Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2012 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 258

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Хэргийн индекс: 171/2012/0325/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Тө.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, **дугаар баг, ** дүгээр хороолол, ** тоотод оршин суух Ш*** овогт К.Л*** /регистрийн дугаар ****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дугаар баг, Мангиртын ** дугаар хэсгийн ** тоотод оршин суух Ж*** овогт Ц.Ц*** /регистрийн дугаар ***/-д холбогдох

1,770,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ө***,  хариуцагч Ц.Ц***, хариуцагчийн өмгөөлөгч Л.Цуурай /өмгөөлөгчийн үнэмлэхний ***/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Анхгэрэл нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч К.Л***, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ө*** нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 
К.Л*** нь 2010 оны 02 дугаар сарын 22-нд Ц.Ц***тай зээлийн гэрээг бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлэн 3,000,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэйгээр зээлдүүлж 2010 оны 8 дугаар сарын 22-нд төлж дуусгахаар тохиролцсон юм. Ингээд гэрээний дагуу төлөх ёстой хүүгээ сар бүр төлж, үндсэн зээлээс 2010 оны 9 дүгээр сард 1,500,000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл 1,500,000 төгрөгийг өгөөгүй байгаа бөгөөд уг үлдэгдэл зээлийн хүүг 2011 оны 11 дүгээр сарыг хүртэл сард 90,000 төгрөгөөр төлж байсан. 2010 оны 10 дугаар сараас өмнөх зээлийн гэрээ сунгагдсан тул Ц.Ц*** нь сар бүрийн хүүгээ төлж байсан. Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд энэхүү гэрээ нь зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитойгоор гардуулсан өдрөөс хүчин төгөлдөр болж, талууд хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлсэн нөхцөлд дуусгавар болно гэж заасан тул зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй байна. Иймд хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх тул үндсэн зээлийн үлдэгдэл 1,500,000 төгрөг, 2011 оны 12 дугаар сар, 2012 оны 01, 02 дугаар сарын хүү 270,000 төгрөг, нийт 1,770,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Ц.Ц***, түүний өмгөөлөгч Л.Ц*** нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 
Миний бие К.Л***оос 2010 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 6 сарын хугацаатай 3,000,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд 2010 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 8 дугаар сарыг дуустал хугацаанд сар бүр зээлийн хүү гэж 180,000 төгрөгийг төлж хүүд нийт 1,080,000 төгрөгийг төлсөн, 2010 оны 9 дүгээр сарын 13-нд үндсэн зээлээс 1,500,000 төгрөгийг төлж, уг үлдэгдэл зээлийн төлбөрийн хүү гэж 2010 оны 10 дугаар сараас 2011 оны 11 дүгээр сар хүртэл сар бүр 90,000 төгрөг төлж, нийт 1,260,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 1,500,000 төгрөгт хүү авах талаар бичгээр байгуулсан гэрээ байхгүй тул нэхэмжлэгчийн хувьд хүү авах эрхгүй, үндсэн зээлийн гэрээ сунгагдсан талаар бичгийн баримт байхгүй тул хүүд төлсөн 1,260,000 төгрөгийг үлдэгдэл 1,500,000 төгрөгөөс хасч тооцох нь зүйтэй гэж үзэж байна гэжээ. 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр   шинжлэн судлаад
                                        
                               ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч К.Л*** нь хариуцагч Ц.Ц***д холбогдуулан зээлийн төлбөр 1,500,000 төгрөг, хүү 270,000 төгрөг, нийт 1,770,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

К.Л***, Ц.Ц*** нар 2010 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь 3,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр хариуцагчид зээлдүүлж, гэрээний үндсэн хугацааны хүү болох 1,080,000 /6 сар*180,000 төгрөг/ төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлсөн, мөн 2010 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр үндсэн зээлээс 1,500,000 төгрөгийг төлсөн болох нь хэргийн материалд авагдсан зээлийн гэрээ, зохигчдын тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.   
Мөн зохигчдын тайлбараас үзэхэд үндсэн зээлийн үлдэгдэл 1,500,000 төгрөгт тодорхой хугацаа тогтоохгүйгээр, хариуцагч нь 6 хувийн хүүг сар бүр буюу 2010 оны 10 дугаар сараас 2011 оны 11 дүгээр сар хүртэл нийт 14 сарын хүүд 1,260,000 /14 сар*90,000 төгрөг/ төгрөгийг төлжээ. 
Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж зааснаар хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээс үндсэн зээлд 1,500,000 төгрөгийг, тохирсон хугацааны хүүг гэрээнд заасан хугацаанд буюу 2010 оны 8 дугаар сард багтаан төлсөн байна. Харин зохигчид зээлийн гэрээгээ сунгасан болон дахин шинэчилэн хийсэн талаарх баримт хэргийн материалд авагдаагүй, энэ талаарх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн хувьд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж зааснаар хариуцагчаас зээлийн гэрээний үндсэн хугацаанаас хойшхи хүүг нэхэмжлэх эрхгүй байна. 
Гэвч хариуцагч хүүд нийтдээ 2010 оны 10 дугаар сараас 2011 оны 11 дүгээр сар хүртэл нийт 14 сарын хүүд 1,260,000 төгрөгийг төлсөн нь зохигчдын тайлбар болон бусад баримтаар тогтоогдож байх тул зээлийн үлдэгдэл төлбөр 1,500,000 төгрөгөөс хүүд төлсөн 1,260,000 төгрөгийг хасч тооцох нь зүйтэй байна. 

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагчаас 240,000 /1,500,000-1,260,000/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 1,530,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
  
            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

     1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч Ц.Ц***аас 240,000 /хоёр зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч К.Л***ид олгож, нэхэмжлэлээс 1,530,000 /нэг сая таван зуун гучин мянга/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,270 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 7850 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.  

    3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Тө.ЭНХЖАРГАЛ