Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 301

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

                          

 

 

 

 

                       

 

                      

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан хөтлөн

улсын яллагч Б.Жаргал

шүүгдэгч Ж.Түмэн-Өлзий, түүний өмгөөлөгч Ч.Ням

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201726020173 дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 6 дугаар сарын 7-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1963 оны 3 дугаар сарын 16-нд Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, их буучин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4; эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Дамдинбазарын гудамж, 15/1-24 тоотод оршин суух, ялгүй, ЧМ63031617 дугаарын регистртэй, Чүлтэм овогт Жамбалдоржийн Түмэн-Өлзий

 

Шүүгдэгч Ж.Түмэн-Өлзий согтуургаар 2016 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Frends нэртэй караоке-д хохирогч П.Батжаргалыг өөрийн эхнэртэйгээ хардсаны улмаас түүний толгой руу шампанскны шилээр цохиж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Ж.Түмэн-Өлзий шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Надад холбогдох хэргийн талаар хавтаст хэрэгт бүрэн бичигдсэн байгаа. Тийм болохоор дахин мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 200.000 төгрөг өгсөн. Цаашид хохирлыг нь төлөх болно гэв.

 

Шүүгдэгч Ж.Түмэн-Өлзийн хувийн байдалтай холбоотой түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-н 22/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 24/, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагаа /хх-н 20-21/, Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-н 28/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-н 28/, магистрын дипломын хуулбар /хх-н 46/, Цэргийн их сургуулийн баклаврын дипломын хуулбар /хх-н 48-49/,

гэрч Жамбалдоржийн Отгонжаргалын “... Түмэн-Өлзий ах бол манай хамгийн том ах байгаа юм. Бид эхээсээ 9-үүлээ. Манай ах 1963 оны 3 дугаар сарын 16-ны өдөр төрсөн. 1980 онд Цэргийн дээд сургуулийг улаан дипломтой төгссөн ба аль цэргийн ангид ажиллаж байсныг би сайн мэдэхгүй байна, ямар ч байсан манай ах 2015 онд тэтгэвэрт суусан ба маш сайн ах. Зан байдал нь төлөв томоотой хүн, архи дарс уудаг гэхдээ архи уусан үедээ шууд унтдаг. Манай ах Булган эгчтэй яг хэдэн онд гэрлэж суусан гэдгийг би сайн мэдэхгүй. Тэр хоёрын дундаас 2 хүү, нэг охин төрсөн. Өөр ахын талаар ярьж хэлэх зүйл байхгүй. Ах их төлөв томоотой л хүн, миний үгэнд сайн ордог” /хх-н 37/ гэсэн,

гэрч Дамбадаржаагийн Булганы “... манай нөхөр Түмэн-Өлзий 1985 онд Улаанбаатар хотод Цэргийн нэгдсэн дээд сургууль төгссөн. 1985-1991 онд Сонгиний цэргийн 019, 276, 120 дугаар ангиудад салаан захирагчийн ажил хийж байсан. 1991-2001 он хүртэл Цэргийн их сургуульд багш, 2008 оноос Сонгиноны 120 дугаар ангид операторчин, 2010 оноос Эрдэнэтийн 186 дугаар ангид их бууны дарга, 2011 оноос Дорнодын 327 дугаар ангид артелерийн тагнуулын даргын ажлыг хийж байгаад тэтгэвэртээ гарсан.

1999 онд танилцаад гэр бүл болж, 2005 онд охинтой, 2007 онд хүүтэй болсон. Тэтгэвэртээ гарснаас хойш гэртээ байгаа. Манай нөхөр Түмэн-Өлзий нь зан чанарын хувьд тайван, дуу цөөтэй, намдуухан, хүнтэй хэрүүл хийгээд байдаггүй хүн. Сул тал нь гэвэл хартай бөгөөд намайг эрэгтэй хүнтэй л хардах гээд байдаг юм.

2016 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 10 дугаар хорооллын Friends нэртэй караокед байхад намайг манай ажлын газрын Батжаргал бүжигэнд урьсан бөгөөд хэсэг хугацааны дараа би бас түүнийг бүжигэнд урьж бид хоёр бүжиглэсэн. Нөхөр маань намайг Батжаргалтай бүжиглэхэд маш их хардаад түүний толгой руу нь шампансканы шилээр цохьсон” /хх-н 38/ гэсэн,

гэрч Дашдондогийн Ганхүүгийн “... Түмэн-Өлзий бид хоёр нэг айлын хүргэчүүд байгаа юм. Манай баз Түмэн-Өлзий нь маш их даруухан, хүнтэй нэг их юм яриад байдаггүй. Гэр бүлийн талаар бол их гэр бүлсэг, хүүхдүүдээ одоо хүртэл сургууль цэцэрлэгээс нь авдаг. Эхнэр нь ажилтай, манай баз гэр орныхоо ажлын өөрөө хийдэг ба би энэ хоёрын 20 гаруй жилийн амьралын түүхийг мэднэ. Би Түмэн-Өлзийг ийм хэрэг хийсэн гэдэгт сайн итгэж өгөхгүй л байна” /хх-н 39/ гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ж.Түмэн-Өлзий 2016 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Frends нэртэй караоке-д хохирогч П.Батжаргалыг өөрийн эхнэртэйгээ хардсаны улмаас түүний толгой руу шампанскны шилээр цохиж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, шүүх шинжлэн судласан

хохирогч Пүрэвээгийн Батжаргалын “... би Голомт төв гэх нэртэй төрийн бус байгууллагад элсээд 3-4 жил болж байгаа, идэвхигүй гишүүн бөгөөд хааяа хөдөө явж уул ус тахих үйл ажиллгаанд хамрагддаг байсан. 2016 оны 12 дугаар сарын 28-ны орой 20 цагт Голомт төв төрийн бус байгууллагын шинэ жил 25 дугаар эмийн сангийн замын урд талын Мөнх хулстай нэртэй рестораны 2 давхарт болсон. Булган гэгч эмэгтэй Голомт төрийн бус байгууллагад ажилладаг бөгөөд тухайн үед шинэ жилийн зохион байгуулагч хийгээд үүдэнд нь зогсож байсан. Би Булганыг 7-8 жилийн өмнөөс таних бөгөөд тааралдахаараа мэндийн зөрүүтэй өнгөрдөг. Би тэр ресторанд байхдаа 2 шил пиво уусан, архи бол уугаагүй.

Миний зүүн гар талд Булганы нөхөр Түмэн-Өлзий сууж байсныг би сүүлд нь мэдсэн бөгөөд Түмэн-Өлзийг урьд нь харж байгаагүй. Түмэн-Өлзий бид хоёр ресторанд байхдаа шинэ жилийн хүмүүс яагаад цагтаа ирэхгүй байна гэх мэт ойр зуурын юм ярьж суусан. Шинэ жилийн баяр 01 цаг өнгөрч байхад тарсан бөгөөд би Зоригтбаатарын машинд суугаад явж байхад замдаа манайхан караоке орно гэнэ гэж ярьцгаагаад БГД-ийн 5 дугаар хороо, Friends нэртэй караокед орцгоосон. Караокены өрөөний сандал дээр сууж байхад Булган нилээн халчихсан над дээр ирээд бүжиглэе гэж хэлээд намайг босгох гээд гараас татаж чангаагаад байсан. Бүжиглэхгүй гэж түүнд хэлсэн. Тэнд байсан манай ажлынхан нилээн дуулж бүжиглэж байгаад хамгийн сүүлд шампанск задалсан. Тэгтэл гэнэт миний араас дагз руу хүчтэй цохьсон. Эргээд харахад Булганы нөхөр Түмэн-Өлзий байсан бөгөөд дахин ар талын дагз руу шампанскны шилээр цохьсон. Миний толгойноос цус их гарсан ба хүмүүс тэр Түмэн-Өлзийгийн гарыг барьж зогсоосон. Удалгүй түргэний эмчийг хүлээж тэсэлгүй Булган такси бариад намайг Гэмтлийн эмнэлэгт хүргэж толгойд маань оёдол тавиулаад манай гэрт хүргэж өгсөн” /хх-н 10/,

“... надад гэмтэл учруулсан Түмэн-Өлзий гэгч залуу надаас уучлалт гуйсан ба бид хоёр хоорондоо эвлэрч миний зүгээс гомдол саналгүй болсон. Түмэн-Өлзий миний эмчилгээнд зарцуулсан зардлын мөнгийг төлж барагдуулна гэж надад амласан учир эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, эмчилгээний зардалд зарцуулсан мөнгөө нэхэмжилж авах хүсэлтэй байна” /хх-н 11/ гэсэн,

гэрч Пагважавын Зоригтбаатарын “... 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Монгол бөөгийн нэгдсэн эвлэлийг төлөөлөн Монгол бөөгийн Голомт төвийн шинэ жилд оролцохоор 25 дугаар эмийн сангийн урд талын Мөнххулстай ресторанд 20 цагийн үед явж очсон. Шинэ жил 21 цагийн үед эхлээд 00 цаг өнгөрч байхад тарсан бөгөөд тараад Монгол бөөгийн Голомт төвийн 10-аад хүний хамтаар БГД-ийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Friends нэртэй караокед явж очсон. Караокед ороод 750 граммын Болор нэртэй архи авч хувааж ууцгаасан бөгөөд хүмүүс дуулж бүжиглэсэн. Би караокед орсноос хойш нилээн согтсон.

Караокед байхад Булган нь Батжаргалтай бүжиглээд байсан. Гэнэт л зодоон болоод Булганы нөхөр Батжаргалын толгой руу цохиод би хамт байсан хүмүүстэй очиж салгасан. Яг юугаар цохьсон гэдгийг би хараагүй, зодоон болсноос хойш 2 хоногийн дараа Булганаас асуухад шилээр цохьсон гэж надад хэлсэн” /хх-н 13/ гэсэн,

гэрч Намсрайн Халиуны “... 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр манай аав Сүхбатын ажлын газрын шинэ жил болсон ба би аавын ажлын шинэ жилийн бэлтгэл ажиллагааг хийсан ба орой 23 цагийн үед аавын ажлын хүмүүсийн хамт Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Friends нэртэй караокед дуулж бүжиглээд архи дарс уугаад байж байсан ба би зарим хүмүүсийн нэрийг сайн мэдэхгүй байна. Батжаргал нь Булган эгчийг бүжигт уриад л, хамт бүжиглээд л, хамт суугаад л байсан ба ер нь бол тухайн караокед Булган эгч нөхрийнхөө хамт шинэ жилд орсон юм.

Тэгээд манай хэд тэр Булган эгчийн нөхрийг тоохгүй, юм ярих гэхээр нь тэр ахыг чи байж бай гээд л байсан.

Булган, Батжаргал хоёр бүжиглэж байгаад суусан ба хажууд нь Булган эгчийн нөхөр нь сууж байсан ба Батжаргал ах Булган эгчийг тэврээд л хачин болоод байсан юм. Тэгээд Булган эгчийн нөхөр нь ширээн дээр байсан шампанскны шилээр Батжаргал ахын толгой руу нь 2 удаа цохьсон. Би бодохдоо тэр ахыг Булган эгч Батжаргал ах хоёрыг хардаад л цохьсон байх гэж бодсон.

Угийн хардахаар л байсан. Яагаад гэвэл сандал дээр суугаад Батжаргал ах Булган эгчийг тэврээд л, тэгээд Батжаргал ах нөхрийг нь хааж суучихаад эхнэртэй нь юм яриад суугаад байсан” гэсэн /хх-н 40/ тэдгээрийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “П.Батжаргалын биед зүүн чамархай, дагзны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй” гэсэн 1054 тоот дүгнэлт /хх-н 15/ болон бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул

Чүлтэм овогт Жамбалдоржийн Түмэн-Өлзийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд ял оногдуулах үндэслэлтэй.

Тэрээр гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн нь ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.

 

Шүүгдэгч Ж.Түмэн-Өлзийд холбогдох хэргийг шүүх 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдөр анх хүлээн авсан.

2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ хуулийг 2002 оны Эрүүгийн хуулийн зохих зүйл хэсэгтэй харьцуулан үзвээс 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх заалт нь шүүгдэгч Ж.Түмэн-Өлзийгийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байна.

 

Учир нь, энэ зүйл хэсэгт заасан гэмт хэрэг хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарах ба түүнд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөр дуусгавар болжээ.

 

Иймд шүүгдэгч Ж.Түмэн-Өлзийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.

 

Шүүх ингэж шийдвэрлэхдээ шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлав.

 

Энэ хэрэгтэй холбоотой хохирол төлбөрийн хувьд;

Хохирогч П.Батжаргал нь гомдолгүй гэх бөгөөд харин тэрээр 831.750 төгрөг нэхэмжилсэн боловч хавтаст хэрэг дэх баримтаар эмчилгээний зардалд нийт 431.750 төгрөгийн баримт авагджээ. /хх-н 50-59/,

Мөн хохирогчийн нэхэмжилсэн өмсөж явсан костюм нь эд зүйлийн үнэлгээгээр 150.000 төгрөг гэж гарсан байна. /хх-н 60-63, 73/

 

Хохирогч П.Батжаргал нь шүүгдэгч Ж.Түмэн-Өлзийд гомдол саналгүй, хохирол төлбөрөө гаргуулах хүсэлтэй байгаа тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлжээ.

Нэхэмжлэлийн шаардлага хангаж буй 431.750 төгрөгөөс 200.000 төгрөгийг шүүгдэгч хохирогчид өгсөн гэх ба энэ мөнгийг нь хасч тооцоход 231.750 төгрөг болж байна.

231.750 төгрөг дээр хохирогч П.Батжаргалын өмсөж явсан пиджак костюмын үнэ болох 150.000 төгрөгийн хохирол нэмж тооцоод нийт 381.750 төгрөгийг шүүгдэгч Ж.Түмэн-Өлзийгээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

 

Харин хохирогч П.Батжаргалын цаашид нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч Ж.Түмэн-Өлзий цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

       ТОГТООХ нь:

 

1. Чүлтэм овогт Жамбалдоржийн Түмэн-Өлзийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийн шүүдэгч Ж.Түмэн-Өлзийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Ж.Түмэн-Өлзий цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Ж.Түмэн-Өлзийгөөс 381.750 төгрөг гаргуулж хохирогч П.Батжаргалд олгож,

хохирогч П.Батжаргал нь нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэлээ жич гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтын зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоол гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заал    дах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ж.Түмэн-Өлзийд урьд авагдсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

         

 

 

                                  ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ