| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 194/2025/2067/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/197 |
| Огноо | 2026-01-19 |
| Зүйл хэсэг | 25.5.1., |
| Улсын яллагч | Н.Түвшинбаяр |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2026 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 2026/ШЦТ/197
2026 01 19 2026/ШЦТ/197
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал би даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган, улсын яллагч Н.Түвшинбаяр, шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Б.Лхагвасүрэн, шүүгдэгч З.Б /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Б, Б.Н нарт холбогдох эрүүгийн “2410 02219 1875” дугаартай, 194/2025/2067/Э индекстэй хэргийг 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, ххх тоотод оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б.Н,
2. Монгол Улсын иргэн, ххх тоотод оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, З.Б,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Н, З.Б нар нь бүлэглэн үйлдлээрээ санаатай нэгдэж ххх үүрээс олсон гэх Монгол Улсын нутагт орших булш, бунханаас илэрч олдсон байх боломжтой Монголын эзэнт гүрний үеийн ХIII-ХIV зуунд хамаарах Соёлын биет өв, түүх соёлын хөдлөх дурсгалт зүйл буюу 1 ширхэг хос дөрөөг зарж борлуулан ашиг олох, шунахайн сэдэлтээр 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт худалдан борлуулахаар Фэйсбүүк цахим орчинд бусадтай харилцаж ХIII дугаар зууны дөрөө сонирхох уу, Өвөрмонгол хүмүүс авна гэж Соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулахаар завдсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч Б.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:....мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
1.2. Шүүгдэгч З.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:....мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллгааны явцад гэрч Г.Бын:...би ххх гэсэн нэртэй ххх найзтай фейсбүүкийг сүүлийн 10 гаруй жил ашиглаж байна. 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Б.Н миний чат руу хоёр ширхэг дөрөөний зураг явуулж, худалдаж авах, сонирхох хүн байна уу гэж асуусан. Мөн тухайн дөрөөг XIII дугаар зууны үед хамаарна, ххх аймгийн ххх сумаас аавынх нь таньдаг хүн эмээлийн хамт олсон, эмээл нь үүрсэн байсан, ххх сонирхдог гэж байна гэх мэт зүйл надруу бичсэн. Би тухайн дөрөөг бусдад зарах талаар хэн нэгэнд хэлж үзүүлсэн зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-ий 45 дугаар тал/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Эын:...одоогоос 3-4 жилийн өмнө намайг гудамжинд явж байхад Б гэх хүн надтай уулзаж би таныг зурагтаар үздэг, их дэмждэг гэж хэлээд анх танилцаж байсан. Тухайн үед өөрийгөө хөгжим урлаач гэж хэлж байсан. Би Б гэх хүнтэй 3 удаа л уулзаж байсан. Анх бол гудамжинд таарсан, түүний дараа би салхитад байх гэрт нь эхнэрийн хамт очиж байсан. Сүүлд 2023 оны 10 сарын үед намайг ххх их сургуульд ажиллаж байх үед надруу залгаж манай хүүгийн гэр танай ажлын ойр байдаг. Би хүүгийнхээ хүүг харж байгаа. Та манайд орж ирээд цай уу гэж хэлсэн. Би тухайн үед өдөр цайныхаа цагаар Бийн хүүгийн гэр гэх ххх дүүргийн эмнэлгийн хойно байх орон сууцанд очсон. Намайг очиход Б ганцаараа байсан бөгөөд хоёр ширхэг дөрөө үзүүлж, он цаг болон зарвал ямар үнэ хүрэх вэ гэж асуусан. Тухайн дөрөө нь XIII дугаар зууны үед холбогдох сонгодог хийцтэй төмөр дөрөө байсан бөгөөд би тухайн дөрөөний талаар Бөөс асуухад манай хүү өрөнд орсон. Үүнийг зарах гэсэн юм хэд хүрэх бол гэж хэлсэн. Би хариуд нь би мэдэхгүй байна. Музейд өг гэж хэлсэн гэх мэдүүлэг. /хх-ий 47 дугаар тал/,
2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.А:...Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам нь Монгол Улсын соёлын өвийг хамгаалах үүрэгтэй байдаг учраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25 дугаар бүлэгт заасан гэмт хэргийн хохирогчоор Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамыг тогтоодог. Миний хувьд Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтний ажил эрхэлдэг бөгөөд урьд өмнө Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны хууль ёсны төлөөлөгчөөр хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаанд оролцож байсан. 2014 онд батлагдсан Монгол Улсын Соёлын өвийг хамгаалах тухай хуульд тодорхой соёлын биет өвийн талаар тусгасан байдаг. Соёлын биет өв гэдэг нь түүхэн тодорхой орон зай, цаг үеийг төлөөлөх биетээр оршин байгаа дурсгалыг хэлнэ. Соёлын биет өвийн хувьд Монголчуудын түүх соёл, урлаг, зан заншлыг өөртөө агуулж байдаг онцлогтой байдаг. Соёлын биет өвийг түүх, соёлын үл хөдлөх дурсгал болон хөдлөх дурсгал гэж ангилдаг. Монгол Улсын Соёлын өвийг хамгаалах тухай хуульд археологийн олдвор нь түүх, соёлын хөдлөх дурсгал буюу соёлын биет өвд хамаарна. Мөн хуульд олдвор гэдэг нь түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдол бүхий үнэт зүйл оршин байгаа нутаг дэвсгэр, газрын хэвлий нь төрийн хамгаалалтанд байх бөгөөд аливаа олдвор нь төрийн өмч мөн гэж заасан байдаг. Археологийн олдворыг худалдаж, борлуулахыг хориглодог. Учир нь Монгол Улсын түүхийн гэрч болж газрын хөрсөнд он удаан жил хадгалагдсан археологийн олдворыг иргэн хүн өмчлөх ёсгүй, төрийн өмч байж шинжлэх ухааны судалгаа, шинжилгээнд музейн үзмэрт ашиглагдаж байх ёстой. Монгол Улсын Соёлын өвийг хамгаалах тухай хуульд археологийн олдвор нь Түүх соёлын хөдлөх дурсгал буюу соёлын биет өвд хамаардаг бөгөөд археологийн олдворыг худалдаалахыг хориглодог. Мөн иргэн өөрт байх соёлын биет өвийг улсын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлэх үүрэгтэй бөгөөд бүртгүүлээгүй эд зүйлийг бусдад худалдан борлуулах үйлдэл нь соёлын биет өвийн хууль бус худалдаанд хамаарна. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны зүгээс уг хэрэгт эд мөрийн баримтаар түр хураан авсан эд зүйлсийг хуулийн дагуу зохих байгууллагад хүлээлгэн өгч, холбогдогчид хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх хүсэлтэй байна гэх мэдүүлэг. /хх-ийн 33-34 дүгээр тал/,
2.5. 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, дээд салхитын 4 дүгээр гудамжны 66 тоотод нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хх-ийн 12-21 дүгээр тал/,
2.6. 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Ч.Бийн эзэмшлийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хх-ийн 24-27 дугаар тал/,
2.7. 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б.Нын эзэмшлийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хх-ийн 21-23 дугаар тал/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Улсын яллагч хавтаст хэргээс: гэрч Бын мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 51 дүгээр тал/, Б.Нын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 21-23 дугаар тал/, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
3.2. Шүүгдэгч Б.Нын өмгөөлөгч Б.Лхагвасүрэн хавтас хэргээс: нэгжлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 18-20 дугаар тал/, 1-р хавтаст хэргийн 76-78 дугаар тал/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 80-83 дугаар тал/, Бийг хавтаст хэргийн 82 дугаар тал, Нийслэлийн Прокурорын газрын яллах дүгнэлтийг хүчингүй болгосон тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 208-209 дүгээр тал/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн захирамж /2-р хавтаст хэргийн 25 дугаар тал/, Бөөс дахин авсан мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 42 дугаар тал/, 2-р хавтаст хэргийн 44-45 дугаар талд авагдсан нотлох баримтыг шинжлэн судлав.
3.3. Шүүгдэгч нар хавтас хэргээс: тусгайлан шинжлэн судлуулах зүйл байхгүй гэв.
Гэм буруугийн талаар:
Улсын яллагч Н.Түвшинбаяр нь шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлтэндээ:
Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 13 дугаар зууны үед хамаарах соёлын биет өв болох хос дөрөөг хууль бусаар худалдахыг завдсан болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Б, гэрч Э, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А нарын мэдүүлэг, Соёлын биет өвийг хамгаалах газраас ирүүлсэн 2024 оны 11 сарын 21-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч З.Б, Б.Н нар нь бүлэглэн соёлын биет өвийг хууль бусаар худалдахаар завдсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх зааснаар гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Энэ хэргийн улмаас учирсан хохирол байхгүй. Шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй гэв.
Шүүгдэгч Б.Нын өмгөөлөгч Б.Лхагвасүрэн нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ:
Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу дараах дүгнэлтийг гаргаж байна. Хэргийн зүйлчлэлийн хувьд улсын яллагчийн зүгээс Б, Н нарт холбогдох үйлдлийг хууль эрх зүйн хувьд тодорхойлоогүй, төсөөллийн байдлаар зүйлчилсэн нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг доордуулах үндсэн шалтгаан болж байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт соёлын биет өвийг худалдаалах үйл ажиллагааг хууль бусаар явуулсан, зөөвөрлөсөн бол тус гэмт хэргийн үндсэн шинжийг хангана гэж тодорхойлсон. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч нарыг хууль бусаар худалдаалахыг завдсан гэдэг өгүүлбэрээр оруулж ирсэн. Гэтэл эрүүгийн эрх зүйн онол дээр практикт тогтсон шүүхийн шийдвэрт үзлэг хийгээд үзэхэд соёлын биет өв худалдахыг хууль бусаар явуулсан хэрэгт эрх бүхий байгууллага нь зөвшөөрөөгүй үед худалдах, үнэ хаялцуулах үйлдлийг цуг оруулсан. Үнэ тогтоосон, үнэ хаялцуулсан тогтвортой үйлдлийг хийгээгүй байдаг. Түүнчлэн прокурорын яллах дүгнэлтэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэхэд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүй санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамааран бусад нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдсан хуулийн тодорхойлолтыг журамлан хэрэглэсэн байгаа боловч Нын ямар хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй болохыг хэргийн зүйлчлэлд тогтоож дүгнэлт хийгээгүй байгааг анхаарч үзэх шаардлагатай. Нөгөө талаас Нт, Б санаатай чат бичсэн. Н хариу өгөөгүй, дөрөөний талаар зар оруулаагүй. Хууль бусаар завдсан гэх хууль зүйн үндэслэл нь үгүйсгэгдэж байна. хууль хэрэглээний хувьд шударга ёсны зарчмын хүрээнд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал дээр, хууль зүйн дүгнэлт хийсэн эсэх нь үгүйсгэгдэж байна гэв.
Шүүгдэгч Б.Н, З.Б нар нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:...хэлэх зүйл байхгүй гэв.
Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилго болох талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заан тодорхойлжээ.
Энэ зорилтыг хангах хүрээнд дээрх хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчлан тогтоосон байна.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбар зэргийг үндэслээд хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлж, хууль зүйн дүгнэлт хийхэд:
Прокуророос шүүгдэгч Б.Н, З.Б нар нь бүлэглэн үйлдлээрээ санаатай нэгдэж ххх үүрээс олсон гэх Монгол Улсын нутагт орших булш, бунханаас илэрч олдсон байх боломжтой Монголын эзэнт гүрний үеийн ХIII-ХIV зуунд хамаарах Соёлын биет өв, түүх соёлын хөдлөх дурсгалт зүйл буюу 1 ширхэг хос дөрөөг зарж борлуулан ашиг олох, шунахайн сэдэлтээр 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт худалдан борлуулахаар Фэйсбүүк цахим орчинд бусадтай харилцаж ХIII дугаар зууны дөрөө сонирхох уу, Өвөрмонгол хүмүүс авна гэж Соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулахаар завдсан гэж тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэлээ.
Учир нь:
Шүүгдэгч Б.Н, З.Б нарыг прокуророос :
1. бүлэглэн үйлдлээрээ санаатай нэгдэж ххх үүрээс олсон гэх Монгол Улсын нутагт орших булш, бунханаас илэрч олдсон байх боломжтой Монголын эзэнт гүрний үеийн ХIII-ХIV зуунд хамаарах Соёлын биет өв, түүх соёлын хөдлөх дурсгалт зүйл буюу 1 ширхэг хос дөрөөг зарж борлуулан ашиг олох, шунахайн сэдэлтээр,
2. 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт худалдан борлуулахаар Фэйсбүүк цахим орчинд бусадтай харилцаж ХIII дугаар зууны дөрөө сонирхох уу, Өвөрмонгол хүмүүс авна гэж Соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулахаар завдсан гэж тус тус буруутгасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуултийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “ гэмт хэрэг гарсан байдал, /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал / нотолно гэж хуульчилжээ.
Монголын эзэнт гүрний үеийн ХIII-ХIV зуунд хамаарах Соёлын биет өв, түүх соёлын хөдлөх дурсгалт зүйл буюу 1 ширхэг хос дөрөөг ххх үүрээс Монгол Улсын нутагт орших булш, бунханаас илэрч олдсон байх боломжтой гэж шүүгдэгч нарыг яллаж байгаа нь ойлгомжгүй байна.
Учир нь: дээрх хос дөрөөг булш, бунханаас хэн олсон, хэзээ олдсон эсэх нь тодорхойгүй, энэ талаар мөрдөн шалгах ажиллагааг хийгээгүй, шүүгдэгч нарын үйлдлийг хууль эрх зүйн хувьд тодорхойлоогүй, төсөөллийн байдлаар зүйлчилсэн нь хийсвэрээр дүгнэж яллаж байгаа нь учир дутагдалтай байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуултийн 16.2 дугаар зүйлийн 1.3 дэх хэсэгт “ гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг нотолно гэжээ.
Прокуророос шүүгдэгч нарыг шунахайн сэдэлтээр гэж яллаж байгаа боловч шүүгдэгч Б.Н нь хэдэн төгрөгийн ашиг олох зорилгоор уг дөрөөний зургийг өөрийн найз З.Бд өгсөн, шүүгдэгч З.Б нь дээрхи дөрөөний зургийг хэдэн төгрөгний ашиг, хонжоо харж бусдад зарж борлуулах гэж байсан нь тодорхойгүй, энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй, нотлогдохгүй байна.
Мөн дээрх үйлдэлд шүүгдэгч нарыг яллаж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Соёлын биет өвийн худалдааг, хууль бусаар явуулсан, зуучилсан бол...” гэсэн гэмт хэргийн үндсэн шинжийг хангана гэж тодорхойлсон:
Соёлын биет өвийн худалдаа гэдэг нь хууль, эрх зүйн хувьд “Соёлын биет өвийн худалдааг байнга эрхэлдэг, тусгай зөвшөөрөлтэй байхыг шаарддаг бөгөөд соёлын биет өв худалдахыг хууль бусаар явуулсан хэрэгт эрх бүхий байгууллага нь зөвшөөрөөгүй үед худалдах, үнэ хаялцуулах үйлдлийг цуг оруулсан, үнэ тогтоосон, үнэ хаялцуулсан тогтвортой үйлдлийг хийгээгүй байдагт оршино.
Шүүгдэгч нарын хувьд дээрх үйлдэл буюу Соёлын биет өвийн худалдааг эрхэлдэггүй, дээрхи үйл ажиллагааг эрхлэх талаар эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан эсэх эсхүл зөвшөөрөөгүй талаар ямар нэг баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ... шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал түүнийг ... шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгч нарын гэм бурууг эцэслэн тогтоох ажиллагаа зөвхөн нотлох баримтад үндэслэдэг. Шүүх эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг бүх талаас нь шинжлэх, гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм бурууг тогтоохдоо мөрдөн байцаалтын шатанд цугларсан бүхий л нотлох баримтыг шүүхийн аман хэлэлцүүлгээр шинжлэн, нэг бүрчлэн судалсны үндсэн дээр хэнээс ч хараат бусаар шийдвэрлэдэг.
Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм бурууг тогтоохын тулд хуульд заасан арга хэрэгслээр шаардлагатай бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүхийн шийдвэрт нөлөөлж болох үндэслэл бүхий эргэлзээ үүссэн тохиолдолд шүүх заавал няцаан үгүйсгэсэн байх ёстой бөгөөд хэрэв уг эргэлзээ няцаан үгүйсгэгдэхгүй бол түүнийг тухайн хүнд ашигтайгаар шийдвэрлэх буюу “in dubio pro reo” гэсэн эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчмыг хэрэглэх учиртай.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт нэг бүрийн нотолгооны ач холбогдол, нотлох чадвар, харилцан хамаарал, талуудын тайлбар, мэдүүлэг, мэтгэлцээнд тулгуурлан болж өнгөрсөн үйл явдлыг сэргээн тогтоох ажиллагаа явуулсны эцэст шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн, эсхүл түүний үйлдэл гэмт хэргийн шинжийг агуулсан гэж бүрэн дүүрэн үнэлэлт, дүгнэлт өгч чадахгүйд хүрвэл үүнийг үндэслэл бүхий эргэлзээнд тооцох ба ашигтайгаар шийдвэрлэх үндэслэл болдог.
Өөрөөр хэлбэл, үндэслэл бүхий эргэлзээ гэдэгт эрүүгийн хэрэгт цугларсан баримт нэг бүрийн нотолгооны ач холбогдол, нотлох чадвар, харилцан хамаарлыг тал бүрээс нь шалгаж, эрх тэгш талуудын мэтгэлцээн, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн үйл баримт, түүнд шууд болон шууд бус ач холбогдолтой бүхий л нотлох баримтын эх сурвалж, хүрэлцээт байдлыг нэг бүрчлэн шалгаж, дүн шинжилгээ хийсэн боловч шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн иж бүрэн дүгнэлт хийх боломжгүйд хүрэх буюу үйл баримтад тодорхой бус нөхцөл байдал гарсан байхыг ойлгоно.
Иймд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулсан, зуулчилсан” гэмт хэргийг үйлдсэн гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, хавтас хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтыг шалгасан боловч гэм буруутай эсэх нь эргэлзээтэй бол шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зарчмыг баримтлан Б.Н, З.Б нарт холбогдсон “соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулсан, зуулчилсан” хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирол, хор уршигийн талаар:
Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлахад:
Шүүгдэгч Б.Н, З.Б нар нь бусдад учруулсан хор уршиг байхгүй байх тул гэм хорын хохирол учруулаагүй байна гэж шүүх үзлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 3 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргах, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсан болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2, 36.6, 36.9, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Б, Б.Н нарт холбогдох эрүүгийн “2410 02219 1875” дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгасугай.
2. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хувийн баталгаа гаргах таслагн сэргийлэх арга хэмжээ авсан болохыг тус тус дурдсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 3 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргасугай.
4. Шүүгдэгч З.Б, Б.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай.
5. Цагаатгах тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хяан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
6. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Б, Б.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ