Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2016/00678

 

Д.Өнөрийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2015/08053 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 493 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Д.Өнөрийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Алтантуяад холбогдох,

“Сантаун трейд” ХХК-ийг дангаараа эзэмших, үйл ажиллагаа явуулах эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Өнөр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Даваасүрэн, хариуцагч Д.Алтантуяа, хариуцагчийн өмгөөлөгч Л.Нарандаваа, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Миний бие 2004 онд “Сантаун трейд” ХХК-ийг өөрийн хөрөнгөөр байгуулж, 2004 онд Д.Алтантуяаг, 2009 онд Д.Отгонтуяаг тус тус хувьцаа эзэмшигчээр оруулсан. Би 2009 он хүртэл компанийн үйл ажиллагааг явуулдаг байсан, Д.Алтантуяа, Д.Отгонтуяа нар зөвхөн борлуулалт хийдэг. Би анх миний эгч нар учраас туслах ёстой гэдэг байдлаар Д.Алтантуяаг компанийн захирлаар, Д.Отгонтуяаг хувьцаа эзэмшигч болгож, Д.Алтантуяад 35 хувийн хувьцааг өгсөн. Тэгэхэд намайг 24 хувиа маргаангүйгээр шилжүүлчих, нэрээ хасуулчих гэхээр нь би компаниас нэрээ татаж аваагүй, ямар ч бичиг баримтад гарын үсэг зураагүй.Д.Алтантуяа, Д.Отгонтуяа нар намайг компанийн үйл ажиллагаанд оролцуулдаггүй, үйлдвэрт оруулдаггүй, би компанийн бүх ажлыг гүйцэтгэж бүтээгдэхүүний загварыг бүгдийг гаргасан, мөн анх Польш Улсын үйлдвэрээс 15 хувийн хямдралаар бүтээгдэхүүн авдаг болсон. Тухайн үед Польш Улс нь Орос Улсад 15 хувийн хямдралтай өгдөг, өөр бусад оронд нэмэлт үнэтэй бараагаа нийлүүлдэг байсан. Гэтэл 2009 оноос хойш ямар ч шинэ бүтээгдэхүүн гаргаагүй. Компанийг Хайлаастад нүүлгэж, эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд үйлдвэрлэл эрхэлж байсан тул Мэргэжлийн хяналтын байгууллагад хандсан. Би 2 удаа мөнгө авсан нь үнэн. Миний байрыг барьцаалж, зээл авсан тул 50 000 000 төгрөг авсан.Иймд “Сантаун трейд” ХХК-ийг би дангаараа 100 хувь эзэмших, үйл ажиллагаа явуулах эрхтэй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн тайлбар худлаа ба Д.Өнөр нь Мандах дээд сургуульд сурч, Халдвартын эмнэлэгт угаагчаар ажиллаж байсан. Би Д.Отгонтуяагийн хамт Орос Улс руу наймаанд явдаг байсан бөгөөд бид Д.Өнөрт туслан гадаад руу наймаанд явдаг болсон. Ингэж Д.Өнөр Польш Улс руу явдаг болж, нэг компанитай гэрээ байгуулсан.Тухайн үед Д.Өнөртэй хамтран ажиллах хүн байхгүй байсан тул миний бие хамтран хөрөнгө оруулж, “Сантаун трейд” компанийг байгуулсан. Манай компани гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ОХУ, Польш зэрэг улсаас түүхий эд импортлон оруулж, хоолны амтлагчийг стандартын шаардлага ханган үйлдвэрлэж, худалдаанд гаргадаг.Бид үйлдвэрийн үйл ажиллагааг хамтдаа гүйцэтгэдэг. Харин гааль, санхүүгийн үйл ажиллагаа, гадаад шилжүүлгийг өөрөө гүйцэтгэх болсон. Д.Өнөр нь 2008 онд ногоон хоолтон болсноор компанийн үйл ажиллагаанд оролцохоо больж, саад учруулж, тайлан өгөх болохоор 2 000 000-5 000 000 төгрөг өгөхийг шаардаж эхэлсэн. Мөнгө шилжүүлэх ажлыг хариуцдаг байсан учраас төлбөр тооцоо орж ирэхээр, мөн бусад компанид мөнгө шилжүүлэхээр Д.Өнөр өөрийнхөө дансанд хийгээд, харилцагч байгууллагад өгдөггүй. Д.Өнөр нь “Сантаун трейд” ХХК-ийн хувьцаа эзэмшигч мөртлөө ажил хийхгүй, зөвхөн “та нарын үйлийг арилгах гэж байна” гэж мөнгө нэхэж, элдвээр дарамталдаг болсон.Өөрийн байрыг хадгаламж зээлийн хоршоонд барьцаалж, хувь хүнээс мөнгө зээлдэг болж, 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 50 000 000 төгрөг авсан. Д.Өнөр нь хувьцаа эзэмшигч хэвээрээ байгаа, харин өөрөө компанийн ажилд оролцохгүй хөндийрч, байнга мөнгө нэхдэг болсон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх  2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2015/08053 дугаар шийдвэрээр Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Алтантуяад холбогдох “Сантаун трейд” ХХК-ийг дангаараа эзэмших, үйл ажиллагаа эрхтэй болохыг тогтоолгохыг хүссэн Д.Өнөрийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Д.Өнөрөөс 639.517 төгрөг нөхөн гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 493 дугаар магадлалаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2015/08053 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээжээ.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Би “Сантаун трейд” ХХК-ийн анхны үүсгэн байгуулагч мөн болох нь дараах баримтуудаар нотлогдож байгаа. Тухайн компанийг өөрийн хүч хөрөнгөөр ганцаараа үүсгэн байгуулсан, хөл дээр нь зогсоож, ашиг орлоготой, тогтвортой ажиллуулах бүхий л ажлыг би өөрийн биеэр хийсэн. Иргэн Д.Өнөр би 2004 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гадаад, дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар нийт 16 953 400 төгрөгийн дүрмийн сантайгаар “Сантаун трейд” ХХК-ийг байгуулсан. Энэ компанийн дүрмийн сангийн бүх мөнгийг би ганцаараа хувиасаа гаргасан юм. Энэ компанийг би дангаараа байгуулах гэж байхад миний төрсөн эгч Д.Алтантуяа миний шинээр байгуулах компанийн хувьцаа эзэмшигч болоё гэж гуйгаад байхаар нь би гэрээ дүрэмдээ эгч Алтантуяагаа оруулж, Д.Өнөр би 59 хувийн, Д.Алтантуяа 41 хувийн хувьцаа эзэмшигчид гэж үзэж, компанийн гэрчилгээгээ авсан болно.Үнэн чанартаа Алтантуяа эгч маань энэ компанийг байгуулахад надад ганц ч төгрөгний туслалцаа үзүүлээгүй, ямар ч хөрөнгө оруулалт хийгээгүй. Би зөвхөн эгч дүүгийн сэтгэлээр л өөрийнхөө 100 хувийн хөрөнгө оруулалттай компанийхаа 41 хувийн хувьцааг эгч Алтантуяад эзэмшүүлсэн болно.Мөн “Сантаун трейд” ХХК-ийг 2009 оны 05 дугаар сарын 04-ний өдөр дүрэмдээ өөрчлөлт оруулж, 31 953 400 төгрөгийн дүрмийн сантай болгоход ч би уг мөнгийг хувиасаа гаргасан. Гэтэл миний нэг эхээс төрж, нэг гэрт өссөн хайрт эгч нар маань дахин намайг зовоож, миний компанийн хувьцааг эзэмшинэ гэж гуйгаад байхаар нь би арга буюу эгч Д.Аптантуяад 41 хувь, эгч Д.Отгонтуяад 35 хувийг, өөртөө 24 хувийн хувьцааг тус тус эзэмшихээр болж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 2833336 тоот гэрчилгээ авч үйл ажиллагаа явуулсан юм.Намайг компанидаа дээрх 2 эгчээ оруулахад тэд надад ямар ч тус дэмжлэг үзүүлээгүй, ингэж үзүүлсэн баримт ч энэ хэрэгт байхгүй. Харин миний дангаар компаниа байгуулсныг нотлох баримтуудыг шүүхэд өгсөн боловч, шүүх огт үнэлж үзсэнгүй. Би компаниа байгуулахын тулд Польш улс руу 7 удаа өөрийн чадвар, хүч, хөрөнгөө зарцуулан явж, хүнсний бүтээгдэхүүнээ импортлох зөвшөөрөл, бичиг баримтаа авсан, мөн компаниа байгуулсны дараа Польш руу 4-5 удаа явж, бүтээгдэхүүнээ захиалах, ачуулах бүх ажлыг хийж, компаниа хөл дээр нь босгосон. Энэ тухай нотлох баримт Польш улс руу зорчсон бүх тэмдэглэл бүхий гадаад паспортын хуулбараа нотариатаар батлуулан шүүхэд өгсөн.Гэтэл хариуцагч Д.Алтантуяа, Д.Отгонтуяа нар нь миний энэ компанийг надаас булаан авах ажиллагааг төрөл бүрийн хэлбэрээр явуулсан. Тухайлбал эгч Алтантуяа, Отгонтуяа нар маань 2012 оноос хойш намайг миний өөрийн компанийн ямар ч үйл ажиллагаанд оролцох эрхийг хүчээр хаан боогдуулж байгаа юм. Өнөөдөр намайг компанийн байранд ч оруулахгүй, компанийн байрнаас үйлдвэрлэлийн зарим хэсгийг нууцаар нүүлгэн, хууль бусаар үйлдвэрлэлийн шаардлага хангахгүй газар уг үйлдвэрлэлийг явуулж, компанийн талаар ямар ч мэдээлэл өгөхгүй болоод байна. Эдгээр нөхцөл байдал, миний хийж бүтээсэн ажил, компанийн одоогийн байдлыг нотлох гэрч баримтуудыг шүүх огт анхаарч үзсэнгүй.Үүний жишээ нь, миний зүгээс энэ асуудлаар Д.Зоёо, Д.Бат-Эрдэнэ, Н.Даваахүү нарын 3 гэрчийг асуулгах хүсэлт гаргасаар байхад шүүх ямар ч үндэслэл шалтгаангүйгээр “гэрчүүдийг асуух шаардлагагүй” гэж үзсэн нь хэт нэг талыг барьж, хэрэгт тал бүрээс нь бүрэн бодитой дүгнэлт хийх талаарх хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна.Компанийн тухай хуулийн 34.1.2-т зааснаар хувьцаа эзэмшигч “ногдол ашиг авах” бүрэн эрхтэй байтал энэ эрхийг эдлүүлээгүй. Үүний баталгаа нь ногдол ашгийг хуваарилах үндсэн баримт нотолгоо болох санхүүгийн жил бүрийн тайланг шаардсаар байхад надад танилцуулалгүй нууж, 5-6 жил болсон.Иймд шүүхэд сүүлийн 5-6 жилийн санхүүгийн бодит байдлуудыг бүртгэсэн бүртгэлийн дэвтрүүд болон Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу 2015 оны 11 сард нэмж гаргасан тайлангуудыг хариуцагчаас шүүхийн журмаар албадан гаргуулах хүсэлт гаргаж өгсөөр байхад ямар ч үндэслэлгүйгээр энэ хүсэлтийг маань хэрэгсэхгүй болгосныг буруу гэж үзэж байна.Гэсэн атлаа шүүх, хариуцагчдын зүгээс гаргаж өгсөн, намайг, оруулсан бүх мөнгө, ногдол ашгаа авсан гэсэн утгатай бичгийг өөрсдөө зохион гараараа бичиж, миний гарын үсгийг ашигласан хуурамч бичгийг хууль ёсны нотлох баримтын хэмжээнд үнэлсэн нь асуудалд өрөөсгөлөөр хандсан, нэг талыг барьсан хэрэг юм. Эгч Алтантуяа, Отгонтуяа нар нь миний компанийн 76 хувийг өөрсдөө ямар ч үнэ төлбөргүйгээр авч, миний эзэмшлийн хувийг 24 болгож бууруулсан. Үүний хууль бус болохын нотолгоо нь миний эзэмшлийн 76 хувийг ямар нэгэн үнэ төлбөргүйгээр шилжүүлж авснаар батлагдаж байгаа. Энэ талаар анхан шатны шүүх хурал дээр миний өмгөөлөгч “Өнөрийн эзэмшлийн хувийг авчихаад ямар төлбөр төлсөн бэ” гэж асуухад “юу ч төлөөгүй” гэж хариулсан нь протоколд бичигдсэн байх учиртай.Ийнхүү хариуцагчийн дээрх хууль бус үйлдлийн талаар миний гаргасан нотлох баримтыг анхан болон давж заалдах шатны шүүхүүд үнэн зөвөөр үнэлэх, тогтоох талаар анхаарал тавьсангүй, харин сайн дураар шилжүүлэн өгсөн мэтээр бодитой бус дүгнэлт хийсэн байгаа нь үндэсгүй болсон юм.Түүнчлэн дээрх үүссэн нөхцөл байдлыг шийдэх зорилгоор хувьцаа эзэмшигч бид хамт ярилцаж байхдаа, Д.Отгонтуяа нь Д.Алтантуяагийн дэргэд миний эрх чөлөө, эрүүл мэндэд халдан, намайг зодож гэмтээсэн. Түүний гэм буруутай болохыг шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 748 тоот шийтгэх тогтоолоор тогтоож, Д.Отгонтуяад торгуулийн ял ногдуулсан.Мөн тэд намайг гэрийн үүдэнд отож, хаалга онгойлгоход дайрч орон, гэрт хууль бусаар нэгжлэг хийсэн Энэ үйлдлийг Цагдаад мэдэгдэж, таслан зогсоосон. Үүнийг нотлох баримтыг шүүхэд өгсөн. Ийм байдлаар тэдний зүгээс намайг зодож дарамталсан, эрүүгийн хэрэг үйлдсэн, хуурамч баримт үйлдсэн, хууран мэхлэх замаар миний хувь эзэмшлийг булаан авсан зэрэг үйлдэл нь миний амь нас эрүүл мэндэд аюултай нөхцөл байдал үүссэнийг баталж байгаагийн гадна миний өөрийн үүсгэн байгуулсан компанийг булаан авсан болох нь тогтоогдсон.Дээрх баримт нь компанийн үйл ажиллагаанд оролцох, компани эзэмших эрх бүрэн хаагдсаныг тодорхой нотолж байгаа, ийм байхад шүүх, “компанийг булаасан үндэслэл тогтоогдоогүй, шаардлагаа баримтаар нотлоогүй, дангаар эзэмших, үйл ажиллагаа эрхлэхийг шаардах эрхгүй” гэсэн дүгнэлт хийсэн нь болон энэ дүгнэлтдээ үндэслэн миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ нь шүүх миний гаргаж өгсөн нотлох баримтуудыг үнэлээгүй, мөн ач холбогдол бүхий гэрчүүдийг нэгийг нь ч асуугаагүй, санхүүгийн баримтуудыг хариуцагчаас гаргуулах ажиллагаа хийгээгүйгээр батлагдаж байна.Нэхэмжлэгч би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасан, мөнгө, эд хөрөнгө зэрэг үнэлж болох нэхэмжлэл гаргаагүй, харин Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7.1.2-т заасан, “... үнэлэх боломжгүй нэхэмжлэл” гаргасан юм. Иймд энэ заалтын дагуу улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлсөн. Гэтэл шүүх хуулийн дээрх заалтуудыг зөрчин, үнэлж болох нэхэмжлэл мэтээр тооцон улсын тэмдэгтийн хураамжид надаас 709 917 төгрөгөөр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуулийн ямар ч үндэслэлгүй байна. Энэ талаар давж заалдах шатны шүүх ямар ч дүгнэлт хийлгүй, орхигдуулсан. Энэ нь анхан болон давж заалдах шатны шүүхүүд аль аль нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн хэрэг юм.Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй. Болсон хэргийн үйл баримтад бодитой дүгнэлт хийгээгүй. Зөвхөн манай “Сантаун трейд” компанийн гэрчилгээг хууль ёсны эргэлзээгүй нотлох баримт гэж үзсэнээрээ “шүүхэд урьдаас хөтөлбөргүй үнэн зөв гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасныг ноцтой зөрчсөн.Мөн энэ хэргийг шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзсэн хавтаст хэрэгт байгаа миний гарын үсэгтэй “мөнгө авсан” гэх бичгийг би өөрөө бичээгүй байхад намайг бичиж өгсөн гэж үзсэнд гомдолтой байна. Энэ нь бодит үнэнд нийцээгүй байхад ямар ч үндэслэлгүй шийдвэр гаргасан нь дэндүү хариуцлагагүй, хэтэрхий өрөөсгөл шийдвэр болсон.Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1.6-д зааснаар хуурамч нотлох баримтын үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэсэн, түүнчлэн хуулийн 38.6, 38.3-т заасан заалтуудыг зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй” гэж буруу дүгнэлт хийсэн. Мөн анхан шатны шүүх Компанийн тухай хуулийг хэрэглэж шийдвэр гаргасан, Иргэний хуулийг огт хэрэглээгүй байхад давж заалдах шатны шүүх “Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн” гэж үндэслэлгүй дүгнэсэн байна.Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны болон үндэслэл бүхий болоогүй тул дээрх шүүхүүдийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шалгуулан өөр бүрэлдэхүүнээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.                                

ХЯНАВАЛ:           

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд маргааны үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзсэнийг буруутгах боломжгүй байна. Харин шүүх хэрэглэвэл зохих хуулийн зүйл, заалтыг баримтлаагүй алдааг шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах журмаар залруулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч Д.Өнөр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “миний өмчөө эзэмших, үйл ажиллагаа явуулах эрхийг хууль ёсоор баталгаажуулж өгнө үү” гэж тодорхойлсон шаардлагаа анхан шатны шүүх хуралдаанд тодруулж, “Сантаун трейд” ХХК-ийг 100% эзэмшиж, үйл ажиллагааг дангаар явуулах эрхтэй болохыг тогтоолгохыг хүсчээ. Хариуцагч Д.Алтантуяа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй байна.

Нэхэмжлэгч  Д.Өнөр, хариуцагч Д.Алтантуяа нар нь 2004 оны 6 дугаар сарын 08-ны өдөр гадаад, дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах, 16 953 400 төгрөгийн дүрмийн сантай, “Сантаун трейд” ХХК-ийг байгуулж, Д.Өнөр нийт хувьцааны 59%, Д.Алтантуяа 41%-ийг эзэмших болсон нь компанийн гэрээ, дүрэмд тусгагджээ \хх-ийн 6-11 дүгээр тал\.  

“Сантаун трейд” ХХК-ний дүрэмд 2009 оны 5 дугаар сарын 04-ний өдөр өөрчлөлт орж, гишүүдийн тоо 3 болж, Д.Өнөр нийт хувьцааны 24%, Д.Отгонтуяа 35%, Д.Алтантуяа 41% эзэмших болжээ \хх-ийн 46-52 дугаар тал\. Компанийн дүрэмд 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдөр орсон өөрчлөлтийн дагуу компанийн өөрийн хөрөнгө 110 353 400 төгрөг болсон ба компанийн гүйцэтгэх захирлаар Д.Отгонтуяа 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр бүртгэгджээ \хх-ийн 19-26 дугаар тал\.

Анхан болон давж заалдах шатны шүүх Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1., 62 дугаар зүйлийн 62.1.1.-д заасан зохицуулалтыг шийдвэр, магадлалын үндэслэл болгосон нь зөв байна. Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн  хурал байдаг ба компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах асуудал нь зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэгдэх учиртай.

Компанийн хувьцаа эзэмшигч нь Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.-д зааснаар хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хурлаар хэлэлцэж байгаа бүх асуудлаар өөрийн эзэмшлийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн санал өгөх эрхтэй болно. Харин хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхийг тодорхойлсон хуулийн уг заалт нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл биш тул анхан шатны шүүх уг зохицуулалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан нь учир дутагдалтай болжээ. Давж заалдах шатны шүүх уг алдааг залруулаагүй нь буруу байна.

Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1.-д зааснаар дундаа хэсгээр өмчлөгчид харилцан өөрөөр тохиролцоогүй бол өмчлөгч бүр тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй бөгөөд өөрт оногдох хэсэгт ногдох үр шимийг өмчлөх эрхтэй байна. Зохигчид нь “Сантаун трейд” ХХК-ийн хувьцааг тодорхой хувиар өмчлөх талаар компанийн дүрэм, гэрээнд заасан тул компанийн гишүүд болох Д.Өнөр, Д.Алтантуяа, Д.Отгонтуяа нар нь дүрэмд заасан хэмжээгээр өмчлөгчийн эрх эдлэнэ. Дундаа хэсгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр  түүний оногдох хэсгээ ашиглах эрхийг хязгаарлаж болохгүй гэж хуулийн 488 дугаар зүйлийн 488.3.-т заажээ.

Иргэний хуулийн 488 дугаар зүйлийн 488.1.-д зааснаар дундаа хэсгээр өмчлөгчид нь олонхийн саналаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, удирдлагын талаар шийдвэр гаргах бөгөөд саналыг өөрт оногдох хэсэгт хувь тэнцүүлэн тооцдог ба Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1.-д зааснаар компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хурал шийдвэрлэх тул компанийн өмчлөлийн асуудлыг зохигчид хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцээгүй, шийдвэрлээгүй байхад компанийг дангаар өмчлөх тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Д.Өнөр 110 353 400 төгрөгийн өөрийн хөрөнгөтэй компанийг дангаар эзэмших, үйл ажиллагаа эрхлэхийг шаардсан тул энэ үнийн дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож, нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д зааснаар хэргийг  хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах,  шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлдэг боловч мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.3.-т зааснаар хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг шүүх үндэслэлтэй гэж үзвэл энэ ажиллагааг явуулдаг байна. Өөрөөр хэлбэл, “Сантаун трейд” ХХК-ийг үүсгэн байгуулагдсанаас хойшхи санхүүгийн бодит орлого, зарлагыг бүртгэсэн бүртгэлийн дэвтэр, санхүүгийн тайлан тэнцэл, Эдийн засгийн ил тод байдлын хуулиар нэмж мэдүүлсэн санхүүгийн тайлан зэрэг баримтыг гаргуулах, гэрчээр Д.Зояа, В.Даваахүү, Д.Бат-Эрдэнэ нарыг асуулгах нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 102\Ш32015\34195 дугаар захирамжаар хэрэгсэхгүй болгохдоо дээрх баримтыг нэхэмжлэлийн шаардлага, татгалзалтай холбоогүй, хэрэгт хамааралгүй гэж үзсэн ба компанийг хэн үүсгэн байгуулсан, өмнө нь үйл ажиллагааг хэн эрхэлж байсан талаар талууд маргаагүй тул энэ талаар гэрчийн мэдүүлэг авах шаардлагагүй гэж дүгнэжээ.

Хоёр шатны шүүх маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд дүгнэлт хийсэн байх тул хяналтын шатны шүүх уг дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй болно.

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэх талаар хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 493 дугаар магадлал, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2015/08053 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 488 дугаар зүйлийн 488.1., Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1.-д заасныг баримтлан “Сантаун трейд” ХХК-нийг 100% эзэмших, үйл ажиллагааг дангаар явуулах эрхтэй болохыг тогтоолгох тухай Д.Алтантуяад холбогдох Д.Өнөрийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.        

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН