусламж ирээд мөргөсөн гэх хүнийг нь аваад явсан ..... 2 найзын хамт байж байсан. Манай дүү .... болон миний зүгээс ........ байнга “жолоодох эрх авч байж автомашин жолоод” гэж хэлдэг байсан. 2023 онд ажил хол учраас ажил гэрийн хооронд автомашин хэрэгтэй гээд өөрөө цалингийн зээл аваад уг автомашиныг авсан. Тэр автомашиныг өөрөө “ажил гэрийн хооронд унаж хэрэглэдэг ба жолоодох эрх аваад уг автомашинаа жолоод” гэж хэлдэг байсан. Ингэж хэлэхээр “удахгүй жолоодох эрхээ авна шалгалтаа өгч байна” гэх мэтээр хэлж байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 34 дэх тал/,
Цагдаагийн Ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 24-1/1394 дугаартай: “................/-ийн мэдээллийг Жолоочийн бүртгэлийн сан /dls.police.gov/-д шүүхэд тухайн иргэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх аваагүй байна...” гэх албан бичиг /1хх-ийн 49 дэх тал/,
Гэрч ....... мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны ... дугаар сарын ...-ны өдөр хамтран амьдрагчийн хамт түрээсийн байрандаа байж байтал хамтран амьдрагч ....... рүү найз нь гэх ......... гэдэг хүн утсаар залгаад “.... их сургуулийн орчим хүрээд ирээч” гэсэн. Тэр үед би “хамтдаа явъя” гэж хэлээд хамт явахаар болоод гэрээсээ 22 цаг 50 минутын орчим гарсан байх. Тэгээд гараад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр .... орчмоос гараад ...... оюутны байрны хойд замаар зүүнээс баруун зүгт ... их сургууль чиглэлд явсан. Тэгээд баруун зүгт явж байтал бид нарын ар хэсэгт явж байсан өөр нэг автомашины гэрэл маш хүчтэй тусаад тэр автомашин гүйцэж түрүүлээд хажуугаар гараад явах үед нүд харанхуйлаад багцаа баримжаа алдагдаад явж байтал миний зүүн гар талд нэг хүн харагдах шиг болсон. Гэхдээ яг хүн гэж мэдэгдээгүй. Юу юм бол гэж бодож байтал гэнэт манай машины урд нэг явган хүн гарч ирээд мөргөгдсөн. Тэр хүн жолоочийн тал буюу автомашины баруун талд мөргөгдөөд нэг хэсэг урд тал дээр тогтож байгаад байхгүй болсон. Энэ үед найз ........... маань цочролд орсон юм шиг байна лээ өөрийн автомашиныг зогсоохгүй яваад байхаар нь би хажуугаас нь “зогсооч” гээд орилох үед найз маань огцом тоормос гишгээд өөрийн автомашиныг зогсоосон. Тэгээд автомашин зогсохоор нь бид нар буугаад нөгөө хүн рүү гүйгээд очиход амьсгаатай амьсгалж байсан. Хариу үйлдэл үзүүлэхгүй, өндөр амьсгаатай байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 57 дахь тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 6077 дугаартай: “.......... биед баруун талын уушгины дээд, дунд доод дэлбэнд тархмал няцрал, бүдүүн гэдэсний өгсөх хэсэг няцрал, нарийн гэдэсний угийн чацархайн задрал, хэвлийн хөндий дэх цусан хураа /1000мл/, баруун талын 3, 4 дүгээр хавирга хоёрлосон, 2, 5, 6, 7 дугаар хавирганы зөрүүтэй хугарал, баруун атгаал ясны ил хугарал, духны баруун хэсэг болон баруун хацар, хэвлийн урд хэсэг, баруун зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т болон 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 63-65 дахь тал/,
“Автотээврийн Үндэсний Төв” ТӨҮГ-ын Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 40391474 дугаартай: “...Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат ABS тоормосны системтэй ба урд тэнхлэгийн дугуйн тоормос зогсож байгаа боловч тоормосны тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангахгүй, хойд тэнхлэгийн дугуйн тоормосны ажиллагаа хэвийн стандартын шаардлага хангаж байсан...” гэх шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 108-114 дэх тал/,
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 971 дугаартай: “............. улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ........ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) ...тээврийн хэрэгсэл жолоодох; 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч .......... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх Мөрдөгчийн магадалгаа /1хх-ийн 118-119 дэх тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1199 дугаартай: “........... биед баруун талын умдаг яс ацетабул дайрсан ясны хэлтэрхий бүхий бяцарсан, суудал ясны зөрүүтэй хугарал. ууцны яс урд доод хэсэгт сэлтэрсэн хугарал, баруун талын уушгины дээд, дунд доод дэлбэнд тархмал няцрал, бүдүүн гэдэсний өгсөх хэсэг няцрал, нарийн гэдэсний угийн чацархайн задрал, хэвлийн хөндий дэх цусан хураа /1000мл/, баруун талын 3,4-р хавирга хоёрлосон, 2,5,6,7-р хавирганы зөрүүтэй хугарал, баруун атгаал ясны ил хугарал, духны баруун хэсэг болон баруун хацар, хэвлийн урд хэсэг, баруун зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Баруун талын умдаг яс ацетабул дайрсан ясны хэлтэрхий бүхий бяцарсан хугарал нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.6.1-т зааснаар хохирлын хүнд, нарийн гэдэсний угийн чацархайн задрал, хэвлийн хөндий дэх цусан хураа /1000мл/ амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-т зааснаар хохирлын хүнд, баруун атгаал ясны ил хугарал амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.25-т зааснаар хохирлын хүнд зэрэгт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр мөргөгдөх, шидэгдэх үед үүсгэгдэнэ. 2024 оны 05 сарын 04-ний өдрийн 00 цаг 30 минутын Мэс заслын бичлэг Хэвлийн хөндийг нээхэд 1000 мл орчим цэвэр цус, нөж байсныг соруулан авч шалгахад бүдүүн гэдэсний өгсөх хэсэг няцралтай, нарийн гэдэсний угийн чяцархай 10 см орчим том урагдаж задарсан байв. Иймд чацархайн урагдлыг боломжоор нь ойртуулан оёж, цус тогтоов. Хэвлийн хөндийг сайтар угааж цэвэршүүлээд дахин шалгахад өөр гэмтсэн эрхтэн үгүй байна...” гэх шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 91-94 дэх тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 39 дугаартай: “........... биед үүссэн доод үүдэн баруун зүүн 1-р шүднүүдийн булгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн мөргөгдөх, цохигдох үед үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна...” гэх шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 98-102 дахь тал/-ээр болон шүүх хуралдааны үед талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд, шүүх хуралдааны үед өгсөн талуудын мэдүүлэг зэргүүдэд үндэслэн дүгнэвэл шүүгдэгч .......... үйлдлийн улмаас хохирогч ....... эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь тогтоогдож байна.
Иймд Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч ....... холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт “…эрүүл, аюулгүй орчинд амьдрах…” эрхтэй гэж заасан Монгол Улсын Иргэний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөнд халдсанаас гадна Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “…хүн бүр амьд явах эрхтэй…” гэж заасан эрхэд тус тус халдсан үйлдэл байх тул нийгэмд аюултай байна.
Шүүгдэгч .......... нь тээврийн хэрэгсэл жолоодож байхдаа сэтгэцийн хувьд эрүүл байсан бөгөөд хохирол, хор уршигт зориудаар хүргээгүй байх бөгөөд түүний үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байх тул гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн байна гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэжээ.
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 6077 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 63-65 дахь тал/, Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1199 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 91-94 дэх тал/-д тус тус хохирогч ............. эрүүл мэндэд учирсан гэмтэл нь хүнд гэмтэл гэж дүгнэсэн байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь заалтад заасан хүнд хохирол гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч ........ эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх бөгөөд уг хохирол, шүүгдэгч .......... гэм буруутай болгоомжгүй үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Мөн Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 39 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 98-102 дахь тал/-д: “............. биед үүссэн доод үүдэн баруун зүүн 1-р шүднүүдийн булгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн мөргөгдөх, цохигдох үед үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна...” гэжээ. Иймд хохирогч ........ биед үүссэн доод үүдэн баруун зүүн 1-р шүднүүдийн булгарал гэмтэл нь шүүгдэгч .......... гэм буруутай болгоомжгүй үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно…” гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9 дэх заалтад “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах…” эрхтэй, мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй…” гэж тус тус хуульчилжээ.
Хохирогч ......... сэтгэцэд учирсан хор уршиг нь “Дөрөвдүгээр зэрэглэл”-д хамаарч байгаа болох нь Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ЕГ0825/3615 дугаартай шинжээчийн дүгнэлт /3 хх-ийн 24-26 дахь тал/-ээр тогтоогдсон байна.
Хохирогч ......... сэтгэцэд учирсан Дөрөвдүгээр зэрэглэлийн хор уршигт тооцсоныг шүүхээс хор уршгийг арилгахдаа Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Дугаар 25 тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 4 дүгээр зүйлд “Нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал”-ын хүснэгтэд “Дөрөвдүгээр зэрэглэл”-д нөхөн төлбөрийн хэмжээг “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23-45.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл” хэмжээгээр тогтоож олгоно гэсний дагуу шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэмтлийн тоо, гэмтлээс үүссэн хор уршиг, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, гэм хор учруулагчийн гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг тооцохдоо хохирогч ........ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэжээ.
Өөрөөр хэлбэл гэмт үйлдлийн улмаас шууд учирсан хохирлоос үүдэн хохирогчид цаашид учирч буй бие махбодын буй зовуурь шаналал, сэтгэл санаанд үүсэж буй тавгүй байдал, амьдралын хэвийн горим алдагдсанаас улбаалж хохирогчийн нийгэм, эдийн засаг, бие махбодод үүсгэж буй хүндрэл, бие махбод болон сэтгэл санааны хувьд даван гарах түүнтэй холбоотой эмчилгээ, сувилгаанд шаардлагатай зардлууд, гэмт хэргийн улмаас болж биеийн эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа хийж чадаагүй хугацааны цалин хөлс, түүнтэй адилтгах орлого зэрэг нөхцөлүүд хамаарах юм.
Хохирогчийг хохирсон дээр нь дахин хохироохгүйн тулд дээрх нөхцөл байдлуудыг арилгаж, гэмт хэргийн улмаас алдагдсан бүхий л боломжийг нь тодорхойлж үнэлэх шалгуур аргыг хууль тогтоогчоос шинэчлэн найруулсан Шүүх шинжилгээний тухай хуульд мөнгөн хэлбэрээр үнэлэх хэлбэрээр тогтоон олгох эрх зүйн үндэслэлийг бий болгосон нь эрүүгийн эрх зүйн хөгжлийн хувьд төдийгүй Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэгт “…Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх…” баталгаатай эдлэх эрхийг үндэсний эрх зүйн системд илүү тодорхой тогтоож бэхжүүлсэн юм.
Түүнчлэн Иргэний хуулийн 507 дугаар зүйлийн 507.1 дэх хэсэгт “Эрүүл мэндэд нь гэм хор учирснаас болж, хөдөлмөрийн чадвараа хагас алдсан иргэний хөдөлмөрийн чадвар нь цаашид дордох буюу авч байгаа тэтгэврийн хэмжээ багасвал гэм хор учруулсны төлбөрийг зохих хэмжээгээр нэмэгдүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй”, мөн хуулийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан нь хохирогч учирсан зардлаа нэхэмжлэхдээ хор уршиг хэзээ илэрч байгаа үеийн хугацаанд үүссэн төлбөрийн дүнгээр нэхэмжлэх эрх нь үндэсний эрх зүйн системд нэгэнт тогтсон хууль зүйн үндэслэл юм.
Өөрөөр хэлбэл хор уршиг гэдэг нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос улбаалж ирээдүйд учирч байгаа амьдралын бүхий л хэвийн горим алдагдаж байгаа бүхий хүндрэл гэсэн үг юм. Гэтэл гэмт хэрэг гарсан цаг хугацааны үед байсан мөнгөний ханш нь өөрчлөгдөх боломжтой бөгөөд хор уршгийн зардлыг гэмт хэрэг гарсан үеийн ханшаар бодох нь логикийн хувьд зөрчилтэй дүгнэлт төдийгүй дээр дурдсан Иргэний хуульд тогтоосон хэм хэмжээ болон шинэчлэн найруулсан Шүүхийн шинжилгээний тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон өөрчлөлтүүдийн үзэл баримтлалаас ухарсан явдал юм.
Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн…” гэж, мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт “…Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино…” гэж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “Шүүх хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэнэ” гэж тус тус заасан нь шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэл болсон аливаа хууль тогтоомж нь хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж байх нь шүүхийн шийдвэр өөрөө хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчимд нийцнэ.
Иймд хохирогчид учирсан хор уршгийг нөхөн төлүүлэхдээ хохирол учирсан өдрөөр бус хор уршиг хэзээ илэрсэн өдрөөр тооцох хууль зүйн үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь…, …зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино…” гэж заасанд нийцэх юм.
Иймд шүүхийн шийдвэр гарах үед Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 хувиар нэмж, 792.000 төгрөг болгож шинэчлэн тогтоосон шийдвэр хүчин төгөлдөр байх тул тус хэмжээгээр тогтоож олгохоор шийдвэрлэв.
Тодруулбал 792.000 × 30 = 23.760.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч ......... олгохоор шийдвэрлэв.
“Хөрөнгө Эстимэйт Үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 19356 дугаартай Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ /1хх-ийн 95-96 дахь тал/-нд “Toyota Prius 20, ... УНА, Үнэлгээгээр тогтоогдсон дүн 1.135.000₮” гэжээ.
Дээрх .............. улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч болох иргэний нэхэмжлэгч, хариуцагч ........ нь мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 09 дүгээр сард хамт ажилладаг ....... гэх залууд 10.000.000 төгрөгөөр зарсан. Автомашин худалдан борлуулах үедээ 9.000.000 төгрөг бэлнээр аваад дараа нь үлдэгдлийг аваад мөнгө төгрөгийн асуудал дууссан. ...эзэмшил нэр усаа солиулах гээд ........ рүү холбогдоход удаа дараа шалтгаан хэлж хойшлуулж явсаар энэ осол гарсан. ...уг автомашинд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй...” гэж мэдүүлсэн /1хх-ийн 23, 26 дахь тал/ байх тул уг тээврийн хэрэгсэлтэй холбогдуулан шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад “…гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад…” нөхөн төлүүлнэ гэж хуульчилжээ.
Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хууль ёсны төлөөлөгч ........ нь: “... Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч ....... нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 130.800 төгрөг гарсан нь лавлагааны баримт бичгээр тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагчаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэж мэдүүлсэн /1хх-ийн 30 дахь тал/ байх ба холбогдох баримт хэрэгт авагдсан /1хх-ийн 32 дахь тал/ байна.
Шүүгдэгч .......... болон түүний өмгөөлөгч нарын зүгээс дээрх зардлыг төлсөн гэх боловч 2 дугаар хавтаст хэргийн 46 дахь талд авагдсан баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шүүхээс уг зардлыг төлсөн гэж дүгнэх боломжгүй байна.
Мөн хохирогч ......... нь Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улсын гуравдугаар төв эмнэлэг зэрэгт төлбөр төлсөн баримтад Эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн талаар бичигдсэн /2хх-ийн 123, 247 дахь тал/ байх бөгөөд уг асуудалтай холбоотойгоор иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь холбогдох баримтыг бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй байна.
Хохирогч ........ болон түүний хууль ёсны төлөөлөгч ........... нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд хохиролтой холбоотой нотлох баримт гаргаж өгсөн бөгөөд зарим нотлох баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нотлох баримтаа хуульд заасан шаардлага хангаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй үлдэхийг тэмдэглэж байна.
Шүүхээс хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нараас нэхэмжилсэн хохирогчийн ажилгүй байсан хугацааны зардал болох 8.280.000 төгрөг /3 хх-ийн 2-3 дахь тал/, БНХАУ-руу эмчилгээнд явсан зардал болох 6.628.449 төгрөг /2хх-ийн 238-243 дахь тал/ болон хохирогч шүдээ эмчлүүлсэн төлбөр болох 6.500.000 төгрөг /2хх-ийн 7 дахь тал/-ийг тус тус гаргуулахаар шийдвэрлэлээ.
Ингээд нийт 23.760.000 +8.280.000 + 6.628.449 + 6.500.000 = 45.168.449 төгрөгийг гаргуулж хохирогч ......... олгуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчээс дээрх хохиролтой холбоотойгоор шүүх хуралдаанаас өмнө нийт 14.950.000 төгрөгийн хохирол, төлбөр төлсөн талаар талууд хэн аль нь мэдүүлсэн болно. /2хх-ийн 43, 44, 68, 79 дэх тал/
Мөн шүүгдэгч нь хохирол, төлбөр төлөх зорилгоор шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд нэмж 5.000.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн данс руу шилжүүлсэн байна.
Иймд шүүгдэгч ....... 25.218.449 төгрөгийг гаргуулж хохирогч ........., 130.800 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгох нь зүйтэй байна.
Харин “...” ХХК-ийн компанийн үйл ажиллагааны зардал болох “Хөлсөөр ажиллуулах гэрээ” байгуулан ажиллаж байсан ажилчдын цалин, хөлсийг гаргуулах, хохирогч .......... гар утасны мөнгийг гаргуулах нэхэмжлэлийн тухайд:
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Улсын бүртгэлийн ерөнхий газраас хөтлөн явуулдаг https://opendata.burtgel.gov.mn/ website-аас “...” ХХК /РД: .../-ийн нээлттэй мэдээллийг шүүж харахад уг хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч нь ...... байх бөгөөд Гүйцэтгэх захирал ....... гэжээ. Уг хуулийн этгээд нь үйл ажиллагаа явуулж байгаатай холбогдуулан гарсан зардал буюу ажилчдын цалин хөлсийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна.
Мөн хохирогч ....... гар утасны төлбөрийг гаргуулах /1хх-ийн 218 дахь тал/ асуудлын тухайд, уг эд зүйлстэй холбоотой баримт мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулж, бэхжүүлээгүй байх бөгөөд уг хүсэлтээс гадна давхар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Шүүгдэгч ......... хууль бус үйлдлийн улмаас учирсан болон цаашид учирч болох гэм хорын хохирлыг хохирогч ...... нь нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдэхийг тэмдэглэж байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч ....... нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “...Шүүгдэгч ....... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, уг ялыг шүүгдэгчийн оршин суугаа хаягаар нь хязгаарлах саналтай байна. Шүүгдэгч ....... нь цагдан хоригдсон хоноггүй...” гэх дүгнэлт гаргасан болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналтай холбогдуулан “........... хувийн байдлын хувьд эхнэр, хүүхэдтэйгээ түрээсийн байранд амьдардаг, өөрөө цагийн ажил хийдэг. ............ нь тухайн гэмт хэрэг үйлдэгдсэний дараа хохирогчид тусламж үзүүлсэн. Мөн 20.088.000 төгрөгийн хохирол, төлбөрийг төлсөн. Үлдэгдэл хохирол, төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа. Иймд 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч нь нь улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналтай холбогдуулан “...Хэлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хувийн байдалтай холбогдуулж дараах баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 дэх тал/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43 дахь тал/ зэрэг болно.
Шүүгдэгч ........ эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдлоо.
Шүүгдэгч ............ эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч .......... эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгтээ хийж буй түүний дүгнэлт, хувийн байдал зэргийг харгалзан, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.
Зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг тогтоохдоо ........ ... дүүрэгт оршин суудаг байдлыг харгалзан ... дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээгээр хязгаарлахаар тогтов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ............ нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD, хавсаргасан 2 ширхэг CD-г тус тус хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ........ нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч ......... урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ................ . Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь заалтад заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар .......... тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ......... нь ... дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар .......... нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Шүүгдэгч ......... Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар 25.218.449 төгрөгийг гаргуулж хохирогч .........., Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад зааснаар 130.800 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт тус тус олгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD, хавсаргасан 2 ширхэг CD-г тус тус хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ....... нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Хохирогч .......... нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ........... урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ШИНЭХҮҮ