Шүүх | Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бяхаржавын Баярцогт |
Хэргийн индекс | 116/2020/0018/З |
Дугаар | 122/ШТ2023/0002 |
Огноо | 2023-06-05 |
Маргааны төрөл | Газар, |
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүхийн тогтоол
2023 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 122/ШТ2023/0002
2023 оны 06 сарын 05 өдөр 122/ШТ2023/0002 Баруун-Урт сум
Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг
хүлээн авахаас татгалзах тухай
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баярцогт даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б.Цэрэнханд, шүүгч Г.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул, иргэдийн төлөөлөгч Ц.Мөнгөнцэцэг, нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн өмгөөлөгч Т.Дэлгэрбаяр /цахимаар/, хариуцагч ******* аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, , , /цахимаар/ нарыг оролцуулан “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* аймгийн *******д холбогдох “******* аймгийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/418 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Дэлгэрбаяр шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.Манай компани нь ******* аймгийн Засаг даргын 2008 оны 09 сарын 09-ний өдрийн 309 тоот шийдвэрээр ******* аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, 49-р байрны зүүн талд шатахуун түгээх станцын зориулалттай, 1240 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшиж байгаа. Уг газар дээр бид бүхэн өөрийн хөрөнгө оруулалтаар 285 000 000 төгрөгийн үнэ, 500 м.кв талбай бүхий ШТС-ын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьж, улсын бүртгэлийн Ү-0611003703 дугаарт бүртгэгдсэн бөгөөд манай компанийн хууль ёсны өмч болно. Гэтэл ******* аймгийн Засаг даргын 2020 оны 07 сарын 29-ний өдрийн А/418 дугаар захирамжаар манай компанийн газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.2, Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь заалтыг үндэслэн хүчингүйд тооцож, үндэслэлгүйгээр дуусгавар болгосон байна.
Манай компани нь газар эзэмших эрхийн төлбөрийг тухай бүрд нь саадгүй төлж ирсэн. 2020 оны газрын төлбөрөө төлөхөөр хүсэлт гаргахад татварын цахим системийн өөрчлөлт, шинэчлэлтийн улмаас Э дугаар авч татвар төлөхийг ******* аймгийн Татварын албанаас шаардсан бөгөөд газрын төлбөр төлөх нэхэмжлэл, данс өгөхөөс татгалзсан тул газрын төлбөрийг төлөх боломжгүй болсон.
******* аймгийн Газрын харилцааны асуудал эрхэлсэн байгууллагаас Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4-т заасан ... үүргээ гүйцэтгээгүй бөгөөд үүний улмаас Татварын албаны мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 5-д заасан ... үүрэг хэрэгжээгүй болно. Бидний зүгээс татварын нэгдсэн системд мэдээллээ шинэчилж, нэгдсэн дугаар авахаар эрх бүхий газарт хандахад манай компанийн өмнөх хувьцаа эзэмшигч *******д холбогдох эрүүгийн хэрэгтэй холбоотойгоор Нийслэлийн прокурорын газар, Эрүүгийн цагдаагийн газар, Авлигатай тэмцэх газраас дээрх газар эзэмших эрх, үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд хориглолт хийсний улмаас татварын системд нэгдсэн мэдээллийг шинэчлэн оруулахаас татгалзсан. Иймд уг газрын 2020 оны 1, 2 дугаар улирлын төлбөрийг төлөх ажиллагаа манай компанийн буруутай үйл ажиллагаанаас огт хамаараагүй бөгөөд төрийн байгууллагуудын ажил, системийн шинэчлэлээс болсон болно.
Хариуцагчийн зүгээс хууль зөрчсөн захирамж гаргаж байгаа нь манай компани тус газрыг чөлөөлж өгөөгүйтэй холбоотой гэж үзэж байна. Учир нь: ******* аймгийн газрын харилцааны газраас Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, 42.3-т ... заасныг зөрчиж, манай компанитай ямар нэгэн байдлаар харилцан тохиролцоогүй, нөхөх олговортойгоор солих гэрээ байгуулаагүй мөртлөө хууль ёсоор эзэмшиж байгаа газрыг дайруулан зураг төсөл гаргаж, уг газрыг чөлөөлж өгөхийг шаардсаныг бид бүхэн хүлээн зөвшөөрөөгүй болно.
Энэ бүх тайлбар, баримтуудыг ******* аймгийн *******д тухай бүр гарган хүргүүлж байсныг мэдсээр байж, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.6, 4.4, 24 дүгээр зүйлийн 24.2-т ... заасныг тус тус зөрчиж, үндэслэлгүйгээр манай компанийн газар эзэмших эрхийг цуцалсан байна.
Иймд дээр дурдсан үндэслэлийн дагуу ******* аймгийн Засаг даргын 2020 оны 07 сарын 29-ний өдрийн А/418 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч ******* аймгийн ******* М.Бадамсүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь аймгийн Засаг даргын 2008 оны 309 дүгээр захирамжаар шатахуун түгээх станцын зориулалтаар Хэрлэн сумын 6 дугаар баг, 49 дүгээр байрны зүүн талд 1240 м2 газрын эзэмших эрхийг авч, газар эзэмших гэрээ байгуулсан, тус эзэмшил газрын 2020 оны 1, 2 дугаар улирлын төлбөрийг хууль болон гэрээгээр тогтоосон хугацаанд төлөөгүй болох нь захиргааны байгууллагын зүгээс нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийхэд тогтоогдсон. Иргэн, аж ахуйн нэгж байгууллага холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд төр өөрийн мэдлийн газрыг эргүүлэн авч хууль тогтоомж, иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан байх ба 1240 м2 газрын эзэмших эрхийн гэрчилгээг тус хуулийн 40.1.5 дахь заалтыг зөрчсөн үндэслэлээр хүчингүйд тооцож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох мэдэгдлийг 2020 оны 07 сарын 22-ны өдрийн 1/1609 дугаар албан бичгээр хүргүүлсэн.
Уг мэдэгдлээр Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу 2020 оны 07 сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтын дагуу холбогдох тайлбар, саналыг ирүүлэх боломжтойг дурдаж хүргүүлсэн боловч нэхэмжлэгч компанийн зүгээс холбогдох санал, тайлбарыг мэдэгдэлд заасан 28-ны өдрийн дотор ирүүлээгүй учир 2020 оны 07 сарын 29-ний өдөр А/418 дугаар захирамжийг гаргасан.
Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т заасны дагуу, “******* *******” ХХК нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүйгээр ...1240 м2 газрын 2020 оны 1, 2 дугаар улирлын төлбөрийг төлөөгүй. Энэ нь захиргааны байгууллагын зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийхэд аймгийн Татварын газрын 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 279 дугаар албан бичгээр тогтоогддог.
Иргэн, аж ахуйн нэгж байгууллага холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд төр өөрийн мэдлийн газрыг эргүүлэн авч хууль тогтоомж зөрчсөн иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор Газрын тухай хуулийн 40 дугаар зүйлд тодорхой заасны дагуу дээрх аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /итгэмжлэгдсэн төлөөлөгч нараа төлөөлөн/ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс хариу тайлбараа бүрэн дэмжиж оролцож байна. Уг захирамж гарах болсон шалтгаан нь нэхэмжлэгч компани нь 2020 оны 1, 2 дугаар улирлын газрын төлбөрөө төлөөгүй. Газрын төлбөрөө төлөөгүй гэдэг нь тус аймгийн Татварын хэлтсээс “2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар газрын төлбөрөө төлөөгүй” гэх албан бичгээр нотлогдоно. Захиргааны акт гаргахын өмнө 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1/609 дугаартай албан бичгээр “2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хариу ирүүлнэ үү” гэж нэхэмжлэгч компанид мэдэгдсэн. Тус компанийн зүгээс нэг хоногийн дараа буюу 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хариу ирүүлсэн. Уг хариу тайлбараа манайд өгөхдөө тус аймгийн Засаг даргын туслах Золбоо гэх хүнд өгсөн гэж хэлсэн. Тус аймгийн Засаг даргын туслахаар Золбоо гэдэг хүн ажилладаггүй. Манай байгууллагын зүгээс “******* *******” ХХК-ийн нягтлан бодогчид удаа дараа биечлэн болон утсаар мэдэгдсэн. Энэ талаар хавтаст хэрэгт байгаа. 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн мэдэгдсэн. Уг захирамж гарах хүртэл сарын хугацаанд нэг ч удаа төлбөрөө төлөөгүй. Нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгчийн зүгээс “төлбөр төлөх гэсэн боловч төлбөр төлүүлэхээс татгалзсан” гэж ярьж байна. Нэхэмжлэгчид төлбөрөө цахимаар төлөх боломжтой гэж удаа дараа хэлж байсан. Төлбөрөө хугацаандаа төлөөгүй учраас уг захиргааны актыг гаргасан. Нэхэмжлэгч тал өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас төлбөрөө хугацаандаа төлөөгүйгээ захиргааны буруутай үйл ажиллагаа гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. ******* аймгийн Засаг даргын захирамж ямар нэгэн хууль зөрчөөгүй. Газрын тухай хуульд “газрын төлбөрөө төлөөгүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гэж заасан. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу манай байгууллагын зүгээс мэдэгдэл хүргүүлсэн. Уг мэдэгдлийн дагуу хугацаандаа хариу тайлбар ирээгүй учраас уг захиргааны актыг гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Чин-Оюунсайхан: “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* аймгийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/418 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай захиргааны хэргийн хүрээнд “******* *******” ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулаад байна. “******* *******” ХХК нь 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдөр “газар эзэмшүүлэх эрхийг шилжүүлэх тухай гэрээний үндсэн дээр ******* аймгийн Хэрлэн сум 10 баг, 49 дүгээр байрны зүүн талд 1240 метр квадрат талбай бүхий шатахуун түгээх станцын газар эзэмших эрх, үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэлийн гэрээний үндсэн дээр “******* *******” ХХК-д үл хөдлөх хөрөнгийн хамтаар шилжүүлсэн. Хэдийгээр газар эзэмших эрхийн гэрчилгээгээр баталгаажаагүй ч гэсэн бидний хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байгаа. Газар эзэмших эрхийн гэрчилгээ гарахгүй байгаа шалтгаан нь 2013 оноос өнөөдрийг хүртэл “******* *******” ХХК-ийн захирал *******д холбогдох эрүүгийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үйл явцаас хамаарч түдгэлзсэн байсан учраас “******* *******” ХХК-иас “******* *******” ХХК-ийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ гарах боломжгүй болсон. “******* *******” ХХК-ийн захирал *******д холбогдох эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж дуусгавар болсны дараа “******* *******” ХХК-ийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ гарах хууль зүйн боломж үүснэ. Иймд ******* аймгийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/418 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Иргэдийн төлөөлөгч Ц.Мөнгөнцэцэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ”******* *******” ХХК-ийн газрын маргаан үндэслэлгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан үндэслэл тогтоогдож байх тул дараах үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “******* *******” ХХК-иас ******* аймгийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/418 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, үндэслэлээ “... манай компани газар эзэмших эрхийн төлбөрийг тухай бүр саадгүй төлж ирсэн ... уг газрын 2020 оны 1, 2 дугаар улирлын төлбөрийг төлөх ажиллагаа манай компанийн буруутай үйл ажиллагаанаас огт хамаараагүй...” хэмээн тайлбарлан маргаж байна.
******* аймгийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/418 дугаар захирамжаар шатахуун түгээх станцын зориулалтаар Хэрлэн сумын 6 дугаар баг, 49 дүгээр байрны зүүн талд 1240 м.кв газрын эзэмших эрхийг авч, газар эзэмших гэрээ байгуулсан “******* *******” ХХК, түүний гүйцэтгэх захирал /Г.Тамир/ нь тус эзэмшил газрын 2020 оны 1, 2 дугаар улирлын төлбөрийг хууль болон гэрээгээр заасан хугацаанд төлөөгүй болох нь захиргааны байгууллагаас нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийхэд тогтоогдож байх тул” хэмээн “******* *******” ХХК-ийн 0062898 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон байна.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж зааснаар “******* *******” ХХК нь маргаан бүхий захиргааны актаар газар эзэмших эрхийг хүчингүйд тооцож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон газрыг гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр эзэмшдэг байж эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Гэтэл ******* аймгийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 90 дүгээр захирамжаар “******* *******” ХХК-д “Даян буурал” ХХК-ийн эзэмшилд байгаа Хэрлэн сумын 6 дугаар баг, 49 дүгээр байрны зүүн талд шатахуун түгээх станцын зориулалттай 3000 м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлэн эзэмшүүлж, 2008 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 309 дүгээр захирамжаар “*******” ХХК-ийн эзэмшил газарт хийсэн хэмжилтийн дагуу газрын хэмжээг 1240 м.кв байхаар тогтоож, уг захирамжийг үндэслэн “*******” ХХК-д ******* аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, 49 дүгээр байрны зүүн талд 1240 м.кв газрыг шатахуун түгээх станцын зориулалтаар 15 жилийн хугацаатай 0062898 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгожээ.
0062898 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, 2574667 регистрийн дугаартай “*******” ХХК нь 2009 оны 03 дугаар сарын 09-ний өдөр татан буугдсан болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 237 дугаар талд авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллээр тогтоогдож байна. Татан буугдсан “*******” ХХК-ийн 0062898 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ нь өөр аль нэг компанид шилжсэн үйл баримт тогтоогдоогүй бөгөөд Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-д “ ... , газар эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан тохиолдолд газар эзэмших эрх дуусгавар болохоор зохицуулжээ.
Нэгдүгээр хавтаст хэргийн 241 дүгээр талд авагдсан “******* *******” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 68 дугаар “Үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх тухай” шийдвэрээр “******* *******” ХХК нь өөрийн 100 хувийн өмчлөлийн “******* *******” ХХК-ийн 100 хувийн хувьцааг иргэн Г.Дашнямд 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэрээний дагуу шилжүүлсэн тул дараах үл хөдлөх эд хөрөнгийг “******* *******” ХХК-д үнэ төлбөргүй шилжүүлэхээр шийдвэрлэж үүнд нь: ******* аймгийн Хэрлэн сум, 10 дугаар баг, 49 дүгээр байрны зүүн талд байршилтай, шатахуун түгээх станцын зориулалттай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0611003703 дугаарт бүртгэлтэй өмчлөх эрхийн 000183309 тоот гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгө багтжээ. Мөн 243 дугаар талд авагдсан Газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн гэрээгээр ******* аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, 49 дүгээр байрны зүүн талд 1240 м.кв газрыг шатахуун түгээх станцын зориулалтаар 15 жилийн хугацаатай 0062898 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг “******* *******” ХХК-т шилжүүлэхээр тохирсон.
Нэхэмжлэгч талаас “******* *******” ХХК нь 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдөр “******* *******” ХХК-иас “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-ний үндсэн дээр ******* аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, 49 дүгээр байрны зүүн талд 1240 м.кв талбай бүхий шатахуун түгээх станцын зориулалттай газрын эзэмших эрх, “Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээ”-ний үндсэн дээр үл хөдлөх хөрөнгийн хамтаар шилжүүлэн авсан. Уг гэрээний дагуу “******* *******” ХХК-ийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулахаар тус аймгийн газар зохион байгуулалтын албанд хандсан боловч тухайн үед “******* *******” ХХК-ийн 100 хувийн хувьцааг эзэмшигч ******* нь эрүүгийн хэрэгт татагдаж “******* *******” ХХК-ийн өмчлөл эзэмшилд байгаа бүх хөрөнгийг битүүмжилж, шилжилт хөдөлгөөнийг нь хорьсны улмаас газар эзэмших эрхийн гэрчилгээг “******* *******” ХХК-ийн нэр дээр тус эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгох хүртэл хугацаанд гаргах боломжгүй гэж тайлбарладаг.
Гэвч 3 дугаар хавтаст хэргийн 116 дугаар талд авагдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллээр “******* *******” ХХК-ийн үүсгэн байгуулагчаар Шаравламдангийн Батхүүг 2006 оны 02 дугаар сарын 09-ний өдөр бүртгэсэн, хувьцаа эзэмшигч, гишүүний мэдээллээс үзэхэд Хуулийн этгээд 5085659 регистрийн дугаартай “******* *******” ХХК-ийг “******* *******” ХХК-ийн 100 хувь хувьцаа эзэмшигчээр 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдөр бүртгэсэн. Мөн Ганзоригийн Дашнямыг 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдөр, Мягмаржавын Баярсайханыг 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 100 хувь хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн байна.
Эндээс үзэхэд эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан гэх хугацаанд Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээний дагуу улсын бүртгэлд “******* *******” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Ганзоригийн Дашнямыг 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдөр, Мягмаржавын Баярсайханыг 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 100 хувь хувьцаа эзэмшигчээр бүртгэж, хувьцаа эзэмшигч, гишүүний мэдээлэл өөрчлөгджээ.
Ийнхүү “******* *******” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Ганзоригийн Дашнямыг 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдөр, Мягмаржавын Баярсайханыг 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 100 хувь хувьцаа эзэмшигчээр бүртгэснээс үзэхэд нэхэмжлэгч “******* *******” ХХК нь Газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн гэрээний дагуу ******* аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, 49 дүгээр байрны зүүн талд 1240 м.кв газрыг шатахуун түгээх станцын зориулалтаар 15 жилийн хугацаатай 0062898 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авахаар ******* аймгийн *******д хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх боломжтой байсан гэж үзэхээр байна. Гэтэл газар эзэмших эрхийг хүлээн авч байгаа “******* *******” ХХК болон газар эзэмших эрхээ шилжүүлж байгаа “******* *******” ХХК-ийн аль аль нь зохих журмын дагуу газар эзэмших эрх шилжүүлэх тухай хүсэлтээ гаргаагүй байж, “Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээ”-ний дагуу газрыг шилжүүлэн авсан гэж тайлбарлаж байгаа нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д “газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх” гэж заасантай нийцэхгүй байна.
Мөн Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрөгдсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, ... болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, ... үйл ажиллагаа нь зөвхөн Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд, 38.2.1, 38.2.2, 38.2.3, 38.2.4-д заасан бичиг баримтыг хавсаргана”, 38.4-д “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны ******* шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” гэж заасны дагуу газар эзэмших эрх шилжүүлэх үйл ажиллагаа явагдаагүй байна.
Ийнхүү дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “******* *******” ХХК нь маргаан бүхий газар эзэмших эрхийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу шилжүүлэн аваагүй болох нь тогтоогдож байх тул газар эзэмших эрх хууль ёсны дагуу үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Хавтаст хэрэгт авагдсан 2008 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 309 дүгээр захирамжийг үндэслэн 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр “*******” ХХК-тай, 2010 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “******* *******” ХХК-тай, 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр “******* *******” ХХК-тай тус тус газар эзэмшүүлэх гэрээ хийгдсэн боловч “******* *******” ХХК-ийн нэр дээр 0062898 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ хууль ёсоор шилжээгүй байх тул Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ” гэж заасны дагуу “******* *******” ХХК-г ******* аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, 49 дүгээр байрны зүүн талд 1240 м.кв, 0062898 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын хууль ёсны эзэмшигч гэж үзэх боломжгүй юм.
Иймд “*******” ХХК-ийн эзэмшлийн 0062898 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон ******* аймгийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/418 дугаар захирамжийн улмаас нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх боломжгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д “Нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этээд нэхэмжлэл гаргасан”, 109 дүгээр зүйлийн 109.2-т “...Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Ц.Мөнгөнцэцэгийн дүгнэлтийг үндэслэл бүхий байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 54.2 дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч “******* *******” ХХК-иас, ******* аймгийн *******д холбогдуулан гаргасан, ******* аймгийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/418 дугаар захирамжийг хүчингүй болгох шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогоос буцаан гаргуулж “******* *******” ХХК-д олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тогтоолыг бичгээр гарсан өдрөөс нь хойш 7 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЯРЦОГТ
ШҮҮГЧ Б.ЦЭРЭНХАНД
ШҮҮГЧ Г.БАЯСГАЛАН