Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 1211

 

 

 

 

 

 

 

 

 

“ХТ” СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/01000 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ХТ” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.Гд холбогдох,

 

Нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээний зардалд 8 178 870 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы  илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Снар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ХТ” СӨХ нь Иргэний хуульд зааснаар 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр анхны хурлаа хийж, хуралд нийт оршин суугчдын 80.6 хувийн ирцтэй оролцож, тус сууц өмчлөгчдийн холбоог байгуулсан.

Хурлын 12/01 тоот шийдвэрээр Иргэний хууль болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд заасныг тус тус үндэслэн сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд сар бүр 103 530 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн.

СӨХ-ны үйлчилгээний төлбөрийн хэмжээг жил бүрийн сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлэн баталдаг бөгөөд анхны хурлын шийдвэрээр баталсан үнийн тариф нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн засварын зардалд 1м.кв 150 төгрөг, лифт 8 250 төгрөг, харуул хамгаалалт 32 500 төгрөг, цэвэрлэгээ 12 750 төгрөг, хог 4 680 төгрөг, цалин хөлс 18 500 төгрөг одоог хүртэл өөрчлөгдөөгүй.

Мөн “ХТ” СӨХ нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд заасны дагуу 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Төрийн банктай 275 тоот “Хамтын ажиллагааны гэрээ”-г байгуулсан ба энэхүү гэрээгээр Төрийн банк нь банкнаас баталсан загвар “ХТ” СӨХ-оос ирүүлсэн ба СӨХ-ны төлбөрийг сууц өмчлөгч иргэдээс нэхэмжлэн, төлбөрийг хураан авч, тус банкин дахь “ХТ” СӨХ-ны харилцах дансанд төвлөрүүлж байхаар харилцан тохиролцсон.

Энэхүү гэрээний дагуу “ХТ” хотхоны оршин суугчид СӨХ-ны төлбөр, алдангийг Төрийн банкинд зохих ёсоор төлсөөр ирсэн. Гэтэл тус 46А байрны 09 тоотод оршин суугч Н.Г нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний төлбөрийг 2012 оны 09 дүгээр сараас хойш өнөөдрийг хүртэлх нийт 79 сарын төлбөр болох 8 178 870 төгрөгийг огт төлөөгүй тул Иргэний хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд тус тус заасны дагуу хариуцагч Н.Ггаас уг мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. “ХТ” СӨХ-ны үйл ажиллагаа явуулж байгаа Блю скай орон сууц нь 2012 онд ашиглалтанд ороод удаагүй байхад Н.Г тус компанийн орон сууц нийтийн аж ахуйг хариуцаж байсан байгууллагад 2012 оны 9 дүгээр сар хүртэлх төлбөрийг төлж байсан.

2012 оны 9 дүгээр сард “ХТ” СӨХ гэнэт гарч ирсэн. Блю скай хотхоны оршин суугчид СӨХ-ны үйл ажиллагаа бид нарын оролцоотой байгуулагдсан юм уу гээд холбогдоход “ХТ” СӨХ материалаа өгдөггүй, мөнгө нэхээд байдаг. Ийм учраас “ХТ” СӨХ нь албан ёсоор байгуулагдаагүй юм байна гэж үзэж байна.. Оршин суугчид бүгдээрээ “ХТ” СӨХ-ны төлбөрийг төлөхгүй гэж байсан. Сүүлд СӨХ-ны хурал хийлгүйгээр зарим хүмүүстэй шууд гэрээ байгуулах замаар СӨХ-ны төлбөрийг төлүүлсэн. “ХТ” СӨХ 2018 онд Засаг даргын Тамгын газарт бүртгүүлж гэрчилгээ авсан байсан. “ХТ” СӨХ байгуулагдсан эсэх нь тодорхойгүй байна.

СӨХ-ны хурал хийсэн талаар болон хурлын ирц, үнэ тогтоосон тогтоол, тэмдэглэл хэргийн материалд байхгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 75 дугаар зүйлийн 75.2.3, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Ггаас орон сууц ашиглалтын төлбөр болон нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээний зардалд 3 727 080 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ХТ” СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 451 790 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “ХТ” СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 145 850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Ггаас улсын тэмдэгтийн хураамжид 74 583 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүх 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газраас нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж, мөн хариуцагч Н.Ггаас орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулахаар захирамжийг уншиж танилцуулсан боловч, тухайн захирамжийг бичгээр гаргахдаа захирамжиндаа дурдаагүй. Улмаар 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өмчлөх эрхийн гэрчилгээг шаардахад “шүүхэд өнөөдрийн байдлаар авч ирсэнгүй” гэсэн тайлбарыг гаргаж байхад шүүх  дээрх захирамжийн биелэлтийг хангуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

Дээрхээс гадна иргэн Н.Г нь 2012 оны 09 дүгээр сараас өнөөдрийг хүртэл Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ХТ хотхон 46А байрны 9 тоотын өмчилж, эзэмшиж нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийг бүрэн ашиглаж байгаа бөгөөд СӨХ-ны зүгээс өмчлөгчийнхөө шаардлагын дагуу түүний өмчлөлийн 104 тоот авто зогсоолыг эд хөрөнгийн доголдолгүй засварлаж өгсөөр байхад 2012 оноос хойш дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг үндэслэлгүйгээр төлөхгүй, төлбөр хуримтлуулснаар тухайн хугацааны иргэн Н.Гд ногдох ашиглалт, засвар, үйлчилгээг ХТ хотхоны бусад орон сууцны өмчлөгчдийн төлбөрөөр төлөгдөж байгаа. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч “ХТ” СӨХ нь хариуцагч Н.Гд холбогдуулан нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээний зардалд 8 178 870 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Н.Г нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...“ХТ” СӨХ байгуулагдсан эсэх нь тодорхойгүй, СӨХ-ны хурал хийсэн талаар болон хурлын ирц, үнэ тогтоосон тогтоол, тэмдэглэл байхгүй” гэж тайлбарлан маргаж байгаа боловч хэрэгт “ХТ” СӨХ-ны Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 44А, Б, В, Г, 46А, Б, В, Г, 48А, Б, Д, Е дугаар байрны оршин суугчдын бүх гишүүд 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдөр, 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр, 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж “дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилахдаа нэг айл өрхөд нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн засварын зардалд 1 м.кв нь 150 төгрөг, лифт 8.250 төгрөг, харуул хамгаалалт 32.500 төгрөг, цэвэрлэгээ 12.750 төгрөг, хог 4.680 төгрөг, цалин хөлс 18.500 төгрөг” байхаар шийдвэрлэсэн болох нь “ХТ” СӨХ-ны оршин суугчдын хурлын тэмдэглэл, уг хуралд оролцсон, гишүүдийн жагсаалт болон гарын үсэг, мөн “ХТ” СӨХ-ны 18/133 дугаар гэрчилгээ, 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн анхдугаар хурлаар батлагдсан дүрэм зэргээр нотлогдож байна. /хх 5-32/

Хариуцагч Н.Г нь 2012 оны 09 дүгээр сараас хойш орон сууц ашиглалтын төлбөр болон нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээний зардлыг төлөөгүй болох нь хэргийн баримтаар тогтоогдсон. /хх 34-35/

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч “ХТ” СӨХ нь 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хариуцагч Н.Гд холбогдуулан “...2012 оны 09 дүгээр сараас 2019 оны 03 дугаар сарыг дуустал хугацааны нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээний зардал” гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх “тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбоотойгоор шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заасан тул уг хугацаа өнгөрснөөс хойш үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэж дүгнэн хариуцагчийн үүргийг 2016 оны 03 дугаар сараас 2019 оны 03 дугаар сарыг дустал хугацаагаар тодорхойлсон нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1 дахь хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүх хариуцагч Н.Ггаас 2016 оны 3 дугаар сараас 2019 оны 3 дугаар сарыг дуустал хугацааны 36 сарын нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээний зардалд 3 727 080 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ХТ” СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 451 790 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т заасантай нийцжээ.

Хэргийн 53 дугаар талд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “СӨХ байгуулагдаж, үнэ тогтоосон талаар хурлын протокол, шийдвэр, хурлын ирц, холбогдох баримтуудыг Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газраас гаргуулах талаар хүсэлт гаргасныг шүүх 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШЗ2019/04578 дугаартай шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо дурдсан хариуцагч Н.Ггаас орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулахаар хүсэлт гаргаагүй байх тул хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх нотлох баримт бүрдүүлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байна.  

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/01000 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ХТ” СӨХ-ноос давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 180 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ш.ОЮУНХАНД

 

                                         ШҮҮГЧИД                                           Б.НАРМАНДАХ

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН