Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2021/ДШМ/942

 

 

 

 

        2021           11           3                                            2021/ДШМ/942

 

Б.Дд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ц.Төгөлдөр,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Азжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 2021/ШЦТ/525 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Төгөлдөрийн бичсэн 2021 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 27 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Б.Дд холбогдох 2109000000788 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.Д нь 2021 оны 6 дугаар сарын 4-ний өдөр 21 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Тун Шун” дэлгүүрт хохирогч О.Отай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний нүүрэн тус газарт цохиж “дээд үүдэн баруун 1 дүгээр шүдний булгарал, дээд үүдэн зүүн 1 дүгээр шүд, доод үүдэн баруун 1 дүгээр шүдэнд ганхал, доод уруулын дотор салстад няцарсан шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржгин овогт Баянжаргалын Б.Дыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлж, хохирогч О.О нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Д нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Төгөлдөр улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн авч танилцаад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж дараахь үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “энэ хуулийн 4, 5, 6, 7, 8 дугаар зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоол, шийдвэр, прокурорын тогтоол, эрх бүхий албан тушаалтны шийтгэх оногдуулах тухай шийтгэх хуудас зэргээр тогтоогдсон байна” гэж хууль хэрэглэх талаар зохицуулсан.

Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “...Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ. ...” гэж заасан буюу Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийг хэрэглэх хууль зүйн зохицуулалт нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны тухайд хэрэглэгдэх зохицуулалт юм.

Харин шүүхээс 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1 дэх хэсэг, мөн хуулийн 12.8 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож хуулийг хэрэглэх ёстой байтал тус хуулийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг өршөөн хэлтрүүлсэн нь Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийг алдаатай хэрэглэсэн байна.

Мөн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 2021/ШЦТ/525 дугаартай шийтгэх тогтоолд шүүгдэгч С.Баасанжаргал гэж өөр хүний нэр бичигдсэн байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 2021/ШЦТ/525 дугаартай шийтгэх тогтоолыг зөвтгүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн...” байх хуулийн шаардлагыг хангажээ.

Б.Д нь 2021 оны 6 дугаар сарын 4-ний өдөр 21 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Тун Шун” дэлгүүрт хохирогч О.Отай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний нүүрэн тус газарт цохиж “дээд үүдэн баруун 1 дүгээр шүдний булгарал, дээд үүдэн зүүн 1 дүгээр шүд, доод үүдэн баруун 1 дүгээр шүдэнд ганхал, доод уруулын дотор салстад няцарсан шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч О.Оын “...Б.Д нь шүд рүү 2 удаа баруун гараараа, нүүр рүү нэг удаа нийт гурван удаа цохисон. Тэгээд үргэлжлүүлж зодоогүй. ...Б.Дыг нэг ч удаа цохиогүй, харин өөрөө цохиулсан. ...” /хх 4-5/,

гэрч  Б.Аын “...бүгдээрээ суугаад үргэлжлүүлэн архи уусан. Тэгээд 23 цагийн орчим би нойлын өрөө орох хооронд тас гээд аяга хагарч буй мэт дуу чимээ гарсан. Тэгээд гараад иртэл О.О, Б.Д нар нь муудалцсан байдалтай байхаар нь учрыг асуухад Б.Д ах надад хандаж “О.О чинь өрвөлзөөд байхаар нь би цохичихсон юм” гэж хэлсэн. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд Б.Д ахыг аваад явчихсан. ...” /хх 11-12/,

гэрч Т.Тий “...18 цагийн орчим Б.Д нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Дөлгөөн нуур зочид буудлын баруун талын Тун-Шунь дэлгүүрт ирсэн. Бид хоёр ажлаа ярилцаж дуусаад 19 цагийн орчим архи уухаар болоод архи уусан. Сууж байтал О.О найз маань над руу залгаад “уулзъя” гэхээр нь би “хүрээд ир” гэсэн. Тэгээд бид нар архи уугаад байж байтал архи дууссан. Дахиад нэмээд архи авахаар болоод Азаа гэх залууг явуулсан. Тэгээд Азаа нь дэлгүүрээс архи болон хиам, талх авч ирсэн. Бид нар авч ирсэн архиа ууж эхлээд, би нэг хундага архи уугаад тасраад маргааш нь сэрсэн. ...Тухайн хоёр хүн нь хоорондоо юм ярьж байсныг санаж байна. Харин муудалцсан эсэх талаар мэдэхгүй байна. Би сүүлийн архинаас амсаад тасарсан байсан. ...” /хх 13-14/,

яллагдагч Б.Дын “...өөрийн найз Тэнүүнтэй Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тунь шүн” дэлгүүрт 18 цагийн орчим уулзахаар болсон. Тэгээд товлосон ёсоор бид 2 уулзаад ажил ярьж байгаад ойрд уулзаагүй учраас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээр болсон. ...21 цагийн орчимд О.О гэх залуу ирсэн. Тухайн залуутай танилцаад бид гурав архиа үргэлжлүүлэн хэрэглэж байгаад О.Отай үл ойлголцох шалтгааны улмаас хэрэлдэж, маргалдаад гэнэт уур хүрээд зүүн гараараа нүүрэн тус газар нь цохисон. ...Хэрүүл маргааны үеэр Азжаргал нь бие засах өрөө рүү орсон байсан. Тэнүүн архи уугаад тасарчихсан байсан. ...” /хх 24-25/ гэсэн мэдүүлгүүд,  

“...О.Оын биед дээд үүдэн баруун 1 дүгээр шүдний булгарал, дээд үүдэн зүүн 1 дүгээр шүд, доод үүдэн баруун 1 дүгээр шүдэнд ганхал, доод уруулын дотор салстад няцарсан шарх, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 4876 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 15-17/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Дыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”  гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн, Б.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Прокурор Ц.Төгөлдөрөөс “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг өршөөн хэлтрүүлсэн нь Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “...энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ. ...” гэж заасан нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны тухайд хэрэглэгдэх зохицуулалт юм.

Гэтэл анхан шатны шүүхээс Б.Дд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлж...” шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Д нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол, төлбөргүй байх тул түүний үйлдэл Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хамаарч байна.

Иймд прокурор Ц.Төгөлдөрийн бичсэн 2021 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 27 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 2021/ШЦТ/525 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Б.Дд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт тус тус зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгосугай. ...” гэсэн нэмэлт заалт оруулж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Түүнчлэн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “шүүгдэгч С.Баасанжаргал” гэж өөр хүний нэрийг бичин алдаа гаргасан байх тул үүнийг цаашид анхаарвал зохино.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 2021/ШЦТ/525 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг хүчингүй болгосугай.

2. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 2021/ШЦТ/525 шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Дд холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай. ...” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй. 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                  ШҮҮГЧ                                                              Л.ДАРЬСҮРЭН

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ