Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 1236

 

 

 

 

 

 

 

 

 

“МП” ХХК-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2019/00744 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч “МП” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ОТ” ХХК-д холбогдох,

Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 153 446 400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Згийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы  илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О,

Хариуцагчийн өмгөөлөгч: Э.З,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Бнар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани “ОТ” ХХК-тай 114/16 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатай байгуулсан. 114/16 тоот гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасны дагуу худалдан авсан барааны төлбөрийг барааг худалдан авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор компанийн дансанд шилжүүлэх эсхүл бэлнээр төлж барагдуулах байсан боловч өнөөдрийн байдлаар төлж барагдуулаагүй байна. Бид хариуцагч компаниас удаа дараа төлбөр төлөхийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн оршин суугаа хаягт нь тодорхойгүй байснаас шүүхэд эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гарган, цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулж 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр оршин суугаа хаягт нь тогтоогдсон болно. Иймд 114/16 тоот гэрээний 3.3, 5.1.3-т тус тус заасны дагуу үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 102 297 600 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаа хэтрүүлсэн алдангийг хоногийн 0.5 хувиар тооцон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар 50 хувьд хүргэж зогсооход 51 148 800 төгрөг, нийт 153 446 400 төгрөгийг “ОТ” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан “ОТ” ХХК-иас 153 446 400 төгрөг гаргуулж “МП” ХХК-д олгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “МП” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 925 182 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “ОТ” ХХК-иас 925 182 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “МП” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Э.З давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэгч нь хариуцагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн хаягаар тодорхойлон шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн уг хэрэгт хариуцагч “ОТ” ХХК-ийн төлөөлөх ямар ч эрхгүй Н.Санжаа гэх хүн гарын үсэг зураад, хавтаст хэргийн 19 дүгээр хуудсанд нотариат нь гарын үсэг үнэн дарагдах ёстой баримтыг хуулбар үнэн гэж дарсан нь тухайн нэхэмжлэл бүхэлдээ хүчингүй болох үндэслэлтэй байна. Мөн уг гэрээг байгуулахад “МП” ХХК-иас бодитоор шатахуун олголгүйгээр, өөр хүнд хямд үнээр зарж “сонгуулийн зардалд ашиглана, тал мөнгийг нь зээлчих” гэж хэлээд авсан байдаг юм. Гэтэл өнөөдөр өөрсдийн ашигласан мөнгийг гэрээгээр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч “МП” ХХК нь хариуцагч “ОТ” ХХК-д холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 153 446 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авсан атлаа нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл,түүнтэй холбоотой нотлох баримтаа ирүүлээгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Талуудын хооронд 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 114/16 дугаартай “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, худалдагч “МП” ХХК нь газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх, худалдан авагч нь зээлээр худалдан авсан барааны төлбөрийг барааг худалдан авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор “МП” ХХК-ийн дансанд шилжүүлэх буюу бэлнээр төлөхөөр тохирч, хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, талуудын хоорондын тооцоо нийлсэн акт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх 1-2, 11-14, 19/

Шүүх зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь буруу байгааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжтой гэж үзлээ.

Талуудын хоорондын гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулагдаж, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан анзын гэрээг бичгээр байгуулах шаардлагад нийцсэн байх бөгөөд зээлийн гэрээний 3.3 дахь хэсэгт “гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар” алданги тооцохоор тохиролцож, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар бичгээр хэлцэл хийсэн байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үндсэн үүрэг болон алданги төлөхийг шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч “МП” ХХК нь зээлээр худалдах, худалдан авах гэрээнд зааснаар шатахуун нийлүүлэх үүргээ биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан тооцоо нийлсэн актаар тогтоогдсон гэж дүгнэж хариуцагч “ОТ” ХХК-иас үндсэн төлбөр 102 297 600 төгрөг, алданги 51 148 800 төгрөг, нийт 153 446 400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “МП” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, энэ талаар хийсэн шүүхийн тооцооллыг буруутгах үндэслэлгүй байна.

Шүүх хариуцагч төлөөлөгч Э.Энхчимэгт 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд түүний эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлаж өгсөн, хариуцагч талаас 2019 оны 04 дүгээр сарын 02, 16-ны өдрүүдэд шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэж хариуцагчийн төлөөлөгч Э.Энхчимэг, түүний өмгөөлөгч Э.З нарт 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 11 цаг 30 минутад болох шүүх хуралдааны товыг 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр мэдэгдэн гарын үсэг зуруулсан байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байх тул хариуцагчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйгээс шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь зөв болжээ. /хх 36, 70/

Түүнчлэн хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан анхан шатны шүүх хэргийн харьяаллыг зөрчсөн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2019/00744 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1...” гэснийг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “ОТ” ХХК-иас төлсөн 925 182 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ИЧИНХОРЛОО

                                           ШҮҮГЧИД                                   Ш.ОЮУНХАНД

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН