Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2021/ДШМ/944

 

   2021              11              4                                         2021/ДШМ/944                               

 

 

     Х.Гад холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Сүхчулуун,

шүүгдэгч Х.Га, түүний өмгөөлөгч Б.Отгонтөгс, Ш.Уранчимэг,

хохирогч Д.Э,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 2021/ШЦТ/539 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Га, түүний өмгөөлөгч Ш.Уранчимэг, Б.Отгонтөгс нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Х.Гад холбогдох эрүүгийн 2109000000056 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         

         

 

          Шүүгдэгч Х.Га нь 2019 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр “Номин рейлтор” ХХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, 9 давхар орон сууцны 17 тоотод “хажуу өрөө түрээслүүлнэ” гэж иргэн Т.Тийг хуурч, зохиомол байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өөрийнхөө эзэмшлийн байр гэж итгүүлэн 240,000 төгрөгийн хохирол учруулсан,

          2019 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр “Номин рейлтор” ХХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, 9 давхар орон сууцны 17 тоотод байрлах байрыг өөрийн байр гэж хэлж Б.Нд түрээслүүлэхээр тохиролцож, бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 150,000 төгрөгийг залилан мэхэлж авсан, энэ гэмт хэргийн улмаас бусдад 390,000 төгрөгийн хохирол учруулсан,

          2020 оны 12 дугаар сарын 31-ний шөнө 02 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 33 дугаар байрны 1 дүгээр орц зоорины давхарт байрлах хохирогч Д.Эын дарханы газарт нэвтэрч мөнгөн дотортой 300 мл багтаамжтай 101 ширхэг аяга, мөнгөний бэлдэц, чулуу, хөөрөгний толгой зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 17,410,406 төгрөгийн хохирол учруулсан,

          2020 оны 12 дугаар сарын 8-наас 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрүүдийн хооронд Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 9-1а тоотод Д.Эын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хариуцан ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу зарж борлуулан бусдад 18,991,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

             Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Х.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалт, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Тайж овгийн Хишигсүрэнгийн Гыг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг агуулахад нэвтрэн орж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг авч завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 6 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 1 жилийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Гын энэ хэрэгт цагдан хоригдсон 216 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Гаас нийт 25,896,706 төгрөг гаргуулж хохирогч Д.Эод 17,156,706 төгрөг, хохирогч Т.Тт 240,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ө.Бэлгүтэйд 4,950,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Т.Золжаргалд 3,400,000 төгрөгийг тус тус олгож, иргэний нэхэмжлэгч Т.Золжаргалаас 2,900,000 төгрөгийн үнэлгээ бүхий 20 тн-ын контейнерыг гаргуулж хохирогч Д.Эод олгохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Х.Га давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... миний бие Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагч н.Эрдэнэхүүд дарханы газраас 28 ширхэг аяга авсан гэж мэдүүлсэн байхад 101 ширхэг аяга алга болсон гэж зөвхөн хохирогчийн мэдүүлгийг үндэслэж хохирлын хэмжээг буруу тогтоон мөрдөн шалгах ажиллагааг дутуу явуулсан ноцтой зөрчил гаргасан юм. Мөн Д.Эоос авсан 20 тн контейнерыг миний бие Анар гэх хүнд 2,700,000 төгрөгөөр зарсан байтал Т.Золжаргал гэх хүн 3,400,000 төгрөгийг нэхэмжилсэн. Миний бие Т.Золжаргал гэх хүнийг танихгүй уулзаж байгаагүй юм. Гэтэл А.Анар гэх хүн энэ дундаас ашиг олж 700,000 төгрөгийг авсан. Миний нийт хохирол А.Анар гэх хүний авсан 700,000 төгрөгийг хохиролд оруулж тооцсон нь үндэслэлгүй байна. Иймд хэргийг мөрдөн байцаалтанд буцааж, дахин шалгуулж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Уранчимэг, Б.Отгонтөгс нар давж заалдах гомдолдоо: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэж заасныг тус тус зөрчсөн байна. Үүнд:

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солихоор зохицуулсан бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино”, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж заасан ба дээрх зохицуулалтуудыг харгалзан үзэлгүйгээр ял оногдуулсан гомдолтой байна. Шүүгдэгч Х.Га нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлж байсан, хувийн байдлын тухайд урьд өмнө нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон ба хохирогч Д.Эод 20 тн-ын контейнерыг буцаан өгсөн, хохирлын 13,459,700 төгрөг нь төлөгдсөн ба бусад хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг анхан шатны шүүх үл харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “... анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “хохирогчид ... учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн”, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх;” гэж заасныг баримтлан ялыг хөнгөрүүлэх нь хууль ёсны үндэслэлтэй, Өршөөл үзүүлэх тухай 7 дугаар зүйлийн 7.1, 7.2-т тус тус зааснаар шүүгдэгчид оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих боломжийг үл харгалзан ял оногдуулсан тул дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлэх боломжтой байна.

Хохирлын тухайд: Анхан шатны шүүх хохирлыг тооцоог зөрүүтэй гаргасан. Иргэний нэхэмжлэгч Т.Золжаргалд 3,400,000 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь, Х.Га нь 20 тн-ын контейнерыг анх А.Анарт 2,700,000 төгрөгөөр зарсан байдаг. Х.Га нь Т.Золжаргалыг огт танихгүй юм. Иймээс хохирлыг буруу тооцоолж, үндэслэлгүй гаргасан тул хохирлыг зөвтгөн тооцоолох шаардлагатай байна.

Иймд шүүгдэгч Х.Гын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, 216 хоног цагдан хоригдсон, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг хэрэглэж, оногдуулсан ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт тус тус заасныг харгалзан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Отгонтөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэж заасныг тус тус зөрчсөн. Шүүгдэгч Х.Га нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлж байсан, төлөхөө илэрхийлсэн. Гэтэл анхан шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солихоор зохицуулсан бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино”, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж заасан ба дээрх зохицуулалтуудыг харгалзан үзэлгүйгээр ял оногдуулсан гомдолтой байна. Шүүгдэгч нь Н, Т нарын хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Хохирогч Д.Эод 20 тн-ын контейнерыг буцаан өгсөн, мөн 3.920.000 төгрөгийг төлсөн. Хохирлыг тооцоог зөвтгөсөн өөрчлөлт оруулж өгнө үү. Анхан шатны шүүхээс 25.896.706 төгрөгийг хохиролтой гэж гарсан. Үүнээс хохирогч Д.Эод 17.156.000 төгрөгийг төлөх ёстой гэж дүгнэсэн. Хохирлын тооцоонд 101 ширхэг болон 28 ширхэг аяганы зөрүү гараад байгаа. Х.Га нь жижиг цүнхэнд 28 аяга авч явсан гэж мэдүүлдэг. 15.366.300 төгрөгийн эд зүйлийг хүлээлгэн өгсөн. Хохирогч Д.Эод 2.630.000 төгрөгийг эд зүйлээс төлөх төлбөр, 28 ширхэг аяга, нийт 7.110.000 төгрөгийн хохирол төлөхөөр байгаа. Гэм буруугийн талаар маргахгүй байгаа. Хохирлыг зөвтгөн тооцож өгнө үү. Анар гэх хүнд контейнерыг 2.700.000 төгрөгөөр зарсан байхад иргэний нэхэмжлэгч Золжаргалыг тогтоосон. Анар болон Билгүтэй нарын хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа. Шүүгдэгчийн хохирол төлсөн байдал, мөн зөвтгөөд гарсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн байгааг харгалзан үзээд Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэн шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Уранчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Гэм буруугийн талаар маргадаггүй. Хохирлын тооцоог зөвтгөж өгнө үү гэсэн хүсэлтэй байна.” гэв.

 

Хохирогч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгчийн эхнэртэй хамт аягыг тоолоод тавьсан. Хүн олохооргүй газар байсан. Эхнэр нь зааж өгөөд Х.Га очиж хулгай хийсэн. Х.Гаас илүү мөнгө авах хүсэл байхгүй, эгч нь надтай яриад 3.000.000 төгрөг өгсөн. Хохирлоо бүрэн барагдуулах хүсэлтэй байна.” гэв.

 

Прокурор М.Сүхчулуун шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 30 дугаар прокурорын тогтоолоор мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэсэн нь манай байгууллагын тогтоолын бүртгэл дээр байгаа. Уг тогтоолоор 211000000000004 дугаартай хэргийг, Х.Гад холбогдох 2109000000046 дугаартай хэрэгт нэгтгэсэн тогтоол эх хувиараа манай байгууллага дээр байгаа. Хэргийг нэгтгэх шийдвэр гарсан, хэрэгт хавсаргаагүй байгаа нь техникийн шинжтэй алдаа гарсан. Дархан-Уул аймгаас шилжүүлсэн 2 үйлдэл дээр нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаад, нэг үйлдэл дээр нь яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулж мэдүүлэг авсан, нөгөө үйлдэл дээр нь мэдүүлэг аваагүй талаар хэлэх тайлбар байхгүй. Тухай бүр нь яллагдагчаас мэдүүлэг авч байсан. ... Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн учруулсан хохирол, гэм буруугийн хэмжээнд тохирсон ял шийтгэл оногдуулсан. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Шүүгдэгч Х.Гад холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорын хяналтыг хуульд заасны дагуу хэрэгжүүлээгүй, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэснээс шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг өөрчлөх, нэмэлт оруулах бол яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж, яллагдагчаар татах тогтоолд оруулсан өөрчлөлтийг яллагдагчид танилцуулахыг мөрдөгчид даалгана” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчилсөн бол яллагдагчаас дахин мэдүүлэг авна” гэж тус тус заажээ.

 

Яллагдагчаар татах тогтоолд хэргийн зүйлчлэлийг хүндрүүлсэн нэмэлт, өөрчлөлт оруулсан бол энэ тухай танилцуулж, дахин мэдүүлэг авахаар зохицуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийн баталгаа болно.

 

Аливаа хүний эрхийг дээдэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, зорилтод нийцэх юм.

 

             Хэргээс үзэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад прокуророос 2021 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 216 дугаартай тогтоолоор Х.Гыг яллагдагчаар татсан тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хохирлын хэмжээнд өөрчлөлт оруулсан байна. Гэтэл нэмэлт, өөрчлөлт оруулсан тогтоолыг Х.Гад танилцуулаагүй, түүнээс тайлбар, мэдүүлэг авалгүй яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх тул оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзнэ. Түүнчлэн, 2019 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр “Номин рейлтор” ХХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, 9 давхар орон сууцны 17 тоотод “хажуу өрөө түрээслүүлнэ” гэж иргэн Т.Тийг хуурч, зохиомол байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өөрийнхөө эзэмшлийн байр гэж итгүүлэн 240,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 1918006290047 дугаартай прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байх боловч яллагдагчид уг тогтоолыг мөн танилцуулаагүй, түүнээс энэ хэрэгт холбогдуулан тайлбар, мэдүүлэг аваагүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж заажээ.

 

Шүүгдэгч Х.Гын 2020 оны 12 дугаар сарын 8-наас 22-ны өдрүүдийн хооронд Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 9-1а тоотод Д.Эын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хариуцан ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу зарж борлуулан бусдад 18,991,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд прокуророос 2021 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр 2110000000004 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байх бөгөөд уг хэргийг нэгтгэсэн тогтоол хэрэгт авагдаагүй байна.

 

Иймд прокурорын хяналтын шатанд гаргасан дээрх ноцтой зөрчлийг арилгуулах, энэ төрлийн зөрчил дахин гаргахаас урьдчилсан сэргийлэх зорилгоор шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Х.Гад холбогдох хэргийг прокурорт буцааж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

 

Хэргийг прокурорт буцаасантай холбогдуулан шүүгдэгч Х.Га болон түүний өмгөөлөгч Б.Отгонтөгс, Ш.Уранчимэг нарын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 2021/ШЦТ/539 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Х.Гад холбогдох 2109000000056 дугаартай эрүүгийн хэргийг тус шүүхээр дамжуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцаасугай.

 

2. Хэргийг прокурорт очтол Х.Гад урьд авсан цагдах хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ