Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 1237

 

916

 

 

 

 

 

 

 

 “ХТ” ХХК-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/00916 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “ХТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: “Д” ХХК-д холбогдох,

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 14 594 058 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, “ГТ” барилгын тоолуураас 5007 тоот оффисын зориулалттай өрөөний дулааны болон цахилгааны тоолуурыг салгаж “Д” ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы  илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Ж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Бнар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ХТ” ХХК нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Махатма Ганди гудамж, ГТ нэртэй 12 давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2015 онд ашиглалтад оруулан, оффисын зориулалтаар бусдад түрээслэх, худалдан борлуулах зэргээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Уг обьектод нийтдээ 24 албан байгууллага үйл ажиллагаа явуулдаг бөгөөд манай компанийн зүгээс тухай бүрт нь ашиглалтын гэрээ байгуулан, засвар үйлчилгээ, харуул хамгаалалт, лифт, цэвэрлэгээ, тог цахилгаан гэх мэт 18 төрлийн зардлыг багтаасан “ашиглалтын төлбөр”-ийг гэрээт иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудаас авч, холбогдох төлбөрийг цааш нь төлж барагдуулан, үл хөдлөх хөрөнгийг хэвийн ашиглахад шаардлагатай нөхцлөөр хангадаг. “Д” ХХК нь тус обьектын 5 дугаар давхарт 174 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө худалдан авч, өмчлөгч болсон атлаа өнөөдрийг хүртэл ашиглалтын гэрээ байгуулж ашиглалтын төлбөр төлөлгүй дээрх 18 төрлийн үйлчилгээнээс гадна харуул хамгаалалт, хог тээвэрлэлт, лифтийн ашиглалт, ариун цэврийн өрөө ашиглалтын цэвэрлэгээний төлбөр зэрэг оффис ашиглалтаас үүсч буй төлбөрийг төлөлгүй үндэслэлгүй хөрөнгөжсөөр байгаа юм. Бидний зүгээс 2017 оны 7 дугаар сараас эхлэн энэ талаар мэдэгдэж, ашиглалтын гэрээ байгуулан, төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж ирсэн боловч тодорхой үр дүнд хүрдэггүй бөгөөд Д ХХК нь манайхаас хүргүүлсэн мэдэгдэл, нэхэмжлэх зэрэгтэй танилцаад төлөхгүй гээд буцаагаад өгчихдөг. Дээрх байдал үргэлжилсээр байгаа нь ГТ үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ, түүнд үйл ажиллагаа явуулж буй бусад харилцагч нарын эрх, ашиг сонирхлыг хөндөж байгаа учир ХТ ХХК нь тус обьектын ашиглалтын үйл ажиллагааг хариуцдагийн хувьд Д ХХК-д шаардлага тавих, түүнээс ашиглалтын төлбөрийг нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, хариуцагч компанийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 17/83 дугаар албан бичиг, шүүхэд гаргасан тайлбар зэргээр хариуцагч нь харуул хамгаалалт, хог тээвэрлэлт, лифт ашиглалт, ариун цэврийн өрөөний ашиглалтын зардлыг төлөхөө зөвшөөрсөн талаар дурьдсан байдаг. “Итгэлт Эстимэйт” ХХК хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар хөрөнгө ашиглалт, үйлчилгээтэй холбоотой 14 зардлыг үнэлүүлэхэд 1 м.кв-д сард ногдох зардал нь 3 812 45 төгрөг байгаа талаар дүгнэсэн байна. Уг зардалд хариуцагчийн хүлээн зөвшөөрч буй зардлууд орж тооцогдсон болно. Иймд ашиглалтын зардлыг 1 м.кв тутамд 3 812 45 төгрөгөөр тооцож “Д” ХХК-ийн өмчлөлийн 174 м.кв талбай бүхий оффисын зардал нь 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл тооцоход 14 594 058 төгрөг болсон байна. Нэхэмжлэгч нь анх нэхэмжлэлийн үнийн дүнг 10 769 827 төгрөг гаргуулахаар шаардаж байсан бөгөөд 3 824 231 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 14 594 058 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компани нь ГТ нэртэй оффисын байрнаас 174 м.кв талбайг худалдаж авсан. “ХТ” ХХК нь манай компаниас дээрх зардлыг нэхэмжлэх эрхгүй бөгөөд үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан. Барилгын тухай хуулиар өөрсдөө асуудлаа шийдэж, СӨХ-ыг өөрсдөө байгуулах ёстой. Нэхэмжлэгч шүүхэд өмнө нь дулаан, цахилгаан шаардсан байснаа болиод ашиглалтын зардлаа нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй ба шинжээч 3 812 45 төгрөг гэсэн дүгнэлт гаргасан нь ашиглалтын зардал биш юм. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13 дахь хэсэгт зааснаар нийтийн эзэмшлийн орон сууцны барилга барих тохиолдолд барьсан эрчим хүчний дэд станц, шугам, тоноглолыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэх үүрэгтэй гэж заасан байхад “ХТ” ХХК нь цахилгаан, дулаан түгээх болон худалдан борлуулах тусгай зөвшөөрөлгүй атлаа бусдаас цахилгаан, дулааны төлбөр авч байгаа нь үндэслэлгүй. Нийтийн зориулалтай барилга барьсан тохиолдолд газрыг шилжүүлэх ёстой байдаг. Уг барилгын газар нь хувь хүний нэр дээр мөртлөө, өмчлөгчөөс уг төлбөрийг нэхэж байна. Компанид ийм зардал гарч байгаа учраас та нар төлөх ёстой гэж байгаа нь үндэслэлгүй. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

          Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан “ХТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Д” ХХК-д холбогдох, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 14 594 058 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ”ХТ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263 437 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх нэхэмжлэгч байгууллагыг ашиглалтын төлбөр болох 14 594 058 төгрөгийг шаардах эрхгүй гэж дүгнэхдээ “Д” ХХК-тай ашиглалтын гэрээ байгуулаагүй, “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг бүхэлдээ тодорхой бус, үндэслэлгүй гэж үзсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж заасныг зөрчсөн байна.

Нэхэмжлэгч нь “Д” ХХК-тай ашиглалтын гэрээ байгуулж чадахгүй байгаа бөгөөд хариуцагч гэрээ байгуулахаас татгалзсаар өнөөдрийг хүрсэн байна. Мөн нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар хариуцагчийн гүйцэтгэх үүргийг гүйцэтгэж, түүнд хөрөнгө олж өгсөн гэдэг үйлдлээрээ шаардаж байгаа бөгөөд энэ тохиолдолд гэрээний харилцаа үүссэн эсэх ач холбогдолгүй байна.

Хэргийн материалд “ХТ” ХХК-ийн зүгээс 2017 оноос 2018 он хүртэл 1 жилийн хугацаанд гаргасан зардлуудын баримтыг гаргаж өгсөн бөгөөд тэдгээр баримтад тулгуурлан хөндлөнгийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг “Итгэлт эстимэйт” ХХК-иар хийлгэж, ашиглалтын зардлын тооцооллыг гаргуулахад 1 м.кв талбайд 3 812.45 төгрөгийн зардал ногдож байгаа талаар дүгнэлт гаргасан байдаг. Иргэний хуулийн 147 дугаар зүйлд заасанчилан дундын өмчлөлийн зүйлийн төлбөр, зардлыг тооцох аргачлалын дагуу тооцоолон “Д” ХХК-ийн дангаар өмчлөх талбайг бусад дангаар өмчилж буй нийт талбайд харьцуулан тооцоход сар бүр 663 288 төгрөгийн зардал гарч байгаа бөгөөд 2017 оны 7 дугаар сараас 2019 оны 4 дүгээр сар хүртэлх хугацааны нийт 22 сарын хугацааны төлбөр нь 14 594 058 төгрөг болсон бөгөөд уг үнэлгээг гаргасан аргачлал нь хангалттай тодорхой байсаар атал шүүх уг үнэлгээг тодорхой бус гэж дүгнэсэн байгаа нь үндэслэлгүй байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 261 дугаар магадлалаар хариуцагч тал ашиглалтын төлбөр сар бүр 870 000 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй гэж маргасан боловч харуул хамгаалалт, хог тээвэрлэлт, лифт, ариун цэврийн өрөөг ашиглахад гаргасан зардалд хэдэн төгрөг төлөхөө тодорхойлоогүйг анхан шатны шүүх тодруулж, талуудыг мэтгэлцүүлээгүй талаар үндэслэх хэсэгт дурдсан байх бөгөөд анхан шатны шүүхээс уг төлбөрийг тодорхойлоогүй үлдээсэн байдаг. Мөн эдгээр зардлыг багтаасан хөндлөнгийн үнэлгээний байгууллагын дүгнэлтийг огт үнэлээгүй орхигдуулсан байгаа нь учир дутагдалтай болжээ. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “ХТ” ХХК нь хариуцагч “Д” ХХК-д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 14 594 058 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “ГТ” барилгын тоолуураас 5007 тоот оффисын зориулалттай өрөөний дулааны болон цахилгааны тоолуурыг салгаж “Д” ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг даалгуулах тухай” сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “засвар үйлчилгээ, харуул  хамгаалалт, лифт, цэвэрлэгээ, цахилгаан болон дулаан, ариун цэврийн өрөө ашигласан төлбөр зэргийг гаргуулна гэж тодорхойлсон байна.

 

            Шүүх хариуцагчийн гаргасан “ГТ” барилгын тодорхой хөрөнгийг дундаа хэсгээр өмчлөх шаардлага бүхий барилгын тоолуураас 5007 тоот өрөөний дулаан болон цахилгааны тоолуурыг салгаж “Д” ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч нэхэмжлэгчид гардуулсан ажиллагаа явуулсан атлаа уг шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн байна.

 

            Мөн хариуцагч 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр барилгын 5 дугаар давхрын ариун цэврийн өрөө нь өмчлөгч нарын дундын өмч болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохоор байхад анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4, 6 дугаар зүйлд зааснаар шүүхийн өмнө эрх тэгш байх, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй байна. /2-хх 154, 158/

 

Түүнчлэн, хэрэгт авагдсан “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд тусгагдсан 14 төрлийн ашиглалтын зардлыг тооцож 1 м.кв талбайд ногдох зардал 1 сард 3 812.45 төгрөг гэж тодорхойлсныг маргаан бүхий талбайд харьцуулан тооцож нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай ашиглалтын зардлыг гаргасан дүгнэлт гэж үзэх боломжгүй байна. /2хх 90-105/

 

Энэ тохиолдолд шүүх маргааны үйл баримтыг бодитой тогтоогдсон, улмаар талуудын хоорондын эрх зүйн харилцааг эргэлзээгүй баримтад үндэслэн дүгнэсэн гэж үзэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/00916 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ХТ” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО                                                                                                    

            ШҮҮГЧИД                                                       Ш.ОЮУНХАНД

 

                                                                                    Д.ЦОГТСАЙХАН