Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2012 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 339

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 171/2012/0320/И

             Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Тө.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дугаар баг, ** дүгээр байрны ** тоотод оршин суух Б*** овогт А.Б*** /регистрийн дугаар ****/-ын нэхэмжлэлтэй, 
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, Үйлдвэрийн районд байрлах “***” ХК /факс ***, утас ***/-д холбогдох 

"цалин 410,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон ажлаас чөлөөлсөн тушаал гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э***,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Анхгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч А.Б*** шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  
А.Б*** нь “***” ХК-тай 2011 оны 3 дугаар сард 6 сарын хугацаатайгаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд 2011 оны 11 дүгээр сард ар гэрийн гачигдалаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Энэ өргөдлийг үндэслэн А.Б***ыг хариуцдаг нягтлан н.С*** тооллого хийж, ажил хүлээлцсэн тул цалингаа авах гэтэл “***” ХК-ийн нягтлан Д.Г***, хөдөлмөр хамгааллын инженер н.Ч*** нар 2011 оны 10 дугаар сард барилгын угсардаг төмөр шатыг барилга хариуцсан захирал н.Б*** гарын үсэг зуран барилга руу авч явсан байтал намайг нярав хийж байсан болохоор төлөх ёстой гэсэн болно. “***” ХК-ийн харуулын албанд 2011 оны 4 дүгээр сараас 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд орж гарсан материалын тэмдэглэл байхгүй байсан. А.Б***ыг анх ажилд авахад эд хөрөнгө хүлээлцсэн баримт үйлдээгүй атлаа одоо нэг угсардаг шат алга болгосон түүний учрыг олж байж цалингаа ав гэж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд цалин 410,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон ажлаас чөлөөлсөн тушаал гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд цалинг нь бодуулахад 347,000 төгрөг гарч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэжээ.  

Хариуцагч “***” ХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 
Манай компанид нярав, сахиулаар ажиллаж байсан А.Б*** нь өөрийн хүсэлтээр ажлаас халагдахыг хүссэн бөгөөд түүнээс ажил хүлээн авч тооцоо нийлэхэд барилгын салбарт хэрэглэгдэж байсан угсардаг /ком/ шатнаас 9 ширхэг буюу 810,000 төгрөгийн үнэ бүхий шат дутсан тооцоо гарсан тул энэ тооцоог барагдуулж дуусах хүртэлх хугацаанд цалинг хаасан болно. А.Б***ыг энэхүү шатны асуудлаа шийдэж өгсөний дараа цалин болон нийгмийн даатгалын дэвтэрийг нь өгнө гэсэн боловч одоог хүртэл шийдээгүй, өөрийнх нь хариуцаж байсан шат юм. Эсвэл энэ шатны асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд шатны үнэнд түүний цалинг суутгах юм гэжээ. 

          Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр  шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:
       
Нэхэмжлэгч А.Б*** нь хариуцагч “***” ХК-д холбогдуулан цалин 410,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон ажлаас чөлөөлсөн тушаал гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагын цалин 410,000 төгрөг гэснийг 347,000 төгрөг гаргуулах гэж багасгасан болно. 

            А.Б*** нь 2011 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн “ДН” ХК-д нярав, сахиулын ажилд орж, ажил олгогч, ажилтан нарын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж, өөрийн хүсэлтээр 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгож ажлаасаа чөлөөлөгдсөн, А.Б***ыг анх нярав, сахиулын ажилд томилохдоо тухайн байгууллагын ямар ямар эд хөрөнгийг хариуцан ажиллах талаар баримтаар эд хөрөнгө хүлээлгэн өгөөгүй атлаа ажлаас чөлөөлж, ажлыг нь хүлээлцүүлэхдээ эд хөрөнгө хүлээн авсан баримт үйлдсэн болох нь “ДН” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2011 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаартай “Ажилд томилох ба ээлжийн амралт олгох тухай” тушаал, 2011 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б-144 дугаартай “Ажилд шилжүүлэх ба ажлаас түдгэлзүүлэх тухай” тушаал, зохигчдын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Сахиул, нярав А.Б***аас Ц*** хүлээлцсэн ил задгай тоног төхөөрөмж, аж ахуйн болон барилгын материалын жагсаалт”,  “Сахиул, нярав А.Б***аас нярав Ч.А*** хүлээлцсэн аж ахуйн болон барилгын материалын тооллогын бүртгэл”, “Сахиул, нярав А.Б***ын угсардаг шатны тооцоо”, зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна. 
    Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.4-т “Ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй” гэж  заасан боловч зохигчдын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд эд хөрөнгийн хариуцлагын талаар заажээ. 
Зохигчдын хооронд 2011 оны 02 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.9-д “Эд хөрөнгийн хариуцлага: /хязгаарлагдмал, бүрэн/ гэрээнд эд хариуцагчаас гэрээгээр хүлээлгэн өгсөн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, эд материал, хамгаалах хэрэгсэл зэргийг картлан олгох бөгөөд өөрийн хариуцлагад авсан буюу хариуцдаг эд хөрөнгө, материал хэрэгслийн эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ” гэж А.Б***ыг нярав, сахиулын ажилд авахдаа эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэхээр заасан боловч компанийн ямар ямар эд хөрөнгийг эд хариуцагчийн хувиар хариуцан ажиллах талаар компанийн зүгээс А.Б***д эд хөрөнгө хүлээлгэн өгсөн жагсаалт, картлан олгосон эд хөрөнгө байхгүй, ийм баримт үйлдээгүй болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул барилгын 9 ком угсардаг шатыг А.Б***д хүлээлгэн өгсөн гэж үзэж эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй байна. 
    Иймд А.Б***ыг ажилд авахдаа хүлээн авсан гэх барилгын 9 ком угсардаг шатны асуудлыг шийдвэрлэсэний дараа түүний цалин болон нийгмийн даатгалын дэвтэр, ажлаас чөлөөлсөн тушаалыг өгнө гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т “Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй” гэж заасан ажил олгогчийн үүргийг “***” ХК нь биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.      
         
   Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:
     
          1. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 128 дугаар зүйлийн 128.1.11-д заасныг баримтлан хариуцагч “***” ХК-иас цалин хөлс 347,000 /гурван зуун дөчин долоон мянга/ төгрөг, А.Б***ын нийгмийн даатгалын дэвтэр, түүнийг ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг гаргуулж, нэхэмжлэгч А.Б***д олгож, нэхэмжлэлээс 63.000 /жаран гурван мянга/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдаж, хариуцагч “ДН” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 11,060 /арван нэгэн мянга жар/ төгрөгийг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай.   

      3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.


            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Тө.ЭНХЖАРГАЛ