Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 1262

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Оын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/01148 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Оын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Л.Год холбогдох,

Гэм хорын хохиролд 74 353 550 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы  илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгч Д.О найз Л.Г, Н.Жавзанпагма, Н.Энхнаран нарын хамт Улаанбаатар хотоос Д.Оын эзэмшлийн 35-36 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Сэлэнгэ аймгийн нутагт байдаг ээж модонд мөргөхөөр явсан. Зорчигчид замд машинаа ээлжилж барьсан. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт Л.Г тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа гүйцэж түрүүлэх хөдөлгөөн хийхдээ эсрэг урсгалын машин мөргөхөөс сэргийлж замын хажуу руу машин онхолдуулж зам тээврийн осол гарсан. Л.Год холбогдох эрүүгийн хэргийг Сэлэнгэ аймгийн хууль хяналтын байгууллагууд шалгаж, шийдвэрлэсэн бөгөөд уг хэрэгт Д.О иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар тогтоогдсон. 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сум дундын шүүхийн 100 дугаартай тогтоол, Давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн тогтоол зэрэг шийдвэрүүд хавтаст хэрэгт авагдсан. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт Л.Гыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт зөрчсөн учраас Л.Год ял шийтгэл оногдуулсан. Анхан болон давж заалдах шатны шүүх Л.Гоос хохирогчид учирсан 148 707 100 төгрөгийг гаргуулахаар шийдсэн. Улсын дээд шүүх хохирогчид учирсан хохирол төлбөрийг яллагдагч, тээврийн хэрэгслийн эзэмшигч нараас тэнцүү хэмжээгээр гаргах нь зүйтэй гэж үзээд Д.Оаас 74 353 550 төгрөг гаргахаар шийдсэн. Улсын дээд шүүхийн тогтоол гарсны дараа даргалагч тээврийн хэрэгсэл Д.Оын өмчлөлийнх учраас хохирогчид учирсан төлбөрийг тэнцүү хэмжээгээр гаргахаар шийдсэн. Д.О уг хохирлыг иргэний журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй гэдгийг тайлбарласан. Д.О шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн журмаар төлбөр төлж байгаа. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар 3 шатны шүүх Л.Гыг зам хөдөлгөөний дүрэм болон түүнтэй нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас бусдын биед хүнд гэмтэл учруулж, зам тээврийн осол гарсан болохыг тогтоож, шийтгэсэн. Иймд Д.О гэм буруутай этгээд Л.Гоос 74 353 550 төгрөгийн төлбөр нэхэмжилж шүүхэд хандсан. Шударга ёсны зарчим байх ёстой. Д.О автомашин, мөнгөн төлбөрийн хохирол төлөхөөр давхар хохирч байна. Д.О 1986 онд төрсөн, сургуулиа төгсөж хөдөлмөрлөж байгаа залуу хүн. Л.Гын гэм буруу 3 шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул гэм буруутай этгээдээс 74 353 550 төгрөгийг гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 35-36 УНУ улсын дугаартай Тоёота Приус маркийн Д.Оын эзэмшлийн автомашиныг жолоодон Сэлэнгэ аймаг руу явж байгаад зам тээврийн осол гаргаснаа би хүлээн зөвшөөрдөг. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 82 дугаар Магадлалын иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг шүүгдэгч Л.Гантогох, түүний өмгөөлөгч нар хүлээн зөвшөөрөөгүй тул Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан. Уг гомдлыг Улсын Дээд шүүх 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцээд хохирогч Г.Энхномингийн эрүүл мэндэд учирсан хохирол болох 148 707 100 төгрөгийг бүхэлд нь шүүгдэгч Л.Гоос гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд зааснаар зам тээврийн осол гаргасан жолооч болон тээврийн хэрэгслээ жолоодож явахыг зөвшөөрч шилжүүлсэн тээврийн хэрэгслийн эзэмшигч нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй гэж дүгнэж шийдвэрлэсэн. Иймээс Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 117 дугаар тогтоол нь хүчин төгөлдөр байгаа тул нэхэмжлэгч Д.Оын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Гоос хохиролд 74 353 550 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Д.Оын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 529 770 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Үзлэг хийсэн нотлох баримтад иргэний нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо жич нэхэмжлэх эрхтэй талаар тайлбарласан. Гэтэл анхан шатны шүүх үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Л.Год холбогдуулан гэм хорын хохиролд 74 353 550 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 400 дугаартай шийтгэх тогтоолоор Л.Гыг зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Л.Гоос 148 707 100 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Энхноминд олгож шийдвэрлэснийг Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 82 дугаар магадлалаар хэвээр үлдээж, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 117 дугаар тогтоолоор шүүгдэгч Л.Г, иргэний хариуцагч Д.О нараас тус тус 74 353 550 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Энхноминд олгож шийдвэрлэсэн бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй болохыг шүүх зөв дүгнэжээ. /хх-ийн 4-15/

Нэхэмжлэгч Л.Гын жолоодож явсан тээврийн хэрэгслийн өмчлөгч нь хариуцагч Д.О болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан шийтгэх тогтоолоор тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.

Түүнчлэн, гэм хор шууд учруулаагүй боловч тээврийн хэрэгслийг шилжүүлсэн, эсхүл гэм хор учруулсан этгээдэд ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигчид Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3, 499.4 дэх хэсэгт заасан хариуцлага ногдуулахад гэм хор учирсан үйл явдалд гэм буруутай байх шаардлагагүй болно.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Д.О болон хамтран хариуцагч Л.Г нар нь Г.Энхноминд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 117 дугаар тогтоолтой шүүх хуралдааны аудио бичлэгт үзлэг хийж баримтжуулсан байна. /хх-ийн 59, 65/

 

Шүүх хуралдааны аудио бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан нотолгооны хэрэгсэл бөгөөд мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үзлэг хийж, тэмдэглэл үйлдсэнээр нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх боломжтой юм.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зам тээврийн осолтой холбоотойгоор шүүхийн хүчин төгөлдөр тогтоолын дагуу төлөгдөх болсон 74 353 550 төгрөгийг өөрт учирсан гэм хорын хохиролд тоооцож хариуцагчаас гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх шүүхийн шийдвэрээр бусдад төлөхөөр гарсан төлбөрийг нэхэмжлэгчид учирсан бодит хохирол гэж үзэх үндэслэлгүй талаар дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Иймд өөрт учирсан хохирол гэж үзэн гэм буруутай этгээдээс шаардсан, үзлэг хийсэн тэмдэглэл, нотлох баримтыг хэрэгт хамааралтай талаас нь үнэлээгүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоонгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/01148 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 530 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ТУЯА

                               ШҮҮГЧИД                                        Э.ЗОЛЗАЯА

                                                                        Д.ЦОГТСАЙХАН