Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2017/ШЦТ/254

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,

Улсын яллагч Л.Отгончимэг,

Шүүгдэгч О нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  О холбогдох эрүүгийн 1738002070053 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч О нь 2017 оны 08 дугаар сарын 22-ны шөнө Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны төвд байрлах Далайн түрлэг жуулчны баазын орчимд Д зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Онь 2017 оны 08 дугаар сарын 22-ны шөнө Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны төвд байрлах Далайн түрлэг жуулчны баазын орчимд Д зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч О мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Даваадорж өөрийгөө торх зөөдөг гэж ярихаар нь би тусгай хамгаалалттай газраас мод зөөдөг том гарууд юм бишүү гэснээс бид хоёр маргалдаж зодолдсон...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна..." гэх мэдүүлэг,

Хохирогч Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...О амралтын гадаа очиход О намайг буугаад ир гэж буулгаснаа нүүрлүү гараараа нилээн хэдэн удаа цохиод хөлрүү өшиглөөд байсан. Тэгснээ намайг босгож ирээд хавсарч унагаасан. Тэгж байхад миний хөл эвгүй болсон. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 10-15 дугаар хуудас/,

Гэрч Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...О амралтруу явахаар болоод О машинд Дхамт суугаад түрүүлээд явсан араас нь Б бид хоёрыг очиход амралтынхаа наана зам дээр зогсож байсан. Тэр үед Д хөл гишгэж болохоо байчлаа, энэ нэг балаа юм чинь цохьчихлоо гэж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 17-18 дугаар хуудас/,

Гэрч Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Д гэх залуу О хамт амралт руу нь явсан юм билээ. Араас нь Б гуай бид хоёр очиход амралтын урд зам дээр машинаасаа буучихсан зогсож байсан. Д хөл нь доголчихсон ирээд Отгонбаатарыг хөл эвгүй болгочихлоо гэж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 19-21 дүгээр хуудас/,

Гэрч Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...О миний нөхрийн дүү байгаа юм. О дүүгээ нэг асуудалд холбогдож шалгагдаж байгаа талаар сонссон. Гэхдээ надад ямар асуудалд холбогдсон талаараа сайн хэлээгүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 23-24 дүгээр хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны эмч, шинжээч Р.Ням-Осорын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 548 дугаартай дүгнэлтэд:

1. Д биед гэмтэл тогтоогдлоо.

2. Д биед баруун шилбэ ясны далд хугарал, зүүн хацрын салстад шарх, баруун шагайн үенд цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун доод зовхи, гуянд цус хуралт бүхий гэмтэл учирсан байна.

3. Тухайн үүссэн гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна.

4. Хатуу мохоо зүйлийн зүйлчлэлээр үүсгэгдэнэ.

5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

6. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 28 дугаар хуудас/,

Хохирогч Д нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /ХХ-ийн 51 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Эрүүгийн 1738002070053 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч О нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 46 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч О нь 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байх тул түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хохирогч Днь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн 1738002070053 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч  О хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч  О нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн 1738002070053 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР