Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 1212

 

 

 

 

 

 

 

 

 

 “ГФ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/00755 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ГФ” ХХК болон “КБ” ХХК нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ШГГт холбогдох,

 

2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ШГ18-62 тоот үнэлгээг хүчингүй болгуулах  тухай иргэний хэргийг,

 

нэхэмжлэгч “ГФ” ХХК-ийн төлөөлөгч, “К” ХХК-ийн эрх хүлээн авагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы  илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч “К” ХХК-ийн эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Снар оролцов.

 

Нэхэмжлэгч “ГФ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Улсын дээд шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 658 дугаар тогтоолоор “ГФ” ХХК-иас 1 295 210 326 төгрөг гаргуулж “КБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Манай компани КБнаас зээл авахдаа өөрийн өмчлөлийн 2 000 тоннын багтаамжтай  хөргөлттэй агуулахыг тоног төхөөрөмжийн хамт, мөн 20 000 м.кв газрын хамтаар барьцаалсан. Дээрх төлбөрийг барагдуулахын тулд ШГГ нь “Вендо” хөрөнгийн үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэсэн ба уг үнэлгээнд зөвхөн барилга, газрыг 3 731 904 667 төгрөгөөр үнэлж, тоног төхөөрөмж болон хашаа хороо, дэд бүтцийг огт үнэлээгүй болно. БНСУ-ын хамгийн сүүлийн үеийн технологиор тус улсад захиалгаар үйлдвэрлэж, 2014 онд угсарч дуусгаад өнөөдрийг хүртэл огт ашиглаагүй байгаа уг хөргөлттэй агуулах болох үл хөдлөх хөрөнгийн анхны өртөг нь 4 922 462 546 төгрөг болсон. Иймд Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК нь манай компанийн хөрөнгийнг хэт доогуур үнэлж үнэгүйдүүлсэн тул 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ШГ18-62 тоот үнэлгээг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч “КБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”...Хан-уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2184 дүгээр шийдвэрээр “ГФ” ХХК-иас 1 296 326 төгрөгийг гаргуулж КБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх явцад 138 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн хөрөнгөд үнэлгээ хийлгэхээр “Вендо” ХХК-ийн үнэлгээчин Э.Даваасамбууг 2018 оны 10 дунаар сарын 30-ны өдөр шинжээчээр томилсон байна. Үнэлгээчин Э.Даваасамбуу нь Улаанбаатар хот, Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Цайз хэсэг, 40 тоотод байрлах 1790 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай барилга болон 20 000 м.кв газрын үнэлгээг гаргахдаа үнэлгээний зах зээлийн хандлагын аргыг орхигдуулсан. Шинжээчийн 3 73 904 577 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасан зах зээлийн үнэ биш бөгөөд барьцаа хөрөнгөөс төлбөр барагдуулах эрхийг зөрчин төлбөр төлөгчийн эрх ашигт үйлчилж, нөлөөнд автсан гэж үзэх үндэслэлтэй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргаж байна. Иймд төлбөр төлөгч “ГФ” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгийг 3 731 904 677 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийдвэр гүйцэтгэх ажилллагааг ахлах шийдвэр гүйцэтэтгэгчийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 4/14079, 4/14080, 4/15300 дугаар албан бичгээр үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түтгэлзүүлж, төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлэхгүй тул төлбөр төлөгч “ГФ” ХХК-ийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан. Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Цайз хэсэг, 40 тоотод байрлах, 1796 м.кв  талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай барилга , 20 000 000 м.кв бүхий газрын хамт 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 18290759/01 дугаар тогтоолоор битүүмжилж , 2018 оны 10 дүгээр сарын 16-ны  өдрийн 18290759/03, 04 тоот тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч, төлбөр авагч нарт үл хөдлөх хөрөнгөд үнийн санал ирүүлэхийг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 4/17457 дугаар албан бичгээр талуудад мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, мөн нэхэмжлэгч нарын үнэлгээ хүчингүй болгуулах талаар нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа хэтэрсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7 дахь хэсгийг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт холбогдох 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ШГ18-62 тоот үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч “ГФ” ХХК, “КБ” ХХК нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “ГФ” ХХК-ийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Улсын Дээд шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 658 дугаар тогтоолоор “ГФ” ХХК-иас 1 295 210 326 төгрөг гаргуулж “КБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Манай компани “КБ” ХХК-иас зээл авахдаа өөрийн өмчлөлийн 2 000 тоннын багтаамжтай хөргөлттэй агуулахыг тоног төхөөрөмжийн хамт 20 000 м.кв газрын хамтаар барьцаалсан. Дээрхи төлбөрийг барагдуулахын тулд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “Вендо” хөрөнгийн үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэсэн ба уг үнэлгээнд зөвхөн барилга, газрыг 3 731 904 667 төгрөгөөр үнэлж тоног төхөөрөмж болон хашаа хороо, дэд бүтцийг огт үнэлээгүй болно. БНСУ-ын хамгийн сүүлийн үеийн технологиор тус улсад захиалгаар үйлдвэрлэгдж 2014 онд угсарч дуусгаад өнөөдрийг хүртэл огт ашиглаагүй байгаа уг хөргөлттэй агуулах болох үл хөдлөх хөрөнгийн анхны өртөг нь 4 922 462 546 төгрөг болсон. Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК нь манай хөрөнгийг хэт доогуур үнэлсэн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч “КБ” ХХК дахь банкны эрх хүлээн авагч М.Адилбиш давж заалдах гомдолдоо: Үнэлгээний олон улсын стандарт болон 3 хандлагын аргаар буюу Өртгийн, Зах зээлийн, Орлогын хандлагын аргаар үнэлгээ хийх шинжилгээ хийгээгүй байна. Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтын газрын суурь үнэлгээг баримтлан үнэлгээ хийсэн. Энэ нь зах зээлийн үнэд жишин үнэлгээ хийгээгүй байна.

Хөрөнгийн үнэлгээ хийхдээ “Бүртгэлийн хандлагаар хийсэн байна. Энэ нь төсөв зохиогоод гаргасан төсвөө төсөвт өртгийн хандлага гэж тодорхойлсон байна. Ингэж  үнэлсэн нь үнэлгээний олон улсын стандартад нийцээгүй бөгөөд төсөвт өртгийн хандлага нь олон улсын стандартад заасан орлуулах болон дахин үйлдвэрлэлийг тодорхойлох аргаар үнэлнэ гэж заасан байна.

Төсөв зохиохдоо төсөв нь ирээдүйд хөрөнгө оруулах арга хэлбэрээр явагддаг бөгөөд энэ нь өртгийн хандлагын арга биш юм. Төсвийг өртгийн хандлагын аргаар төсөв зохиох замаар дахин үйлдвэрлэлийн өртөг тодорхойлно гэж үзвэл гүйцэтгэлийн зургаас түүвэр хийгээгүй хийж зохионо. Тухайн үнэлгээ хийхдээ гүйцэтгэлийн төсөв, гүйцэтгэлийн зураглалаас түүвэр хийгээгүй үнэлсэн байхаар харагдаж байна.

Иймд хуульд нийцээгүй, стандартын шаардлага хангаагүй нэг талыг баримталсан хэт өндөр үнэлгээ байгаа тул төсөвчин ахласан бүрэлдэхүүнтэй шинжээч томилж үнэн зөв тодорхойлох замаар үнэлүүлэх хэрэгтэй байна. Дээрх үндэслэлүүдээр гомдлыг бүхэлд нь хангаж Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч “ГФ” ХХК, “КБ” ХХК нар нь хариуцагч ШГГт холбогдуулан Налайх дүүрэг, 01 дүгээр хороо, Цайзын хэсэг гудамж, 40 тоот, Ү-2207004132 дугаарт бүртгэлтэй 1 796 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Налайх дүүрэг, 1 дүгээр хороонд байршилтай, 0232862 тоот гэрчилгээтэй, 20 000 м.кв талбай бүхий газрыг 3 731 904 667 төгрөгөөр үнэлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/02184 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2018/00053 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 001/ХТ2018/00658 дугаар тогтоолоор зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд “ГФ” ХХК-иас 1 288 330 722 төгрөгийг гаргуулж, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Налайх дүүрэг, 01 дүгээр хороо, Цайзын хэсэг гудамж, 40 тоот, Ү-2207004132 дугаарт бүртгэлтэй 1 796 м.кв талбайтай, Үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Налайх дүүрэг, 1 дүгээр хороонд байршилтай, 0232862 тоот гэрчилгээтэй, 20 000 м.кв талбай бүхий газрыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /хх 29-36/

Хариуцагч байгууллага дээрх шийдвэрийг гүйцэтгэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, барьцааны зүйл  болох Налайх дүүрэг, 01 дүгээр хороо, Цайзын хэсэг гудамж, 40 тоот, Ү-2207004132 дугаарт бүртгэлтэй 1 796 м.кв талбайтай, Үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Налайх дүүрэг, 1 дүгээр хороонд байршилтай, 0232862 тоот гэрчилгээтэй, 20 000 м.кв талбай бүхий газрыг битүүмжилж, хураасан талаар зохигчид маргаагүй байна. /хх 55-61/

            Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцоогүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд хараат бус мэргэжлийн үнэлгээчийн саналыг үндэслэн тогтооно. Хараат бус мэргэжлийн үнэлгээчийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заажээ.

            Төлбөр төлөгч, төлбөр авагч нар эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнийн саналын талаар харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр “Вендо” ХХК-ийг томилж үнэлгээ тогтоолгосон нь хууль зөрчөөгүй байна. /хх 66-91/

            Шинжээчийн үнэлгээний тайланг нэхэмжлэгч “ГФ” ХХК-д 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 4/2796 тоот албан бичгээр баталгаат шуудангаар хүргүүлсэн, мөн хүлээлгэн өгсөн талаар тэмдэглэл үйлдсэн байна. /хх 94, 95/

            Шинжээчийн дүгнэлтээр Налайх дүүрэг, 01 дүгээр хороо, Цайзын хэсэг гудамж, 40 тоот, Ү-2207004132 дугаарт бүртгэлтэй 1 796 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Налайх дүүрэг, 1 дүгээр хороонд байршилтай, 0232862 тоот гэрчилгээтэй, 20 000 м.кв талбай бүхий газрын зах зээлийн үнэлгээг 3 731 904 667 төгрөгөөр үнэлсэн байх ба төлбөр төлөгч “ГФ” ХХК нь зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн, төлбөр авагч “КБ” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь тухайн үнэлгээг хийхдээ хэт нэг талыг барьж, өндөрөөр үнэлсэн гэж тус тус гомдол гаргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар гомдлын үндэслэл нь баримтаар нотлогдоогүй байна. 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/00755 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ГФ” ХХК-иас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч “КБ” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ш.ОЮУНХАНД

 

                                         ШҮҮГЧИД                                           Б.НАРМАНДАХ

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН