| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тө. Энхжаргал |
| Хэргийн индекс | 171/2012/0445/и |
| Дугаар | 311 |
| Огноо | 2012-04-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2012 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 311
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2012/0445/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Тө.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, дугаар баг, **Дугаар байрны **тоотод оршин суух Б*** овогт Б.Н*** /регистрийн дугаар ****/-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дүгээр баг, ** дугаар байрны ** тоотод оршин суух Б*** овогт Я.Д*** /регистрийн дугаар ****/-д холбогдох
161,740 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Н***, хариуцагч Я.Д***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Анхгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Н*** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие нөхөр, хүүхдүүдийн хамт албан ёсоор Улаанбаатар хот руу 2001 онд шилжээд явсан. Байрандаа хүн суулгахгүй, өөрсдөө ирж дулааны тооцоогоо хийдэг байсан. Харин цахилгааныг тасдуулаад хэрэглэх үедээ байцаагчид нь хэлж залгуулаад төлбөрөө төлөөд цахилгаанаа тасдуулаад орхисон. Гэтэл манай цахилгааны байцаагч Я.Д*** эзэнгүй тоолууртай, цахилгааны таслалт хийлгэсэн байхад задгайгаар бичилт хийж өр төлбөртэй болгож орхиод ажлаасаа гарсан байна. Энэ учрыг мэдээд “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн захиргаанд 2010, 2011 онуудад хандаж өргөдөл гаргасан боловч хариуцсан ажилтан нь ажлаасаа гарсан шүүхээр шийдвэрлүүл гэсэн болно. Иймд Я.Д***гээс цахилгааны өр төлбөр 161,740 төгрөгийг гаргуулж өгч, асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Я.Д*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК дээр Б.Н***ы цахилгааны өр 161,740 төгрөгийн төлбөрийн асуудлыг тус компанийн хурлаар оруулж, асуудлыг шийдвэрлэх боломжтой тул нэг сарын хугацаанд жаахан харзнахгүй юу гэсэн боловч шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Миний бие тэтгэвэртээ гарчихсан, энэ хэргийн хариуцагч биш юм. Мөн нягтлан М.Н*** над руу утасдаж Б.Н***ы асуудал хурлаар ороод шийдэгдсэн байгаа гэж хэлэхээр нь Б.Н***д хэлсэн итгэхгүй байх шиг байна гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Н*** нь хариуцагч Я.Д***д холбогдуулан цахилгааны өр төлбөр 161,740 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэргийн материалд авагдсан “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн 2012 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 7 дугаартай Б.Н***ы цахилгааны өр төлбөрийн талаарх тодорхойлолт, өр төлбөрийн баримтын түүх, зохигчдын тайлбар зэргээс үзэхэд Б.Н***ы шүүхэд гаргасан нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч нь Я.Д*** биш байна.
Мөн нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд цахилгааны таслалт хийлгэсэн байхад задгайгаар бичилт хийж, өр төлбөр үүссэн тул 161,740 төгрөгийн өр төлбөрийн асуудлыг хүчингүй болгуулах тухай байна.
Эдгээрээс дүгнэхэд цахилгааны өр төлбөрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь цахилгаанаар хангагч хуулийн этгээдэд хамааралтай, өөрөөр хэлбэл тухайн хуулийн этгээдэд ажиллаж байгаа албан тушаалтанд шууд хамааруулах хуулийн үндэслэлгүй болно.
Иймд хариуцагч нь энэ хэргийн жинхэнэ хариуцагч биш байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар нэхэмжлэгчид хариуцагчийг сольж болох талаар шүүх хуралдааны явцад тайлбарласан боловч нэхэмжлэгч зөвшөөрөөгүй болно.
Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.6-д “энэ хуулийн 32.2., 32.3.-т зааснаас бусад үндэслэлээр эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлснээс учирсан хохирлоо нөхөн төлүүлэх” гэж зааснаар нэхэмжлэгчийн хувьд холбогдох байгууллагад хандаж асуудлаа шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.6-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Н***ы 161,740 төгрөгийг Я.Д***гээс гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5520 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Тө.ЭНХЖАРГАЛ