Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 1469

 

 

МАГАДЛАЛ

 

2019.08.05                                                Дугаар 1469                                     Улаанбаатар хот

 

 

 

“БД ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2019/01233 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “БД ” ХХК,

Хариуцагч М.З ,

 

Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт               6 689 079.33 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Д,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Ө,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “БД ” ХХК нь Эрчим хүчний зохицуулах хорооны дулаан дамжуулах дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл, Хот суурины ус хангах ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн, хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээ эрхлэх тус тус тусгай зөвшөөрлийн үндсэн дээр тус Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамжны Дриймланд хотхоны орон сууцны ашиглалт, үйлчилгээг хариуцан оршин суугчдын хэрэглэсэн ус, дулаан, цахилгааны тасралтгүй хангамжийг хариуцан, засвар үйлчилгээг хийж хангагч болох Ус сувгийн удирдах газар, УБДС ТӨХК-д төлбөрийг нь дамжуулан төлдөг. Гэтэл Дриймланд хотхоны 8-2-4 тоотын оршин суугч М.З  нь 2017 оны 01 дүгээр сараас хойш хугацааны турш ашиглалтын зардлаа огт төлөлгүй их хэмжээний өр төлбөрийг хуримтлуулан одоог хүртэл өр төлбөрөө төлөөгүй байна. 2017-2018 оны хугацааны турш төлбөрөө төлөх талаар шаардлага тавихад М.З  нь төлбөрийн задаргаа авна, УБДС ТӨХК-д халаалтын мөнгөө төлдөг усны мөнгө танайх авах эрх байхгүй гэсэн үндэслэлгүй хариу өгдөг. Хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн хувьд бидний зүгээс хэрэглэгчдэд найдвартай, шуурхай, тасралтгүй үйлчилгээ үзүүлэх, хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэх зарчмын дор одоог хүртэл хэрэглэгчийн хэрэглээг хязгаарлах, боогдуулах арга хэмжээ авч байгаагүй бөгөөд зөвшилцөл бүхий л арга хэлбэрийг ашиглаж алдангийг нь 100 хувь хүртэл хасах саналыг тавьж байсан ч одоог хүртэл үр дүн гарахгүй байгаа нь хариуцагч нь сайн дураараа хуульд заасан үүргээ биелүүлэх, өр төлбөрөө барагдуулах сонирхолгүй байгааг харуулж байна. Иймд М.З оос 2017 оны 01 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны турш хэрэглэсэн ус дулааны төлбөр болох 4 459 386.22 төгрөг, алданги 2 229 693.11 төгрөг, нийт 6 689 079.33 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дриймланд хотхоны 8-4 тоот аялал зуучлалын зориулалттай амины орон сууцанд оршин суугч М.З  нь “БД ” ХХК-тай цахилгаан, дулаан, ус зэрэг ашиглалтын ямар нэг гэрээ байгуулаагүй. 2015-2016 онд “БД ” ХХК нь М.З оос сар бүр дулаан, ус, цахилгааны төлбөр авч байсан бөгөөд уг төлбөрүүдийг ямар тарифаар бодож цааш нь УБДС ТӨХК, УСУГ, УБЦТС ТӨХК-д төлж байсан нь тодорхойгүй байдаг. М.З  нь ямар нэгэн төлбөртэй засвар, үйлчилгээ хийлгэж байгаагүй болно. Мөн М.З  орон сууцны өмчлөгч биш, иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан “БД ” ХХК-ийн орон сууцны ус, дулааны төлбөр 4 495 386,22 төгрөг, алданги  2 229 693,11 төгрөг, нийт 6 689 079,33 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч М.З од холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан “БД ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121 976 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: М.З  нь тус хаягт оршин суудаг нь хэргийн үйл баримтаар нотлогддог. Тус орон сууц нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасны дагуу Х.Б болон хариуцагч М.З  нарын гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө бөгөөд хариуцагч нь өөрийн тайлбараараа ус, дулаанаар хангуулдаг болохоо хүлээн зөвшөөрсөн юм. Өнгөрсөн хугацаанд Ус, Дулааны төлбөрийн нэхэмжлэлүүд бүгд М.З ын нэр дээр очиж төлбөр төлөгддөг байсан учир хариуцагч нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо. Зайсан гудамж, Дриймланд хотхон 8 дугаар байрны 4 тоот хаяганд амьдран ус, дулаан, цахилгаанаар хангуулж, үйлчилгээ авсан нь тодорхой байх тул төлбөр төлөх үүрэгтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, хэргийн үйл баримтыг дүгнэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч “БД ” ХХК нь хариуцагч М.З од холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 6 689 079.33 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2017 оны 01 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны турш хэрэглэсэн ус дулааны төлбөрийг төлөөгүй гэж үндэслэж, хариуцагч М.З  нь орон сууцны өмчлөгч биш байх тул хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл М.З  нь тухайн байрны өмчлөгч биш байх тул Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага хариуцагчаас дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг шаардах хууль зүйн үндэслэлгүй тул талуудын хооронд ашиглалтын талаарх иргэний харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй юм. Учир нь нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлож чадаагүй ба хариуцагчийн гаргасан тайлбар, татгалзлыг, няцаагаагүй байх тул шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.  

Түүнчлэн, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж, Дриймланд хотхон 8 дугаар байрны 4 тоот, 380 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь У.Б болох нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

Хэдийгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “М.З , У.Б нар гэр бүлийн хүмүүс тул М.З оос шаардаж байна” гэж тайлбарласан боловч, бодитойгоор харьцуулан дүгнэх, нотлох баримт хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгчийн хуулийн шаардлага хангасан баримтын хүрээнд нэхэмжлэгчид учирсан бодит хохирлыг дүгнэх учиртай.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан “М.З  нь тус хаягт оршин суудаг нь хэргийн үйл баримтаар нотлогддог” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2019/01233 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121 980 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааpг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ИЧИНХОРЛОО

 

                                            ШҮҮГЧИД                                   Г.ДАВААДОРЖ

 

                                                                    М.НАРАНЦЭЦЭГ