| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2016/00715/И |
| Дугаар | 182/ШШ2016/01276 |
| Огноо | 2016-12-09 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 182/ШШ2016/01276
| 2016 оны 12 сарын 09 өдөр | Дугаар 182/ШШ2016/01276 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Б нэхэмжлэлтэй
Хариуцагч: О ХХК-нд холбогдох
Орон сууц хөлслөх гэрээний үүрэг болон учирсан хохиролд 5.151.520 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Б, хариуцагчийн төлөөлөгч Б.Төмөрбаатар, А.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Дансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нөхөр Д.Бгийн олгосон итгэмжлэлийн дагуу түүний өмчлөлийн Сүхбаатар дүүргийн * дугаар хороо, **дүгээр хороолол,7-***тоотын 3 өрөө орон сууцыг ОХХК-иар зуучлуулж, хөлслүүлэх хүсэлт гарган 2014 оны 05 сард зуучлалын гэрээ байгуулснаар 2014.08.14-ний өдөр иргэн У.Өбаттай орон сууц хөлслөх гэрээг 1 жилийн хугацаатай, сарын 800.000 төгрөгөөр, төлбөрийг улиралд нь бөөнөөр төлөхөөр тохиролцож байгуулсан юм. Энэ гэрээнд мөн ОХХК оролцсон бөгөөд гурвалсан гэрээ болсон юм. Энэ гэрээний хугацаа дууссан бөгөөд ОХХК нь эд хөрөнгө хөлслөх гэрээний 1.4., 2.1.5., 2.3.1., 2.4.5., 2.3.3., 3.5-д заасан үүргээ биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл дэнчингийн 800.000 төгрөгийг гэрээний хугацаа дуустал байршуулах ёстой байхад надад мэдэгдэлгүй буцаан шилжүүлсэн. Уг нь энэ 800.000 төгрөгөөс ямар нэгэн төлбөр төлөх болон элэгдэл хорогдол гарсан тохиолдолд суутгах ёстой байсан. Түүнчлэн түрээсийн төлбөрийг иргэн У.Өбатаас байнга шаардан авч, миний дансанд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй. Яагаад гэвэл миний бие орон нутагт амьдарч, ажилладаг учир хөлслөгчтэй шууд холбогдох боломжгүй тул ОХХК миний өмнөөс төлбөр тооцоог хийх байсан. Мөн гэрээний 2.3.1-т заасны дагуу түрээсийн төлбөр болон бусад төлбөрт хяналт тавих ёстой байсан ч хяналт тавигдаагүй учраас одоогийн нэхэмжилж байгаа орон сууцны төлбөр, СӨХ болон цахилгааны төлбөр төлөгдөөгүй. Миний бие өөрийнхөө зардлаар байр, цахилгааны төлбөрийг төлсөн байгаа. Одоо хариуцагчаас түрээсийн төлбөрийн 2015 оны 08 сарын төлбөрийн үлдэгдэл 950.000 төгрөг, 9, 10 сарын төлбөр 1.600.000 төгрөг, нийт 2.550.000 төгрөг, 2014 оны 08 сараас 2015 оны 10 сар хүртэлх СӨХ-ны төлбөр 342.200 төгрөг, цахилгааны 2015 оны 04 сараас 10 сарын төлбөр 206.000 төгрөг, байрны мөнгө 2015 оны 9, 10 сарын халаалт, халуун, хүйтэн ус нийлээд 133.520 төгрөг, засвар үйлчилгээний 200.000 төгрөг, Toshiba маркийн 2 хаалгатай, 846 литрийн багтаамжтай хөргөгч алга болсны төлбөр 200.000 төгрөг, 298 хоногийн алдангийг түрээсийн 2.550.000 төгрөгөөс 0.2%-иар тооцон 2015 оны 10 сараас 2016 оны 10 сар хүртэл 1.519.800 төгрөг, нийт 5.151.520 төгрөгийг нэхэмжилж байна. Хөргөгчийн хувьд анх байрыг У.Өбатад хүлээлгэн өгөхөд манай байранд байсан хуучны ашиглагддаггүй хөргөгч алга болсон байсан. Өөрөөр хэлбэл байрыг хүлээн авч, бүрэн бүтэн байлгах үүргийг хариуцагч биелүүлээгүй гэж үзэж байгаа гэв.
Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014.05.27-ны өдөр н.Баярбаясгалан гэдэг хүнийг төлөөлж Н.Б гэдэг хүн манай компанитай зуучлалын гэрээ байгуулсан. 2014.08.14-ний өдөр У.Өбат гэдэг хүнд байр түрээслүүлэхээр тохиролцож гэрээ байгуулсан. Н.Б хөдөө ажиллаж байсан учраас утсаар холбогдон төлбөрийн нөхцөл, хүмүүсийг танилцуулж, тус байранд орох зөвшөөрлийг авсан. Эхний ээлжинд орон сууц түрээслэх барьцааны гэрээ байгуулж төлбөрийг авч Н.Бийн дансанд шилжүүлэхээр тохиролцсон. 2015.01.20-ны өдөр 1081 тоот гэрээгээр н.Баярбаясгалан гэдэг хүнийг төлөөлж Н, Б.Ө гэдэг хүнийг төлөөлж аав н.Уламнэхэм, ОХХК-ийн түрээсийн албаны ажилтан н.Ариунбилэг нар 3 хүн нөхөн гэрээ байгуулж гарын үсэг зурж, гэрээ хүчин төгөлдөр болсон. Бид гэрээгээр хүлээсэн төлбөрийг Өлзийбатаас авч Нэд шилжүүлэх үүргээ биелүүлсэн. Энэ нь төлбөр төлсөн баримтуудаар харагдана. 2014.08.14-ний өдрөөс 2015.08.14-ний өдөр хүртэл нэг жилийн хугацаанд хийгдсэн гэрээний түрээсийн төлбөрөөс нийт **сарын төлбөр төлөгдсөн байгаа. Нэхэмжлэгч талын тавьж байгаа 800.000 төгрөгийн барьцаа нь ОХХК нь дансандаа байршуулаагүй, надад шилжигдэж орж ирээгүй гэж байна. 2015.09.21-ний өдөр У.Өбат гэдэг хүнээс манай компани нэхэмжилж 1.600.000 төгрөг авсан. Манай компанийн дансанд байсан барьцаа болох 800.000 төгрөгийг нэмж 2015.09.22-ны өдөр Н.Бийн дансанд 2.400.000 төгрөгийг шилжүүлсэн. Гэрээний үүргийн 2.1.5-д заасны дагуу би өөрийн биеэр тухайн хүмүүсээс авсан даруйдаа утсаар холбогдож Н.Бийн дансанд түрээсийн төлбөрийг шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөрийг нь сууж байсан талтай уулзаж түрээсийн төлбөрийг өгөх шаардлага тавьж, тухай бүрт нь гар бичгээр хүсэлт авч байсан. Аав н.Уламнэмэхийн гар бичмэл байгаа. Шүүхэд эх хувиар нь өгсөн байгаа. Мөн 2.3.1-т заасны дагуу хяналт тавих гэж байгаа. Энэ байрны цахилгаан, СӨХ-ны төлбөр төлөлтөд хяналт тавьж, тус байрыг хариуцсан конторын байцаагчтай сард 1-2 удаа утсаар ярьж төлбөр төлж байгаа эсэхийг асууж шалгадаг байсан. Одоогийн байдлаар төлбөрөө төлж байгаа гэсэн хариуг өгдөг байсан. Гэрээний 2.3.3-т заасны дагуу тухайн орон сууц хөлсөлж байгаа хүмүүс гэрээний үүргийг 2 болон түүнээс дээш удаа зөрчиж байсан боловч тухайн үед бид нарт боломж олгооч гэж бичиг өгч байсан. Хөлслүүлэгч нь гаргах санаачлага гаргаж байгаагүй. Н.Бтэй хоорондоо харилцан тохиролцож утсаар ярилцаж байсан болохоос гаргах талаар санаачлага гаргаагүй. Хэдийгээр гэрээний хугацаа 08 сард дууссан ч У.Өбат нь 10 сарыг дуустал хүртэл түрээсийн байранд байсан. Тэгээд биднийг байлцуулалгүйгээр байрыг орхиод нүүсэн, түлхүүрийг нь жижүүрт үлдээсэн байсан. Тийм учраас байрыг албан ёсоор хүлээлцэж авч чадаагүй. Тэр үед хэлээд байсан хуучны хөргөгч байхгүй болсон байсан. Гэхдээ үүнд манай байгууллага буруугүй, хариуцлага хүлээхгүй. Бид гэрээний дагуу зуучилж, хөлслөгчийг олж өгсөн, төлбөрийг авч дамжуулах, бусад зардлын төлөлтөнд л хяналт тавих үүрэг хүлээсэн. Түүнээс биш У.Өбатын төлөөгүй төлбөрийг өмнөөс нь төлөх үндэслэлгүй. Энэ хэргийн хариуцагч нь манай байгууллага биш юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч ОХХК-нд холбогдуулж орон сууц хөлслөх гэрээний үүрэг болон учирсан хохиролд 5.151.520 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.
Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг зуучлалын гэрээ болон орон сууц хөлслөх гэрээний дагуу хариуцагч ОХХК нь түрээсийн төлбөрийг авч надад дамжуулах, байр, СӨХ, цахилгааны зэрэг төлбөрт хяналт тавьж ажиллах үүргээ биелүүлээгүй учир түрээсийн үлдэгдэл төлбөр, ашиглалтын зардал болон алга болсон хөргөгчний төлбөрийг нэхэмжлэх эрхтэй гэж тайлбарласныг хариуцагч тал зөвшөөрөхгүй байх бөгөөд бид зуучлалын гэрээ болон орон сууц хөлслөх гэрээний дагуу үүргээ биелүүлсэн, түрээсийн төлбөрийг цаг тухайд нь авч нэхэмжлэгчид шилжүүлж өгсөн, хөлслөгч болох У.Өбат, түүнээс аав Д.Уламнэмэх нараас төлбөр төлөх амлалтыг нь бичүүлж авсан, ашиглалтын зардалд хяналт тавьж байсан, түүнээс биш хөлслөгч У.Өбатын өмнөөс төлбөр төлөх үүрэг хүлээхгүй, энэ хэргийн хариуцагч биш гэж маргав.
Нэхэмжлэгч Д.Б нь өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн * дугаар хороо, **дүгээр хороолол,7-***тоотод байрлах 40 м.кв, 3 өрөө орон сууцыг бусдад хөлслүүлэх, түрээслэх эрхийг эхнэр Н.Бэд 2014.05.26-ны өдрийн итгэмжлэлээр олгосон байх бөгөөд уг эрхийн дагуу Н.Б нь 2014.05.27-ны өдөр ОХХК-тай орон сууц хөлслөхөд зуучлах гэрээг байгуулжээ.
Хариуцагч ОХХК нь дээрх гэрээний 2 дугаар зүйлийн 2.3.6-д заасан үүргээ биелүүлж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Бтэй утсаар ярьж тохиролцсоны дагуу 2014.08.14-ний өдөр Сүхбаатар дүүргийн * дугаар хороо, **дүгээр хороолол,7-***тоотод байрлах 40 м.кв, 3 өрөө орон сууцыг У.Өбатад 1 сарын 800.000 төгрөгөөр, улирал тутамд 2.400.000 төгрөг төлөхөөр 1 жилийн хугацаатай хөлслөхөөр амаар тохиролцсон, уг аман тохиролцоог 2015.01.20-ны өдөр бичгийн хэлбэрт оруулж хөлслүүлэгчийг төлөөлж Н.Б, хөлслөгчийг төлөөлж У.Өбат, ОХХК-ийг төлөөлж П.Ариунбилэг нар тус тус гарын үсэг зурсан байна.
Хөлслөгч У.Өбат нь орон сууц хөлслөх гэрээний дагуу Сүхбаатар дүүргийн * дугаар хороо, **дүгээр хороолол,7-***тоотод байрлах 40 м.кв, 3 өрөө орон сууцыг 2014.08.14-ний өдөр буйдангийн ком, ажилладаггүй хөргөгч, ханын стенк, хөшигний ком, матрас, бор ширээ, бор шүүгээ, угаалгын машин гэх мэт тавилга, эд хогшлын хамт хүлээн авч амьдарч байсан байх бөгөөд тэрээр түрээсийн төлбөрийг 2015 оны 08 сараас хойш төлөөгүй, түрээсийн төлбөрийг төлүүлэх талаар ОХХК-иас удаа дараа хөлслөгч болох У.Өбат, түүний аав Д.Уламнэмэх нартай уулзаж байсан, гэрээний хугацаа 2015.08.14-ний өдөр дууссан байх боловч У.Өбат нь 2015 оны **сард түрээсийн байрыг хүлээлгэн өгөлгүй нүүж, байрны түлхүүрийг жижүүрт нь үлдээгээд явжээ.
Дээрх үйл баримт нь зохигчдын тайлбар, итгэмжлэл, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зуучлалын гэрээ, орон сууц хөлслөх гэрээ, тавилга эд хогшил хүлээлгэн өгсөн баримт, түрээсийн төлбөр төлж байсан баримтууд, төлбөр төлөх талаар ОХХК-нд гаргаж байсан У.Өбатын аав Д.Уламнэмэхийн өргөдлүүд зэрэг баримтуудаар тогтоогдов.
Зохигчдын хооронд үүссэн дээрх гэрээний харилцаанууд нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 302 дугаар зүйлийн 302.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан шаардлагад нийцсэн байна.
Нэхэмжлэгч Д.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 5.151.520 төгрөгийг орон сууц хөлслөх гэрээний 1.4, 2.1.5, 2.3.1, 2.3.3-д зааснаар хариуцагч ОХХК-иас нэхэмжилж байх боловч гэрээний дээрх заалтууд нь зуучлагч болох ОХХК-нд хамааралгүй, харин хөлслөгч болох У.Өбатад хамааралтай, тэрээр хөлслөх гэрээний төлбөр, ашиглалтын зардал, учирсан хохирлыг Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар буруутай этгээдээс шаардах эрхтэй болно.
Гэхдээ ОХХК нь орон сууц хөлслөх гэрээний дагуу төлбөрийг хөлслөгч болох У.Өбатаас авч нэхэмжлэгч Д.Б, түүний төлөөлөгч Н.Б нарт дамжуулан өгөх, түрээсийн төлбөр болон бусад төлөлтөд хяналт тавих үүрэг хүлээсэн болохоос биш маргаан бүхий орон сууцыг бодитоор эзэмшиж, ашиглаагүй, хөлслөгч У.Өбатын өмнөөс хөлслөх гэрээний төлбөр, ашиглалтын зардал, учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээхгүй, уг төлбөрийг хариуцах ёстой этгээд биш байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч Д.Б нь тэмдэгтийн хураамжид 97.374 төгрөг төлөх байтал 99.374 /26317+73057/ төгрөг төлж 2000 төгрөгийг илүү төлсөн байх тул түүний илүү төлсөн мөнгийг буцаан олгох нь зүйтэй.
Харин нэхэмжлэгч Д.Б нь буруутай этгээдээс маргаан бүхий төлбөрийг нэхэмжлэхэд уг шийдвэр саад болохгүйг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар ОХХК-нд холбогдох 5.151.520 төгрөг гаргуулах тухай Д.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн * дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Бгаас тэмдэгтийн хураамжид төлсөн 99.374 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 2000 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.Бд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА