Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 310

 

                                                                                                                                                                                                                          

                                                                   

                                                                                                                 

                                                                      

 

 

 

 

  

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж, шүүгч Ц.Дайрийжав, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан хөтлөн

улсын яллагч У.Дэндэвдорж, П.Энхболд, Н.Отгонцэцэг

шүүгдэгч Л.Гэрэлт-Од, түүний өмгөөлөгч А.Ундрах, Ц.Цэрэнням

шүүгдэгч З.Баярсайн, түүний өмгөөлөгч Б.Пүрэвмаа

иргэдийн төлөөлөгч Ц.Гэрэл

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201601000036 дугаартай хэргээс тусгаарласан эрүүгийн 201701000133 дугаартай, 7 хавтас бүхий Л.Гэрэлт-Од, З.Баярсайн нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.2 дахь хэсэгт заасан хэргийг хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 3 дугаар сарын 20-нд Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4; эх, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 11 А байрны 02 тоотод оршин суух, УА82032024 дугаарын регистртэй, Тугтан овогт Лувсандоржийн Гэрэлт-Од

 

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 2 дугаар сарын 5-нд Дундговь аймгийн Өндөршил суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, малын бага эмч мэргэжилтэй, улс хоорондын ачаа тээврийн машины жолоочоор ажилладаг, ам бүл 5; эхнэр, хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 1 дүгээр баг, 28 дугаар байр, 2 тоотод оршин суух, ЗЙ72020518 дугаарын регистртэй, Их монгол овогт Зулзагын Баярсайн

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Нэг:

 

Шүүгдэгч Л.Гэрэлт-Од нь Замын-Үүд дэх гаалиар дамжин орж ирж буй автомашинуудад гаалийн хяналт, шалгалтыг зохих журмын дагуу хийлгэхгүй, зөрчлийг нуун дарагдуулж, саадгүй нэвтрэх зорилгоор Гааль, Татварын Ерөнхий газрын Замын Үүд дэх гаалийн газрын Гаалийн улсын ахлах байцаагч Б.Цэенгийн ХААН банкин дахь 5081004946 тоот дансаар дамжуулан түүнд 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн гүйлгээгээр 100.000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 200.000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 2.200.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 2 удаагийн гүйлгээгээр нийт 1.000.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 1.440.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 500.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн гүйлгээгээр 400.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн гүйлгээгээр 1.500.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн гүйлгээгээр 1.000.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн гүйлгээгээр 1.500.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн гүйлгээгээр 400.000 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн гүйлгээгээр 1.000.000 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн гүйлгээгээр 2.000.000 төгрөг, 2016 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн гүйлгээгээр 300.000 төгрөгийн хээл хахууль,

 

мөн шүүгдэгч Л.Гэрэлт-Од нь Замын-Үүд дэх гаалиар дамжин орж ирж буй автомашинуудад гаалийн хяналт, шалгалтыг зохих журмын дагуу хийлгэхгүй, зөрчлийг нуун дарагдуулж, саадгүй нэвтрэх зорилгоор Гааль, Татварын Ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх газрын дарга Т.Мөнхчулуунд түүний хүү М.Эрхэсийн ХААН банкин дахь 5003811272 тоот дансаар дамжуулан 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн гүйлгээгээр 2.000.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн гүйлгээгээр 3.500.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн гүйлгээгээр 1.500.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 4 удаагийн гүйлгээгээр нийт 2.500.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн гүйлгээгээр 1.500.000 төгрөг, 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 1.500.000 төгрөгийн хээл хахууль,

 

мөн шүүгдэгч Л.Гэрэлт-Од нь БНХАУ-аас Монгол Улсын Замын-Үүд дэх боомтоор импортоор оруулж ирж гаальд мэдүүлж буй 8437 УБС, 4738 ХЭҮ улсын дугаартай ачааны автомашинуудад ачсан олон нэр төрлийн бараанд гаалийн хяналт шалгалтыг зохих журмын дагуу хийлгэлгүй, тухайн бараанд төлөх татварын хэмжээг багасган төлөх, улмаар зөрчлийг илрүүлэхгүй нуун дарагдуулж, гаалийн хяналтын бүсээс саадгүй гарах зорилгоор, 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Гааль, Татварын Ерөнхий газрын Замын Үүд дэх гаалийн газрын Гаалийн улсын ахлах байцаагч Б.Цэенд 1.500.000 төгрөгийн, Гааль, Татварын Ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх газрын дарга Т.Мөнхчулуунд 3.000.000 төгрөгийн, Гааль, Татварын Ерөнхий газрын Замын-Үүд дэх гаалийн газрын Гаалийн улсын ахлах байцаагч Б.Оюунчимэгт 2.000.000 төгрөгийн хээл хахууль тус тус өгсөн,

 

Хоёр:

 

Шүүгдэгч З.Баярсайн нь 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр БНХАУ-аас орж ирсэн 09-73 ДГА улсын дугаартай автомашинд ачсан “Баруун суу гүн” ХХКомпаний 54.920 кг ачаа барааг гаальд мэдүүлэхдээ Гааль, Татварын Ерөнхий газрын Замын-Үүд дэх Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын ГХБ-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын хэсэгт Гаалийн улсын ахлах байцаагч Б.Оюунчимэгт Ө.Бямбадоржоор зуучлуулан 200.000 төгрөгний хээл хахуулийг албан тасалгаанд нь өгсөн,

 

мөн шүүгдэгч З.Баярсайн нь 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 41-29 ДГО улсын дугаартай автомашинд бараа ачин БНХАУ-аас оруулж ирэхдээ 7.885.652 төгрөгийн татвар ноогдох 15 нэр төрлийн ачаа барааны тоо хэмжээг бууруулан 6.759.236 төгрөгийн татвар төлж Гааль, Татварын Ерөнхий газрын Замын-Үүд дэх Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын ГХБ-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын Гаалийн улсын ахлах байцаагч И.Наранцэцэгт 500.000 төгрөгийн,

 

мөн 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 98-02 ДГО улсын дугаартай автомашинд бараа ачин БНХАУ-аас оруулж ирэхдээ 7.736.715 төгрөгийн татвар ноогдох 63 нэр төрлийн ачаа барааны чанар байдлыг өөрчлөн мэдүүлж 4.689.679 төгрөгийн татвар төлж Гааль, Татварын Ерөнхий газрын Замын-Үүд дэх Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын ГХБ-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын Гаалийн улсын ахлах байцаагч И.Наранцэцэгт 500.000 төгрөгийн хээл хахууль тус тус өгсөн гэх гэмт хэргүүдэд холбогджээ.

 

Шүүгдэгч Л.Гэрэлт-Од шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би 2013 оны 8 дугаар сард Цэен эгчтэй анх танилцаад өнөөдрийг хүртэл явж байна. Цэен эгч бид хоёр хоорондоо мөнгө зээлж, мөн надад тусалдаг байсан. Тухайн үед би Цэен эгчид авилга өгч байна гэж ойлгоогүй. Өөр надад хэлэх зүйл байхгүй гэв.

 

Шүүгдэгч З.Баярсайн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2016 оны 3 дугаар сарын 20-нд 49-21 гэсэн улсын дугаартай өөрийн машины ачааны бүрдүүлэлтийг хийсэн. Бүрдүүлэлтээ 100% хийж хяналтын байцаагчид үзүүлэхэд таарч байсан. Өнөрбат гэх таньдаг залуу би завгүй байгаа тул чи миний машины бүрдүүлэлтийг хийгээд өгчих гэхээр нь би бүрдүүлэлтийг хийгээд хяналтын байцаагчид үзүүлэхэд мөн адил таарч байсан. Наранцэцэг байцаагч дээр ороход надад хандж юмаа өг гэж хэлсэн. Би 100% ачаагаа хийчихсэн гэж хэлтэл тэр чинь надад хамаа байхгүй авах юмаа авмаар байна гэхээр нь би 200.000 төгрөг өгье гэж гуйсан боловч 1 машин тутамдаа 500.000 төгрөг өг гэж хэлсэн. Би өөрт байсан 500.000 төгрөгөө өгөөд өөрийн 41-29 улсын дугаартай машиныхаа зөвшөөрлийг авсан. Би зөвшөөрлөө аваад үүдэн дээр очтол хяналтын байгууллагаас шалгана зогсож бай гэсэн. Буцаж ирээд 98-02 дугаартай машины зөвшөөрлийг авах гэж ороод дахин 500.000 төгрөг нэмж өгөөд зөвшөөрлийг нь аваад хяналтын талбай дээр очсон боловч дахин шалгана гээд намайг зогсоосон. 4 хоногийн дараа 2016 оны 3 дугаар сарын 26-нд комисс ирж шалгасан. 41-29 дугаартай миний машины цахилгаан барааны тоо ширхэг таарч байсан боловч эд зүйлс нь зөрсөн болохоор 10000 төгрөгийн зөрүү гарсан. 14 тонн гэж мэдүүлсэн төмөр нь 1 тонны зөрүү гарч 900.000 төгрөгийн зөрүү гарч нийт 1.100.000 төгрөг нэмж төлсөн. 98-02 улсын дугаартай машин дээр бүрдүүлэлт хийж цахилгаан барааны жингийн зөрүү нь дээр 200.000 төгрөг гарч, чулуун хавтанг мэдүүлсэн байсан боловч тухайн чулуун хавтанг өөр зориулалттай байна гэх үндэслэлээр 1.900.000 зөрүү гаргаж нийт 2.200.000 төгрөгийг нэмж төлсөн. Хяналтын комиссынхон төмрийг нүдэн баримжаагаар хэмжиж 21 тонн болгож 900.000 төгрөгийн зөрүү гаргасан. Чулуун хавтанг 83 доллароор үнэлдэг байсан боловч 210 доллар болгон өсгөж үнэлж 1.800.000 төгрөгийн зөрүү гаргасан.

2016 оны 3 дугаар сарын 28-нд зөвшөөрөл аваад гарах гэж байтал Тагнуулын байгууллагаас зогсоосон. 2016 оны 4 дүгээр сарын 1-нд Авилгатай тэмцэх газраас ирж намайг барьсны дараа миний 2 машинд үзлэг хийсэн. 41-29 улсын дугаартай миний машинаас 200.000 төгрөгийн зөрүү авч, 98-02 улсын дугаартай Өнөрбатын машинаас 960.000 төгрөгийг тус тус төлж авсан.

2016 оны 1 дүгээр сарын 11-нд би машины бүрдүүлэлтийг хийгээд Цэцэгсүрэн байцаагчид үзүүлэхэд 100% таарч байсан. Би өөрөө ажилтай байсан тул Оюунчимэг байцаагч руу Бямбадоржийг оруулсан боловч сүлжээний 200.000 төгрөг гэж байна гэхээр би өгч оруулсан. Би өөрийн биеэр Оюунчимэг байцаагчтай уулзсан зүйл байхгүй гэв.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн Хорин наймдугаар бүлэг буюу “Албан тушаалын эсрэг гэмт хэрэг”-т,

тухайлбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйл “Хээл хахууль авах”,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйл “Хээл хахууль өгөх”,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйл “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах”,

цаашлаад Албан тушаалын эсрэг гэмт хэрэг буюу авилгын гэмт хэргийг мөрдөн шалгах явцад “Худал мэдүүлэг өгөх” гэсэн зүйл хэсгүүдээр нэр бүхий 36 шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн, эрүүгийн 201601000036 дугаартай хэргийг тус шүүх хянан хэлэлцээд 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 244 дугаартай шийтгэх тогтоолоор 34 хүнд холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн.

 

Шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ шүүгдэгч Л.Гэрэлт-Од, З.Баярсайн нарт холбогдох хэргийг хуульд заасан үндэслэл, журмаар тусгаарласан.

Учир нь, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад шүүгдэгч З.Баярсайны өмгөөлөгч Д.Бадам хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, шүүгдэгч Л.Гэрэлт-Одын өмгөөлөгч Ц.Цэрэнням хавтаст хэргийн материалтай танилцах тухай хүсэлт гаргаснаар тэдгээрт холбогдох хэргийг тусгаарласан бөгөөд энэ байдал нь хуульд нийцэх төдийгүй хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэх, зөв шийдвэрлэхэд саад болохгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

 

Иймд өнөөдрийн шүүх хуралдаанаар тусгаарласан хэрэг буюу шүүгдэгч Л.Гэрэлт-Од, З.Баярсайн нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд тэдгээрийг “Хээл хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож шийдвэрлэлээ.

 

Харин шүүгдэгч Л.Гэрэлт-Од, З.Баярсайн нарт холбогдох хэрэг шүүхэд байх хугацаанд буюу 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн тул нэр бүхий шүүгдэгч нарт ял оногдуулахдаа “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх” нь зүйтэй гэж үзэв.

Энэ байдлыг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зохицуулжээ.

 

Түүнчлэн гэмт хэрэгт холбогдсон хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн хэм хэмжээ нь хүний эрхийг хангахад чиглэсэн, хүнлэг энэрэнгүй ёсны зарчимд нийцнэ.

 

Тухайлбал шүүгдэгч Л.Гэрэлт-Од, З.Баярсайн нарын холбогдсон 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.2 дахь хэсгийн диспозиц-д “энэ хэргийг давтан, эсхүл хээл хахуулийн хэрэгт урьд ял шийтгүүлсэн этгээд, түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн бол ...” гэж заажээ.

 

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйл “Хахууль өгөх” гэмт хэргийн аль ч хэсэг, заалтад “давтан” гэсэн ойлголт байхгүй болсноос гадна шүүгдэгч Л.Гэрэлт-Од, З.Баярсайн нарт холбогдох хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийцэж, улмаар оногдуулах ялын хэмжээ /санкц/ нь хөнгөрч байна.

 

Шүүгдэгч Л.Гэрэлт-Од өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор “Хахууль өгөх” гэмт хэргийг үйлдсэн буюу Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Б.Цэен, Гааль, Татварын Ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх газрын дарга Т.Мөнхчулуун, Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Б.Оюунчимэг нарт хахууль өгсөн болох нь мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн

гэрч Ш.Батчулууны “... 2016 оны 1 дүгээр сарын 14-ний орой 18 цагийн орчимд хил хаах гэж байхад Хятадын хилээс орж ирээд гааль дээр 1 хоносон. Маргааш нь буюу 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын гаалиар орж ирсэн. Энхтөр гээд 8437 УБС машины эзэн нь миний машин урд ачаа ачсан байгаа, та оруулаад ирээч гэхээр нь би гарч машиныг авчирсан. Гааль дээр орж ирсэн өдөр Хятадын ачааны манифестыг 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Оюунсүрэнд өгсөн. Цаашаа хэнд өгсөн гэдгийг нь мэдэхгүй. Над руу орой 17 цагийн орчимд Энхтөр яриад та машинаа асаа, бичиг баримт чинь болчихсон, 99115942 гэсэн дугаар руу ярь, тэгээд таныг гаргана гэж хэлсэн. Энэ дугаар руу ярьсан чинь машинаа асаачихаад залгахад үүд рүү дөхөж бай гэсэн. Гаалийн үүд рүү дөхөж очиход 99115942 гэсэн дугаартай залуу ирээд үүдэнд хураалгадаг бичгийг нь байцаагчид нь өгөөд зогсож байсан. Тэгээд гараад явсан. 8437 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 60 тонн ачаа ачсан байсан. Олон хүний ачаа байдаг бөгөөд төрөл бүрийн бараа байгаа гэдгийг мэдэж байсан. Тухайн үедээ нум байсан эсэхийг мэдэхгүй байсан. Үзлэг хийх үед байлцахдаа нум зэрэг ачаа ачсан байсныг мэдсэн. Тухайн үед ачааг буулгаж шалгаагүй, гааль дээр очиход машин дээрх ачааны татлагыг сулласан байсан. Би очоод татлагаа чангалчихаад машинаа аваад явсан. Нарангэрэл нь Улаанбаатар хотод байна гээд над руу тухайн 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр ярьж байсан. Би Нарангэрэлийг зуучлагч гэж бодож байна. Намайг хилээр 14-нд орж ирэхэд л Оюунсүрэн ярьж байсан. Хятад Али гэдэг хүн надад хэлэхдээ Оюунаатай яриарай энэ хүн гаалийн бүрдүүлэлт хэн хийх вэ гэдгийг нь мэднэ гэсэн.

4738 ХЭҮ улсын дугаартай энэ машин миний өмнө явсан гэж бодож байна. Хятадын хил дээр штамп даруулаад явж байхад хамгийн сүүлийн машин гэж байсан. Танай байгууллагаас машинуудад үзлэг шалгалт хийж байхад Оюунсүрэн над руу яриад би бүрдүүлэлтийг нь хийгээгүй шүү, намайг наад асуудалдаа битгий хутгаарай, бүрдүүлэлтийг нь өөр хүмүүс хийсэн шүү гэж хэлээд байсан. Энэ машиныг шалгагдаж байх үед ачааны эзэд над руу яриад байсан. Би тэгээд Оюунаа руу яриад асуухаар над руу юу гэж яриад байгаа юм бэ, би яаж мэдэх юм гээд над руу уурлаад загнаад байсан” гэсэн /2-р хх-ийн 36-38/

гэрч Г.Энхтөрийн “... 8437 УБС улсын дугаартай энэ машин бол миний нэр дээр бүртгэлтэй байдаг миний машин. Би машинаа хөлсөнд явуулдаг юм. Эрээнээс Улаанбаатар руу ачаа ачдаг. 2016 оны 1 дүгээр сарын 8-ны орчим Эрээн рүү машинаа оруулсан. 7 хоногт бараа ачсан байсан. Хятадын хил дээр нэг хоноод Монгол руу орж ирсэн. 2016 оны 1 дүгээр сарын 14-ний орой  Монголын хилээр орж маргааш нь 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 17 цагийн орчимд гаалиар гарсан. Би Ундрах гэх залуугаас 462.000 төгрөгийн зээлээр түлш авч 8437 УБС машиндаа Замын-Үүд дээрээс хийлгээд Улаанбаатар хот руу хөдөлсөн. Сайншанд дээр 22 цагийн үед орж ирсэн бөгөөд Содмонгол ШТС-с 100 литр түлш хийлгэсэн. Тэгээд хөдлөх гэхэд нь цагдаагийн байгууллагаас машиныг зогсоогоод тэндээ хоносон. Маргааш нь танай байгууллагаас шалгаж эхэлсэн. Ачааны бүрдүүлэлтийг хэн хийсэн гэдгийг мэдэхгүй байна. Би Оюунсүрэнтэй холбогдоод машины талаар асуухад би хятадаас нь мөнгийг нь аваад өгсөн, өөр хүн бүрдүүлэлтийг нь хийсэн гээд байдаг. Оюунсүрэн нь би цаашаагаа Гэрлээд өгсөн гээд байдаг. Би Гэрлээтэй нь холбогдож үзээгүй. Хичнээн тонн ачаа байсан ч 10.000 юань буюу 3.000.000 төгрөгөөр явуулдаг юм. Энэ ачааны хувьд хөлсний мөнгө нэг төгрөг ч хятадаас аваагүй байна. Улаанбаатарт ачаа буулгамагц ачаа задалсан хүмүүсээс мөнгөө авдаг. Тэгээд замд түлш зээлээр авсан хүмүүстээ тараагаад Батчулуун ахад 350.000 төгрөгний цалин өгдөг. Үлдсэн мөнгийг нь өөртөө авдаг. Бид нар машинаа хөлсөнд явуулж байгаагаас яг хэн гаалийн бүрдүүлэлт хийж байгааг нь мэддэггүй” гэсэн /2-р хх-ийн 39-40/,

гэрч М.Нарангэрэлийн “... тэгээд 8437 УБС гэсэн дугаартай машин орж ирнэ, юу ачсан гэдгийг нь мэдэхгүй байна, орж ирэхээр нь хараадхъя гэсэн. Би өөрөө 1 машины бүрдүүлэлт хийж байна гэж хэлж байсан. Намайг энэ машины бүрдүүлэлтийг хий гэхээр нь би Гэрэлт-Од руу залгаад Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн Анхцэцэг ямар ажилтай байгаа бол гээд асуугаад намайг холбоод өгөөч гэхэд Гэрэлт-Одын утсаар Анхцэцэгтэй ярьсан. Анхцэцэгт 8437 УБС машин байна, наагуур чинь бүрдүүлэлт хийгээд өгөх хүн байна уу гэхэд хөгшин нь ярьчихаад буцаад залгая гэсэн. Эргээд Гэрэлт-Одын 99110320, 91912127 дугаарын утаснаас, Уугийгийн 99115942 гэсэн утаснуудаас залгаад байсан. Би тухайн үедээ Анхцэцэг хийж байна гэж ойлгож байсан. Анхцэцэг надтай энэ 2 хүний утаснаас холбогдоод мөнгөө шилжүүлчих гээд данс өгөхөөр нь би мобайлаар данс руу нь 3.000.000 төгрөгөөр  2 удаа, дараа 1.700.000 төгрөг шилжүүлсэн. Энэ данс нь Гэрэлт-Одын данс байсан. Анхцэцэгт ачааны манифестийг нь харчихаад хэлээрэй хэд болох вэ гэсэн. Мөн дээгүүрээ хуванцар ахуйн бараа доогуураа нум, тавилга янз бүрийн юм байгаа гэдгийг нь хэлсэн. Анхцэцэг надаас дахин ачааны талаар асуугаагүй. Мөнгөө яасан бэ гэж нэг ярьсан. Энэ мөнгийг Оюунсүрэн эгч надад эхлээд 7.200.000 төгрөг данс руу хийсэн. Дахиад үлдэгдэл мөнгийг нь орж ирэхээр хийе гэсэн юм. 2-3 хоногийн дараа миний данс руу 800.000 төгрөг хийсэн. Ингээд нийтдээ 8.000.000 төгрөг өгсөн. Би 300.000 төгрөгийг нь өөртөө аваад үлдчихсэн юм. Энэ машинд 8.000.000 төгрөг өгсөн байна, би 300.000 төгрөгийг нь аваад үлдлээ болох уу гэхэд болноо үлдсэн мөнгө нь болно гэсэн. Би татвар нь хэд гарсан болон бүрдүүлэлтийг хэрхэн хийсэн талаар нь мэдэхгүй байна. Хятадаас энэ ачааг нь 30 тонн гээд 8.000.000 төгрөг өгсөн гэсэн. Гэтэл хил дээр пүүн дээр орж ирэхэд 60 тонн болсон байна гэсэн. Би 60 тонн ачаа чинь 8.000.000 төгрөгөнд багтахгүй ш дээ гэхэд Оюунаа эгч нөгөө хүнээсээ асуучихаад хэлье гэсэн юм. Үндсэндээ би энэ ачааг олж өгөөд 300.000 төгрөг авсан. 7.700.000 төгрөгийг Гэрэлт-Одын данс руу шилжүүлсэн. Анхцэцэг, Гэрэлт-Од, Уугий буюу Лхагвадорж нар хэрхэн бүрдүүлэлт хийсэн гэдгийг нь мэдэхгүй байна. Гэрэлт-Од, С.Оюунсүрэн хоёр хоорондоо таарамжгүй харилцаатай учраас би дунд нь ярьж хэлсэн үгийг нь дамжуулж өгч байсан.

2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр санагдаж байна, над руу Гэрлээ яриад машинаа хөөцөлдөхөд нэг хүнтэй ярьсан мөнгө хэрэгтэй байна гээд мөнгөний хэмжээг нь хэлж байсан боловч санахгүй байна. Намайг Оюунсүрэнтэй яриад 7.000.000 төгрөг хэрэгтэй гээд хэл гэсэн. Би Оюунаа эгч рүү яриад хэлэхэд би хятадтайгаа ярьж байгаад татварыг нь гарсны дараа бүх зардлыг нь ярьж байгаад авна, эхлээд Гэрлээг өөрөөсөө мөнгөө гаргаад хөөцөлд гэж хэлүүлсэн. Гэрлээ болохоор надад мөнгө байхгүй, Цэен эгч уурлаж загнаад байна гэж хэлүүлсэн. Тэгэхээр нь би Оюунсүрэн эгч рүү дахин ярьж Цэен эгч ярьж байна, хөөцөлдөхгүй байна гээд уурлаад байна гэдгийг хэлсэн. Ингээд Оюунсүрэн 2016 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хятад руу ярьсан чинь эхний ээлжинд байгаа 5.000.000 төгрөгөө над руу шилжүүллээ гэсэн.

Гэрлээ над руу мессежээр Баттулга гэдэг хүний дансыг явуулахаар нь /дансны дугаарыг нь одоо санахгүй байна/  би Оюунсүрэн рүү мессежээр явуулсан.

Оюунсүрэн 5.000.000 төгрөгөө одоо хийх гэж байна, цайны цаг болчихсон учраас цайны цагийн дараа хийе гэсэн юм. Цайны цагийн дараа мөнгөө Баттулга гэдэг хүний данс руу хийчихсэн гэж хэлсэн. Ингээд мөнгө өгснөөс хойш Гэрлээ рүү яриад яасан бэ гэхэд нөгөө хүн маань яасан нь мэдэгдэхгүй таг болчихлоо гэсэн.

Сүүлд сонсоход Баттулга гэдэг хүн нь ярьж өгнө гэж байгаад танай байгууллага дээр ирээд баригдаад хоригдчихсон байсан гэсэн. Оюунсүрэн эгч энэнд нь итгэхгүй, баригдана гэж юу байдаг юм, хаа хамаагүй хүний данс руу мөнгө хийж байхад чинь баригдах учиргүй гээд байсан. Дараа нь энэ 5.000.000 төгрөгөө буцааж авъя гээд Гэрлээ рүү ярихад тэр хүн нь хоригдсон гэнэ, түр холбоо тасарчихаад юу болсныг нь сайн мэдэхгүй гэснээ Цэен эгчтэй ярь гээд надад нэг дугаар өгсөн. Би тэр дугаар руу нь залгахад Цэен эгч та нар мөнгө мөнгө л гээд байх юм, тэр хүн чинь баригдаж хоригдсон байна гээд уурлаж байсан.

Баттулга гэдэг хүн энэ мөнгөөр Авлигатай Тэмцэх газраас 8437 УБС дугаарын машиныг авна гэж 5.000.000 төгрөгийг авсан учраас хээл хахуульд өгөх мөнгө гэж ойлгож болно.

Оюунсүрэн нь 8437 УБС дугаарын машиныг авахын тулд хээл хахуульд өгөх мөнгө гэдгийг нь мэдэж байсан. Хэнд хахууль өгөх гэж байгааг нь бол мэдээгүй. Оюунсүрэн эгч “одоо дахин хүнээр аргалуулна гэж байхгүй юм байна, тиймээс бүх үнэнээ хэлээд ачаа бараагаа аятайхан шиг аваад ялгүй салахыг бод” гэж надад хэлж байсан.

Оюунсүрэн эгч надаас Гэрлээд 7.700.000 төгрөг өгч байхад чинь 2.500.000 төгрөгийг гаалийн татварт төлчихөөд үлдсэн мөнгөө яачихсан юм гээд асуулгасан. Би Гэрлээтэй утсаар яриад энэ талаар асуухад чиний эхлээд өгсөн 6.000.000 төгрөгнөөс 2.500.000 төгрөгийг гаалийн татварт төлөөд, үлдсэн мөнгөнөөс цацаад дууссан гэсэн. Би бол аймаар цацаж байж л ачаагаа гаргадаг шүү дээ гэж байсан” гэсэн /2-р хх-ийн 152-154, 155-156/,

гэрч С.Лхагвадоржийн “... би Гэрэлт-Од, түүний нөхөр Эрдэнэбат нарыг танина, 2010 онд танилцаж байсан. Гэрэлт-Од болон түүний нөхөртэй сайн найз нөхдийн харилцаа холбоотой. 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Гэрэлт-Од миний данс руу эхлээд 7.000.000 сая төгрөг Даваасүрэн гэдэг хүнээс шилжүүлсэн. Дараа нь 3.000.000 төгрөг, 2.000.000 сая төгрөг хийсэн.

Замын-Үүд сумын төвөөс хил хүртэл 3 км байдаг, би машинтай явж байсан болохоор миний данс руу хийгээд хил дээр очоод БНХАУ-аас ачаа оруулж ирж байгаа 8437 УБС, 4738 ХЭҮ дугаартай тээврийн хэрэгслүүдийн татварын мөнгийг төлөөд өгөөч ээ, татварыг нь төлчихөөд банкинд мөнгө тушаасан баримтаа гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн Анхцэцэгт өгчих гэсэн. Би Хилийн цогцолборын рентгений хэсэгт ХААН банкинд өөрийн 5377031965 тоот данснаас дээрх машинуудын татварын мөнгийг тушаасан. Над руу эхлээд 7.000.000 төгрөг орж ирэхээр нь 3.256.121 төгрөг, мөн 4738 ХЭҮ машины 2.069.618 төгрөгийг эхлээд төлөөд байж байтал Гэрэлт-Од 5.000.000 төгрөг дансанд хийхээр нь 8437 УБС машины татвар болох 2.570.195 төгрөгийг төлсөн. Тэр өдөр Гэрлээ над руу нийт 12.000.000 төгрөг хийсэн юм. 3 машины татвар төлчихөөд үлдэгдэл 3.600.000 төгрөгийг данснаасаа аваад татвар төлсөн баримттай нь хамт гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн Анхцэцэгт рентгений хэсэгт өгсөн. Замын-Үүд сумын төвд буцаж ирчихээд хувийн ажлаа амжуулаад явж байхад Гэрлээ хил рүү хамт явчихаад ирье гэхээр нь гэрээс нь аваад хил рүү явж Анхцэцэгээс гаалийн үүдээр гарахад үзүүлдэг гаалийн бичгийг авч гаалийн хяналтын талбайн гарах хэсэгт тухайн бичгийг нь хамгаалагчид хураалгаад 8437 УБС дугаартай машиныг хяналтын талбайгаас гаргаж өгсөн. 4738 ХЭҮ болон нөгөө барилгын материал ачсан машиныг нь би мэдэхгүй байна. Эхлээд төлсөн машины татвар нь барилгын материал ачсан байсан бөгөөд машиных нь дугаарыг санахгүй байна. Барилгын материалыг нь миний итгэмжлэхээр хийсэн. Дараагийн машинууд нь 4738 ХЭҮ, 8437 УБС гэсэн дугаартай машинууд байсан. Би Замын-Үүдэд гаалийн бүрдүүлэлт хийдэг найз Гэрэлт-Одын гуйлтаар гаалийн бүрдүүлэлт хийж байсан. Найз нөхдийн харилцаатай болохоор гаалийн бүрдүүлэлт хийгээд өг, эсвэл татварын мөнгийг нь төлөөд өг гээд данс руу мөнгө хийхээр нь банкинд очоод тушаагаад өгдөг. Би өөрөө БНХАУ-аас импортоор оруулж байгаа ачааг олж гаалийн бүрдүүлэлт хийж байгаагүй. Заримдаа миний эхнэр Э.Мөнхзулыг гуйгаад итгэмжлэх хийгээд гаалийн бүрдүүлэлт ч хийлгэж байсан. Миний эхнэр хилийн мэргэжлийн хяналтын нян шинжээчээр ажилладаг.

2015 онд Гэрлээ гуйгаад миний эхнэр Эрдэнэ-Очир овогтой Мөнхзулаар хэд хэдэн гаалийн бүрдүүлэлт хийлгэсэн гэсэн. З.Анхцэцэг нь “УБ транс” ХХК-ний гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн бөгөөд Гэрэлт-Одын найз гэдгээр нь Анхцэцэгийг би танина. 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр би дээрх машинуудын татварыг нь Гэрэлт-Одын гуйлтаар төлсөн. Тэгээд баримтыг нь Анхцэцэгт өгөөд гаалийн бүрдүүлэлтийн дагалдах баримт бичгээ буцаагаад авсан. Би өмнө нь Анхцэцэгт өгсөн гэж мэдүүлсэн одоо санахад Анхцэцэгээс авсан. Тэгээд Гэрлээгийн хамт хил рүү очсон. Энэ машинуудын гаалийн мэдүүлгийг рентгений хэсгээс Анхцэцэгээр хийлгэчихсэн.

4738 ХЭҮ улсын дугаартай машиныг Отгонсэлэнгэ надаас гаалийн бүрдүүлэлтийг нь хийгээд өгөөч гэхээр нь би чадахгүй ш дээ гэсэн .Тэгтэл Отгонсэлэнгэ Гэрлээтэй яриад гуйсан юм шиг байна лээ. Тэгээд Гэрлээ намайг энэ машин дээр итгэмжлэл хийлгэчих гэхээр нь би зөвшөөрч компьютерийн хүнээр итгэмжлэх хийлгэсэн санагдаж байна. Гэхдээ би өөрөө бие дааж гаалийн бүрдүүлэлт хийдэггүй болохоор Гэрлээгийн гуйлтаар итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр нь орж гаалийн бүрдүүлэлтийг нь Гэрлээтэй хамт хийсэн.

Хил дээр хамт байхдаа 8437 УБС, 4738 ХЭҮ гаалийн баримт бичгийг Гэрлээ Баримт бичгийн байцаагч Д.Нямаад аваачиж өгсөн. Хяналт шалгалтын байцаагч Д.Наранчимэг, Гэрлээтэй хамт машин руу очсон ч Д.Наранчимэг байцаагч ачааны хучлагыг нь сөхөж үзээд биет шалгалт дууссан. Тэр үед би өөрийнхөө машин дотроос 8437 УБС, 473 8 ХЭҮ дугаартай машинуудыг хараад сууж байсан. Биет шалгалт дууссаны дараа Гэрлээ цогцолбор руу орчихоод буцаж гарч ирэхээр нь Гэрлээгийн хамт цогцолбор руу орсон.

Тэгээд 103 буюу Гаалийн улсын ахлах байцаагч Б.Оюунчимэгтэй уулзаж зөвшөөрөл авах гэсэн боловч Б.Оюунчимэг өрөөндөө байгаагүй, 2 давхарт зөрчлийн өрөөнд байсан. Удалгүй ахлах байцаагч Б.Оюунчимэг өрөөндөө орж ирэхэд нь Гэрлээ хамт орж уулзаад зөвшөөрлөө аваад гарч ирсэн. Гэрлээ энэ машинуудын гаалийн бүрдүүлэлтийг хийхдээ гаалийн байцаагч нараас хэнд мөнгө өгсөн талаар нь бол би мэдэхгүй. Тэр тухайгаа надад Гэрлээ хэлдэггүй юм.

Би Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч гэдгээр нь Б.Цэенг мэднэ. Түүнээс биш танихгүй. Харин Л.Гэрэлт-Од нь Б.Цэенг эгч л гээд байдаг, их дотно юм шиг яриад байдаг” гэсэн /2-р хх-ийн 71-73, 75-77/,

гэрч Д.Сумъяахүүгийн “... би өөрийн хүү Т.Мөнхчулууны холбогдсон хэргийн талаар мэдэхгүй, хүүгийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гэдгээ ойлголоо. Гэхдээ мэдүүлэг өгөхөд татгалзах зүйлгүй. Гаалийн байгуулагад 25 наснаасаа хойш ажиллаж байна. Анх Сарангэрэл гэдэг охинтой гэр бүл болоод Эрхэсийг төрүүлсэн. Миний хүү Замын-Үүд рүү томилогдон яваад 2 талд амьдраад гэр бүл салцгаасан. Эрхэс 3 настай байсан тул би өөр дээрээ авч өсгөсөн. Миний хүү Т.Мөнхчулуун 2015 оны 10, 11 сарын үед М.Эрхэсийн ХААН банкны картыг авч ирж өгсөн. Заримдаа энэ картаа ирээд авдаг, буцаагаад авчраад өгдөг байсан. Би энэ картнаас огт мөнгө авч хэрэглэж байгаагүй. Эрхэс тэтгэлэгээр ОХУ-д суралцдаг” гэсэн /2-р хх-ийн 111-113/,

гэрч Н.Мөнхбаярын “... Т.Мөнхчулуун бид хоёрын дунд ямар нэгэн өр авлага байхгүй. Хоорондоо мөнгө төгрөг зээлж авч өгч байсан удаагүй. Харин 2014 оны 11 сарын сүүлчээр санагдаж байна, би Хятадаас гал тогооны тавилга, мөн фреезер компанийхаа цахилгаан барааг авах гээд ганцаараа Замын-Үүд явсан. Тэр үед Мөнхчулуун албан ажлаар Замын-Үүд рүү явж байна гэсэн. Тухайн үед Мөнхчулуун өөрөө гаалийнхаа дарга нартай явж байсан. Замын-Үүдэд Мөнхчулуун зочид буудалд буусан байна гэхээр нь би араас нь очоод тэр буудалд нь очиж буусан. Би буудлын нэрийг санахгүй байна, ямартаа ч Мөнхчулууны буусан өрөөний өөдөөс харсан өрөөнд байрлаж байсан юм.

Буудлынхаа ресторанд Мөнхчулуун Замын-Үүдийн гаалийн газрын орлогч дарга гэлүү нэг хүн, мөн Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн байцаагч Б.Цэен, жолооч нь гээд нэг залуу, хамт явсан гээд танихгүй 2 залуу гээд олуулаа хамт хоол идээд бага зэрэг архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Тэндээс Мөнхчулууны байрлаж байсан өрөөнд хамт сууж байхад Цэен архи аваад орж ирсэн. Яриад сууж байхдаа урагшаа хятад гарч тооцоо хийх гэж байгаа гэдэг асуудал ярьсан юм.

Гэтэл Цэен нь чи хөгшиндөө 15.0 сая төгрөг 3 хоногийн хугацаатай зээлчих гэсэн. Би эхэндээ тийм зүйл байхгүй гэсэн. Би Цэенг урьд нь Хотын гаальд байхдаа мөрийтэй тоглоод ажлаасаа халагдахдаа тулж байсан гэдгийг нь мэднэ. Тийм учраас Цэенд мөнгө өгч болох юмуу энэ хүүхэн чинь хөзөр тоглодог шүү дээ гэхэд Мөнхчулуун би байхад чинь гайгүй ээ өгчих байлгүй гэсэн. Би Эрээн гарах гэж байсан тул надад юань байсан юм. Би гэрээсээ 100.000 юаньтай явсан байсан. Тэгээд 50.000 юанийг нь өөрийнхөө байрлаж байсан өрөө рүү Цэентэй хамт ороод ямар нэгэн гэрээ байгуулахгүйгээр тэр өдөртөө бэлнээр өгчихсөн. Юаниар өгсөн учраас эргүүлээд юаниар авна гэдгээ хэлсэн.

Цэен нь тэр оройдоо Мөнхчулуунтай хамт хоносон юм. Өглөө нь Замын-Үүдийн гаалийнхан Мөнхчулууны байрлаж байсан өрөөнийх нь хаалгыг тогшоод дуудахад хаалгаа онгойлгохгүй байж байгаад ажлынхан нь буцаад гарсны дараа Мөнхчулууны өрөөнөөс Б.Цэен гүйж гарч ирээд манай өрөө рүү ороод ирэхээр нь би түлхүүрээ үлдээгээд гараад явчихсан юм. 3 хоногийн хугацаатай гэсэн учраас би 3 хоног хүлээж Замын-Үүдэд буудалд байрласан. Мөнгөө өгөхгүй болохоор нь үлдсэн мөнгөө авч Эрээн рүү гараад гал тогооны тавилга хэрэгсэл авчихаад буцаад Замын-Үүдэд ирсэн. Би Цэенгээс мөнгөө нэхэхээр сүүлдээ утсаа авахаа больчихсон. Хүний утаснаас залгаад ярихаар хөгшөөн удахгүй өнөө маргаашгүй өгнө хүн надад мөнгө өгөх ёстой гээд байсан. Би тэсэлгүй Улаанбаатар хотод гэртээ ирсэн. Эхлээд эхнэрээсээ нуугаад  Цэенг мөнгөө өгчих байх гээд хэлэхгүй байж байгаад сүүлд нь эхнэртээ үнэнээ хэлээд хэрүүл маргаан болсон.

Хамгийн сүүлд Мөнхчулууны эхнэр Оюунаа нь 2016 оны 4 сард танай байгууллагад шалгагдаад цагдан хоригдсоны дараа над руу залгаад чи Мөнхчулууны найз нь гэчихээд Мөнхчулууныг хүүхэнтэй холбогдоод яваад байхад нь хэлэхгүй нуулаа, гэр бүл үймүүлсэн гээд орилоод байсан.

Би Цэенд зээлсэн 15.0 сая төгрөгний 5.0 сая төгрөгийг нь бэлнээр авч тохиролцсоныхоо дагуу Мөнхчулууны Хонгор азаргыг 2016 оны 2 сард очоод мал дээрээс нь авсан юм. Одоо Цэентэй ч өр авлага байхгүй. Цэен намайг залгахаар утсаа авдаггүй, надтай бүр харьцахаа ч больсон” гэсэн /2-р хх-ийн 116-119, 120-121/,

гэрч Б.Энхмаагийн “... 1996 онд Б.Цэен гаальд шалгагчаар анх ажилд орох үед нь манай компани арьс шир БНХАУ-руу гаргаж худалдаа эрхэлдэг байсан. Тэр үед танилцаад тэрнээс хойш эгч дүүс шиг дотно найзалж нөхөрлөж байна. Би 2015 оны 9 сард Цэенгээс 20.000.000 төгрөг авч байгаагүй.

Л.Гэрэлт-Од гэдэг эмэгтэйг би зүс танина. Цэентэй уулзах үед хамт явж байгаад 2 удаа тааралдаж байсан. Гэрэлт-Од бид хоёрын дунд ямар нэгэн өр авлага байхгүй” гэсэн /2-р хх-ийн 236-238/,

гэрч З.Анхцэцэгийн “... 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр намайг Гаалийн цогцолборын Рентгений хэсэг дээр ажиллаж байхад Л.Гэрэлт-Од нь С.Лхагвадорж буюу Уугийгаар 8437 УБС улсын дугаартай ачаатай тээврийн хэрэгсэлийн баримт бичгүүдийг хүргүүлсэн. Дараа нь Л.Гэрэлт-Од өөрөө рентгений хэсэг дээр орж ирээд бараагаа манифестэнд бичсэн байгаагаар мэдүүлье гэсэн. Хятад манифестний орчуулган дээр нум гэж байсан болохоор нь нум нь ямар учиртай юм бэ, энэ машины чинь нум юм байлгүй дээ, мэдүүлэхгүй орхилоо шүү гэж хэлсэн. Би өмнө нь өөрөө машины нум мэдүүлж байгаагүй болохоор кодыг нь олохгүй, асуудал их гардаг тул залхуураад манифестэн дээрхээр нь мэдүүлчихсэн. 8437 УБС машины ачааг гаальд мэдүүлж байтал Батмягмар 4738 ХЭҮ улсын дугаартай ачаатай тээврийн хэрэгсэлийн дагалдах баримт бичгүүдийг авчирч өгсөн. Тэгтэл Гэрлээ утасдаад 4738 ХЭҮ улсын дугаартай машины гаалийн мэдүүлгийг бас мэдүүлээд өгөөрэй гэсэн. Баримт бичгийн байцаагч шалгаад татварыг нь бодоод татвар төлөх төлөвт оруулангуут би татварын маягтыг нь хэвлэж Уугийд өгсөн. Гаалийн байцаагч нартай уулзаагүй. Үүнээс хойш гаалийн бүрдүүлэлтийг нь хэрхэн хийсэн гэдгийг би мэдэхгүй байна.

Танай байгууллагаас дээрх 2 тээврийн хэрэгсэлийг шалгахад Гэрэлээ надаас “намайг битгий хэлээрэй, намайг шалгах юм бол данс, утасны холболт бүгд ил байгаа шүү дээ” гээд гуйгаад байхаар нь би гаальд мэдүүлсэн юм чинь гаалийн бүрдүүлэлтийг ч би хийсэн гээд хэлчихье гээд Гэрэлт-Одтой тохирсон.

Тийм учраас анх танай байгууллагад тайлбар өгөхдөө би гаалийн бүрдүүлэлтийг нь хийсэн гэж мэдүүлсэн. Одоо үнэн зөвөөр нь мэдүүлэг өгч байна.

Мөн ачаа барааг буулгаж тоолж шалгахад нөхөр Н.Тулгантамирын эгч Ц.Саруулчимэгийг гуйгаад ачааны эзэн гэж хэлээд ачааг шалгахад нь хамт байлцаад өгөөч гээд 1.000.000 төгрөг өгсөн. Энэ 1.000.000 төгрөгийг Л.Гэрэлт-Одоос өөрийнхөө дансаар аваад Саруулчимэгт өгсөн. Тухайн үед Саруулчимэг эгч Замын-Үүдэд аавынхаа тэтгэврийн зээлийг хөөцөлдөж явсан юм.

Анх 8437 УБС тээврийн хэрэгслийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Л.Гэрэлт-Од, 4738 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн гаалийн бүрдүүлэлт хийх итгэмжлэгдсэн төлөөлөгч нь С.Лхагвадорж нар байсан юм. Тамгатай цаасаа бариад ирэхээр нь би нэрийг нь бичээд хэвлээд гаргаад өгсөн. Тамгатай цаасан дээр захирлын гарын үсэг нь зурагдсан ирсэн.

Гэрлээ над руу хэзээ залгасныг нь санахгүй байна, итгэмжлэхээ сольчихоорой, Лхагвадоржийн итгэмжлэхийг Эрхэмбаатар болгочих гэсэн. Тамгатай цаас нь надад мэйлээр ирчихсэн байсан учраас би Л.Гэрэлт-Одын итгэмжлэхийг солихдоо Э.Уранбилэг гээд 10 жилийн ангийнхаа охины нэрийг тэр үедээ худлаа биччихсэн юм. Үндсэндээ итгэмжлэх дээр Гэрлээ байсан учраас Гэрлээг нуухын тулд итгэмжлэхийг хуурамчаар хийсэн.

2013 онд ажилд орчихоод удаагүй байхдаа мэдүүлэгч нар хамт нэг газар сууж пиво ууцгааж байхад Гэрэлт-Од ирээд тэгээд танилцаж байсан. Тэрнээс хойш 3 жил найзлаж нөхөрлөж байна. Гэрэлт-Од Замын-Үүдэд гаалийн бүрдүүлэлт хийдэг юм” гэсэн /2-р хх-ийн 87-91/,

гэрч К.Эрхэмбаатарын “... тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан тул найз Отгонсэлэнгэ рүү утсаар ярьж туслаад өгөөч гэхэд Отгонсэлэнгэ Уугий руу яриад Уугийг над руу явуулсан. Уугий 16 цагийн үед хил дээр ирэхээр нь би ачааны баримт бичгүүдийг Уугий, жолооч Батмягмар нарт өгөөд явуулсан. Тэр хоорондоо таксигаа явуулчихаад 4738 ХЭҮ дугаартай ачааны машин дотор ороод суучихсан ганцаараа архи уугаад сууж байсан. Гэтэл удалгүй Уугий, Батмягмар нар эргэж ирээд татвар нь 2.069.000 төгрөг болсныг төлчихсөн гэхээр нь би өөрт байсан 1.700.000 орчим төгрөгийг Уугийд бэлнээр өгчихөөд баримт бичгүүдээ Батмягмар аваад би байрлаж байсан буудал руу явчихсан. Би нилээн согтуу Замын-Үүд буудалд байхад Батмягмар ирээд машиныг цагдаа зогсоочихлоо гээд ирэхээр нь маргааш болъё гээд хэлчихээд унтаад өгсөн.

Батмягмар хэлэхдээ Авилгатай Тэмцэх газраас шалгана гэж байна, Сайншандаас нэг машин аваад ирж байгаа талаар хэлж байсан. Би энэ ачааг гаальд мэдүүлээгүй, баримт бичгийг нь Уугий, Батмягмар нар авч яваад гаальд мэдүүлсэн байсан. Хэн нь худлаа мэдүүлсэн гэдгийг мэдэхгүй байна. Танай байгууллагаас шалгаж машин дээрх барааг тоолоход би хамт байлцсан болохоор гаальд худал мэдүүлж ачаа бараа зөрүүтэй байгааг мэдсэн юм. Би гаалийн бүрдүүлэлт хийх итгэмжлэгдсэн төлөөлөгч гэдгээ мэдээгүй явсан. Танай байгууллагад шалгагдах үед итгэмжлэх буюу аж ахуйн нэгжээр хийдэг гэдгийг нь мэдсэн. Тэрнээс би энэ талаар ямар ч ойлголт байхгүй байсан.

Би 4738 ХЭҮ дугаартай машин дотор сууж байхад гаалийн байцаагч Наранчимэг гарч ирэхээр нь би машинаас буугаад хараад зогсож байхад жолооч Батмягмар ачааны даруулгыг тайлж сөхөж Д.Наранчимэг байцаагчид үзүүлсэн. Тухайн үед цаг орой болсон, мөн гадаа салхитай байсан учраас тоолж биет шалгалтыг хийгээгүй. Би тухайн үедээ машин дээр ямар ачаа бараа байгаа гэдгийг нь мэдэхгүй, энэ машиныг гаалиар хэрхэн яаж гаргасан талаар огт мэдэхгүй байна.

Хосоо гээд хятад намайг ачаагаа авахдаа татвараа төлөөд аваарай гэхээр нь гаалийн бүрдүүлэлтийг нь хийх санаатай байтал өөрөө ч хийж чадахгүй хүн гуйгаад ийм зүйл болсон. Татварын зөрүү 8.000.000 гаруй төгрөгийг би барааны эзэд болон Хосоогоос цуглуулж байгаад хотын гааль дээр очиж төлсөн” гэсэн /2-р хх-ийн 48-50/,

гэрч Г.Батмягмарын “... би нагац ах Отгонсэлэнгээс /Баяраа гэх хүний нэр дээр байдаг/ 4738 ХЭҮ улсын дугаартай Норд Бенц маркийн автомашиныг худалдаж авсан. Замын-Үүдэд байдаг Бурмаа, Өлзийбаяр нар нь орж ирсэн машинуудыг цагдаа, тагнуул, гаалийн байгууллагад зөрчилтэй гэж мэдэгдээд ачаа бараа шалгуулаад явуулдаггүй учир Замын-Үүд рүү орж ирэнгүүтээ машиныхаа улсын дугаарыг солиод өөр дугаар тавьчихсан. Миний машин дээр Эрхэмбаатар ахын тавилга ачигдсан байсан болохоор Эрхэмээ ах над руу утасдаад гаалийн бүрдүүлэлтийг нь хийнэ гэсэн. Гааль дээр 1 хоноод 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр гаалийн хяналтын талбайгаас гараад иртэл Бурмаа, Өлзийбаяр нар хааж зогсоод түлхүүр булааж аваад дахиж шалгуулна гээд саатуулахаар нь машинаа орхичихоод гэр рүүгээ явчихсан. Тэгээд танай байгууллагаас машиныг гаалийн хяналтын талбай руу оруулж шалгасан. Ачааны татварын мөнгийг хэн төлсөн гэдгийг би мэдэхгүй байна. Би хяналт шалгалтын байцаагч нь хэн байсныг, машин дээрх ачаа барааг хэрхэн шалгасан талаар мэдэхгүй” гэсэн /2-р хх-ийн 68-70/,

гэрч Б.Отгонсэлэнгийн “... 2005 оноос хойш Л.Гэрэлт-Одыг танина. Гэрлээ болон түүний нөхөртэй найз нөхдийн харилцаа холбоотой. 4738 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний машин бөгөөд манай жолооч Баяраагийн нэр дээр байсан. Манай эгчийн хүүхэд Батмягмар надаас энэ машиныг 25.0 сая төгрөгөөр худалдаж авахаар тохиролцоод 18.0 сая төгрөгийг нь өгсөн, үлдсэн мөнгийг нь төлөөгүй учир нэр дээр нь шилжүүлээгүй байсан ч Батмягмарт машинаа өгчихсөн байгаа. 4738 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн гаалийн бүрдүүлэлтийг нь Эрхэмбаатар хийнэ гэсэн ч өмнө нь гааль хийж байгаагүй болохоор би Гэрлээ, Уугий хоёр руу яриад хил дээр байна гэхээр нь Эрхэмбаатарт туслаарай гээд хэлсэн. Ямар компаний нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийсэн, татварыг нь хэн төлсөн талаар би мэдэхгүй” гэсэн /2-р хх-ийн  65-67/,

яллагдагч Л.Гэрэлт-Одын “... 8437 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг намайг Замын-Үүдэд байхад М.Нарангэрэл 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 88058888 дугаарын утаснаас залгаад тавилга, ахуйн бараатай ачааны гаалийн бүрдүүлэлтийг хийгээд өгөөч, би төрчихсөн нялх хүүхэдтэй, өөрөө Замын-Үүд явах боломжгүй байна гээд гуйсан учир би зөвшөөрч гаалийн бүрдүүлэлтийг нь хийсэн. Надад М.Нарангэрэл хэлэхдээ миний өөрийн ачаа, 31 тонн олон нэр төрлийн бараа байгаа гэсэн. Миний ХААН банкин дахь 5374327491 тоот данс руу 6.000.000 төгрөг шилжүүлсэн. 3.000.000 төгрөгт нь багтааж гаальд бүрдүүлэлтийг хийхдээ Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн З.Анхцэцэгт хилийн боомтын Рентгэний хэсэгт очоод татвар багатай бараагаар гүйлгэж худал мэдүүлсэн. Уугий буюу Лхагвадоржоор татварын 2.500.000 төгрөгийг төлүүлсэн. З.Анхцэцэг мэдүүлгийг цахимаар Нямаа байцаагч руу илгээж дагалдах бичиг баримтыг нь аваад Д.Нямаа байцаагч руу аваад явсан. Хяналтын байцаагч Д.Наранчимэгт 8437 УБС машин дээрх ачааг З.Анхцэцэг шалгуулсан. Тухайн үед хил хаах гэж байсан. 103 буюу Гаалийн улсын ахлах байцаагч руу мөн З.Анхцэцэг авч очоод зөвшөөрөл авчирсан. Уугий буюу Лхагвадоржоор гаалийн бүрдүүлэлтийн бичгийг гарах хаалга буюу 118-р цэгт үзүүлж гаргуулсан.

4738 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг Отгонсэлэнгэ Уугий руу 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр яриад энэ машины гаалийн бүрдүүлэлтийг хийгээд өгөөч гээд ярьсан байсан. Уугий энэ талаараа надад хэлсэн. Би энэ машиныг нь мөн З.Анхцэцэгээр гаальд мэдүүлүүлсэн. Ачааны гаалийн бүрдүүлэлтийг нь хийхээр итгэмжилсэн төлөөлөгч К.Эрхэмбаатар гэдэг хүн ирсэн байгаа, туслаад өгөөрэй гэсэн байсан. Над руу мөн Отгонсэлэнгэ яриад туслаад өгөөрэй гээд байсан. Би Отгонсэлэнгэд 6.000.000 төгрөгний өртэй байсан юм. Өрөндөө татварын мөнгийг нь төлж өгсөн.

2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Замын-Үүд дэх гаалийн улсын ахлах байцаагч Б.Цэен над руу яриад эмнэлэгт хэвтэж байна, 5.000.000 төгрөгний хэрэг байна гэхээр нь мөнгөгүй байна гэтэл зохицуулахыг бодоорой гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би Б.Цэен эгч рүү 6.000.000 төгрөгөнд гаалийн бүрдүүлэлт хийх машин байгаа гэж ярихад 3.000.000 төгрөгөнд нь багтаагаад гаалийн бүрдүүлэлт хийчих, би гаалийн байцаагч нарт хэлчихье гээд Эрхэсийн ХААН банкны 5003811272 данс бөгөөд энэ данс руу 3.000.000 төгрөг, өөрийнхөө ХААН банкны 5081004946 тоот данс руу 2.000.000 төгрөг хийгээрэй гэж хэлсэн.

Би өөрийн ХААН банкны 5374327491 тоот данснаасаа Эрхэсийн данс руу 3.000.000 төгрөг, Б.Цэен эгчийн данс руу 1.500.000 төгрөг хийсэн.

94989388 дугаарыг Цэен эгч хэрэглэдэг. Над руу Цэен эгч 94989388 дугаараасаа яриад данс өгсөн. Би мөнгийг нь шилжүүлснийхээ дараа мессеж бичээд мөнгө хийсэн гэдгээ хэлсэн.

4738 ХЭҮ улсын дугаартай ачааны машины итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр нь С.Лхагвадорж байсан. 8437 УБС дугаартай тээврийн хэрэгсэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь би байсан юм.

Хяналтын байцаагч Д.Наранчимэгт гаалийн бүрдүүлэлтийн баримт бичиг байдаг учраас итгэмжлэлээ солье гэж мессеж бичсэн юм. Маргааш нь буюу 2016 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Гаалийн улсын ахлах байцаагч Б.Оюунчимэгийн гэрээс нь очиж аваад Д.Наранчимэг эгчийн гэрийнх нь гадаа очоод машин дотор уулзаад итгэмжлэхээ сольсон.  Би 4598 УНЗ, 2701 УНЗ, 3824 УНӨ гэсэн 3 машины гаалийг байнга хийдэг. Хааяа 3938 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн гаалийн бүрдүүлэлтийг хийдэг юм. Зарим тохиолдолд хятадаас машин хийгээд өг гэвэл өөр машины гаалийн бүрдүүлэлтийг хийдэг боловч тэдгээр машинуудын дугаарыг нь санахгүй байна.

Цэен эгч тухай бүрт нь Эрхэсийн данс руу мөнгөнүүдийг хий гэсэн учраас би хийж байсан. 8437 УБС дугаартай машинтай адил машин гарах бүрт Цэен эгч хэлж өгч мөнгө хийлгэсэн. Гаалийн бүрдүүлэлт хийж байгаа ачаа бараагаа хурдан шуурхай гаргахад Цэен эгч тус болдог юм. Би Эрхэс, Мөнхчулуун нарыг танихгүй.

Цэен эгчид мөнгө өгч гаргахгүй бол Гаалийн байцаагч нар буулгаж шалгаад байдаг юм. Буулгаж шалгахад ачаа бараа эвдрэх, гэмтэх, ачаа бараа дутах зэрэг асуудлууд үүсдэг. Ингэхээр бид нар өр төлбөрт ороод байдаг.

Би тухайн өдөр 8437 УБС, 4738 ХЭҮ улсын дугаартай машинуудын гаалийн бүрдүүлэлтийг хийхдээ 15 цаг өнгөрч байхад Цэен эгчийн хэлснээр Цэенгийн данс руу 1.500.000 төгрөг, Эрхэсийн данс руу 3.000.000 төгрөг мобайл банкаар шилжүүлсэн. 16 цагийн үед Гаалийн улсын ахлах байцаагч Б.Оюунчимэг 2 давхарт зөрчлийн өрөөнд тухайн ээлжийнхэнтэй архи уугаад, “намайг байж бай чи” гээд байсан. Тэгэхээр нь би Цэен эгч рүү утасдаад Оюунчимэг гаргахгүй байна, намайг байж бай гэсэн гэж хэлэхэд Цэен эгч би Оюунчимэг рүү ярьчихлаа, бүгд л гараад байхад Гэрлээг яагаад гаргахгүй байгаа юм гээд уурлаад хэлчихлээ гэж хэлсэн. Цэен эгч ярьсаны дараа Б.Оюунчимэг 17 цаг өнгөрч байхад 2 давхрын өрөөнөөс бууж ирээд “юу гээд хүн амьтан руу янз янзын юм яриад байгаа юм, өөрөө уулзаад явахгүй” гээд уурлаж гарч ирээд 8437 УБС, 4738 ХЭҮ машинуудыг гаалийн хяналтын талбайгаас гарах зөвшөөрлийг программаар өгсөн юм. Тухайн өдөр гаалийн улсын ахлах байцаагч Цэентэй ярьж тохироогүй бол хилээр гарах боломжгүй байсан.

Машин саатуулагдсанаас маргааш нь буюу 2016 оны 1 сарын 16-ны өдөр Б.Оюунчимэгтэй очиж уулзаж байгаад гаалийн мэдүүлэг дээрээс итгэмжлэхийг сольсон. Тэр орой харанхуй болчихсон 22 цаг болж байхад Б.Оюунчимэг байцаагчийг дүү Батбаяр нь Лексус 470 маркийн автомашинаараа гэрт нь хүргэж өгөхөд нь дагаж очоод гэрийнх нь гадаа Батбаярын машин дотор хамт уулзахад намайг юу гэж хүний машины гааль хийсэн юм, өөрийнхөө машиныг гаргаад явахгүй гээд уурлаад загнаж байсан.

Би Оюунсүрэнгийн олж ирсэн машинуудын гаалийн бүрдүүлэлтийг нь хийж байсан гэдгээ тухайн үедээ мэдээгүй, Нарангэрэл надаас гуйгаад байхаар нь гаалийн бүрдүүлэлтийг нь хийж өгсөн гэдгээ тайлбарлаж хэлсэн юм.

Б.Оюунчимэг эгч дүүгээ машинаас бууж бай гэхэд Батбаяр буухаар нь би 2.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Цэен эгч намайг Оюунчимэгтэй уулзчихаарай гээд байсан юм.

Д.Наранчимэг, Д.Нямаа нарт тухайн өдөр мөнгө өгөөгүй. Цэен ахлахаар хэлүүлчихсэн, Б.Оюунчимэг ахлах байцаагч нь мэдэж байсан учраас хяналт шалгалт, бичиг баримтын байцаагч нарт өгөөгүй.

4738 ХЭҮ улсын дугаартай машины хувьд Отгонсэлэнгэ өртэй байсан учраас татварыг нь мөнгийг нь төлж өгөөд бүрдүүлэлтийг нь Уугийг яваад өгөөч гээд гуйгаад явуулчихсан юм. Тэрнээс тэр машин дээр ямар ачаа бараа байсан гэдгийг нь би өөрөө ч мэдээгүй.

Б.Цэен эгч надаас нийт 60.000.000 төгрөг зээлж авчихаад 2014 оны 7 дугаар сард Замын-Үүдэд гэртээ байхдаа 20.0 сая төгрөгийг нь бэлнээр авсан, 2015 оны 9 дүгээр сард 20.0 сая төгрөгийг байраа барьцаанд ээжээрээ хүргүүлж Улаанбаатар хотод өгсөнөөс хойш мөнгөө нэхсээр байгаад 2015 оны 10 сард нь Замын-Үүдэд очсон байхдаа 6.000.000 төгрөгийг бэлнээр авсан. Түүнээс хойш цувуулаад 10, 11 дүгээр сард нилээн хэдэн удаа цувуулж өгсөн. Би цаг хугацааг нь тодорхой өдрөөр нь хэлж чадахгүй байна.

Гаалийн 2 Улаан буюу 6, 7 дугаар байрны гадна, орой 3.000.000 төгрөг авч гарч ирээд 7.000.000 төгрөгийг нь буцааж аваад 2.300.000 төгрөгөөр 1 удаа бэлнээр авсан. 2.000.000 төгрөгөөр 2 удаа, дараа нь 700.000 төгрөг, 300.000 төгрөг, 500.000 төгрөгөөр 5 удаа бэлнээр, 1.000.000 төгрөгөөр 2 удаа авахдаа Замын-Үүд сумын ЗДТГ-ын эсрэг талын банктай байрны гадна, орой бэлнээр авсан. Ингэхээр нийтдээ 37.800.000 төгрөгийг нь цувуулаад авсан. Одоо 22.200.000 төгрөгийн үлдэгдэлтэй. Би энэ мөнгийг авсан талаараа ямар нэгэн баримт бичиг үйлдээгүй.

Түүнээс хойш үлдсэн мөнгийг Цэен эгч хэлэхдээ чиний гаалийн бүрдүүлэлт хийсэн машин саадгүй гарч л байгаа биз дээ, сүртэй юм гэж хэлээд өнөөдрийг хүртэл өгөөгүй. Миний гаалийн бүрдүүлэлт хийсэн машинууд саадгүй гарч байсан нь үнэн, гаалийн байцаагч нар бүгд л намайг Цэен эгчийн хуурай дүү гэдгийг хараад мэддэг болохоор миний машинуудыг 100 хувь буулгаж шалгаагүй.

Баттулга гэдэг хүнд 5.000.000 төгрөг өгөх хэрэгтэй байна гэсээр байгаад би Нарангэрэл рүү ярьсаар байгаад Оюунсүрэнгээс гаргуулсан. Цэен эгч хөөцөлдөж байна гээд тухайн үед Цэен эгч л надад Баттулгад 5.000.000 төгрөг өгөхгүй бол болохгүй, та нараас болж ийм байдалд орчихоод байхад олж өг гээд байсан юм.

Би Тулгаа гэдэг хүнийг нь хараагүй. Энэ мөнгийг хахуулийн мөнгө гэж ойлгоогүй байсан. Нэг хэсэг Баттулга гэдэг хүн нь утсаа авахгүй алга болчихоод Цэен эгч янз бүрийн утаснаас залгаад байсан. Миний утаснаас ч залгаж үзээд байсан. Гэтэл дараа нь 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Цэен эгчтэй намайг уулзаж байтал Баттулга утсаар Цэен эгч рүү яриад чи намайг юунд хутгачихваа, би Авлигатай Тэмцэх газарт хоригдсон, 5.000.000 төгрөгний талаар би мэдүүлгээ өгсөн гээд байсан.

Тэр үед нь Цэен эгч хоригдсон гэдэгт нь итгэхгүй, юу яриад байгаа юм, та надаас мөнгө авсан гэдгээ хэлчихсэн юм уу?, Замын-Үүдийн ямар ч хамаагүй хүний нэрээр мөнгө хийсэн байгаа шүү дээ, та гүрийгээрэй, би гүрийнэ ээ гэж хэлж байсан. Тэгээд Цэен эгч надад Баттулга бол сүлдэг /хор найруулдаг/ хүн гэсэн.

Дараа нь 2016 оны 3 дугаар сард Замын-Үүд рүү явах гэж байхдаа Цэен эгчтэй уулзахад “Баттулгатай уулзсан чинь АТГ-т очоод Энхтөр даргатай уулзах гэсэн чинь байцаагч миний утсыг шалгасан чинь мессеж байж байгаа юм чинь би хэлэхээс өөр арга байсангүй” гэж хэлсэн тухай ярьж байсан. Тэр үед нь Баттулга нь энэ асуудлыг зохицуулах гэж байхдаа хэрэглэх гэж байсан юм байна гэдгийг мэдсэн. Би дараа нь Нарангэрэлд ч нөгөө хүн нь баригдаад хоригдсон гэдгийг нь хэлсэн.

2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Гаалийн улсын ахлах байцаагч Б.Оюунчимэгтэй би өөрийн гар утаснаасаа Б.Оюунчимэг ахлахын 91073888 дугаарын утас руу залгаж 8437 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг гаалиар гарах болж байна уу гээд асуухад би мэдэж байгаа, Цэен над руу ярьсан, түр хүлээж бай, би өөр газар байна, удахгүй очоод зөвшөөрчихнө гэж хэлсэн.

Уугий буюу Лхагвадорж Б.Оюунчимэг нь ажлын өрөөндөө байхгүй 2 давхарт зөрчлийн өрөөнд согтууруулах ундаа хэрэглээд байгаа юм биш үү, би харсан гэж хэлсэн. Ажил тарах дөхөж байхад хяналтын байцаагч Д.Наранчимэг, гаалийн улсын ахлах байцаагч Б.Оюунчимэг нар аль машин нь билээ гээд асуугаад байсан.

Тийм учраас би мессеж бичиж 8437 УБС гэж машиныхаа дугаарыг хэлээд гаалиас зөвшөөрөл өгч машиныг гаргасан.

Намайг 461 дүгээр ангид цагдан хоригдож байхад өмгөөлөгч дуудаж байна гэхээр нь уулзахаар гарахад Цэен эгчтэй Б1-7 дугаар камерт хамт цагдан хоригдож байсан Энхжаргал гэх эмэгтэй уулзалтаар гарч ирээд “одоо чамтай 2 өмгөөлөгч уулзана, Мягмарцэрэн гэж өмгөөлөгч байгаа, би эхлээд уулзаадхья, чи энэ 2 өмгөөлөгчийг сонгоорой, Б.Цэен эгч чамд авч өгч байгаа шүү, өөрийнхөө өмгөөлөгчид ч энэ талаар хэлж юу ч ярьж болохгүй шүү, чиний авсан өмгөөлөгч бол гэрээ байгуулсан төдий явж байг, чамайг тэвчээртэй байгаарай гэж Цэен дамжуулсан“ гэж хэлсэн. Энхжаргал нь 2 жил хоригдож байна гэж байсан.

Намайг ингэж өмгөөлөгчтэй уулзахаар гарахдаа цамцнаас зуураад тэнэг минь чи ямар албан тушаалтан юм уу үхсэндээ айгаад байгаа юм, чамайг уйлж унжаад байхаар мөрдөн байцаагч нар чамаар тоглоод байгаа юм, энэ 2 өмгөөлөгчийг би өөрөө авч байгаарай гэж хэлээрэй гээд дарамтлаад, цамцнаас зуураад байхаар нь би зөрүүлж уурлаад та яагаад байгаа юм, та өөрөө хэн юм гэхэд би Жайнаагийн хамаатан юм байна, Цэен Жайнаа хоёрыг багаас нь мэднэ гэсэн.

Энхжаргал гэх эмэгтэй нь эхлээд намайг дуудсан 2 өмгөөлөгчтэй уулзсаны дараа би уулзахад арай настайвтар эрэгтэй нь өмгөөлөгч Мягмарцэрэн гэж өөрийгөө танилцуулж байсан. Хамт байсан эмэгтэй нь Сарангэрэл гэл үү, Сайнгэрэл гэл үү.

Мягмарцэрэн нь “байцаалт өгч хэрэггүй шүү, дуудвал бие өвдөөд байна гээд гарч ирэхгүй байгаарай, 2 сар тэвчиж бай” гэж хэлсэн.

Цэен эгч над руу хоригдож байгаа хэрнээ цэвэрлэгээ хийгээд явж байгаа хүмүүсээр 4 удаа захиа өгүүлсэн. Захианы утга нь “тэвчиж байгаарай” гэсэн байсан. Нэг удаа “чи өөрийгөө бодлоо, 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 1.500.000 төгрөгийг гуталны мөнгө гээд хэлчихэд яачихаад байгаа юм бэ, чи ямар албан хаагч юм уу” гэсэн утгатай байсан.

Ер нь бол Цэен шөнө оройгүй залгаад “энд байна, тэнд байна, мөнгө шилжүүл” гээд шахаад байдаг байсан. Тэр болгонд нь би шилжүүлдэг байсан. Миний гаалийн бүрдүүлэлт хийсэн ачааг Цэен хяналт шалгалтгүйгээр гаргаж байсан” гэсэн /5-р хх-ийн 94-97, 100-105, 107-110, 170-171, 177-179/ мэдүүлгүүдээр,

 

Л.Гэрэлт-Одын ХААН банкин дахь 5374327491 дугаарын дансны хуулга, шүүгдэгч Б.Цэенгийн ХААН банкин дахь 5081004946, 5081010961 дугаарын дансны хуулгууд, М.Эрхэсийн ХААН банкин дахь 5003811272 дугаарын дансны хуулга, тухайн дансны хуулганд үзлэг хийсэн тухай мөрдөн байцаагчийн тэмдэглэл /5-р хх-ийн 180-183, 184-221, 1-р хх-ийн 243-249, 3-р хх-ийн 22-23, 24-27/,

 

2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 8437 УБС, 4738 ХЭҮ дугаартай тээврийн хэрэгсэлүүдэд үзлэг хийсэн тухай мөрдөн байцаагчийн тэмдэглэл /2-р хх-ийн 15-23, 5-р хх-ийн 42-49, 5-р хх-ийн 50-52/,

 

8437 УБС, 4738 ХЭҮ машинуудын татварын зөрүүнд тавьсан Гааль, Татварын Ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалт Гаалийн улсын байцаагчийн 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 16/04, 16/05 дугаартай актууд /4-р хх-ийн 200-201, 202/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжээчийн 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 39 дугаартай “2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 03-2091008-i30043 дугаартай мэдүүлгээр 84-37 УБС дугаартай тээврийн хэрэгсэлээр ачигдсан 129.612.935,41 төгрөгийн үнийн дүн бүхий бараанд гаалийн таварт 6.480.647.25 төгрөг, НӨАТ-т 13.609.357,74 төгрөг, нийт 20.090.004,99 төгрөгийн татвар,

мөн 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 03-2091008-i30044 дугаартай мэдүүлгээр 47-38 ХЭҮ дугаартай тээврийн хэрэгсэлээр ачигдсан 52.845.545,12 төгрөгийн үнийн дүн бүхий бараанд гаалийн татварт 2.642.277,06 төгрөг, НӨАТ-т 5.548.782,44 төгрөг, нийт 8.191.059,50 төгрөгийн татварыг гаальд дутуу мэдүүлсэн байна.

К.Эрхэмбаатар нь 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Замын-Үүд боомтоор 47-38 ХЭҮ дугаартай ачааны машинд ачигдсан 66.197.921,19 төгрөгийн бараанд гаалийн болон НӨАТ-т 10.260.677,79 төгрөгийн татвар төлөх байснаас 2.069.618,29 төгрөгийн татварыг төлж, 8.191.059,50 төгрөгийн татварыг  гаалийн байгууллагад дутуу мэдүүлсэн байна.

Л.Гэрэлт-Од нь 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Замын-Үүд боомтоор 84-37 УБС улсын дугаартай ачааны машинд ачигдсан 146.194.845,02 төгрөгийн бараанд гаалийн болон НӨАТ-т 22.660.200,98 төгрөгийн татвар төлөх байснаас 2.507.195,99 төгрөгийн татварыг төлж, 20.090.004,99 төгрөгийн татварыг гаалийн байгууллагад дутуу мэдүүлсэн байна” гэсэн дүгнэлт /5-р хх-ийн 34-36/,

 

Л.Гэрэлт-Одын 91912127 дугаартай гар утасны bill-д үзлэг хийсэн тухай мөрдөн байцаагчийн тэмдэглэл, холболтын талаарх лавлагаа /4-р хх-ийн 239-252/,

Л.Гэрэлт-Одын 99110320, Б.Цэенгийн 99114636, 94989388, С.Оюунсүрэнгийн 99998791, 99118791, З.Анхцэцэгийн 96054036, Д.Наранчимэгийн 99123877 дугаарын гар утасны bill-д үзлэг хийсэн тухай мөрдөн байцаагчийн тэмдэглэл, холболтын талаарх лавлагаа /2-р хх-ийн 124-249, 4-р хх-ийн 13-15, 3-р хх-ийн 76-77, 78-84, 3-р хх-ийн 85-87, 88-92, 3-р хх-ийн 93-94, 95-98/

Л.Гэрэлт-Одын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 186-188/ болон бичгийн бусад баримтуудаар,

 

шүүгдэгч З.Баярсайн өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор “Хахууль өгөх” гэмт хэргийг үйлдсэн буюу Гааль, Татварын Ерөнхий газрын Замын-Үүд дэх Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын ГХБ-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын Гаалийн улсын ахлах байцаагч И.Наранцэцэг, Гааль, Татварын Ерөнхий газрын Замын-Үүд дэх Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын ГХБ-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын хэсэгт Гаалийн улсын ахлах байцаагч Б.Оюунчимэг нарт хахууль өгсөн болох нь мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн

гэрч Б.Тамирзоригийн “... 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр би компанийхаа нэр дээр олон нэр төрлийн бараа импортоор оруулж ирсэн. Гаалийн бүрдүүлэлтийг Баярсайнаар хийлгэж бэлнээр 5.000.000 төгрөг өгсөн. Гаалийн мэдүүлэгийг харахад манай захисан зарим бараанаас зөрүүтэй зарим барааг дутуу мэдүүлсэн байна. Гаалийн бүрдүүлэлт хэрхэн яаж хийсэн талаар мэдэхгүй. Гаалиас гараад ирсэн юм чинь гээд би бараагаа аваад явсан. Би гаалийн байцаагч нараас нэг ч хүн танихгүй” гэсэн /3-р хх-ийн 151-152/,

гэрч П.Сайнбилэгийн “... Баярсайн гэх залуу нь гааль хийдэг, гаальчин гэж нэрлэгддэг хүн юм билээ. Баримт харахаар 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр надаар шалгалт хийлгэхээр ирсэн боловч ажлын байр өөрчлөгдсөн тул Сайнбаяр байцаагч мөн сарын 22-ны өдөр шалгасан байна” гэсэн /1-р хх-ийн 224-225/,

гэрч Б.Өнөрбатын “... Эрээн хотод Монгол улс руу илгээх ачааг хүлээн авч ачааны машинд ачуулдаг Хөгжил гэж монгол нэртэй хүн байдаг. Хятад нэрийг нь бол мэдэхгүй. Хөгжил ачаагаа ачуулчихаад миний гар утас руу залгаад тийм улсын дугаартай, тийм ачааны машинд ачаа ачуулсан. Чи гаалийн татварыг нь төлөөд Монгол улсын хилээр оруулаадах гэж хэлдэг бөгөөд УАЗ-469 дугаартай автомашины жолоочоор ачааны тоо ширхэг бичсэн цаас, татварт төлөх мөнгийг ирүүлдэг. Машин Монгол улсын хилээр ороод ирэхээр нь би хүлээн авч гаалийн бүрдүүлэлт хийгээд Хөгжилийн мөнгөөр татвар төлөөд машиныг Монгол улсын хилээр оруулдаг. Машин ачаагаа Улаанбаатар хотод ирээд эздэд нь тараагаад өгсний дараа Хөгжил надад 1000-1500 юанийн цалин өгдөг. 2016 оны 3 дугаар сарын 20-ны орчим санагдаж байна, БНХАУ-аас Хөгжил утсаар яриад 98-02 УБИ улсын дугаартай автомашин явууллаа гэж хэлсэн. Надад 5.5 сая төгрөгийг хилээр орж ирж байсан, зүс үзээгүй, танихгүй залуугаар өгүүлсэн. Бичиг баримтыг нь аваад гаальд мэдүүлэх гэтэл 6 дугаар сард болох Азийн аваргад орох хүүхдийн бэлтгэл хийлгэх болоод зав гарахгүй болохоор нь 5.5 сая төгрөг, ачааны тоо ширхэг бичсэн цаасны хамт Баярсайнд өгсөн.

Баярсайн Гаалийн бүрдүүлэлт хийлгээд машиныг гаалийн хяналтын талбайгаас гаргана гэж хэлсэн. Хөгжил 20 орчим нэр төрлийн байгаа гэсэн бичиг ирүүлсэн байсан. Баярсайн чимээгүй болчихоор юу болов гэхэд 5.0 сая төгрөгийн татвар төлөөд хил, гаалийн хяналтын бүсээс гарсан чинь хотоос Гаалийн байцаагч нар ирээд дахин шалгаж байна гэж хэлсэн. Удаагүй 2.0 сая төгрөгийн бараа гаальд дутуу мэдүүлсэн байна гээд гаалийн болон бусад татварыг төлөх шаардлагатай талаар хэлсэн. Хөгжилд утсаар нь холбогдон хэлэхэд хилээр гарч байгаа эмэгтэйгээр 2.2 сая төгрөг надад явуулсан.

Би мөнгийг аваад Баярсайнд өгсөн. 2.1 сая төгрөг татварт төлөх, мөн торгуулах юм байна гэхээр нь 2.2 сая төгрөг өгсөн. Сая танай байгууллагын шалгалтаар барааны нэр төрөл дутуу мэдүүлсэн болох нь тогтоогдож мөн 900.000.000 төгрөг татварт нэмж төлөх болсон. Хөгжилд утсаар хэлэхэд 1.350.000 төгрөг надад хүнээр явуулсан. Гаалийн татварыг нь 937.385.0 төгрөг нэмж төлсөн. Барааны нэр төрөл 63 юм байна лээ. Өнөөдрийн байдлаар бүх татвараа төлсөн.

З.Баярсайн ах бол хил дээр гаалийн бүрдүүлэлт хийдэг ах байдаг. Баярсайн ах намайг тэмцээн уралдаанд гадаад улс руу явахаар сайн яваад, амжилт гаргаад ирээрэй гээд 100.0 төгрөг 200.0 мянган төгрөг өгдөг хүн. Өш хонзон өгдөг авлага байхгүй.

Би З.Баярсайн ахыг асуухаар өмнөх долоо хоногт гэрээр нь очсон. Цацаа эгч Баярсайн ахын өмгөөлөгчтэй утсаар яриад дуусч байна гээд гэртээ байсан. Цацаа эгчээс өмгөөлөгчийнх нь утасны дугаарыг нь аваад Баярсайн ахын биеийн байдлыг асуухаар залгасан. Тэгэхэд Баярсайн ахын өмгөөлөгч гэх эмэгтэй утсаа авсан ба өнөөдөр мэдүүлгээ өгсөн, Бурмаа, Өлзийбаяр хоёроос айгаад байна. Танай ачаатай адил ачаа гэж хэлээд надаар мэдүүлүүлсэн.

103 буюу И.Наранцэцэг илтэд гар хараад байхаар нь Өнөрөөгөөс гар хараад байна мөнгийг нь өгчих үү гэж зөвшөөрөл аваад Наранцэцэгт өгсөн. 200.0 мянган төгрөг зуучилсан талаараа мэдүүлсэн гэж хэлсэн. Яагаад ийм мэдүүлэг өгч байгааг нь ойлгохгүй байна. Баярсайн ахад би Бурмаа, Өлзийбаяр хоёроос айж байна гэж хэлээгүй.  2016 оны 6 дугаар сард Энэтхэг улсад Ази тивийн аварга, АНУ-д Дэлхийн аваргын тэмцээн болох бөгөөд 2 тамирчин бэлдэж байсан, бэлтгэлийн үе. Бэлтгэлтэй байсан болоод Баярсайн ахад БНХАУ-ын иргэн Хөгжилөөс ирүүлсэн ачаа, татварын мөнгө, барааны нэршлийг өгөөд явсан.

Баярсайн ах өөрөө гаальд барааг бие даан мэдүүлж өөрөө хээл хахууль өгөх шийдвэрээ гаргасан байх. Надад хээл хахууль өгөх гэж байгаа, өгсөн гэж хэлээгүй. Дахин шалгалт хийгээд бараа зөрлөө, татварт мөнгө нэмж төлөх боллоо гэхээр нь Хөгжилтэй ярьж татварт төлөх мөнгийг авчруулсан. Харин Бурмаа, Өлзийбаяр хоёр хүний ачааг дутуу мэдүүлэх гээд бүрдүүлэлт хийж байх шиг байна. Энэ хоёр хүний ачааг анхаарай гэж гаальд хэлнээ гэж ярьж байсан. Нараа гэж 103 хэлсэн. Өлзийбаяр, Бурмаа хоёр намайг матах асуудал байгаагүй” гэсэн /4-р хх-ийн 93-95, 96-97/,

яллагдагч З.Баярсайны “... тиймээ, нэг машинд 200.000 төгрөг өгье гэхэд үгүй гэсэн. Тэгээд нэг машин гаалийн талбайгаас гаргах зөвшөөрөл авахын тулд 500.000 төгрөг өгөхөөр болсон. Хээл хахуулийн хэмжээг машины хажууд гаалийн талбай дээр ярьсан. 9802 УБИ, 4129 ДГО гэсэн 2 машины гаалийн мэдүүлгийг зөвшөөрүүлэх, гаалийн хяналтын талбайгаас гаргуулахын тулд нийт 1.000.000 төгрөг И.Наранцэцэгт өгсөн. Өглөө нь 500.000 төгрөг, орой нь 500.000 төгрөг өгсөн. Би анх нэг машинд нь 200.000 өгье гэж гуйж байсан. Тэр үнийн дүнгээрээ мэдүүлсэн юм.

2.000.000 төгрөг бол өгөөгүй. 500.000 төгрөг л өгч байгаа явц бичлэг дээр бичигдсэн байна. Яагаад 2.000.000 гэж хэлсэн юм болоо. Өөрөө ч гайхаж байна” гэсэн /3-р хх-ийн 231-233/ мэдүүлгүүдээр,

 

З.Баярсайны гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх-ийн 203-205/, З.Баярсайны дансны хуулга /1-р хх-ийн 53-60/

 

98-02 ДГО автомашины Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /1-р хх-ийн 68-71, 128-145/,

 

41-29 ДГО автомашины Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /1-р хх-ийн 211-212/,

 

41-29 ДГО дугаартай, З.Баярсайны мэдүүлсэн автомашины барааг шалгаж дутуу төлсөн татварыг нөхөн төлүүлсэн тухай баримтууд /1-р хх-ийн 164-165/ болон бичгийн бусад баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхээс шүүгдэгч Л.Гэрэлт-Од, З.Баярсайн нарт ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзаад ялыг ялгамжтай оногдуулав.

 

Шүүгдэгч Л.Гэрэлт-Од, З.Баярсайн нар бусдад төлөх төлбөргүй, тэдгээрт холбогдох энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болно.

 

Харин тэдгээрийн хорих ял эдлэх дэглэмийг өөрчлөх нөхцөл байдал үгүй тул нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Л.Гэрэлт-Одын цагдан хоригдсон 97 хоногийг, З.Баярсайны цагдан хоригдсон 149 хоногийг тэдгээрийн хорих ял эдэлсэнд хугацаанд оруулан тооцлоо.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Прокурорын газраас Л.Гэрэлт-Од, З.Баярсайн нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

 

2. Л.Гэрэлт-Од, З.Баярсайн нарыг хахууль өгөх гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

3. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Гэрэлт-Одыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 3 /гурав/ жил хорих ялаар,

 

З.Баярсайныг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 2 /хоёр/ жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Гэрэлт-Од, З.Баярсайн нарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Гэрэлт-Одын цагдан хоригдсон 97 /ерэн долоо/ хоногийг, З.Баярсайны цагдан хоригдсон 149 /нэг зуун дөчин ес/ хоногийг тэдгээрийн эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Л.Гэрэлт-Од, З.Баярсайн нар бусдад төлөх төлбөргүй, тэдгээрт холбогдох энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Л.Гэрэлт-Од, З.Баярсайн нарыг “цагдан хорьсон”-г хэвээр байлгасугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ,

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             О.ЖАНЧИВНЯМБУУ

 

                        ШҮҮГЧ                                             Ц.ДАЙРИЙЖАВ

                                                                                                    

                                    ШҮҮГЧ                                              Ц.МӨНХ-ЭРДЭНЭ