| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 181/2016/00605/И |
| Дугаар | 181/ШШ2016/01303 |
| Огноо | 2016-11-21 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 181/ШШ2016/01303
| 2016 оны 11 сарын 21 өдөр | Дугаар 181/ШШ2016/01303 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Н. Б. /РД:*********/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Х ХХК /РД:**********-д холбогдох
Түрээсийн гэрээний үүрэгт 72 624 800 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Ханхүү трейд ХХК-ийн Н.Барсад холбогдуулан гаргасан 76 945 921 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Ч, өмгөөлөгч М.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Р.О,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Н оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Барсын өмч болох Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 66 дугаар байр, 2, 3 дугаар тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2203006195, Ү-2203007921 дугааруудтай, өргөтгөлийн хамт 170 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг Ханхүү трейд ХХК-ийн ерөнхий захирал Б.Цогтсайхан нь 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр түрээсийн гэрээ байгуулан, мөн сарын 25-ны өдрөөс эхлэн түрээслэхээр тохиролцсон.
Түрээсийн гэрээг 2 жилийн хугацаатай буюу 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл байгуулан үл хөдлөх хөрөнгийг хүлээлгэн өгсөн.
Гэрээний дагуу Ханхүү трейд ХХК нь түрээсийн төлбөрийг 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр түрээсийн төлбөрийг Төрийн банкны дансаар шилжүүлснээс хойш төлбөрөө төлөхгүй байсан учир Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Түрээсийн төлбөрийг шаардсан нэхэмжлэлийг гаргасан.
Ханхүү трейд ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх 61 302 000 төгрөгийн нэхэмжлэлээс 20 400 000 төгрөгийг төлөхөөр тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулсныг 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 00879 дугаартай шүүгчийн захирамжаар эвлэрлийг баталсан.
Үүнээс хойш 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр, 02 дугаар сарын 25-ны өдөр, 03 дугаар сарын 25-ны өдөр, 04 дүгээр сарын 25-ны өдөр түрээсийн гэрээний дагуу төлөх ёстой байсан төлбөрийг төлөөгүй, Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2-т зааснаар Ханхүү трейд ХХК нь төлөх ёстой байсан түрээсийн байрны ашиглалтын зардал болох ус, дулааны төлбөрийг төлөөгүй хуримтлуулсан зардлыг түрээслүүлэгч Н.Барс өөрөө төлсөн. Түрээсийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, төлбөрөө цаг тухай бүрт нь төлөхгүй байгаа тул түрээсийн гэрээгээ Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.3, түрээсийн гэрээний 5.1 дэх хэсэгт заасны дагуу цуцалж, түрээсийн байрыг хүлээлгэж өгөх тухай мэдэгдэлийг 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүргүүлсэн.
Иймд Ханхүү трейд ХХК-аас 2016 оны 1-7 дугаар саруудын түрээсийн төлбөр, сард 6 800 000 төгрөг бүгд 47 600 000 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д, гэрээний 4 дүгээр зүйлийн 4.6-д заасны дагуу 2016 оны 01 дүгээр сарын түрээсийн төлбөрийн алданги 6 256 000 төгрөг, 02 дугаар сарын түрээсийн төлбөрийн алданги 5 236 000 төгрөг, 03 дугаар сарын түрээсийн төлбөрийн алданги 4 216 000 төгрөг, 04 дүгээр сарын түрээсийн төлбөрийн алданги 3 196 000 төгрөг, 05 дугаар сарын түрээсийн төлбөрийн алданги 2 176 000 төгрөг, 06 дугаар сарын түрээсийн төлбөрийн алданги 1 156 000 төгрөг бүгд 22 640 000 төгрөг, түрээсийн гэрээний дагуу ашиглаж байсан хугацааны ашиглалтын зардалд 2 384 800 төгрөг нийт 72 624 800 төгрөг гаргуулж өгнө үү.
Гэрээ нэгэнт цуцлагдсан, хариуцагч нь байрыг суллаж өгсөн тул бусад нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхгүй.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд хариуцагч нь байрнаас гарахдаа салгаж авах бүх эд хөрөнгөө салгаж авсан, мөн гэрээгээр ашиглалтын болон засан сайжруулалтын зардлаа өөрсдөө хариуцах тул зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагчийн шүүхэд гаргасан болон түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компани нь 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэгч Н.Барстай түүний өмч болох 4 дүгээр хороо, 66 дугаар байр 2,3 тоот орон сууцыг өргөтгөлийн хамт 170 м.кв талбайг нийтийн хоолны зориулалтаар ашиглахаар 2015 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал 2 жилийн хугацаатайгаар түрээслэхээр түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээ байгуулахдаа нотариатаар гэрчлүүлж, Үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж Нотариатын газар очсон боловч нотариатч уг байр нь Капитрон банкны зээлийн барьцаанд байгаа тул баримт бичгийн бүрдэл хангахгүй, гэрчлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Гэвч түрээслүүлэгч Н.Барс нь би банкнаас зээл нэмж авах шаардлагатай байгаа тул түрээсийн гэрээгээ хийж, нэг сарын барьцаа төлбөр болон эхний 5,6 сарын түрээсийн төлбөрөө нэг дор төлчих, зээлийн гэрээ шинэчлэгдэхээр түрээсийн гэрчлүүлэн, Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлье гэсэн. Тэрээр дараа нь танай байгууллагын үйл ажиллагааг явуулахад шаардлагатай баримт бичгийг болон бусад хэрэгцээт зүйл, асуудлууд дээр туслаж дэмжиж ажиллах болно гэсэн учир би итгэл үзүүлэн түрээсийн гэрээг байгуулж, барьцаа мөнгө болон эхний 2 сарын түрээсийн төлбөр нийт 16 800 000 төгрөгийг:
2015 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 6 800 000 төгрөгийг бэлнээр
2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 10 000 000 төгрөгийг Капитрон банкны дансанд 5,6 сарын түрээсийн төлбөр гэж тус тус шилжүүлсэн.
Түрээслэгч нь гэрээнд заасан хугацааны туршид тухайн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авах эрх эдэлнэ гэж хуульд заасны дагуу түрээсийн төлбөрөө өгсөн учир засварын үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
Бид түрээсийн төлбөрөө төлөн гэрээ байгуулж засварын санхүүжилт хийгээд эхэлсэн байсан тул оршин суугчидтай хэл амаа олж, тэдний шаардлагыг биелүүлж, тав тухыг нь алдагдуулахгүй байхаар ярилцахыг удаа дараа оролдсон ч амжилтад хүрээгүй Н.Барсад хандаж гэрээний дагуу шаардлагатай бичиг баримтын бүрдлийг хийхэд туслахыг хүссэн. Мөн энэхүү нөхцөл байдлаа яагаад өмнө нь хэлээгүй, цаашид яах тал дээр уулзаж ярилцсан.
Мөн 7 дугаар сарын түрээс төл гэхэд нь 6 800 000 төгрөг болон 6 сарын үлдэгдэл 3 600 000 төгрөг нийт 10 400 000 төгрөгийг Төрийн банкны дансанд шилжүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаас тодорхой харагдана.
Н.Барс нь үүргээ биелүүлж туслалгүй яахав, мэдээж зөвшөөрөлгүй бол үйл ажиллагаа явуулахад хэцүү, хамт уулзья гээд тохиролцсон ч одоо болтол хэрэгжүүлээгүй.
Гэрээнд заасан зориулалтаар орон сууцыг ашиглаагүй тул нэхэмжэлийг зөвшөөрөхгүй.
Бид түрээслэгчийн үүргээ биелүүлж барьцаа болон эхний 3 сарын түрээсийн төлбөрийг төлсөн боловч түрээслүүлэгчийн баримт бичгийн бүрдэл болон түрээслүүлэгчээс үүдэлтэй оршин суугчдын эсэргүүцлээс болж үйл ажиллагаа явуулж чадаагүй бөгөөд цаашид зөвшөөрөл авах боломжгүй тул тус байранд хийсэн засварт зарцуулсан мөнгө хөрөнгө болон цаашид ийм байдлаар бизнесийн болоод хамтарч ажиллах итгэлцэл эвдэгдэж байгаа тул түрээсийн байрыг чөлөөлөн өгч хийгдсэн засварын зардал, төлсөн түрээсийн төлбөрийг гаргуулан авахаар сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна.
Гэрээ цуцлагдсан асуудал дээр маргахгүй, тухайн байрыг нэхэмжлэгч талд хүлээлгэн өгсөн.
Иймд нэхэмжлэгч Н.Барсад төлсөн түрээсийн төлбөр 27 200 000 төгрөг болон засварын зардал 47 041 444 төгрөг, ашиглалтын зардалд төлсөн төлбөр 2 704 477 төгрөг, нийт 76 945 921 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Н.Барс нь Ханхүү трейд ХХК-нд холбогдуулан түрээсийн төлбөр 47 600 000 төгрөг, алданги 22 640 000 төгрөг, түрээсийн гэрээний дагуу ашиглаж байсан хугацааны ашиглалтын зардалд 2 384 800 төгрөг, нийт 72 624 800 төгрөг гаргуулах үндсэн,
Ханхүү трейд ХХК нь Н.Барсад холбогдуулан түрээсийн төлбөр 27 200 000 төгрөг, засварын зардал 47 041 444 төгрөг, ашиглалтын зардалд төлсөн төлбөр 2 704 477 төгрөг, нийт 76 945 921 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.
Нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа түрээсийн гэрээ цуцлагдсан гэх асуудал дээр талууд маргахгүй, хариуцагч нь түрээслэж байсан байраа хүлээлгэн өгсөн тул зөвхөн түрээсийн гэрээний төлбөр, алданги, ашиглалтын зардлын хүрээнд нэхэмжлэлээ шийдвэрлүүлэх болохоо тайлбарласан.
Талууд 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр, Н.Барсын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 66 дугаар байрны 2, 3 тоот орон сууцыг түрээслэх талаар гэрээ байгуулжээ. Уг гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлээгүй байгаа боловч гэрээний харилцааны үргэлжилсэн хугацаа, хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авсан байдал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 879 дүгээр захирамжаар энэ гэрээний харилцаатай холбоотой маргааны талаар эвлэрсэн зэргийг харгалзан дүгнэвэл Н.Барс, Ханхүү трейд ХХК-ийн хооронд үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэх нь зүйтэй байна.
Хариуцагч нь гэрээний дагуу 2016 оны 01 дүгээр сараас 07 дугаар сар хүртэл хугацааны түрээсийн төлбөр, ашиглалтын зардал төлөөгүй гэдэг дээр маргаагүй, харин гэрээнд заасан нийтийн хоолны зориулалтаар түрээсийн орон сууцыг ашиглаагүй тул холбогдох төлбөр, зардлыг төлөх үндэслэлгүй гэж мэтгэлцээний байр суурийг илэрхийлсэн.
Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш гэрээ цуцлагдсан, түрээсийн орон сууцыг нэхэмжлэгч тал 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсан үйл баримт дээр талууд маргаагүй болно.
Түрээсийн гэрээ байгуулагдсан үеэс эхлэн хариуцагч нь гэрээний дагуу 2015 оны 5-7 дугаар саруудын түрээсийн төлбөрт 20 400 000 төгрөгийг төлсний зэрэгцээ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 879 дүгээр захирамжаар 2015 оны 8-12 дугаар саруудын түрээсийн төлбөртэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагын талаар Н.Барсад 20 400 000 төгрөгийг төлөхөөр эвлэрч, эвлэрлийн гэрээндээ 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн түрээсийн гэрээ нь цаашид үргэлжлэхэд эвлэрлийн гэрээ саад болохгүй болохыг дурдаж байжээ.
Гэрээний харилцаа үүссэн 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн шүүхэд нэхэмжлэл гарах хүртэл хугацаанд хариуцагчийн зүгээс гэрээ хэрэгжих боломжгүй нөхцөл байдлын талаар нэхэмжлэгчид хандаж байсан болох нь нотлогдохгүйн зэрэгцээ өмнө нь шүүхэд маргаан үүссэн үед түрээсийн гэрээний 2015 оны 8-12 дугаар сарын төлбөр нэхэмжилсэн шаардлагын талаар эвлэрч байсан. Гэрээ хэрэгжих боломжгүй, гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах нөхцөл байдал үүссэн тохиолдолд тухайн цаг хугацаандаа гэрээний нөгөө талд мэдэгдэх нь үүргийн харилцааны онцлог юм.
Мөн түрээсийн гэрээ нь шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд Иргэний хуульд заасан журам, зохицуулалтын хүрээнд цуцлагдаагүй, дуусгавар болоогүй, талууд гэрээнээс татгалзаагүй байна.
Иймд хүчин төгөлдөр гэрээний хүрээнд үүссэн мөнгөн төлбөрийн үүргийг Ханхүү трейд ХХК хариуцах үндэслэлтэй.
Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй ашиглалтын зардлаас баримтаар нотлогдоогүй 11 800 төгрөг, илүү нэхэмжилсэн алданги 404 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 2016 оны 01-07 дугаар саруудын буюу 7 сарын түрээсийн төлбөрт 47 600 000 төгрөг, гэрээ болон хуулиар хүлээлгэсэн алданги 22 236 000 төгрөг, гэрээнд зааснаар хүлээж буй ашиглалтын зардал 2 373 000 төгрөг, нийт 72 209 000 төгрөгийн мөнгөн төлбөрийн үүргийг Ханхүү трейд ХХК-нд хүлээлгэх нь зүйтэй.
Түрээсийн гэрээний 1 сарын төлбөрийг 6 800 000 төгрөгөөр тогтоосон асуудал дээр талууд маргаагүйн дээр гэрээ, төлбөр төлж байсан баримтууд, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 879 дүгээр захирамжаар мөн тогтоогдож байна.
Гэрээ байгуулах үед төлбөрийн тооцоонд оруулалгүйгээр 6 800 000 төгрөгийг барьцаа болгон хүлээн авсан, хүлээлгэн өгсөн болохыг талууд харилцан зөвшөөрсөн тул хариуцагчийн хүлээж буй мөнгөн төлбөрийн үүргээс дээрх барьцааг хасч тооцон 65 409 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.
Хариуцагч нь түрээсийн орон сууцыг гэрээнд заасан зориулалтаар ашиглаагүй гэх үндэслэлээр төлсөн түрээсийн болон ашиглалтын зардлын төлбөр, засварын зардлыг нэхэмжилсэн.
Шүүхийн зүгээс түрээсийн орон сууцыг зориулалтын дагуу ашиглаагүй нь төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй, мөн ийнхүү ашиглаж болохгүй болсноо нэхэмжлэгчид мэдэгдээгүй, гэрээнээс татгалзаагүй, гэрээг цуцлаагүй үндэслэлээр мөнгөн төлбөрийн үүргийг хариуцагчид хариуцуулсан тул гэрээний дагуу төлөгдсөн түрээсийн төлбөр 27 200 000 төгрөг, ашиглалтын зардалд төлсөн 2 704 477 төгрөгийг нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байна.
Сөрөг нэхэмжлэлээс үлдэх түрээсийн орон сууцанд засвар хийхэд гарсан гэх 47 041 444 төгрөгийн шаардлагын тухайд хариуцагч нь дээрх үнийн дүн бүхий засвар хийсэн болохоо нотлоогүй, суурилуулсан гэх агааржуулалтын яндан хоолой, гадна хаяг, хаалга зэрэг нь одоо түрээслэж байсан орон сууцанд байгаа болох нь тогтоогдохгүй. Мөн түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т түрээслэгч нь ажлын байрны зохион байгуулалтыг сайжруулах, барилгын дотор засал тохижилтын урсгал засварын зардлыг бүрэн хариуцах болохыг тусгаж өгсөн.
Иймд засвар хийхэд гарсан зардал болох 47 041 444 төгрөг нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Дээр дурдсан дүгнэлтийн хүрээнд Ханхүү трейд ХХК-аас 65 409 000 төгрөг гаргуулан Н.Барсад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7 215 800 төгрөгийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туяацэцэгт өөрт нь мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэсэн бөгөөд шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч оролцсон болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ханхүү трейд ХХК-иас 65 409 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Барсад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7 215 800 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Барсаас 76 945 921 төгрөг гаргуулах тухай хариуцагч Ханхүү трейд ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 521 100 төгрөг, хариуцагчаас төлсөн 542 680 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Ханхүү трейд ХХК-иас 484 995 төгрөг гаргуулан Н.Барсад олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, энэ өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ