Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2017/0497

 

Б.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Анхбаяр, хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ренчиндoрж, Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сарангэрэл нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 297 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Б.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 297 дугаар шийдвэрийн нэгдүгээр заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/128 дугаар тушаалыг хүчингүй болгож, хоёрдугаар заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б.Алтанцэцэгт 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл ажилгүй байсан 144 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 5419488 /таван сая дөрвөн зуун арван есөн мянга дөрвөн зуун наян найман/ төгрөгийг хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас гаргуулж, нэхэмжлэгч Б.Алтанцэцэгт олгон, түүний ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, нийгмийн халамжийн хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сарангэрэл давж заалдах гомдолдоо: “ ... 1.Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтад орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг шалгаруулж авна гэж заасан байна. Нэхэмжлэгч дүүргийн хөдөлмөрийн хэлтэс, дүүргийн халамж үйлчилгээний хэлтэс гэсэн 2 тусдаа бие даасан байгууллагыг татан буулгасан   зохих байгууллагуудын шийдвэрийн дагуу нэгэнт бүтэц нь байхгүй болсон тул ажилд томилсон албан тушаалтнуудаа бүгдийг нь халсан байна. Хоёр өөр чиг үүрэг бүхий байгууллага нэгдсэнээр дээрх байгууллагуудын дарга нараас аль нэгийг нь томилох хэрэгтэй болсноор Хөдөлмөрийн мэргэжил Зөвлөлт холбоот улсад эзэмшиж  энэхүү мэргэжлээрээ сургууль төгссөнөөс хойш тасралтгүй 30 гаруй жил ажиллаж байгаа, ажлын өндөр туршлагатай, Бадамцэцэгийг Хан-Уул дүүргийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд томилсон нь хууль зөрчөөгүй байна. Үүнийг нэхэмжлэгч Алтанцэцэг дээрх албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн их хангасан хүн бол Бадамцэцэг гэж хүлээн зөвшөөрч маргаагүй байхад дээрх тушаалыг хүчингүй болгож хууль зөрчсөн шийдвэр гаргасан.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хэлтсийн даргаар томилогдоно гээгүй харин албаны даргаар аваагүй гэж маргасан байна.Шүүгч Төрийн албаны тухай хуулийн 27.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Алтанцэиэгийг албаны даргын албан тушаалд томилохыг даалгасан нь мөн хууль зөрчсөн шийдвэр болжээ. Учир нь дээрх хуулийн заалтад төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн зохион байгуулагдсан, өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар орон тоо хасагдсан тохиолдолд:

А. Мэргэжил мэргэшил бууруулахгүйгээр өөр албан тушаалд шилжих Б. Төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэших

Б. 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгохын аль нэгээр нь шийдвэрлэх заалт байна. Хөдөлмөр, нийгмийн халамжийн сайд дээрх хуулийн заалтын 3 дахийг нь хэрэглэж 6 сарын Б.Алтанцэцэгт тэтгэмж олгожээ. Б.Алтанцэцэг дээрх тэтгэмжийг авсан нь шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн баримт мөн. Нэгэнт хоёр байгууллагыг нэгтгэж бүтэц орон тоо цөөрсөнтэй холбоотойгоор шинээр томилогдсон Дүүргийн Хөдөлмөр Халамж үйлчилгээний хэлтсийн дарга шинэ бүтэц орон тоон дээр ажилтан авч ажиллуулах эрхийн дагуу албаны даргын орон тоон дээр хүн авч ажиллуулсан нь эрх зүйн өөр үр дагавар бүхий үйл ажиллагаа юм. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг зөрчсөн гэж шүүгч шийдвэрлэхдээ Алтанцэцэгийг мэргэшсэн албан хаагч гэж үзжээ. Гэтэл Алтнцэцэг нь Хөдөлмөрийн болон халамжийн мэргэжилгүй учир мэргэшсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд байгууллага татан буугдахад тэрээр төрийн албанд ажиллах ёс зүйгүй болохоо харуулж байгууллагын эд хөрөнгийг хувьдаа авах, зарим эд хөрөнгийг сольж авах гэх мэт зохимжгүй үйлдэл гаргаж байсан нь тогтоогдсон учир түүнийг албаны даргаар заавал авах ёстой гэж үзсэн шүүхийн шийдвэр үндэслэлгүй болохыг баталж байна. Төрийн албанд мэргэжлийн бус хүн томилсон нь маргаан үүсгэх үндэслэл болсны гадна Төрийн албанд ажиллаж байсан л бол мэргэжил ёс зүй, бусад хувийн байдлыг харгалзахгүйгээр заавал үргэлжлүүлэн ажиллуулах ёстой гэж үзсэн шүүхийн шийдвэр илт хууль бус болсон тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.”

Хариуцагч Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ренчиндoрж давж заалдах гомдолдоо: “…Нэг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтойгоор зөрчсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.Нэхэмжлэгч Б.Алтагцэцэг нь анх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад холбогдуулан “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдьн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/128 дугаар тушаалыг хүчингүй болгож жилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгальн шимтгэлийг нөхөн төлүүлэх, ажилгүй байсан хугацааны цалингаа авах, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжийг төлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч анхан шатны шүүх хуралдаан дээр “ажилд эгүүлэн томилуулах” гэдгээ “Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн албаны даргаар томилуулах” гэж тодруулсан бөгөөд шүүх хуралдаан дуусч, шүүх шийдвэрээ гаргахаар завсарлаж, зөвлөлдсөн. Энэ хүртэл нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын хувьд хариуцагчаар “Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн даргыг” татах хүсэлт гаргаагүй юм. Өөрөөр хэлбэл тус хэргийн хариуцагч болох Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад холбогдуулан “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн албаны даргаар” томилуулах шийдвэрийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь хэвээр байсан.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс тус хэрэгт хамтран хариуцагчаар Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэсийн даргыг татан оролцуулах хүсэлт гаргаагүй, тухайн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн даргад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байтал шүүгч хуралдааныг үндэслэлгүйгээр хойшлуулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийг баримтлан хамтран хариуцагч татсан захирамж гаргаж, уг захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласан. Шүүгчийн энэхүү захирамж гарсны дараа л нэхэмжлэгч 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөр огноолсон нэхэмжлэлийн шаардлагаа “миний ажиллаж байсан албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн бүтэц дэх Хөдөлмөрийн албаны даргын албан тушаалд хэвээр хадгалагдаж үлдсэн байна. Хөдөлмөрийн албаны даргын албан тушаалд томилохыг Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст даалгаж өгнө үү” гэсэн тодруулгыг шүүхэд гаргасан болох хэрэгт авагдсан байгаа. Анхан шатны шүүх өөрийн санаачлагаар хамтран хариуцагч татах захирамж гаргаснаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 20 дугаар зүйлийн 20.1.1-д нэхэмжлэгч нь “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах” эрхтэй болохыг, нэхэмжлэлд тусгах асуудлын талаар 52 дугаар зүйлийн 52.2.3-т “хариуцагчийн нэр, оршин байгаа газрын хаяг”, 52 дугаар зүйлийн 52.2.4-т “нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл”-ийг тусгана гэснийг ноцтой зөрчсөн.

Нэхэмжлэгчийн шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн агуулга, шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний тайлбаруудад “Хөдөлмөр. нийгмийн хамгааллын сaйд намайг ажлаас чөлөөлсөн тушаалдаа, тэтгэмж олгохыг Хөдөлмөр, халамж үйлчилгээний санхүүд даалгаж болж байгаа шигээ ажлын байраар хангахыг холбогдох доод шатны байгууллагадаа даалгах боломжтой байсан” гэж маргаж, хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар “Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн албаны даргаар томилуулахыг доод шатны байгууллага болох Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн даргад даалгах агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байсан.

Гэтэл шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчиж, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн даргыг хариуцагчаар татан оролцуулсан. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т “Хариуцагчаар татагдсан этгээд нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь тогтоогдвол түүнийг шүүгч нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр жинхэнэ хариуцагчаар солино” гэж 25.2-т “нэхэмжлэгч хариуцагчийг солихыг зөвшөөрөөгүй бол шүүгч тухайн этгээдийг хамтран хариуцагчаар татан оролцуулна” гэж, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Нэг нэхэмжлэлд хэд хэдэн хариуцагч байж болох ба тэдгээр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даан оролцох эрхтэй” гэж тус тус заасан.

Хавтаст хэргийн ... талд Гэтэл нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргад холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй байхад шүүхийн санаачлагаар нэхэмжлэлийн нэг шаардлагыг шинэ нэхэмжлэл болгон хүлээн авч, хамтран хариуцагч татсан. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгчийн тодорхойлсон хариуцагч нь жинхэнэ хариуцагч биш бол нэхэмжлэгчээс зөвшөөрөл авч солино, зөвшөөрөөгүй бол хамтран хариуцагчаар татаж оролцуулах л боломжтой байна. Гэхдээ дээрх захирамжийг гаргахдаа нэхэмжлэгчээс ямар ч зөвшөөрөл, хүсэлт авалгүйгээр захирамж гаргасан нь мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийг баримталсан байгаагаас үзвэл шүүх мэтгэлцэх зарчмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах журмыг зөрчсөн нь тодорхой байна. Шүүх хуралдааны тэмдэглэл болон хэргийн материалд нэхэмжлэгч нь хамтран хариуцагчаар “Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийг татах” талаар хүсэлт гаргаагүй нотлогдож байхад шүүх хариуцагчийг өөрийн санаачлагаар татан оролцуулсан захирамж гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Зүй нь нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн тодорхойлсон хариуцагчид хамаарах захиргааны хэргийг л хянан шийдвэрлэх байтал шүүх тэдгээрээс хальж, хуульд байхгүй чиг үүргийг хэрэгжүүлж илт хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Хоёр. Шүүхээс шинээр байгуулагдсан Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргыг томилоход шалгаруулалт явуулаагүй гэсэн нь үндэслэлгүй дүгнэлт бөгөөд уг дүгнэлтийг үндэслэн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг баримталж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны Б/128 дугаар тушаалыг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй юм. Нотлох баримтыг дутуу бүрдүүлж, буруу үнэлж, хэргийн нөхцөл байдлыг буруу тодорхойлсон нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэр гаргах шаардлагыг хангаагүй. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасны дагуу Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргаар тухайн үед Халамжийн үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Бадамсүрэнг томилсон.

Гэтэл шүүх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д зааснаар Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Бадамсүрэнг томилохдоо нэхэмжлэгч Хөдөлмөрийн салбарын мэргэшсэн албан хаагч /шүүгчийн тодорхойлсноор/ Б.Алтанцэцэг нарын хоорондын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авах журамтай байхад шалгаруулалт явуулаагүй, хэлтэс дотор нь албаны даргаар томилж өгнө үү” гэсэн байхад тухайн албан тушаалд нэхэмжлэгч болон Б.Бадамсүрэн нарыг хооронд шалгаруулалт хийгээгүй байна гэж дүгнэсэн нь нотлох баримтад үндэслээгүй юм. /Хавтаст хэрэгт сонгон шалгаруулалт явуулсан эсэх талаар ямар ч нотлох баримт, зохигчдын тайлбар авагдаагүй. Мөн шинээр байгуулагдсан Хан-уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолт уг хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байхад юуг үндэслэж тухайн албан тушаалд нэхэмжлэгч Б.Алтанцэцэгийг шалгаруулж томилох ёстой гэж дүгнэсэн нь ойлгомжгүй үлдлээ. Шүүх эрх бүхий этгээд шалгаруулалт явуулалгүйгээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь буруу гэж дүгнэж, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсгийг баримталж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгосноор одоогийн хэлтсийн дарга Б.Бадамсүрэнг томилсон тушаалын талаар дүгнэлт хийж, дахин шалгаруулалт явуулах ёстой мэт ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэлээ. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг баримталсан нь шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн болно

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “нийслэлийн Засаг даргын тамгын газар, захирагчийн ажлын албаны бүтцийг батлах тухай” 8 дугаар тогтоолын 7 дахь заалтаар дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлаг, Улаанбаатар хотын Захирагчийн харьяа газруудын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоон мөрдүүлэхийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид зөвшөөрсөн.

Дээрх Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу нийслэлийн Засаг даргын 2016 оны “Хууль хэрэгжүүлэх тухай” А/653 дугаар захирамжаар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийг байгуулсан.Үүнтэй холбогдуулан Хан Уул дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс нэгэнт татан буугдсан, хэлтсийн даргын албан тушаал байхгүй болсон тул Б.Алтанцэцэгийг Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлсөн. Ийнхүү хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар зөрчөөгүй. Нэхэмжлэгч нь сайд болон шүүхэд шинээр байгуулагдсан Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн даргаар томилуулах хүсэлт гаргаагүй, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн доторх бүтцийн нэгж болох Хөдөлмөрийн албаны даргаар томилуулах хүсэлт гаргасан байхад шүүх Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд шалгаруулах ёстой гэж дүгнэж Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсгийг баримталсан нь огт үндэслэлгүй юм.

Шүүх “Нэхэмжлэгчийг Сонгуулийн тухай хуулийн 29 дугээр зүйлийн 29.3-д заасны дагуу цалинтай чөлөөтэй байсан” гэж дүгнэсэн нь мөн л үндэслэлгүй болно.

Шүүх нэхэмжлэгчийг Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д заасны дагуу чөлөөтэй байсан өрөөсгөл дүгнэлт хийж, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн сайдын 2016 оны Б/128 дугаар тушаалыг хүчингүй болгохдоо баримтлаагүй байгаа ч уг хуулийн заалтыг хэрэглэх боломжгүйг хариуцагч дараах байдлаар тайлбарласан. Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Сонгуулийн хороодын ажилтан, албан тушаалтныг сонгуулийн холбогдолтой чиг үүргээ хэрэгжүүлж байх хугацаанд үндсэн ажлаас нь чөлөөлөх, огцруулах, түүнчлэн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажил, албан тушаалд шилжүүлэхийг хориглоно” 29.3-д “Сонгуулийн хороодод ажиллаж байгаа төрийн албан хаагчид ажиллаж байгаа төрийн байгууллага цалинтай чөлөө олгоно” гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д “Ажил олгогч нь ажилтанд түүний хүсэлтээр чөлөө олгож болно” гэж тус тус заасан.

Дээрхээс үзвэл ажилтанд чөлөө олгох асуудлыг ажил олгогч болох Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд тушаалаар шийдвэрлэх хуулийн зохицуулалттай. Гэтэл хавтаст хэрэгт нэхэмжлэгчид чөлөө олгосон тухай ямар ч нотлох баримт байхгүй, харин ч чөлөө олгох талаар ажил олгогчийн ямар ч шийдвэр гараагүй байсан тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч үүнийг үгүйсгээгүй байхад шүүх үндэслэлгүй дүгнэлт хийлээ. Зүй нь энэ талаар шүүх холбогдох нотлох баримтыг цуглуулах ёстой байсан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг дараах тохиолдолд хэвээр хадгална: 35.1.1 төрийн байгууллагын сонгуульт үүрэг гурван сар хүртэл хугацаагаар гүйцэтгэж байгаа; гэж хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д “Ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно” гэж заасан. Энэ нь аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан тохиолдолд ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтныг чөлөөлөхийг хуулиар ч хориглох боломжгүй тул нээлттэй үлдээсэн байна.

Дээрх байдлаар байгууллага татан буугдсан, тухайн ажлын байр байхгүй болсон тохиолдолд ажил олгогч ажлын байрыг хадгалахгүй байж болох тохиолдлуудыг хууль тогтоогч Хөдөлмөрийн тухай хуульд зохицуулсан байна.Харин Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь хэсэг нь сонгуулийн хороонд ажиллаж буй төрийн албан хаагчийг улс төрийн баталгааг хангасан зохицуулалт хэдий мөн боловч тухайн байгууллага нь татан буугдсан байхад, сонгуульт ажил эрхэлсэнтэй нь холбогдуулалгүйгээр ажилтныг чөлөөлөхөд баримтлах хуулийн зохицуулалт биш юм.

Нэгэнт Хөдөлмөрийн хэлтсийн даргын албан тушааг байхгүй болсон, байгууллага татан буугдсанаар Б.Алтанцэцэгийг цалинжуулах төсөв байхгүй, байхгүй болчихсон Хөдөлмөрийн хэлтсийн даргаар үргэлжлүүлэн ажиллуулах ямар ч хууль зүйн бодит боломжгүй нөхцөлд байдал үүссэн тул ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан хуульд нийцсэн юм.

Мөн Шүүх хариуцагчаас маргаан бүхий актыг илэрхий алдаатай гаргасан гэж дүгнэжээ. Гэвч хариуцагч хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд “Баянзүрх” гэсэн техникийн алдаагаа залруулж, “Хан-Уул” болгож засварлаж нэхэмжлэгчид гардуулсан. Энэ засварлаж өгсөн тушаалыг нэхэмжлэгч хүлээн авснаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа билээ. Энэ нь уг тушаалыг хүчингүй болгох хэмжээний алдаа биш бөгөөд энэ алдааг хэрхэн залруулахыг Захиргааны 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт зохицуулсны дагуу хийгдсэн ажиллагаа юм. Гэтэл шүүгч хариуцагчийг ийм техникийн алдаа гаргасан гэж буруутгасан хэрнээ өөрийн бичсэн шийдвэртээ нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн нэрийг “Б.Алтансүх гэж илэрхий алдаа гаргасны дээр найруулгыг нилээдгүй алдаа гаргажээ. Энэхүү техникийн алдаатай шийдвэрээ залруулсныг бид мөн хүлээн авсан болно.

Гурав. Даалгах нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ хариуцагч нарын хууль бус эс үйлдэхүй байсан эсэхииг тогтоогоогүй. Анхан шатны шүүх хуралдаан эхлэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие “нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахыг хүсч, энэ нэхэмжлэлийн хүрээнд нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол сэргээгдэх боломжтой эсэх, хууль бус эс үйлдэхүйг тогтоолгох, улмаар даалгах нэхэмжлэл байгаа эсэх”-ийг нягталж асуусан. Учир нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хувьд хангагдах ойлгомжгүй байсан. Өөрөөр хэлбэл шүүх ажлаас чөлөөлсөн шийдвэр буюу сайдын 2016 оны Б/128 дугаар тушаалыг хүчингүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаал болох Хөдөлмөрийн хэлтсийн даргын албан тушаалд нь тогтоох ёстой. Гэтэл нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан Хөдөлмөрийн хэлтсийн даргын албан тушаал байхгүй тул шүүх ажлаас чөлөөлөхөөс өмнө ажиллаж байгаагүй. Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн албаны даргын албан тушаалд томилохыг даалгах шийдвэрийг гаргасан.

Зүй нь шүүхээс нэхэмжлэгчийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн албаны даргын албан тушаалд томилохыг даалгах нэхэмжлэлийг шийдвэрлэхийн тулд заавал хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй байгаа эсэхийг шалган, тогтоох ёстой байсан. Гэтэл шүүх хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйн талаар ямар ч дүгнэлт хийгээгүй, эс үйлдэхүйг холбогдох нотлох баримтыг үндэслэж тогтоогоогүй. Энэ талаар хариуцагчаас тайлбар авалгүйгээр, тэр ч бүү хэл хууль бус үйлдэхүй байгаа эсэхийг тогтоох нэхэмжлэлийн шаардлага ч байхгүй байхад үүний дараа шийдвэрлэгддэг даалгах нэхэмжпэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэсгэлгүй юм.

Дөрөв. Шийдвэрийн үндэслэх хэсгийн дүгнэлт, тогтоох хэсэгт дурдсан шийдвэр өөр хоорондоо зөрчилтэй. Шүүх нэхэмжлэгчийг шинээр байгуулагдсан Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд шалгаруулалтгүйгээр шууд чөлөөлсөн нь хууль бус гэж дүгнэж, ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгосон хэрнээ “хавтаст хэрэгт авагдсан 2 ажлын байрны тодорхойлолтоос харaхад бодит байдал дээр нэхэмжлэгчийн өмнө ажиллаж байсан албан тушаал нь чиг үүрэг шинээр бүтэц зохион байгуулалтын дүнд бий болсон Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн албаны даргын албан тушаалд хэвээр хадгалагдан үлдсэн” байна гэж дүгнэсэн. Шүүгчийн энэ дүгнэлтээр бол Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн даргын ажлын байранд нэхэмжлэгчийг томилоогүй хариуцагчийг зөвтгөх дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн өмнө ажиллаж байсан ажлын байрны чиг үүргийг Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын ажлын байр, албан тушаалд биш, уг хэлтсийн Хөдөлмөрийн албаны даргын ажлын байранд хадгалагдаж үлдсэн мэтээр дүгнэсэн боловч тогтоох хэсэгтэй ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгосон нь зөрчилтэй.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт “ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг ТЗ-6-5 шатлалаар тооцож, ингэхдээ түүнд олгосон 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг шилжүүлэн тооцож, үлдэх мөнгииг хариуцагчаас гаргуулж олгох нь зүйтэй гэж дүгнэсэн. Гэвч тогтоох хэсэгтээ ажилгүй байсан хугацааны нийт олговорт 5.419.488 /таван сая дөрвөн зуун арван есөн мянга дөрвөн зуун хаян найман/ төгрөгийг гаргуулахаар шийдэж, тэтгэмжийг хасаж тооцоогүй нь үндэслэлгүй болно.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар 297 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

  Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн цуглуулсан боловч хэргийн зарим нөхцөл байдлыг буруу дүгнэж, Төрийн албаны тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн байх тул шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхилоо.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/128 дугаар тушаалын нэг дэх заалтаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийг нэгтгэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс болгон өөрчлөн зохион байгуулсантай холбогдуулан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Баастын Алтанцэцэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Б/128 дугаар тушаалын энэхүү хэсэг нь захиргааны актын “гадагш чиглэсэн” шинжгүй, төрийн захиргааны байгууллагын дотогшоо чиглэсэн шийдвэр байх тул энэ хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.

Харин уг тушаалын 2 дахь заалтаар нэхэмжлэгч Б.Алтанцэцэгийн ажиллаж байсан албан тушаалын орон тоог хасагдсан гэж үзэж тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн “төрийн байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдсөн үед ажиллаж байсан албан тушаалынх нь чиг үүрэг хэвээр хадгалагдсан тохиолдолд үргэлжлүүлэн ажиллах” төрийн жинхэнэ албан хаагчийг нэмэгдэл баталгаагаар хангагдах эрхийг хөндсөн, гадагшаа чиглэсэн шинжтэй байх бөгөөд нэхэмжлэгч нь уг зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргажээ. 

Нэхэмжлэгч Б.Алтанцэцэг нь дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажиллаж байсан бөгөөд Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны А/11 дүгээр тушаалаар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст Хөдөлмөр эрхлэлтийн албатай байхаар баталжээ. Уг албаны даргын албан тушаалд нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул Б/28 дугаар тушаалын 2 дахь хэсэг нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан нэхэмжлэгчийн төрийн албанд үргэлжлүүлэн ажиллах төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах эрхийг зөрчсөн байна.

Нэхэмжлэгч нь өөрийн албан тушаалын чиг үүргийг шинээр байгуулагдсан дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалын чиг үүрэгт хэвээр хадгалагдсан гэж үзээгүй байхад анхан шатны шүүх уг хэлтсийн дарга Б.Бадамсүрэн болон Б.Алтанцэцэг нараас сонгон шалгаруулж авах байсан гэж нэхэмжлэлийн агуулга, хэргийн нөхцөл байдлыг буруу дүгнэжээ. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй боловч Хөдөлмөрийн хэлтсийн даргын албан тушаал хасагдаагүй, чиг үүрэг нь Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн албаны даргын албан тушаалд хэвээр хадгалагдсан байх тул хариуцагчийн гомдлыг хангаж шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй.

Хариуцагч нар нь мөн гомдолдоо “... даалгах нэхэмжлэлийг шийдвэрлэхийн тулд хариуцагчид хууль бус эс үйлдэхүй байх ёстой, гэтэл хариуцагч дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын хууль бус эс үйлдэхүйн талаар шүүх дүгнээгүй атлаа даалгасан ...” гэжээ.

Хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нь Б/128 дугаар тушаалаар Б.Алтанцэцэгийн төрийн байгууллагад үргэлжлүүлэн ажиллах нэмэгдэл баталгаагаар хангагдах боломжийг олголгүй, 3 сарын тэтгэмж олгож хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, өөрөөр хэлбэл төрийн захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрхийг сэргээж, томилох эрх бүхий этгээд болох Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн даргад Б.Алтанцэцэгийг тус хэлтсийн Хөдөлмөрийн албаны даргын албан тушаалд томилохыг даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Түүнээс гадна ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд хууль бус тушаалаар олгосон тэтгэмжийг хасч тооцох үндэслэлгүй, харин хариуцагч нь үндэслэлгүй олгогдсон тэтгэмжийг нэхэмжлэгчээс буцаан гаргуулах эрхтэй.   

Хариуцагч дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдолдоо “... бүтэц, орон тоо өөрчлөгдөх үеэр Б.Алтанцэцэг нь төрийн эд хөрөнгийг хувьдаа авах, солих зэргээр төрийн албан хаагчийн ёс зүйгүй үйлдэл гаргасан тул Хөдөлмөрийн албаны даргаар заавал авах ёстой гэж шийдсэн шүүхийн шийдвэр үндэслэлгүй гэдгийг баталж байна ...” гэжээ.

Шүүх нэхэмжлэгч Б.Алтанцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн, хариуцагч нь төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн үндэслэлээр хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгоогүй, хэрэгт хамааралгүй байх тул энэхүү гомдлоор шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 297 дугаар шийдвэрийн нэг дэх заалтын “Б/128 дугаар” гэсний дараах “тушаалыг хүчингүй болгосугай” гэснийг тушаалын 2, 3 дахь хэсгийг хүчингүй болгож, Б.Алтанцэцэгийг Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн албаны даргаар томилохыг тус хэлтсийн даргад даалгасугай.” гэж, 3 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны Б/128 дугаар тушаалын нэг дэх заалтыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ