Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2021/ДШМ/923

 

Г.Э-, Ц.Н- нарт холбогдох

        эрүүгийн хэргийн тухай      

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Бат-Эрдэнэ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ундрал, түүний өмгөөлөгч Ж.Цэцэгээ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Долгорнямын өмгөөлөгч Б.Балжидмаа,

шүүгдэгч Г.Э-, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Б.Ариунболор,

шүүгдэгч Ц.Н-, түүний өмгөөлөгч У.Хандсүрэн, Г.Эрдэнэбилэг,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/944 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Г.Э-, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, шүүгдэгч Ц.Н-, түүний өмгөөлөгч У.Хандсүрэн, Г.Эрдэнэбилэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Э-, Ц.Н- нарт холбогдох эрүүгийн 2006 02921 0006 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Г.Э-, 1987 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Завхан аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, ***  ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            2. Ц.Н-, 1984 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй,

            - Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

            Г.Э- нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна.”, 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар инженер, техникийн болон эрүүл ахуйн боловсролтой, мэргэшсэн хүнийг ажиллуулна.”, 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь заалтад заасан “Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”, Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн 3.2.1 дэх заалтад заасан “Кран ба түүний эд анги, элементүүдийг шинэчлэн өөрчлөх, засварлах, угсралтын ажлыг мэргэшсэн ажилчидтай, техникийн нөхцөл боломжоор хангагдсан, энэхүү дүрэм болон стандарт, техникийн нөхцөл шаардлагыг бүрэн хангасан, холбогдох төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан байгууллага, аж ахуйн нэгж гүйцэтгэнэ”, 3.2.2 дахь заалтад заасан “Краны өөрчлөлт, засварын ажлыг мэргэжлийн байгууллага буюу үйлдвэрлэгч байгууллагын боловсруулсан зураг төсөл, техникийн нөхцөлийн дагуу хийж гүйцэтгэнэ” гэсэн заалтуудыг зөрчин Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 204 дүгээр байрны хойд талд байрлах “*** ” ХХК-ийн 9 давхар барилгын талбайд байрлаж байсан QTZ80 загварын цамхагт краныг буулгах ажлыг 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдөр иргэн Д.Б-, Х.А-, А.Л- нараар гүйцэтгүүлсний улмаас уг цамхагт кран иргэн Б.Т-ын гэр дээр унаж, иргэн Д.Б-, Х.А- нар нас барсан, иргэн А.Л-гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан, иргэн Т.Э-ад 4.306.000 төгрөгийн хохирол, иргэн Ж.Я-т 2.217.700 төгрөгийн хохирол, иргэн Б.Т-т 4.031.000 төгрөгийн хохирол тус тус учирсан буюу “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэгт,

            Ц.Н- нь ***  ХХК-ийн механик инженерээр ажиллаж байхдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь заалтад заасан “Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан “Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын хөлс, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах”, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм /MNS 4969:2000 стандарт/-ын 4.9-д заасан “Ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө”, Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн 3.2.2-д заасан “Краны өөрчлөлт, засварын ажлыг мэргэжлийн байгууллага буюу үйлдвэрлэгч байгууллагын боловсруулсан зураг төсөл, техникийн нөхцөлийн дагуу хийж гүйцэтгэнэ”, 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр ***  ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.2-т заасан “Гүйцэтгэх ажил үүрэг: Цамхагт кран угсралт, буулгалт, засвар үйлчилгээ болон бүх төрлийн барилгын өргүүрийн угсралт, буулгалт, засвар үйлчилгээг гүйцэтгэнэ, Техникийн магадлал бичиг баримт бүрдүүлэлт ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг бүрэн хариуцна.’’, Ажлын байрны тодорхойлолтын чиг үүргийн 3-т заасан “Ажлын байрны гол үйл ажиллагаа: Нийт ажилчдад хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, хүн бүрийн мөрдөх зайлшгүй ажиллагааны зааварчилгаа, үйлдвэрийн дотоод журам, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон галын аюулгүй ажиллагааны дүрэм, хамгаалах хувцас, багаж хэрэгслийг зөв зохистой хэрэгжүүлж хэвшүүлэхэд хяналт тавих”, Шинээр орж байгаа ажилчин болон нийт ажилчдадаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгааг ажлын онцлог бүрд нь тохируулан өгөх”, “Тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар, суурилуулалтыг үйлчилгээг бүрэн хариуцах” гэсэн заалтуудыг зөрчин Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 204 дүгээр байрны хойд талд байрлах “*** ” ХХК-ийн 9 давхар барилгын талбайд байрлаж байсан QTZ80 загварын цамхагт краныг буулгах ажлыг 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдөр иргэн Д.Б-, Х.А-, А.Л- нараар гүйцэтгүүлсний улмаас уг цамхагт кран иргэн Б.Т-ын гэр дээр унаж, иргэн Д.Б-, Х.А- нар нас барсан, иргэн А.Л-гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан, иргэн Э-ад 4.306.000 төгрөгийн хохирол, иргэн Ж.Я-т 2.217.700 төгрөгийн хохирол, иргэн Б.Т-т 4.031.000 төгрөгийн хохирол тус тус учирсан буюу “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Э-, Ц.Н- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.                                  

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Э-, Ц.Н- нарыг “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хоёр хүний амь насыг хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-ыг 5 жилийн хорих ялаар, шүүгдэгч Ц.Н-ийг 4 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг тус тус баримтлан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ундралд 5.518.646 төгрөгийг шүүгдэгч Г.Э-аас, 10.518.646 төгрөгийг шүүгдэгч Ц.Н-ээс, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Долгорнямд 3.151.889 төгрөгийг шүүгдэгч Г.Э-аас, 18.151.890 төгрөгийг шүүгдэгч Ц.Н-ээс гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Долгорнямд 2015 онд төрсөн Б.Хулангоог 18 насанд хүртэл эхний 3 сард 132.000 төгрөгийг, цаашид сар бүр 240.000 төгрөгийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ундралд 2014 онд төрсөн А.Анар, 2017 онд төрсөн А.Амин-Эрдэнэ, 2019 онд төрсөн А.Энхсаруул нарыг 18 насанд хүртэл сар бүр 259.585 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ж.Я-т 2.217.700 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Т-т 4.131.000 төгрөгийг шүүгдэгч Г.Э-, Ц.Н- нараас хувь тэнцүүлэн гаргуулж тус тус олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ундрал, Б.Долгорням, иргэний нэхэмжлэгч Б.Я-, Б.Т- нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Г.Э-, Ц.Н- нараас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэж, шүүгдэгч Г.Э-, Ц.Н- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Г.Э- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...амь эрсдсэн нөхдийнхөө ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж уучлалт гуйж байна. Анхан шатны шүүх хуралдаанд хууль зүйн мэдлэг дутмаг байдлаас шалтгаалан өөрийн алдаатай хийсэн гэрээ, компанийнхаа дутуу гүйцэтгэсэн үйл ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа, нэг бүрийн хамгаалах хэрэгслийг өгөөгүйн улмаас осол болсныг ухамсарлаагүй. Ажиллагаа дутуу явагдсаныг надад хэлж танилцуулаагүй. Бүх зүйл хууль дүрмийн дагуу явагдсан гэж бодож анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугүй хэмээн маргасан. Бусдын худал хуурмаг хэлсэн үг яриа, хууль бус бичгийн нотлох баримтууд байгаа боловч эдгээрийг ярих нь ёс зүйд нийцэхгүй байжээ. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байна. Шүүхийн шийдвэр гарахаас өмнө хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Долгорнямд 15.000.000 төгрөг, Б.Ундралд 5.000.000 төгрөгийг тус тус төлсөн ба одоо шүүхийн шийдвэрээр тогтоогдсон 3.152.000 төгрөгийг Б.Долгорнямд, 5.520.000 төгрөгийг Б.Ундралд тус тус нөхөн төлсөн болно. Цаашид иргэний нэхэмжлэлээр тогтоогдсон төлбөрийг цаг тухайд нь бүрэн төлж, амь эрсдсэн нөхдийнхөө ар гэрийн амьдралд өөрийн чадлаараа хувь нэмрээ оруулж үр хүүхдүүдийг нь 18 нас хүртэл нь тусалж дэмжиж явахаа илэрхийлж байна. Дээрх байдлыг харгалзан үзэж намайг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, ялаас чөлөөлж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Ц.Н- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүхээс тогтоосон хохирол төлбөрийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт төлж барагдуулж байгаа болно. Цаашид ч үргэлжлүүлэн төлж барагдуулахаа илэрхийлж байна. Миний эхнэр Баясгалан нь “ТЭЦ-4”-т ажилладаг бөгөөд одоогоор 3 охин, гэр бүлээ авч явдаг. Иймд эдгээр нөхцөл байдлыг харгалзан надад нэг удаа боломж олгож, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгөхийг хүсэж байна. ...” гэв.

            Шүүгдэгч Г.Э-ын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолд заасан гэм буруугийн дүгнэлт болон хохирол, иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэсэн хэсгийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа болно. Харин анхан шатны шүүх 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялаас өршөөн хэлтрүүлэх заалтыг хэрэглэлгүй, хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэснийг шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Шүүгдэгч Г.Э- нь 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдөр гарсан болгоомжгүй гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад заасан хугацаанд хамаарч байгаа ба мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд заасан өөрт оногдох хохирол төлбөрийг төлсөн, төлөхөө илэрхийлж байгаа болно. Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, 12.10 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Г.Э-ыг хорих ялаас өршөөн чөлөөлж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Ц.Н-ийн өмгөөлөгч У.Хандсүрэн, Г.Эрдэнэбилэг нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо болон өмгөөлөгч У.Хандсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч байна. Шүүгдэгч Ц.Н- болон өмгөөлөгч нарын зүгээс 2 хүний амь хохироосон үйлдэл дээр маргаагүй, зөвхөн ***  ХХК-иас гаргаж өгсөн нотлох баримтууд болох хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэрэг нь хуулийг зөрчсөн, алдаатай, нөхөж үйлдсэн байх магадлалтай байсан. Тухайлбал:

            1. Захирал Г.Э-ын “...Н- нь хамгийн анх аж ахуйн хашааны няравын ажил хийе гэж очоод яваандаа өөрийн хүсэлтээр инженерийн ажил хийе гэсэн...” /3хх 19/ гэх мэдүүлэг байдаг. Тэрээр 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр аж ахуйн няравын ажил хийх гэж очсон Ц.Н-тэй шууд механик инженер, ХАБЭА-аар томилж хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт үйлдсэн байх нь ойлгомжгүй.

            2. ***  ХХК нь ажилчдын цалин хөлсийг сар бүрийн 15, 30-ны өдөр олгодог байсан ба шүүгдэгч Ц.Н-ийн эхний цалин хөлс 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 400.000 төгрөг олгогдсон. Хэрвээ шүүгдэгч Ц.Н- нь 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр тус ХХК-д ажиллаж эхэлсэн бол эхний цалин хөлс 2020 оны 3 дугаар сарын 15, 30-ны өдрүүдэд олгогдож эхлэх байсан. Ц.Н-ийг 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр тус ХХК-д ажиллаж эхлээгүй, хөдөлмөрийн гэрээ хийгдээгүй болох нь түүний дансны хуулга, шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдож байна.

            3. Хэрэг учрал гарсан өдөр амь хохирогч нарыг хэн дуудан авчирсан, ажлын санал тавьсан, ажил эхлүүлсэн этгээдийг тогтоогоогүй. Хэрвээ Ц.Н- тус ХХК-ийн хууль ёсны ХАБЭА байсан бол ХХК-ийн зүгээс ажиллах боломжоор хангаагүй, ажил эхлэхийг мэдэгдээгүй. Захирал Г.Э-ын эцэг Н.Га-аас “...тус ХХК-ийн үйл ажиллагаанд огт оролцдоггүй, мэдэхгүй...” гэж мэдүүлдэг атлаа ганцхан Ц.Н-ийн тухай мэдэж байдаг. Ц.Н- нь ХАБЭА гэдгээ ойлгоогүй, энэ ажлын талаар ойлголт мэдлэг байхгүй, мэргэжлийн бус хүн зэрэг эргэлзээ бүхий нөхцөл байдал байсан тул тэрээр мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн зөвшөөрч чадаагүйг шүүх бүрэлдэхүүн ойлгохыг хүсэж байна.

            4. Шүүгдэгч Ц.Н- нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байхад шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтыг зөрчиж түүнийг “...учруулсан бодит хохирлоо нөхөн төлж барагдуулах чухам ямар боломж нөхцөл байгааг илэрхийлсэн гэж үзэхээргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар гомдолтой байгаа...” гэсэн үндэслэлээр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжгүй гэж дүгнэсэн. Өршөөл үзүүлэх тухай хууль нь үүрэгжүүлсэн хууль ба хуулийн гол зорилт нь эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх, хохирлоо нөхөн төлсөн эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байхыг шаардсанаас өөрөөр ямар нэгэн бичгийн болон гэрээ хэлцэл хохирогч нартай хийсэн байхыг шаардаагүй байхад шүүгдэгч Ц.Н-ийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасанд гомдолтой байна.

            2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялыг бүхэлд нь өршөөн хэлтрүүлсэн заалтыг хэрэглэлгүй, хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзнэ.

            Иймд шүүгдэгч Ц.Н- нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирлын мөнгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, өөрт оногдох хохирол төлбөрөөс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Долгорням, Б.Ундрал нарт төлсөн зэргийг харгалзан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, биечлэн эдлэх 4 жилийн хорих ялаас чөлөөлж өгнө үү.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “...өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөх үйл ажиллагаатай холбоотой харилцааны баримтыг нотлох баримтаар тооцохгүй. ...” гэж заасан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Долгорням өмгөөлөгч нартай хийсэн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ болон өмгөөлөгчийн зардлыг шилжүүлсэн 10.000.000 төгрөгийн баримтыг анхан шатны шүүхээс нотлох баримтаар үнэлж хангаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Н-ийн өмгөөлөгч Г.Эрдэнэбилэгээс тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ундралаас тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ундралын өмгөөлөгч Ж.Цэцэгээ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Э- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байсан. Харин давж заалдах шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Шүүх хуралдаан болохоос өмнө хохиролд 5.000.000 төгрөг төлсөн. Шүүх хуралдааны дараа 29.920.990 төгрөгийг төлсөн. Хохиролд нийт 34.920.990 төгрөгийг төлж барагдуулаад байна. Шүүгдэгч Ц.Н-ийн хувьд анхан шатны шүүх хуралдаанд хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн боловч хохирогч нартай байгуулсан гэрээ байхгүй, хохирлыг нөхөн төлөх бодит нотлох баримтыг шүүх хуралдаанд гаргаагүй гэсэн үндэслэлээр түүнийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулаагүй байдаг. Өнөөдрийн байдлаар шүүгдэгч Ц.Н- нь хохирогчийн ар гэрийнхэнд 8.500.000 төгрөгийг төлсөн байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ундрал нь 2-9 насны 3 хүүхэдтэй. Орон байргүй. Хүүхдүүдийнх нь эцэг нас барснаас болж амьдралын баталгаа алдагдсан. Иймээс 3 хүүхдийг нь амьдрах орон байртай болгох эхний асуудал байна. Орон байраар хангуулах хүсэлт гаргасан боловч иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн. Одоогийн байдлаар гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлыг төлж барагдуулсан. Цаашид 3 бага насны хүүхдийг орон байраар хангахад зохих хэмжээний туслалцаа дэмжлэг үзүүлэх байх. Үзүүлэхгүй бол шийтгэх тогтоолд заасны дагуу иргэний журмаар жич нэхэмжилнэ. Иймд шүүгдэгч нарыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс татгалзах зүйлгүй байгаа. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Долгорнямын өмгөөлөгч Б.Балжидмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолыг хууль ёсны үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон. Энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд гэмт хэргийн улмаас учирсан шууд бодит хохирлыг төлөхөөр заасан байна. Хүний амь нас мөнгөөр үнэлэгдэхгүй, нөхөж баршгүй зүйл байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасан нотлох баримтад хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг тооцохгүй гэж тайлбарласан. Гэтэл өнөөдөр 2018 оны Засгийн газрын 164 дүгээр тогтоолын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд өмгөөлөгчийн төлбөр орсон байгаа. Шүүгдэгч нарын гэм буруугийн улмаас хүний амь нас хохирч, айл гэрт эд материалын хохирол учирсан тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Долгорнямын талаас өмгөөлөгч авсан. Иймд өмгөөлөгчийн зардлыг хохиролд тооцох нь зүйтэй гэж үзэж байна. Шүүгдэгч Г.Э-аас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Долгорнямд 3.151.000 төгрөгийг төлөх үлдэгдэл байсныг төлж барагдуулсан. Шүүгдэгч Ц.Н- нь 15.400.000 төгрөгийг төлсөн. Баримт нь шүүхэд очсон байна. Шүүгдэгч Ц.Н- үлдэгдэл төлбөр болох 3.000.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж байна гэж ойлголоо. Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах эсэх асуудал дээр хэлэх саналгүй байна. Шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх байх. ...” гэв.

Шүүгдэгч Г.Э-ын өмгөөлөгч Б.Ариунболор тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Г.Э- нь өөрийн хайхрамжгүй болгоомжгүй байдал болон хяналт тавиагүйн улмаас барилгын талбайд осол гарсантай холбоотой гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр гарахаас өмнө болон гарсны дараа хохирол төлбөрийг төлсөн талаараа хэлсэн. Анхан шатны шүүхээс тогтоосон хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Иймд давж заалдах гомдолд дурдсанаар Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Д.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч нар хохирол төлбөрийг төлж байсан боловч их хэмжээний хохирол төлбөрийн үлдэгдэл байсан. Шүүгдэгч нар мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирол төлбөрийг хэрхэн яаж барагдуулах талаар тодорхой байр суурь илэрхийлээгүй. Анхан шатны шүүхээс Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжгүй байна гэж үзсэн. Шийтгэх тогтоол гарсны дараа тодорхой хэмжээний хохирол төлбөрийг төлж барагдуулсан байна. Шүүгдэгч нарыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах асуудал дээр тусгайлан гаргах саналгүй. Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах эсэх асуудал нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

            Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох осол гарсан үйл явдал, түүний дараах нөхцөл байдлын талаар мэдүүлсэн:

            - амь хохирогч Х.А-ын хууль ёсны төлөөлөгч Б.Ундралын “...2020 оны 7 дугаар сарын 3-ны өдөр манай нөхөр А-ын найз нь залгаад “Краны ажил байна, ирж ажиллах уу” гэхээр нь зөвшөөрөөд манай нөхөр ажиллахаар явсан. ...” /2хх 26-27/,

            - амь хохирогч Д.Б-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Долгорнямын “...би гадуур явж байхад манай ээж Дуламсүрэн над руу залгаад “Аав чинь ажил дээрээ байж байгаад бэртсэн гэнэ, миний охин хаана байна, бид хэд гэмтлийн эмнэлэг явах гэж байна” гэж хэлсэн. Тэгээд удалгүй эмнэлэг дээр явж очоод гэмтлийн эмчтэй уулзахад манай аавыг зүрх нь тасалдаад ухаангүй ирсэн гэж хэлсэн. Тэгээд би аавын байгаа өрөөнд ороход баруун нүд нь хагас аньсан байдалтай, баруун чихнээс нь цус гарсан байсан. ...” /2хх 31-33/,

            - хохирогч А.Л-гийн “...***  ХХК-д ажилладаг Б- гэх хүн надад “Кран буулгах ажил байна” гэж хэлсэн. ... А- зөвшөөрөөд 13 цаг өнгөрч байхад ирсэн. Бид гурав 5 дахь секцээ буулгачхаад дараагийн секцээ буулгахаар түлхэж гаргаад крандаа өргөтөл “Зогсож бай” гэж Б- хэлэхээр нь зогсоод хойшоо болоод сандал дээр суутал хойшоо саваад уначихсан юм. Тухайн үйл явдал болоход 21 цаг болж байсан бөгөөд бүхээг дотор байсан учир урд талд байдаг хөндлөн төмрөөс дүүжлэгдээд унасан. ... Ерөөсөө хяналт тавиагүй. Кран буулгах ажиллагаанд хяналт тавьж, сануулга, аюулгүй ажиллагааны хувцас, хэрэгсэл өгсөн хүн байхгүй. ... Бид гуравт ямар нэгэн зааварчилгаа болон аюулгүй байдлаа хангаж ажиллах талаар хэлж өгөөгүй. ...” /2хх 36-37, 54-56, 57-58/,

            - иргэний нэхэмжлэгч Т.Э-ын “...манай гэрийн урд талд баригдаж байгаа “*** ” ХХК-ийн барилга дээр ажиллаж байсан кран манай дүү Т-ын гэрийг дараад, мөн урд нь байсан миний ажлын чингэлгийн зүүн талд булан дээр кран дарж унаад зүүн хойд тал нь нэлэнхийдээ шалчийсан байсан. Мөн гадна байсан гар аргаар хийсэн төмөр бөөрөнхийлөх, төмөр матаж хэвд оруулах зориулалт бүхий багаж нар бүгд хугарч эвдэрсэн, шинэ хагас автомат гагнуурын аппарат гадна хамгаалалтын төмөр нь сөрдийсөн байсан. Түүнчлэн 600-тай каатангийн хайч иш нь хугараад гар нь тахийсан байсан. ...” /2хх 39-40/,

            - иргэний нэхэмжлэгч Ж.Я-ийн “...би дүү Т-ын гэрт өөрийн хэвийн ажиллагаатай хуучин 3 ширхэг зурагт, модон ор, цахилгаан зуух зэрэг эд зүйлээ түр үлдээж хадгалуулсан боловч ашиглах боломжгүй эвдэрсэн байна. ...” /2хх 42/,

            - иргэний нэхэмжлэгч Б.Т-ын “...2020 оны 7 дугаар сарын 3-ны орой 21 цаг өнгөрч байхад би хашааны хаалгаар орж ирээд алхаж байтал муухай дуу гарсан. Тэгээд эргээд хартал урд талын барилгын кран унаж байхаар нь би бултсан. Гэтэл миний гэр дээр уначихсан юм. Тэгээд гэрт байсан эд зүйл эвдэрч сүйдсэн. ...” /2хх 44-45/ гэсэн мэдүүлгүүд,

            кран буулгах үйл ажиллагаа, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, шүүгдэгч нарын ажил үүргийн хуваарьтай холбогдуулан мэдүүлсэн:

          - гэрч Н.Ал-ийн “...2018 оны 5 дугаар сараас ***  ХХК-д хөдөлмөрийн түр гэрээгээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар ажиллаж байгаад 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр нурууны өвчтэй хагалгаанд орж, хөдөлмөрлөх чадвар 70 хувь алдсан тул группт орж, цаашид ажиллах боломжгүй болсон. ... Надад болсон хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. Сүүлд осол гарч хүн нас барсан гэдгийг сонссон. ... Кран буулгах ажлыг гүйцэтгэх үед хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч гарын үсэг зуруулдаг. Мөн өндрийн бүс, хамгаалалтын малгай, духны гэрэл, бээлий, багажийн сав, аваарын олс зэрэг хэрэгсэл өгөх ёстой байдаг. ...” /2хх 46/,

          - гэрч Ж.Ш-гийн “...2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр “*** ” ХХК-ийг төлөөлөн би кран угсрах, буулгах зөвшөөрөлтэй ***  ХХК-ийн захирал Э-тай “Кран буулгах, зөөвөрлөх, угсрах гэрээ”-г байгуулж, уг гэрээний дагуу ажлын хөлс 11.000.000 төгрөгөөс 6.000.000 төгрөгийг төлсөн. Улмаар 2020 оны 7 дугаар сарын 3-ны өглөө ***  ХХК-ийн гурван ажилтан ирчихсэн кран буулгаж байсан. ... ***  ХХК-тай хийсэн “Кран буулгах, зөөвөрлөх, угсрах гэрээ”-ний 3.6 дугаар зүйлд хөдөлмөрийн аюулгүй байдлыг гүйцэтгэгч тал буюу ***  ХХК бүрэн хариуцна гэж заасан. Үүний дагуу кран буулгах, зөөвөрлөх, угсрахтай холбоотой гарсан асуудал, хариуцлагыг ***  ХХК хариуцах ёстой. ...” /2хх 59/,

          - гэрч М.Ба-ын “...Манай “*** ” ХХК нь кран буулгах, угсрах, зөөвөрлөх тусгай зөвшөөрөлгүй тул эрх бүхий ***  ХХК-тай гэрээ хийж, уг ажлыг хариуцуулан хийлгэхээр болсон юм. Гэрээнд цамхагт кран буулгах, угсрах ажлыг ***  ХХК бүрэн хариуцахаар заасан бөгөөд үүний дагуу холбогдох гарах хариуцлагыг хүлээхээр зохицуулсан юм. ... Кран буулгах ажлыг гүйцэтгэх үед хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг ***  ХХК хангуулж ажиллах ёстой. ...” /2хх 60-61/,

          - гэрч С.Х-ы “...2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр “*** ” ХХК-тай манай ***  ХХК-ийн захирал Э- нь QTZ80 загварын цамхагт кран буулгах, зөөвөрлөх угсрахаар “Ажил гүйцэтгэх гэрээ“-г хийж 11.000.000 төгрөгийн хөлс авахаар тохирч урьдчилгаа 6.000.000 төгрөгийг авч, манайд ажиллаж байгаад гарсан Б- гэх хүнтэй захирал Э-ын аав болох Га- нь бичгээр гэрээ хэлцэл хийлгүй амаар тохиролцоод уг ажлыг хийлгэхээр болсон гэсэн. Tэр талаар тодорхой хэлж мэдэхгүй байна. 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Б- нь хоёр хүнтэй хамт “*** ” ХХК-ийн баригдаж дууссан барилгаас кран буулгаж байгаад унаж Б- хамт байсан нэг хүнтэй нас барсан осол болсон. ... Н- нь цамхагт кранд ажиллаж байгаа хүмүүсийг хариуцаж ажиллахаар инженерээр ажилд орж байсан. ...” /2хх 62, 3хх 13/,

          - гэрч Н.Га-ын “...Н- нь ***  ХХК-ийн инженер гэж явдаг юм. ...” /3хх 18/,

          - шүүгдэгч Ц.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...***  ХХК-ийн хүний нөөцийн дарга Х- нь миний найз бөгөөд 2020 оны 3 дугаар сард миний утас руу залгаад “Манай компанид инженерийн ажил байна, чи орох уу” гэж асуусан. Тэгээд би “Кран мэдэхгүй, ямар ч мэргэжил байхгүй” гэж хэлтэл “Явцын дундаа сурчихна” гэж хэлсэн. Тэгээд би уг компанид 2020 оны 4 дүгээр сарын эхээр ***  ХХК-ийн захирал Э-тай очиж уулзсан бөгөөд тэр өдрөө буюу 4 дүгээр сарын 5-наас 6-ны хооронд инженерийн албан тушаалд орж ажиллаж эхэлсэн юм. ... 2020 оны 7 дугаар сарын 3-ны өглөө захирлын аав Га- ах яриад “Б-ийг 80 кран буулгахаар оруулчихсан” гэж хэлээд “Чи залгаарай” гэхээр нь би Б- гэх хүний утас руу 09-10 цагийн орчим залгахад “Тастагч авчраад өгөөч” гэж хэлсэн. ...” /2хх 229-230/,

          - шүүгдэгч Г.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Н-ийг өөрийн хүсэлтийн дагуу инженерийн ажилд авсан. Анх аж ахуйн нярвын ажилд очиж байсан юм. Хамгийн анх аж ахуйн хашааны няравын ажил хийнэ гэж очоод яваандаа өөрөө инженерын ажил хийе, би краныг хариуцаж ажил хийе, миний цалинг нэмээч гэсний дагуу краныг хариуцан ажиллаж эхэлсэн юм. Хөдөлмөрийн гэрээнд зааж өгсөн байгаа. ... Манай байгууллага өөр бусад компани, захиалагчийн ажлын талбайд ажиллахад Н- нь захиалагч талын ХАБЭА-тай хамтарч краны арчилгааг хариуцах /кран буулгалт, угсралт/ ёстой юм. ...” /3хх 19/ гэсэн мэдүүлгүүд,

          - хэргийн газарт үзлэг /нөхөн/ хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 5-42/,

          - “*** ” ХХК болон ***  ХХК-ийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ /1хх 50-51/,

          - ***  ХХК-д олгогдсон тусгай зөвшөөрөл, тус ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд /1хх 52-53, 68, 140-142/,

          - “*** ” ХХК болон “*** ” ХХК-ийн хооронд байгуулсан кран худалдах, худалдан авах гэрээний хуулбар, бүртгэлт, шилжилт, магадлалын хуулбарууд /1хх 56-57, 70-74/,

          - Ц.Н-ийг 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн ***  ХХК-ийн инженер техникийн албанд механик инженерийн ажилд томилсон тухай тус ХХК-ийн захирал Г.Э-ын тушаал, хөдөлмөрийн гэрээний хуулбар, ажлын байрны тодорхойлолт /1хх 153, 154-156, 171-172, 180/,

          - ***  ХХК-ийн захирал Г.Э-ын баталсан “Өргөх, тээвэрлэх, төхөөрөмж ашиглах аюулгүй ажиллагааны журам”-ын хуулбар /1хх 182-183/,

          - кран буулгах үйл ажиллагаанд холбогдох хууль, дүрэм, журам зөрчигдсөн эсэхийг тогтоосон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Я.Дамдинрагчаа, тус газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн өргөх механизмын хяналтын улсын ахлах байцаагч Г.Эрдэнэхүү нарын гаргасан шинжээчийн 2020-/02/04 дугаартай дүгнэлт /2хх 72-74/,

          - уг дүгнэлттэй холбогдуулан тайлбар өгсөн гэрч Я.Дамдинрагчаагийн “...ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажлын байрны тодорхойлолтыг баталж мөрдөх үүрэгтэй. Үүний дагуу инженер Н-, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан Ал- нарын ажлын байрны тодорхойлолтыг гаргаж 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр баталж мөрдүүлсэн байна. Н-ийн ажлын байрны тодорхойлолтод давтан зааварчилгаа өгөхөөр заасан байна. Давтан зааварчилгаа нь ээлжит, ээлжит бус, өдөр тутмын гэсэн 3 төрөлтэй. Өдөр тутмын зааварчилгааг барилгын салбарт ажиллагсдад өдөр бүр ажил эхлэхийн өмнө зааварчилгааг өгч гарын үсгээр баталгаажуулах үүрэгтэй. Энэ чиг үүргийг инженер Н- хариуцна. Харин хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан нь өдөр тутмын зааварчилгаа өгөх үүргийг хүлээхгүй. Хяналтын чиг үүргийг хэрэгжүүлнэ. ... Инженер Н- нь ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу чиг үүргээ хэрэгжүүлнэ. Өдөр тутмын зааварчилгааг амь хохирогч, осолдогч нарт өгөөгүй бөгөөд 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдөр зааварчилгаа өгсөн тэмдэглэл байхгүй. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан болон инженер хоёрын ажлын байрны тодорхойлолтод шинээр орж байгаа ажилтан болон нийт ажилчдад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгааг өгөхөөр заасан байна. 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер Ал- нь хүндэтгэх шалтгааны улмаас ажил үүргээ гүйцэтгээгүй байсан байна. Харин инженер Н- нь ажил үүргээ гүйцэтгэж байсан тул ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу зааварчилгаа өгөх үүргийг хүлээнэ. “*** ” ХХК, ***  ХХК-ийн хооронд хийсэн гэрээний дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг ***  ХХК өөрөө шууд хариуцна. Краныг буулгахдаа дүрэмд заасны дагуу засварын ажлыг хийхдээ мэргэжлийн байгууллагын зураг төсөл, техникийн нөхцөлийн дагуу хийж гүйцэтгээгүй гэж үзэж байна. Кран буулгах ажлыг мэргэжлийн байгууллагаас зөвшөөрөл авсан, эрхийн үнэмлэхтэй тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд гүйцэтгэх ёстой. Гэтэл уг амь хохирогч нар ***  ХХК-ийн үндсэн ажилчид биш байсан. ...” /2хх 209-210/ гэсэн мэдүүлэг,

          - Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч П.Чойсүрэнгийн гаргасан 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ХАБ-20201216/03 дугаартай “Нэмэлт шинжилгээ хийсэн тухай” шинжээчийн дүгнэлт /2хх 81-83/,

          - Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Г.Баясгалан, Д.Бахдамбаяр, Г.Хуягбаатар нарын бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2021-05/17 дугаартай “Дахин шинжилгээ хийсэн тухай” дүгнэлт /3хх 34-35/,

          - QTZ-80 загварын краны техникийн байдлын талаар гаргасан Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч П.Дашдаваагийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 02-07-025/1069 дугаартай дүгнэлт /1хх 65/,

          - хохирогч А.Л-гийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 7768 дугаартай дүгнэлт /2хх 89-90/,

          - амь хохирогч Х.А-, Д.Б- нарын цогцост задлан шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1411, 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1419 дугаартай дүгнэлтүүд /2хх 93-98, 118-121/,

          - осолд өртсөн Монгол гэр, доторх тавилга, эд хогшилд учирсан хохирлын үнэлгээний хийсэн тайлан /2хх 186-192/, уг гэрийн ойролцоох бусад эд хөрөнгөнд учирсан хохирлын үнэлгээний тайлангууд /2хх 113, 137-138, 174-175, 178-179/ зэрэгт дүн шинжилгээ хийж, харьцуулан судлахад:

             Г.Э- нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна.”, 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар инженер, техникийн болон эрүүл ахуйн боловсролтой, мэргэшсэн хүнийг ажиллуулна.”, 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь заалтад заасан “Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”, Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн 3.2.1 дэх заалтад заасан “Кран ба түүний эд анги, элементүүдийг шинэчлэн өөрчлөх, засварлах, угсралтын ажлыг мэргэшсэн ажилчидтай, техникийн нөхцөл боломжоор хангагдсан, энэхүү дүрэм болон стандарт, техникийн нөхцөл шаардлагыг бүрэн хангасан, холбогдох төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан байгууллага, аж ахуйн нэгж гүйцэтгэнэ”, 3.2.2 дахь заалтад заасан “Краны өөрчлөлт, засварын ажлыг мэргэжлийн байгууллага буюу үйлдвэрлэгч байгууллагын боловсруулсан зураг төсөл, техникийн нөхцөлийн дагуу хийж гүйцэтгэнэ” гэсэн заалтуудыг,

            Ц.Н- нь ***  ХХК-ийн механик инженерээр ажиллаж байхдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь заалтад заасан “Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан “Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын хөлс, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах”, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм /MNS 4969:2000 стандарт/-ын 4.9-д заасан “Ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө”, Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн 3.2.2-д заасан “Краны өөрчлөлт, засварын ажлыг мэргэжлийн байгууллага буюу үйлдвэрлэгч байгууллагын боловсруулсан зураг төсөл, техникийн нөхцөлийн дагуу хийж гүйцэтгэнэ”, 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр ***  ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.2-т заасан “Гүйцэтгэх ажил үүрэг: Цамхагт кран угсралт, буулгалт, засвар үйлчилгээ болон бүх төрлийн барилгын өргүүрийн угсралт, буулгалт, засвар үйлчилгээг гүйцэтгэнэ, Техникийн магадлал бичиг баримт бүрдүүлэлт ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг бүрэн хариуцна.’’, Ажлын байрны тодорхойлолтын чиг үүргийн 3-т заасан “Ажлын байрны гол үйл ажиллагаа: Нийт ажилчдад хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, хүн бүрийн мөрдөх зайлшгүй ажиллагааны зааварчилгаа, үйлдвэрийн дотоод журам, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон галын аюулгүй ажиллагааны дүрэм, хамгаалах хувцас, багаж хэрэгслийг зөв зохистой хэрэгжүүлж хэвшүүлэхэд хяналт тавих”, Шинээр орж байгаа ажилчин болон нийт ажилчдадаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгааг ажлын онцлог бүрд нь тохируулан өгөх”, “Тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар, суурилуулалтыг үйлчилгээг бүрэн хариуцах” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 204 дүгээр байрны хойд талд байрлах “*** ” ХХК-ийн 9 давхар барилгын талбайд байрлаж байсан QTZ80 загварын цамхагт краныг буулгах ажлыг 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдөр иргэн Д.Б-, Х.А-, А.Л- нараар гүйцэтгүүлсний улмаас уг цамхагт кран иргэн Б.Т-ын гэр дээр унаж, иргэн Д.Б-, Х.А- нар нас барсан, иргэн А.Л-гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан, иргэн Э-ад 4.306.000 төгрөгийн хохирол, иргэн Ж.Я-т 2.217.700 төгрөгийн хохирол, иргэн Б.Т-т 4.031.000 төгрөгийн хохирол тус тус учирсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

            Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо ноцтой зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба эдгээрийг үндэслэн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Э-, Ц.Н- нарын гэм буруутай үйлдлийг бодитой тогтоож, “гэм буруу, гэмт хэргийн шалтгаант холбоо” болон “Ц.Н-ийн ажил үүргийн хуваарьтай холбогдох нотлох баримтуудыг нөхөн үйлдсэн” асуудлаар маргасан шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын тайлбарт тус тус үндэслэл бүхий няцаалт хийжээ.

            Өөрөөр хэлбэл, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас дүгнэвэл ажил олгогч “Цамхагт кран” ХХК-ийн захирал Г.Э-, тус ХХК-ийн механик инженерээр ажиллаж байсан Ц.Н- нар хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ хэрэгжихүйц хэмжээнд хангаагүй буюу Г.Э- нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар мэргэжлийн бус, ямар ч туршлагагүй хүнийг томилон ажиллуулсан, кран угсралтын ажлыг гүйцэтгэх мэргэшсэн ажилчидгүйгээс аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй гадны хүмүүсийг ажиллуулж, тэднийг ажлын онцлогт нь тохирсон хувцас, хамгаалах хэрэгслээр хангаагүй, уг ажлыг мэргэжлийн байгууллагын боловсруулсан зураг төсөл, техникийн нөхцөлийн дагуу хийж гүйцэтгүүлээгүй, харин Ц.Н- нь өөрийн хяналт тавьж буй ажлын үйл ажиллагаанд гарч болзошгүй аюул, эрсдэлийг урьдчилан тооцож, энэ талаар аюулгүй ажиллагааны журам сахин хангуулах арга хэмжээ аваагүй, кран буулгах ажлыг гүйцэтгэж байсан хүмүүст хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны анхан шатны зааварчилгаа өгч танилцуулаагүй үйлдэл, эс үйлдэхүй нь ажлын талбайд осол гарч хүний амь нас хохирсон үр дагавартай шууд шалтгаант холбоотой байна.

            Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Э-, Ц.Н- нарыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хоёр хүний амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд 2-8 жил хүртэл хорих ял шийтгэхээр зохицуулсан бөгөөд шүүхээс шүүгдэгч Г.Э-, Ц.Н- нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын гомдол санал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар Г.Э-т 5 жилийн хорих ял, Ц.Н-эд 4 жилийн хорих ял тус тус оногдуулж, уг ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор, мөн зүйлийн 2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор хуульчилсан бөгөөд бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар хохирлыг нөхөн төлөх, гэм хорыг арилгах үүрэгтэй.

Нөхөн төлөгдөх эрүүл мэндийн хохирол нь хохирогчийн эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сайжруулахтай холбогдон гарсан бодит зардлын хэмжээгээр, хохирогч нас барснаас гэм хор учруулсны төлбөрийг нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар, харин эд хөрөнгийн хохирол нь гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээхэд шаардлагатай хөрөнгийн хэмжээгээр тус тус тодорхойлогддог.

            Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хор учруулсны төлбөртэй холбоотой зардлыг нэхэмжилсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Долгорням, Б.Ундрал, иргэний нэхэмжлэгч Б.Т-, Ж.Я- нарын шаардлагыг баримтаар нотлогдсон хэмжээнд, хамаарал бүхий байдлаар хангаж, урьдчилан тооцоолох боломжгүй гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тогтоолдоо заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно.” гэж заасантай нийцсэн гэж үзлээ.

            Харин амь хохирогч Д.Б-ийн найман нас хүрээгүй хүүхэд болох 2015 онд төрсөн Б.Хулангоод гэм хор учруулсны төлбөрийг олгох асуудлыг шийдвэрлэхдээ тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоогдсон баримт хэрэгт авагдаагүй байхад одоогийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420.000 төгрөгийн зөрүү эхний 3 сард 132.000 төгрөгийг, цаашид сар бүр 240.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж олгохоор тооцсон нь үндэслэл муутай болсон байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Долгорням нь уг гэм хорын асуудлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдүүдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

            Мөрдөн шалгах ажиллагааны үед болон анхан шатны шүүхэд хэрэг хянагдах явцад шүүгдэгч Г.Э- нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын зарим хэсгийг төлсөн бөгөөд шийтгэх тогтоол гарсны дараа шүүгдэгч Г.Э-, Ц.Н- нараас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарт олгохоор заасан бодит хохирлыг нөхөн төлсөн талаарх баримтуудыг гарган өгч, цаашид гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нөхөн төлөхөө тус тус илэрхийлсэн байна.

            Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталж, мөн оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдөж буй “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 9 дүгээр зүйлд өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрлийг зааснаас гадна, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.3 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн зарим хэсэгт Өршөөл үзүүлэх тухай хуулийг хязгаартай хэрэглэхээр хуульчилсан.

            Шүүгдэгч Г.Э-, Ц.Н- нарын үйлдсэн Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох /Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ гэмт хэрэг нь эдгээрийн алинд ч хамаараагүй байна.

             Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.” гэж,

            - мөн зүйлийн 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэж,

            - 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж тус тус заасан.

            Дээрхээс үзвэл шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргээс хамаарч тэдэнд Өршөөлийн хуулийн аль зүйл, заалтыг хэрэглэх эсэх талаар дүгнэлт хийх учиртай.

             Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд, шүүгч Г.Э-, Ц.Н- нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө тус тус илэрхийлсэн байхад шүүх “...шүүгдэгч Г.Э-, Ц.Н- нарыг учруулсан бодит хохирлоо нөхөн төлж барагдуулах чухам ямар боломж нөхцөл байгааг илэрхийлсэн гэж үзэхээргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь гомдолтой гэсэн, энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон хор уршгийг арилгах боломжгүй...” гэж хуульд зааснаас өөр шаардлагыг тогтоон дүгнэж, шүүгдэгч нарыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэхээр байна.

            Иймээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх үндэслэлд шүүгдэгч Г.Э-, Ц.Н- нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг хамаарч, тэд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүхээс тухайн зүйл, хэсэгт зааснаар Г.Э-т оногдуулсан 5 жилийн хорих ял, Ц.Н-эд оногдуулсан 4 жилийн хорих ялыг тус тус өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Энэ талаар гаргасан шүүгдэгч Г.Э-, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, шүүгдэгч Ц.Н-, түүний өмгөөлөгч У.Хандсүрэн, Г.Эрдэнэбилэг нарын давж заалдсан гомдлуудыг тус тус хангаж, дээр дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Ц.Н-ийн өмгөөлөгч У.Хандсүрэн, Г.Эрдэнэбилэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлын “...нотлох баримтыг нөхөн үйлдсэн...” асуудлаар маргасан хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/944 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялаас, шүүгдэгч Ц.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ялаас тус тус өршөөн хэлтрүүлсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 заалтыг бүхэлд нь, 5 дахь заалтын “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Долгорнямд 2015 онд төрсөн Б.Хулангоог 18 насанд хүртэл эхний 3 сард 132.000 төгрөгийг, цаашид сар бүр 240.000 төгрөгийг...” гэсэн хэсгийг тус тус хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгч Г.Э-, Ц.Н- нар нь 2021 оны 8 дугаар сарын 26-наас 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нийт 63 хоног тус бүр цагдан хоригдсоныг дурдаж, шүүгдэгч Г.Э-, Ц.Н- нарыг нэн даруй сулласугай.

4. Шүүгдэгч Г.Э-, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, шүүгдэгч Ц.Н-, түүний өмгөөлөгч У.Хандсүрэн, Г.Эрдэнэбилэг нарын гаргасан “...шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлж өгөхийг...” хүссэн давж заалдах гомдлуудыг тус тус хангаж, шүүгдэгч Ц.Н-ийн өмгөөлөгч У.Хандсүрэн, Г.Эрдэнэбилэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоос “...нотлох баримтыг нөхөн үйлдсэн...” асуудлаар маргасан хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

            5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ш.БАТ-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                           Л.ДАРЬСҮРЭН

                         ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН