Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2021/ДШМ/940

 

 

 

 

           2021          11           03                                    2021/ДШМ/940

 

Б.Б.Б, Ж.М нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Билгүүн,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,                                                                                            

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 9 дугаар сарын 8-ний өдрийн 2021/ШЗ/118 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Билгүүний бичсэн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 4 дугаартай прокурорын эсэргүүцлээр яллагдагч Б.Б.Б, Ж.М нарт холбогдох 1904000350084 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.Б.Б нь 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 15:00 цагийн орчимд Э.Нгийн төрөлтийн явцыг буруу удирдаж, дүлэлтийн сулралд орсон байхад нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс Э.Нгийн төрүүлсэн нярай Д.Эий эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,

Ж.М нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний оройн 21:00 цагийн үед төрөлтийн 1-р үе эхэлсэн тулгар эх Э.Нг хүлээн аваагүй олон дахин буцаасан, 2018 оны 10 дугаар сарын 2-ны өглөө 9:00 цагийн үед тулгар эх Э.Нг эмнэлэгт хэвтүүлсний дараа эх ба ургийг хянаагүй, төрөхийн өмнөх үеийн үзлэг, авсан арга хэмжээ, эмчилгээний тухай өвчний түүхэнд тэмдэглэгээ хийгээгүй, төрөлтийн үед эхийн биеийн байдлыг буруу үнэлсэн зэргээр төрөлт удирдах стандарт зөрчиж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс Э.Нгийн төрүүлсэн нярай Д.Эий эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Багануур дүүргийн прокурорын газраас: Б.Б.Б, Ж.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай гэх дараахь үндэслэлээр хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв. Үүнд:

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 117 дугаартай захирамжаар иргэний нэхэмжлэгчээр тогтоосон Э.Н, иргэний хариуцагчаар тогтоосон Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн хууль ёсны төлөөлөгч нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5, 8.6 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх боломжоор хангах, эрх үүрэг танилцуулах ажиллагааг,

гэрчээр Багануур дүүргийн 1 дүгээр хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Г.Мөнгөннавч, иргэний хариуцагчаар Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн хууль ёсны төлөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлд заасан мэдүүлэг авах ажиллагааг тус тус хийх нь зүйтэй.

Тус хэрэгт хохирогчоор тогтоогдсон этгээд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхтэй тул иргэн С.Доржсүрэнгээс ирүүлсэн иргэний нэхэмжлэгчээр тогтоолгох тухай хүсэлтийг, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Цолмонгийн гаргасан Багануур дүүргийн эрүүл мэндийн төвийн хүний их эмч Ц.Сэвжид, Багануур дүүргийн 3 дугаар хорооны иргэн Ц.Энхдулам нарыг гэрчээр асуулгах хүсэлтийг тус тус хангахаас татгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Б.Б, Ж.М нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1904000350084 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Б.Б.Б, Ж.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Билгүүн бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийж, хэргийг прокурорт буцаасан 2021/ШЗ/118 дугаартай захирамж гаргасан бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх дараах үндэслэл тогтоогдож байна. Үүнд:

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 117 дугаартай иргэний нэхэмжлэгчээр тогтоосон Э.Н, иргэний хариуцагчаар тогтоосон Багануур дүүргийн эрүүл мэндийн төвийн хууль ёсны төлөөлөгч нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5, 8.6 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх боломжоор хангах, эрх үүргийг танилцуулах,

2. Гэрчээр Багануур дүүргийн эрүүл мэндийн төвийн хууль ёсны төлөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлд заасан мэдүүлэг авах ажиллагааг хийж гүйцэтгэх гэжээ.

-Хууль тогтоогчоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний хариуцагчаар татахдаа мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж хуульчилсан. Өөрөөр хэлбэл эрх үүргийг тайлбарлах, танилцуулах ажиллагааг шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэх боломжтой байна.

Мөн хуулийн 35.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүгдэгчийн мэдүүлгийг сонсож дууссаны дараа энэ хуулийн 35.14, 35.15 дугаар зүйлд заасан журмын дагуу хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийн мэдүүлгийг сонсоно” гэж хуульчилсан байна.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Цолмон, яллагдагч нарын өмгөөлөгч Э.Ганбат нарын хүсэлтийн дагуу Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийг иргэний хариуцагчаар татсан бөгөөд шүүх хуралдааны явцад тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нарт эрх үүргийг танилцуулаад, холбогдох мэдүүлгийг аваад, асуух зүйлээ тодруулаад явах бүрэн боломжтой байсан. Гэтэл шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх” шаардлагатай гэж үзэн прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

Иймд Ж.М, Б.Б.Б нарт холбогдох Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2021/ШЗ/118 дугаартай захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаалгахаар Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад яллагдагч Б.Б.Б, Ж.М нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь хууль ёсны, үндэслэлтэй болж чадаагүй байна.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид “Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 117 дугаартай захирамжаар иргэний нэхэмжлэгчээр тогтоосон Э.Н, иргэний хариуцагчаар тогтоогдсон Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн хууль ёсны төлөөлөгч нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5, 8.6 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх боломжоор хангах, эрх үүрэг танилцуулах ажиллагааг, ...гэрчээр Багануур дүүргийн 1 дүгээр хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Г.Мөнгөннавч, иргэний хариуцагчаар Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн хууль ёсны төлөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлд заасан мэдүүлэг авах ажиллагааг тус тус хийх нь зүйтэй. ...” гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...иргэний хариуцагчаар татахдаа мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана. ...” гэж хуульчилснаас үзвэл шүүхийн шатанд иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар татах ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжтой бөгөөд шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч зэрэг оролцогчдыг шүүх хуралдаанд оролцуулан, мэдүүлэгийг сонсох замаар яллагдагч нарын гэмт бурууг тогтоох бүрэн боломжтой байна.

Иймд энэ талаар бичсэн прокурор Б.Билгүүний эсэргүүцлийг хүлээн авч, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дугаар сарын 8-ний өдрийн 2021/ШЗ/118 шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх хүртэл яллагдагч Б.Б.Б, Ж.М нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дугаар сарын 8-ний өдрийн 2021/ШЗ/118 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.Б.Б, Ж.М нарт холбогдох хэргийг яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх шатнаас хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх хүртэл Б.Б.Б, Ж.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                  ШҮҮГЧ                                                              Л.ДАРЬСҮРЭН

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ