Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 183/шш2023/02783

 

 

 

 

 

2023 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2023/02783

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ** дүгээр хороо, Л гудамж, *** дугаар байр, *** тоотод оршин суух, регистрийн дугаар **********, Х овогт Т-ийн Г-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, Ц хотхон, *** дугаар байр, *** тоотод оршин суух, регистрийн дугаар **********, Б овогт Ц-ын М-т холбогдох,

 

Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар хороолол, Г.Л гудамж, **** дугаар байр, *** тоот хаягт байрлах, үл хөдлөх эд хөрөнгийн ************ дугаартай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, урьдчилсан тэмдэглэгээ хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Б /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.Г нь хариуцагч Ц.М-т холбогдуулан Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар хороолол, Г.Л гудамж, *** дугаар байр, *** тоот хаягт байрлах, үл хөдлөх эд хөрөнгийн ********* дугаартай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, урьдчилсан тэмдэглэгээ хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Т.Г миний бие 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар хороолол, Г.Л  гудамж, *** байр, *** тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн ********** дугаартай 51.95 м.кв хоёр өрөө орон сууцыг түүний жинхэнэ өмчлөгч Ц.М гэдэг хүнээс 88.315.000 төгрөгөөр "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ" байгуулан худалдан авсан. Худалдах, худалдан авах гэрээ байгуулах үед уг үл хөдлөх эд хөрөнгө нь зээлийн барьцаанд байсан тул биднээс авсан мөнгөөр зээлийг төлж дуусган үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцсон. Тус гэрээг 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр нотариатаар гэрчлүүлсэн байдаг. Гэрээний дагуу урьдчилгаа 44.157.500 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 44.157.500 төгрөгийг хуваарийн дагуу төлж байсан. Ингээд худалдагч тал нь тус үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан авсан зээлээ төлж, зээлийн барьцаанаас чөлөөлөөгүй байгаа тул 2022 оны 10 дугаар сараас хуваарьт төлөлтийг зогсоосон билээ. Нийт 5 сард ногдох үлдэгдэл төлбөр болох 6.133.000 төгрөгийг төлөх үүргийн гүйцэтгэлийг саатуулсан байгаа. Ингээд худалдагч Ц.М-тай уулзаж асуудлаа шийдвэрлүүлэх талаар оролдлогууд хийж эхэлсэн бөгөөд түүний "С групп" ХХК-ийн оффис нүүсэн байсан. Миний бие үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байсан бөгөөд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгийн 93.1 хувийг бүрэн төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөр болох 6.133.000 төгрөгийг төлөөгүй нь миний буруутай үйл ажиллагаанаас болоогүй билээ. Миний бие үлдэгдэл 6.133.000 төгрөгийг эзээ ч төлөхөд бэлэн байгаа тухайгаа худалдагч Ц.М-т мэдэгддэг бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах, тус үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан авсан зээлийн гэрээний үүргээ өөрөө биелүүлж, барьцаа хөрөнгийг чөлөөлж өгөх талаар хариу шаардлага тавьдаг болно. Миний бие байгуулсан гэрээний үүргийн дийлэнх хэсгийг гүйцэтгэсэн болон Иргэний хуулийн 112.1-д Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасны дагуу тухайн үл хөдлөх эд хөрөнгийн шударга өмчлөгч билээ. Иймд Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар хороолол, Г.Л гудамж, *** байр, *** тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн *********** дугаартай орон сууцны өмчлөгчөөр тогтоож, тус үл хөдлөх эд хөрөнгөд урьдчилсан тэмдэглэгээ хийхийг даалгаж өгнө үү. Гэрээний үлдэгдэл 6.133.000 төгрөгийг түүний албан ёсны дансанд шүүх хуралдаан болох өдөр төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

 

2. Хариуцагч Ц.М нь шүүхэд гаргасан тайлбартаа: 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Т овогтой Г-ийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан, Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар хороолол, Г.Л гудамж, *** байр, *** тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн ********* дугаартай орон сууцны өмчлөгчөөр тогтоож, тус үл хөдлөх эд хөрөнгөд урьдчилсан тэмдэглэгээ хийлгэх нэхэмжлэлийн бүрэн зөвшөөрч байгаа болно гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 669.725 төгрөг төлсөн баримт, нэхэмжлэгчийн оршин суугаа хорооны тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний хуулбар, Т.Г, Ц.М нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Т.Г-ээс Ц.М-т шилжүүлсэн 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 34.157.500 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 1.226.597 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 1.090.200 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 1.226.600 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 1.226.600 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 900.000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 326.600 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 12.265.970 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 1.226.597 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 1.226.597 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 1.226.597 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1.226.597 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1.226.597 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1.226.597 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1.226.597 төгрөг, 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 1.226.597 төгрөг, 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 1.226.597 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 1.226.597 төгрөг, 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 1.226.597 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 1.226.597 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 1.226.597 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1.226.597 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 1.226.597 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1.226.597 төгрөгийг тус тус төлсөн тухай баримтууд, нэхэмжлэгчээс Д.Б-т олгосон итгэмжлэл, 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 6.133.000 төгрөгийг шилжүүлсэн тухай баримтын хуулбар зэргийг ирүүлсэн.

 

4. Хариуцагчаас иргэний үнэмлэхийн хуулбарыг ирүүлсэн.

 

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ********** дугаартай, Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар хороолол, Г.Л гудамж, *** байр, *** тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Ц.М-т холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ******* дугаартай хэргийн хуулбар зэрэг баримт бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Т.Г нь хариуцагч Ц.М-тай 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хариуцагчийн өмчлөлийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, Г.Л гудамж, *** дугаар байр, ****тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн *********** дугаартай, 51,95 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах, орон сууцны үнэд 88.315.000 төгрөг төлөхөөр тус тус тохиролцжээ.

 

Ингээд дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Т.Г-ээс Ц.М-т 78.178.619 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

Гэвч энэ хугацаанд хариуцагч Ц.М нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж өгөөгүй байх бөгөөд талууд тухайн орон сууц нь бусдын барьцаанд бүртгэлтэй болохыг гэрээний 6 болон 9 дүгээр заалтад хүлээн зөвшөөрч дурдсан ажээ.

 

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдүүлсэн тухайн орон сууцны улсын бүртгэлийн хувийн хэрэг болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хийгдэж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийн баримтаас үзэхэд Ц.М нь А үр хадгаламж зээлийн хоршоотой 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр ******* дугаар бүхий зээлийн гэрээ байгуулж, 100.000.000 төгрөгийг сарын 2,8 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж авсан, тухайн зээлийн гэрээний үүргийн хангуулахаар тухайн өдрөө ***** дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ-г байгуулж 2 үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсны нэг үл хөдлөх эд хөрөнгө нь энэхүү хэргийн маргаан бүхий байр байна.

 

Улмаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн ************** дугаар шийдвэрээр Ц.М, Б.Г нараас зээлийн гэрээний үүрэгт 77.248.000 төгрөгийг гаргуулж Арвайн үр хадгаламж зээлийн хоршоонд олгох, хэрэв уг үүргээ гүйцэтгээгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн, тухайн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр үүссэн.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн *********** дугаар Төлбөр төлөгчийн хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол гарч, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн газарт хүргэгдсэн, улсын бүртгэлийн байгууллага уг тогтоолын дагуу Ц.М-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ************ дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна.

 

4. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Т.Г-ийн өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэгээ хийлгэхийг хүссэн үл хөдлөх эд хөрөнгө нь бусдын барьцаанд бүртгэлтэй, улмаар шүүхийн шийдвэрийн дагуу тухайн үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаарлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан боловч талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний дагуу эрхийн зөрчилгүй хөрөнгө нэхэмжлэгчид шилжээгүй, нэхэмжлэгч нь уг хөрөнгө нь бусдын барьцаанд бүртгэлтэйг гэрээ байгуулахдаа мэдэж байсан, мөн Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 153.2, 158 дугаар зүйлийн 158.5-д тус тус зааснаар хамгийн түрүүнд тухайн хөрөнгийг барьцаалсан этгээд уг хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардах эрхтэй байна.

 

5. Тэгэхээр бусдын барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн болохыг тогтоох боломжгүй, харин нэхэмжлэгч Т.Г нь Ц.Маас гэрээний улмаас учирсан хохирлыг шаардах эрхтэй ба энэхүү шийдвэр үүнд саад болохгүйг дурдав.

 

6. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 112 дугаар зүйлийн 112.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.М-т холбогдох Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар хороолол, Г.Л гудамж, *** дугаар байр, *** тоот хаягт байрлах, үл хөдлөх эд хөрөнгийн ********** дугаартай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, урьдчилсан тэмдэглэгээ хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэгч Т.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Т.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 669.725 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

8. Хариуцагч Ц.М өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ шүүхэд ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100.4-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.    Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 112 дугаар зүйлийн 112.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.М-т холбогдох Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар хороолол, Г.Л гудамж, *** дугаар байр, *** тоот хаягт байрлах, үл хөдлөх эд хөрөнгийн ********** дугаартай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, урьдчилсан тэмдэглэгээ хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэгч Т.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Т.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 669.725 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Н.ГЭРЭЛТУЯА