Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2021/ДШМ/945

 

   2021             11              4                                           2021/ДШМ/945                              

 

 

     Д.Ад холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Батболд,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/918 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Батболдын бичсэн 2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 48 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Д.Ад холбогдох эрүүгийн 2106021661558 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         

          Д.А

 

          Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 360 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн 10 сарын хугацаагаар хорих ялаар,

            

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 1732 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдсэн.

 

             Шүүгдэгч Д.А нь 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулын өвөр 7-3296 тоотод оршин суух хохирогч Г.Эын гэрээс 756,120 төгрөгийн эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

             Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Аг хүн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримлан шүүгдэгч Д.Ад оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, хорих ялын 1 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор дүйцүүлэн сольж, шүүгдэгч Д.Ад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суух газраас явахыг хориглох, ... эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг буюу Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулын өвөр 8 дугаар гудамж 3421 тоотоос явахыг хориглож тухайн оршин суух газраа өөрчлөх, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг тус тус хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

 

            Прокурор Ц.Батболд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” хүн, хуулийн этгээдийг энэ хуульд хамруулахаар заажээ. Д.А нь 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байдаг. Өөрөөр хэлбэл, Д.Агийн үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэх цаг хугацааны дараа үйлдэгдсэн байна. Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар” гэж бичсэн байна. Иймд анхан шатны шүүхээс Д.Ад холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ 2021 оны Өршөөл  зүүлэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ... 2020 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 1732 дугаар шийтгэх тогтоолоор 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. Уг ялаа эдэлж байгаад 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн сум дундын шүүхийн 35 дугаар захирамжаар тэнсэн суллагдсан. Тэнссэн хугацаа нь 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр дууссан. Тэнсэн харгалзах хугацаатай байх үедээ дахин гэмт хэрэг үйлдсэн. Анхан шатны журмаар хэргийг хэлэлцэх явцад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас лавлагаа аваад хэргийг шийдвэрлэх боломжтой гэсэн санал гаргаж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Ад холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй гарсан байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

 

Шүүгдэгч Д.А нь 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулын өвөр 7-3296 тоотод оршин суух хохирогч Г.Эын гэрээс 756,120 төгрөгийн эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд анхан шатны шүүхээс түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд заасан “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” гэж үзэх үндэслэл болж байна.

 

Тодруулбал, анхан шатны шүүх 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэмт хэргийг өршөөлд хамруулахаар хуульчилсныг анхаарч үзэлгүй шүүгдэгч Д.Агийн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн үйлдсэн гэмт хэргийг өршөөлд хамруулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 

             Түүнчлэн, шүүгдэгч Д.А нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 1732 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн байх бөгөөд уг ялыг хэрхэн эдэлсэн талаарх баримт авагдаагүй байх тул шүүх өмнөх ялын талаар дүгнэлт хийх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэжээ.

 

             Прокурор Ц.Батболд нь давж заалдах шатны шүүх хуралдааны явцад шүүгдэгч Д.Аг Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 35 дугаартай шийдвэрээр 3 сар 10 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан шийдвэр нь хэрэгт авагдаагүй болохыг хүлээн зөвшөөрч, “шүүх хуралдаанд зохих баримтыг бүрдүүлж өгнө” гэсэн тайлбар гаргасан болохыг дурдав.

 

Иймд прокурорын “... хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг хүлээж авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр хүчингүй болгож, Д.Ад холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 16ы өдрийн 2021/ШЦТ/918 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Ад холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх хүртэл Д.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

                   ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

                      ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ