Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 1472

 

 

МАГАДЛАЛ

 

2019.08.05                                                Дугаар 1472                                     Улаанбаатар хот

 

 

 

С.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2019/01722 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч С.Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ДДЦС ТӨХК-д холбогдох,

Сахилгын шийтгэл буруу ногдуулсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, дэвтэрт баталгаажилт хийлгэх тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: С.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч: Ж.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ДЦС-4 ТӨХК-д 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр түлш дамжуулах цехийн тохижилт, гоо зүй хариуцсан мастерын ажилд томилогдсон, би цехийн орчинд эмх цэгц, ариун цэвэр, ажилчдын техник ажиллагааны дүрэм хэрхэн хэрэгжиж байгааг шалгах үүрэгтэй бөгөөд шалгаж явах үед ажилчид зөрчил гаргадаг, нэг зөрчил гаргахад нь удирдлагад хэлээд цалинг нь хасуулаад байдаггүй, өөрсдөө ч битгий хэлээч гэж гуйдаг, тэгээд мөнгө авсан, энэ үнэн, мөнгөө ажилдаа зарцуулсан, буруу зүйл хийснээ цехийн ажилчдын өмнө хүлээсэн, түүнээс биш би ажилчдаа дарамталж байгаагүй, надад өөрийн хүсэлтээр гэж хүсэлт бичихгүй бол тушаал дээр янз бүрийн юм биччихнэ гэж хэлсэн, намайг 3 дугаар сарын 27-ны өдөр ажлаас чөлөөлсөн, тушаалд айлган дарамталж, сүрдүүлж гэж бичсэн байна, намайг ёс зүйн зөвлөлийн хуралд оруулаагүй, ийм шийдвэр гаргасанд гомдолтой байна, би бусдыг дарамтлаагүй, ажилдаа эргүүлж тогтоолгоно, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, дэвтэрт бичилт хийлгэх хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: С.Б нь түлш дамжуулах цехэд мастераар ажиллаж байхдаа ажилчдын зөрчил гаргасан үйлдлийг хараад мөнгө нэхээд авсан байгаа, өөрөө хүлээн зөвшөөрч байна, 6 хүнээс мөнгө авсан гэх боловч 10 гаруй хүн байгаа, мастерийн ажлаа ашиглаж хүчирхийлэл үйлдсэн, хөдөлмөрийн дотоод журмын 7.6.г-д заасан байгаа, мастер биш байсан бол айлгаж мөнгө авч чадахгүй, будаг авах мөнгө байхгүй бол будахгүй л байна биз, тэглээ гээд сахилгын арга хэмжээ авахгүй, хөдөлмөрийн дотоод журмын 7.6.г, 7.6.ё-д зааснаар ажлаас халах тушаал гаргасан.Дотоод журамд заасан бол зөрчил, дотоод журамд заагаагүй бол зөрчил гэж үзэхгүй, энэ бол сахилгын зөрчил, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн дотоод журмыг давтан зөрчсөн гэдэг нь гэрчүүдийн тайлбараар нотлогдоно, ёс зүйн зөвлөлийн хуралд заавал оролцуулах шаардлагагүй, түлш дамжуулах цехийн хурлын тэмдэглэл байгаа, давтан зөрчил нь давтан шийтгэл шаардахгүй, тус тусдаа тогтоогдсон байхыг шаардана, гэрчүүд 1, 2, 3 сард мөнгө өгсөн гэж мэдүүлсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт зааснаар С.Б-г ДДЦС ТӨХК-ийн түлш дамжуулах цехийн тохижилт, гоо зүйн мастерын ажилд нь эргүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар ДДЦС  ТӨХК-иас 5 754 888 төгрөгийг гаргуулан С.Б-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар С.Б нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих байгууллагад шилжүүлж, дэвтэрт бичилт хийхийг ДДЦС ТӨХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар С.Б улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, ДДЦС ТӨХК-иас 107 028 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолд: С.Б сахилгын зөрчил гаргасан С.Б , Л.Э , Б.Ч , О.Ч нарын талаар удирдлагад мэдэгдэх үүрэгтэй боловч уг үүргээ биелүүлээгүй, будаг, мөнгө өгөхгүй бол удирдлагуудад мэдэгдэнэ гэж зөрчил гаргасан ажилтнуудыг дарамтлан удаа дараа будаг, бэлэн мөнгө нэхэж авсан зөрчил гаргасан. С.Б оос 2019-01-16-нд 50 000 төгрөг, Л.Э ээс 100 000 төгрөг, О.Ч-аас 50 000 төгрөг, Б.Ч аас 2018 оны 11 дүгээр сард 20 000 төгрөг, 2019 оны 2 дугаар сард 40 000 төгрөг, нийт 260 000 төгрөг өөртөө авснаа С.Б ажлаасаа халагдахаасаа өмнө болон шүүх хуралдаан дээр өөрөө хүлээн зөвшөөрсөн. Хариуцагч нь нэхэмжлэгчийг дээрх зөрчлийг удаа дараа гаргаж, олон ажилтнаас мөнгө, эд зүйл авсан үндэслэлээр халж, ажлаас халсан тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасныг үндэслэл болгосон ба шүүх хуралдаанд ажлаас халсан хууль зүйн үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4 хоёулаа хамаарч байгаа талаар тайлбарласан. С.Б гаргасан зөрчлүүдийг зөвхөн гэрчийн мэдүүлгээр нотолсон мэтээр буруу дүгнэж, гаргасан зөрчлийг нотлохоор Түлш дамжуулах цехийн Инженер, техникийн ажилтнууд /ИТА/-ын 2019 оны 03 дугаар сарын   18-ны өдрийн хурлын тэмдэглэл, ёс зүйн зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн хурлын тэмдэглэл, Түлш дамжуулах цехийн Тохижилт, гоо зүй хариуцсан мастерын ажлын байрны тодорхойлолт, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, ДЦС-4 ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдын ёс зүйн дүрэм зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Мөн С.Б хөдөлмөрийн гэрээний “Ажилтны эрх, үүрэг” хэсгийн 5.6-д "бусдын дутагдал, зөрчлийг илрүүлэн ажил олгогчид цаг алдалгүй мэдэгдэх үүрэг хүлээнэ", "ДЦС-4 ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдын ёс зүйн дүрэм"-ийн "Ёс зүйн хэм хэмжээ" хэсгийн 3.1.12-д "Албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, бусдыг дарамтлах, эрхшээлдээ байлгах, албан тушаалын хүчирхийлэл үзүүлэхийг хориглоно", 3.1.21-д "Ажилтнууд нь албан үүргээ гүйцэтгэхдээ бусдаас шан харамж авах, хувьдаа ашиг олох зорилгоор албан тушаалын нэр хүндийг ашиглахгүй байх" гэж тус тус заасныг зөрчсөн. С.Б будаг, мөнгө нэхэж авсан үйлдлээ, өөрийнхөө 300 000 төгрөгөөр байгууллагын хэрэгцээнд будаг авсан тул тэр мөнгөө буцааж олж авах зорилготой байсан гэж тайлбарлан шүүх хуралдаан дээр 2018 оны 9 дүгээр сард авсан гэх хэдэн будагны фото зураг өгсөн. Хэрэв байгууллагын хэрэгцээнд будаг шаардлагатай байгаа бол С.Б өөрийн ажлын байрны тодорхойлолтын 9.1.2-т зааснаар эхлээд шаардлагатай байгаа будгийн тооцоог гаргаж, төлөвлөгөөнд оруулан, санхүүгийн албанаас будаг авч өгөхийг шаардах ёстой байсан. Мөн анхан шатны шүүх шийдвэртээ ажил олгогчийн баталсан хөдөлмөрийн дотоод журмыг нотлох баримтаар үнэлсэн байж, мөн ажил олгогчийн баталж, нотариатчаар хуулбарын үнэн зөвийг гэрчлүүлсэн "ДЦС-4 ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдын ёс зүйн дүрэм"-ийг хүчин төгөлдөр эсэх нь тодорхой бус байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч ДДЦС ТӨХК-д холбогдуулан сахилгын шийтгэл буруу ногдуулсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, дэвтэрт баталгаажилт хийлгэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч С.Б-г хариуцагч байгууллагын захирлын 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/87 тоот тушаалаар “...Ёс зүйн зөвлөлийн дүгнэлт, Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, 131.1, 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 7.6.г, 7.6.ё, Ёс зүйн журмын 3.1.7, 3.1.12, 3.1.21 дэх заалтыг тус тус үндэслэн ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Дээрх тушаалд нэхэмжлэгчийг ажлаас халах болсон үндэслэлийг “...ажлын байрны хүчирхийлэл үзүүлж ажилчдыг дарамтлан мөнгө авсан хууль бус ажиллагаа илэрч тогтоогдсон...” гэжээ.

Нэхэмжлэгч нь 2018 оны 08 дугаар сараас 2019 оны 3 дугаар сар хүртэл хугацаанд нэр бүхий 6 хүнээс нийт 250 000-260 000 төгрөг авсан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.

Нэхэмжлэгч нь бусдаас мөнгө авсан үйлдлээ “..зөрчил гаргасан хүнийг хариуцсан мастерт нь хэлчихээр үр дүнгийн шагналыг хасдаг, шагналт цалингаа алдахгүй тулд зөрчил гаргасан хүмүүс өөрсдөө мөнгө өгсөн гэж тайлбарласан ба мөнгийг байгууллагын тохижилтод зарцуулсан гэсэн нь нотлох баримтгүйгээс гадна нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод зааснаар тэрээр тохижилтод шаардагдах зардлын тооцоог гарган танилцуулах үүрэгтэй байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэж үзнэ. Учир нь талуудын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 6.11, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 7.6.г, 7.6.ё заалт, ажилтан, албан хаагчдын ёс зүйн дүрмийн 3.1.7, 3.1.12, 3.1.21 дэх заалтуудыг нэхэмжлэгч зөрчсөнөө өөрөө хүлээн зөвшөөрснөөс гадна хэргийн баримтаар энэ байдал тогтоогдсон байна.

Түүнчлэн шүүх ажилтан, албан хаагчдын ёс зүйн дүрэм хүчин төгөлдөр эсэх нь тодорхойгүй гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй, тухайн дүрэм хүчинтэй эсэхэд талууд маргаагүй болно.

Нэхэмжлэгч С.Б-гийн гаргасан зөрчлийг хариуцагч байгууллагын ёс зүйн зөвлөлийн хурлаар 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хэлэлцсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан хугацааг зөрчөөгүй байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2019/01722 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч ДДЦС ТӨХК-д холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, дэвтэрт баталгаажилт хийлгэх тухай С.Б-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 107 028 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ИЧИНХОРЛОО

 

             ШҮҮГЧИД                                   Г.ДАВААДОРЖ

 

                                                                   М.НАРАНЦЭЦЭГ