2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2816

 

 

 

 

 

 

 

    2025         12          10                                        2025/ШЦТ/2816

 

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Шинэхүү даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Золзаяа,

Улсын яллагч Я.Амарзаяа,

Шүүгдэгч ...... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ......... яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2506 03737 2720 дугаартай хэргийг 2025 оны 11 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

.............

Холбогдсон хэргийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч ........ нь 2025 оны .... дугаар сарын ...-ний өдөр Баянзүрх дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр ...........тоотод хохирогч ....... хувийн таарамжгүй харилцаанаас болж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ......... нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, үйл баримтын талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10 дахь тал/,

Хохирогч ......... мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-18 дахь тал/,

Хохирогч ......... мөрдөн байцаалтын үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-22, 25 дахь тал/,

Гэрч ..... мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-30 дахь тал/,

Гэрч ...... мөрдөн байцаалтын үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 33-34 дэх тал/,

Гэрч ......... мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 37-39 дэх тал/,

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хх-ийн 70 дахь тал/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ЕГ0725/4924 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 92-93 дахь тал/,

Сэжигтэн ........ мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 42-44 дэх тал/,

Яллагдагч ......... мөрдөн байцаалтын үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 103-104 дэх тал/ зэрэг болно.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллагдагч ........  холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан харьяаллын дагуу шилжүүлсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон, нотлох баримтын хүрэлцээт байдал хангалттай байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Гэм буруугийн талаар шүүхээс дараах дүгнэлтийг хийв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно…”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно…” гэж тус тус заажээ.

Улсын яллагчаас “…Шүүгдэгч ....... нь 2025 оны ..... дугаар сарын ...-ний өдөр Баянзүрх дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр ........ тоотод хохирогч ........ бусадтай маргалдсан асуудлаас болж хохирогч .......... эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч ....... нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй маргаагүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол…” гэж гэмт хэргийн шинжийг хуульчилжээ.

Энэхүү гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу хохирогчийн эрүүл мэндэд заавал хүнд зэргийн хохирол учирсан байх шинжийг шаарджээ.

Сэжигтэн ........ мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...гэрт ороод пиво ууж байхдаа .......... хоёр хоорондоо маргалдаад байхаар нь би боль гэж хэлсэн чинь болихгүй байхаар нь ....... очоод үстсэн. Тэгээд цаашаа зарим зүйлсээ санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-44 дэх тал/,

Яллагдагч ........ мөрдөн байцаалтын үед өгсөн: “...2025 оны ... дугаар сарын ...-ны өдрөөс .....-ны өдөр шилжих шөнө бүжгийн хамтлагийн бэлтгэлийн хүмүүстэйгээ ..... байрлах караокед ууж сууж байгаад дуулж дуусаад Баянзүрх дүүргийн .... дугаар хороо ....... тоотод байрлах манай гэрт манай нөхөр ......., хамтлагийн гишүүн ......., Х, болон манай хамтлагийн хүүхдүүд байсан Бид хэд манай гэрт ирээд архи согтууруулах ундааны зүйл нэмж уусан. Уугаад сууж байтал ......... хоёр хоорондоо удаан маргалдсан. Би тэр хоёрыг болиулах гэхэд .......... мөн адил надтай муудалцаж маргалдсан. Би ..... үсдэж, цохисон. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан болохоор хааш нь яаж цохиж байснаа сайн санахгүй байна. Тэнд хамт байсан хүмүүс ...... бид хоёрыг салгасны дараа цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 103-104 дэх тал/ тус тус авагджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй…” гэжээ. Харин дээрх мэдүүлгүүд дараах нотлох баримтуудаар давхар нотлогдож байна гэж шүүхээс дүгнэлээ. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10 дахь тал/,

Хохирогч ........ мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би ....... хэсэг хугацаанд маргалдсан. ....... миний буруу юм байна намайг уучлаарай гээд намайг тэврээд сууж байсан чинь багшийн эхнэр ...... гэнэт нүүр маажаад үсдээд дарсан дээрээс маш олон удаа цохисон. Би тухайн үед хэн хэн намайг цохисныг бол хараагүй доошоо хараад газар хэвтсэн. Бүжгийн багш ..... голоор орж ирээд гэмгүй хүүхэд битгий зодоод бай гэж хэлээд намайг хамгаалсан. Багшийн эхнэр .... .... багшийг чи яахаараа хамгаалдаг юм наад гичийгээ, янхныг чинь ална шүү гэсэн багшийн хажуугаар нэг гар орж ирээд үснээс зулгаагаад газар чирсэн. ...Би ..... руу дайрах гэтэл намайг бариад ойртуулаагүй. Би чи миний нүүрийг яахаараа мааждаг юм гэтэл нүүр хэсэгт дахиад өшиглөөд, үснээс зулгаагаад тавихгүй чирээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 дахь тал/,

Хохирогч .......... мөрдөн байцаалтын үед өгсөн: “...Тухайн үед манай багш ...... хамтлагийн гишүүдэд хандаж үг хэлэх гэсэн чинь манай ахлагч .... үгийг тасалсан, тэгэхэд нь би дургүйцэж .... маргалдсан. .. намайг ... салгаад гэрээс гараад .. өөрийн амьдралын тухайгаа яриад бид хоёр яриа өрнүүлж дуусаад буцаад орсон. Ороод би ... хажууд суусан. ... удалгүй “миний буруу байсан байна уучлаарай” гээд бид хоёр эвлэрээд байж байсан чинь ... босож ирээд “та хоёр одоо болно” гээд намайг үсдэж нүүр маажиж, намайг доош нь харуулж зодоод байсан. Тэнд байсан бусад хүмүүс намайг доошоо харсан байхад миний дээр бужигнаад хэн нь хамгаалж, хэн нь цохиж байгааг мэдэхгүй би босоод намайг нэг нь салгаж татахад .... миний миний нүүр лүү өшиглөж миний хамрыг хугалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22, 25 дахь тал/,

Гэрч .... мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “......... нарын хамт кино үзээд сууж байтал зодоон болоод явсан. Тэгээд би гүйж очоод салгасан чинь ...... хоёр хоорондоо зодолдож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 дахь тал/,

Гэрч ....... мөрдөн байцаалтын үед өгсөн: “.......орон дээрээс босож ирээд Бтай муудалцсан. Би .......... хоёрыг зодолдож байхад голоор нь орж салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дэх тал/,

Гэрч ........ мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би багшийн хажууд сууж байгаад одоо багшаа болно гэсэн чинь ........ хажуугаас орж ирээд чи яахаараа багшийн дууг хорьдог юм, чи хэн бэ гэсэн. Тэгэхээр нь би энэ хүнийг бага зэрэг мэднэ чи яахаараа над руу дайраад байгаа юм гээд Бд хэлсэн чинь “чиний ангийн дарга гэж ямар юм байдаг юм гөлгөө зайлаарай” гээд намайг хэл амаар доромжлоод байсан тул бид хоёр магалдсан. .... хажууд очиж суугаад миний найз буруу ойлгосон байна, намайг уучлаарай гэж хэлсэн. Тэгсэн чинь .... дуу нь намжаад эхэлсэн. Тэгээд байж байтал ... нь Баа чи одоо больчих гэж ширээ цохиод босоод ирсэн чинь ... нь урдаас нь хэрүүлийн чанартай юм ярьсан тул ... нь үсрээд ширээн дээр гарч ирээд .... үсдээд барьцалдаад авсан. Тэгээд бид нар салах гэж ноцолдож байтал ширээний хөл хугараад газар луу унасан. Бид нар салгаж чадахгүй байсан ба салаад буцаад барьцалдаад аваад байсан тул ... ..... аваад гэрээс гараад явсан. Би ... тэврээд хувцсыг нь янзлаад байж байтал .. гаднаас гүйж орж ирээд ... бид хоёрыг дээрээс хөлөөрөө дэвсээд байхаар нь би ... тавьсан чинь .., Б хоёр нь дахиад зодолдоод нэлээн зодолдож байгаад салсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-39 дэх тал/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ЕГ0725/4924 дугаартай: “.......... биед баруун нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, уруул, баруун, зүүн бугалга, баруун зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулай , баруун, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, зүүн нүдний зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 92-93 дахь тал/-ээр шүүгдэгч ......... тус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байна гэж шүүхээс дүгнэв.Top of FormBottom of Form

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт “…эрүүл, аюулгүй орчинд амьдрах…” гэж заасан Монгол Улсын Иргэний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөнд халдсанаас гадна Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “…хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй…” гэж заасан эрхэд тус тус халдсан үйлдэл байх тул нийгэмд аюултай байна.

Шүүгдэгч ........ нь ......... эрүүл мэндэд халдах үедээ хийж буй үйлдлийнхээ үр дагаврыг ойлгож үйлдсэн бөгөөд шүүгдэгч нь сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадваргүй гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд насанд хүрсэн, өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэжээ.

Хохирогч .......... эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ЕГ0725/4924 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 92-93 дахь тал/-ээр тогтоогдсон байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн хохирол гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч .......... эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд уг хохирол, шүүгдэгч ........ гэм буруутай санаатай үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9 дэх заалтад “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах…” эрхтэй, мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй…” гэж тус тус хуульчилжээ.

Хохирогч ...... нь Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын ..... хэлтэст “...сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй...” гэх хүсэлт гаргасан /хх-ийн 96 дахь тал/ байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар 160.000 төгрөг нэхэмжилсэн /хх-ийн 79 дэх тал/ байна.

2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 89-91 дэх тал/-д Хаан банкны ....... тоот данснаас хохирогч ...... Хаан банкны ....тоот данс руу нийт 1.750.000 төгрөг шилжүүлсэн байна гэжээ.

Яллагдагч .... нь 2025 оны ...... дүгээр сарын ....-ны өдөр мөрдөн байцаалтын үед “...2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ...... хамрын зураг авхуулах мөнгө 200.000 төгрөг бэлнээр, 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр манай нөхрийн ....... дугаартай данснаас ........... данс руу 60.000 төгрөг, 380.000 төгрөг буюу эмнэлгийн үзлэг болон эмийн мөнгө шилжүүлсэн, 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр манай нөхрийн Хаан банкны .......дугаартай данснаас ............ данс руу 70.000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр манай нөхрийн ........ дугаартай данснаас ....... данс руу 300.000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр манай нөхрийн ........ дугаартай данснаас ......данс руу 1.000.000 төгрөг хагалгаанд орох зардлын мөнгө тус тус өгсөн. 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хагалгаанд орох 4.445.000 төгрөг өгч хохирлыг бүрэн барагдуулсан. Хагалгаанд орох хохирлын мөнгө 4.445.000 төгрөг дээр нэмж 1.000.000 төгрөг өгсөн...” гэж /хх-ийн 103-104 дэх тал/,

Хохирогч ....... нь 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын үед “...Би 2025 оны ... дугаар сарын ...-ны өдөр хагалгаанд орох зардлын мөнгө болох 4.445.000 төгрөгийг авсан ба тухайн эмчилгээний мөнгө дээр нэмж надад 1.000.000 төгрөг өгсөн. Надад одоо хохирол гомдол санал байхгүй. Миний хохирлыг ..... бүрэн барагдуулсан...” гэж /хх-ийн 25 дахь тал/ тус тус мэдүүлсэн байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад “…гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад…” нөхөн төлүүлнэ гэж хуульчилжээ.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч ...... авсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардалтай холбогдуулан эрүүл мэндийн даатгалын байгууллагыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон үйл баримт хэрэгт авагдаагүй байх боловч шүүгдэгч нь хохирогч ......... эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал болох 179.000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан дахь ...... тоот дансанд төлсөн /хх-ийн 125 дахь тал/ байна.

Иймд шүүгдэгч ..... нь баримтаар бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

Харин шүүгдэгч ...... хууль бус үйлдлийн улмаас цаашид учирч болох гэм хорын хохирлыг хохирогч ........ нь нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдэхийг тэмдэглэж байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч ....... нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас “...шүүгдэгч ......... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна...” гэх дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгч ....... нь улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналтай холбогдуулж “...Хэлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хувийн байдалтай холбогдуулж дараах баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73 дахь тал/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 55 дахь тал/ зэрэг болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасан учирсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг хөнгөрүүлэн үзлээ.

Шүүгдэгч ....... эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл байдал, үйлдсэн хэрэгтээ хийж буй дүгнэлт, хохирогчид учирсан гэмтлүүд зэрэг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч ....... нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч ...... урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. .......... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ........ 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч ...... нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ...... нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч ...... нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ...... урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ШИНЭХҮҮ