Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2021/ДШМ/941

 

 

 

 

       2021           11           3                                          2021/ДШМ/941

 

Т.Ид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Г.Хаш-Эрдэнэ,

шүүгдэгч Т.Иийн өмгөөлөгч Н.Намжилцогт,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/912 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Иийн өмгөөлөгч Н.Намжилцогтын гаргасан давж заалдах гомдлоор Т.Ид холбогдох 2102001930136 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Т.И нь 2021 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг, “Hard Rock” үйлчилгээний төвийн гадна Э.Хгээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “шавар” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг 450.000 төгрөгөөр худалдан авч худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

Улмаар үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 4 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “шавар” гэх нэршилтэй, 0.9585 грамм цэвэр жин бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Т.Иийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т.Иийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Т.Ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Т.Ид оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Т.Ид оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялын нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор дүйцүүлэн сольж, Т.Ид оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суух газраас явахыг хориглох, ...эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг буюу Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 72 дугаар байрны 34 тоотоос Монгол Улсын Их сургуулийн хооронд явуулахаар тогтоож, тухайн оршин суух газраа өөрчлөх, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг тус тус хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасаар Т.И нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Т.И нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бичгийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Т.И нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа шавар гэх нэршилтэй 0.9585 грамм цэвэр жин бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг устгахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, АЫ4845081 серийн дугаартай 10 төгрөгийн дэвсгэртийг Монгол банкинд хүргүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.Ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.Иийн өмгөөлөгч Н.Намжилцогт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/912 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн дараахь гомдол гаргаж байна. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасан. Гэтэл анхан шатны шүүхийн тогтоолын тогтоох хэсгийн 5-д шүүгдэгч Т.Ид зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулахдаа “...өөрийн оршин суух газраасаа явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих, Баянзүрх дүүргийн 15-р хорооны 72-р байрны 34 тоотоос Монгол улсын их сургуулийн хооронд явуулахаар тогтоож, оршин суух газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах” үүргийг хүлээлгэсэн байна. Шийтгэх тогтоолыг уншихад ялтан нь оршин суух газраасаа гарч явж болохгүй мэт ойлголтыг өгч байна. Тэгсэн мөртлөө тогтоосон ганц маршрутаас өөр чиглэлд явахаар бол тухай бүр эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авч байна гэсэн нь амьдралд хэрэгжүүлэх боломжгүй заалт юм. Үндсэн хуулиар олгогдсон сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэх, амьд байхын тулд сонгосон эмнэлэгт үзүүлж өвчнөө илааршуулах, өөрийн сонирхсон секц, дугуйлан , сургалтын төвд явж ур чадвараа дээшлүүлэх, хамаатан садантайгаар учран золгох гэх мэт үндсэн эрхүүдээ эдлэх боломжгүй болж байна. Гарцаагүй шаардлага гарсан үед шөнө оройн цагаар эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авч явах боломжгүй юм. Хүний амьдрал баян учир өөр ямар ч хүндэтгэн үзэх гарцаагүй шаардлага нэг биш удаа гарна. Тэр болгонд шүүхийн тогтоолыг биелүүлээд байх боломжгүй болно.

2. Иймд дээрх байдлыг харгалзан үзэж зорчих эрх хязгаарлах ялын хэлбэрийг “Улаанбаатар хотын хил хязгаарын бүсээс гадагш гарахгүй байх”-аар тогтоож Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/912 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Хаш-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 912 дугаартай шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гарсан. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой. Шүүгдэгч Т.Иийн өмгөөлөгч Н.Намжилцогт давж заалдах гомдолдоо “Т.И нь найз охинтойгоо уулзах боломжгүй байна. Сургалтад хамрагдах боломжгүй байна. Зун зусланд гарах боломжгүй нөхцөл байдлууд байна” гэсэн. Хэрэв шүүгдэгч Т.Ид зорчих эрхийг нь хязгаарлахгүй үлдээвэл эрүүгийн хариуцлагын зорилго алдагдаж байна. Өөрөөр хэлбэл, ял биш болох гэж байна. Шаардлагатай тохиолдолд эмнэлэг, төрийн үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэх шаардлага гарна. Энэ асуудал огт хэрэгжихгүй гэсэн үг биш юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлд зорчих эрх хязгаарлах ялыг хуульчилсан. Хэрэв шүүгдэгч Т.И шүүхээс тогтоосон чиглэлээс өөр газраар зорчих шаардлагатай бол эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авна гэж тусгасан. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлавал шүүгдэгчид ял болж чадахгүй. Энэ нутаг дэвсгэрт Монгол улсын нийт хүн амын 50 хувиас илүү хувь нь амьдарч байгаа. Тэгэхээр эрүүгийн хариуцлагын зорилго алдагдана гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн...” байх хуулийн шаардлагыг хангажээ.

Т.И нь 2021 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг, “Hard Rock” үйлчилгээний төвийн гадна Э.Хгээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “шавар” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг 450.000 төгрөгөөр худалдан авч худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

Улмаар үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 4 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “шавар” гэх нэршилтэй, 0.9585 грамм цэвэр жин бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Т.Иийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 11-15/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэх эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх 16-18/, зургаар хүн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх 36-37/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 38-39/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 40/, Т.Иийн 5653020165 дугаарийн харилцах дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 61/ зэрэг нотлох баримтууд болон,

гэрч Ж.Гын “...Хэрлэн гэх залуу бид хоёртой уулзаад мэнд мэдээд, яриад сууж байхдаа “...надад ийм зүйл байна. “ гэж хэлээд гар дээрээ нэг шавар шиг зүйл гаргаж ирээд үзүүлсэн. Тэгээд Т.Ид хандан “Т.Иээ чи дуу хөгжимтэй ойрхон байдаг хүн, ийм зүйл мэддэггүй юм уу, сэтгэл санаа тайвшираад их гоё болдог зүйл байгаа юм, 450.000 төгрөгөөр зарна шүү” гэх мэтчилэн манай найз Т.Итэй яриад байсан. Тэгтэл Т.И нөгөө Хэрлэнгийн хэлсэн данс руу мөнгө шилжүүлээд нөгөө шаврыг нь сонирхоод авчихсан юм. ...Хэрлэн миний данс руу хийчих гээд Хаан банкны дансаа хэлсэн. Миний 5920050028 дугаарын данснаас 2021 оны 4 дүгээр сарын 18-ны орой 450.000 төгрөгний зарлагын гүйлгээ хийгдсэн байгаа. ...” /хх 31-32/,

гэрч Э.Хгийн “...Зүгээр сонирхоод байхаар нь өгсөн юм. Гэхдээ Т.Иээс мөнгө төгрөг зээлээр авдаг байсан. Харин шавар гэх зүйлийг мөнгө, төгрөгөөр зараагүй, зүгээр өгсөн юм. ...” /хх 34-35/,

яллагдагч Т.Иийн “...Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би энэ хэргийн талаар өмнө нь хэд хэдэн удаа мэдүүлэг өгсөн. Өмнөх мэдүүлэгтээ үнэн зөвөөр нь мэдүүлсэн байгаа. ...” /хх 101-102/ гэсэн мэдүүлгүүд,

“...шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаарласан шавар мэт зүйл, AN4845081 серийн дугаартай хуйлсан 10-тын мөнгөн дэвсгэрт тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаарласан шавар мэт зүйл, AN4845081 серийн дугаартай хуйлсан 10-тын мөнгөн дэвсгэрт тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Уг шавар мэт зүйлийн давхар гялгар ууттай жин 1,4436 грамм, гялгар ууттай жин нь 1,1705 грамм, цэвэр жин нь 0,9585 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 0,8771 грамм болов. ...” гэх 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2131 дугаартай /хх 42-46/,

“...шинжилгээнд ирүүлсэн “Т.И УЮ00290877” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “Т.И УЮ00290877” гэж хаягласан шээснээс морфин, тетрагидроканнабинол илэрч байна. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол нь НҮБ-ын “сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай”, Морфин нь “Мансууруулах эмийн тухай нэгдсэн” конвениудад багтдаг болно. ...” гэх 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2129 дугаартай /хх 49-52/ шинжээчийн дүгнэлтүүд,

“...Т.И нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. Т.И нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Т.И нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. Т.И нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Т.И нь сэтгэц идэвхит эм бодисоос хамааралтай болсон гэх шинж, баримт үгүй байна. ...” гэх 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 424 дугаартай шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх 54-58/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Т.Иийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн, Т.Иийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Т.Иийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Т.Ид оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ялын нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн нь  түүний гэм бурууд тохирсон төдийгүй хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Т.Иийн өмгөөлөгч Н.Намжилцогтоос “...Баянзүрх дүүргийн 15-р хорооны 72-р байрны 34 тоотоос Монгол улсын их сургуулийн хооронд явуулахаар тогтоож, оршин суух газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах” үүргийг хүлээлгэсэн нь хэт хязгаарлагдмал байх тул зорчих эрх хязгаарлах ялын хэлбэрийг “Улаанбаатар хотын хил хязгаарын бүсээс гадагш гарахгүй байх”-аар тогтоож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

Харин анхан шатны шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахдаа бүсчлэлийг “...өөрийн оршин суух газраас явахыг хориглох, ...эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг буюу Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 72 дугаар байрны 34 тоотоос Монгол Улсын Их сургуулийн хооронд явуулахаар тогтоож, тухайн оршин суух газраа өөрчлөх, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг тус тус хүлээлгэж. ...” гэж хэт явцуу байдлаар тогтоосон байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл, зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг хэт явцуу байдлаар тогтоосон нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар бүлэгт заасан “хүний үндсэн эрх, эрх чөлөө”-г хязгаарлах нөхцөл байдлыг бий болгож байна.   

Гэхдээ өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсанчлан “Улаанбаатар хотын хил хязгаарын бүсээс гадагш гарахгүй байх”-аар тогтоох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байх тул “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах” гэсэн нэмэлт зохицуулалтыг оруулах нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Т.Иийн өмгөөлөгч Н.Намжилцогтын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/912 шийтгэх тогтоолын 5 дахь заалтад “...өөрийн оршин суух газраас явахыг хориглох, ...эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг буюу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, мөн Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 72 дугаар байрны 34 тоотоос Монгол Улсын Их сургуулийн хооронд явуулахаар тогтоож, тухайн оршин суух газраа өөрчлөх, мөн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг тус тус хүлээлгэж. ...”  гэсэн өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/912 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “...шүүгдэгч Т.Ид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суух газраас явахыг хориглох, ...эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг буюу Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 72 дугаар байрны 34 тоотоос Монгол Улсын Их Сургуулийн хооронд явуулахаар тогтоож, тухайн оршин суух газраа өөрчлөх, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг тус тус хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгасугай. ...” гэснийг

“...шүүгдэгч Т.Ид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суух газраас явахыг хориглох, ...эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг буюу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, мөн Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 72 дугаар байрны 34 тоотоос Монгол Улсын Их сургуулийн хооронд явуулахаар тогтоож, тухайн оршин суух газраа өөрчлөх, мөн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг тус тус хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгасугай. ...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                  ШҮҮГЧ                                                              Л.ДАРЬСҮРЭН

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ