Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 1485

 

 

МАГАДЛАЛ

 

2019.08.09                                                Дугаар 1485                                     Улаанбаатар хот

 

 

 

“ЖКС ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч А.Отгонцэцэг, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2019/01641 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч “ЖКС ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч НШШГГ-т холбогдох,

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компанийн өдөр тутмын үйл ажиллагаагаа сайжруулах зорилгоор Голомт банкнаас зээл авсан боловч 2013, 2014 оны эдийн засгийн хямралаас болж үйл ажиллагаа маань доголдож зээлийн гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл үүсэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарч тус шийдвэрийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Б.У хариуцан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Б.У нь шийдвэр гүйцэтгэлийн ажил явуулахдаа манай компанийн барьцаа хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлж албадан дуудлага худалдаанд оруулахаар мэдэгдлийг ирүүлсэн. Тус барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, “Роял кэстл хотхон” 103 дугаар байр 1001 тоот орон сууц нь Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд байрлалтай, Солонгос улсын барилгын ажилчид болон барилгын компани гүйцэтгэж чанарын өндөр түвшинд гүйцэтгэгдсэн байдаг бөгөөд одоо тус орон сууцны борлуулагдаж байгаа ханш нь 3 саяаас 3 500 000 төгрөгийн ханштай байхад НШШГГ-ын үнэлгээ тогтоосон аргачлал нь тодорхойгүй, ямар судалгаа хийж үнэ тогтоосон нь ойлгомжгүй байгаа бөгөөд ямар ч судалгаагүй орон сууцны үнэлгээг тогтоож манай компанийн эрхийг зөрчиж байна гэж үзэж байна. Иймд НШШГГ-ын 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 3/6848 дугаартай албан бичгээр мэдэгдсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШЗ2016/21076 дугаар шүүгчийн захирамжаар “ЖКС ”    ХХК-иас 6 110 764 850 төгрөгийг гаргуулж Голомт банкинд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч “ЖКС ” ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, “Роял кэстл” хотхоны 103 дугаар байр 1001 тоот 240 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Энхжин хотхон /17021/ Зайсангийн тойруу 30 тоот аялал жуулчлалын зориулалттай 480 м.кв зоорийн давхартай 75 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжлэн хураан авч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудаас үнийн санал авахад үүрэг гүйцэтгэгч “ЖКС ” ХХК-ийн захирал Б.А нь талууд харилцан тохиролцоогүй тохиолдолд үнэлсэн үнийн 70 хувиар албадан дуудлага худалдааны доод үнийг тогтооно гэж зааснаар хөрөнгийн үнэлгээний “СЭ ” ХХК-ийг томилж үнэлгээ хийлгэхэд үл хөдлөх хөрөнгийг, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, “Роял кэстл” хотхоны 103 дугаар байрны 1001 тоот 240 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 516 000 000 төгрөгөөр, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Энхжин хотхон /17021/ Зайсангийн тойруу 30 тоот аялал жуулчлалын зориулалттай 480 м.кв зоорийн давхартай 75 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг 720 000 000 төгрөгөөр тус тус үнэлснийг төлбөр төлөгчид 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 3/6848, 4/6848 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ШШГГ “ЖКС ” ХХК-д холбогдуулан хуульд заасны дагуу үнэлгээ хийлгэсэн. Шинжээч нь Ү-2204020326 дугаартай орон сууцыг 516 000 000 төгрөг, Ү-2206019938 дугаартай орон сууцыг 720 000 000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Төлбөр төлөгчийн зүгээс   Ү-2204020326 дугаартай орон сууцны үнэлгээ нь зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн гэж гомдол гаргасан. 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр үнэлгээний дүгнэлттэй танилцсан, 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гомдол гаргасан. Хөндлөнгийн шинжээчийн ажилд зааварчилгаа өгч байгаа юм шиг тооцоо, судалгаа байхгүй гэж   байгаа нь үндэслэлгүй байна. Зөвхөн маргаан бүхий хөрөнгөтэй холбоотой гомдол гаргасан байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бусад хөрөнгүүд дээр ажиллагаа хийлгэхгүй, түдгэлзүүлсэн байгаа нь хуульд нийцэхгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар танилцсанаас хойш 7 хоногт багтаж гомдол гаргах эрхтэй байдаг. Хугацаа хэтрүүлж гомдол гаргасан ба хугацааг сэргээлгэх талаар ямар нэг хүсэлт байхгүй байгаа гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан НШШГГ-т холбогдуулан гаргасан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 3/6848 дугаартай албан бичгээр мэдэгдсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч “ЖКС ” ХХК-ийн гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар тус шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын      29-ний өдрийн 101/ШЗ2019/06734 дугаартай “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурьдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолд: Хэрэгт авагдснаар “СЭ ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, “Роял кэстл” хотхоны 103 дугаар байр 1001 тоот 240 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 516 000 000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшнаас хэт доогуур байна. Тус хөрөнгийн үнэлгээний компанийн үнэлгээ хийсэн тооцоо судалгаа, тогтоосон аргачилал нь яаж зах зээлийн үнийн дүнгээс ялгаатай буюу хэт доогуур үнэлэгдэж байгаа нь ойлгомжгүй байхад шүүх тус дүгнэлтийг үндэслэн шийдвэр гаргасан нь хэт нэг талыг баримталж шийдвэр гаргасан байна. Манай нэхэмжлэгч талын зүгээс уг үнэлгээг хүчингүй болгуулж өөр үнэлгээ тогтоолгох зорилготой бөгөөд баримтаар нотлох ямар нэгэн боломжгүй байхад ийнхүү шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, хэргийн үйл баримтыг дүгнэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч “ЖКС ” ХХК нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 3/6848 дугаар албан бичгээр мэдэгдсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШЗ2016/21076 дугаар захирамжаар “ЖКС ” ХХК болон Б.А нараас 6 235 598 867,67 төгрөг гаргуулж, “Голомт банк” ХХК-д олгож, барьцааны зүйл болох орон сууцуудыг албадан дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талуудын эвлэрлийг баталсан ба гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн хариуцагч байгууллага 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна. /хх 20, 21-22, 23/

Нийслэлийн ШШГГ нь “ЖКС ” ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2206019938 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Энхжин хотхон, Зайсангийн тойруу 30 тоот, 480 м.кв талбай бүхий 3 давхар үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр битүүмжилж, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хураан авч, мөн өдөр Баянзүрх дүүргийн 01 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж “Рояал кэстл” хотхон 103 дугаар байр 1001 тоот, 240 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг хураан авах ажиллагаа явуулсан ба уг ажиллагаанд талууд гомдол гаргаагүй байна. /хх 27, 29, 33, 34/

Төлбөр төлөгч “ЖКС ” ХХК-ийн ерөнхий захирал Б.А нь 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах доод үнийг 720 000 000 төгрөгөөр тогтоолгохоор санал гаргасан хэдий ч маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөд үнийн санал ирүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Төлбөр авагч үнийн санал ирүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэгч 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолоороо шинжээч томилсон ажиллагааг буруутгах боломжгүй байна.

/хх 31, 32, 36/

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон шинжээч уг орон сууцны зах зээлийн үнийг 516 000 000 төгрөгөөр үнэлсэн ба хариуцагч байгууллага нь 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 3/6848 тоот мэдэгдлээр нэхэмжлэгч “ЖКС ” ХХК-д мэдэгдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болоод Иргэний хуульд нийцжээ.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч нь “СЭ ” ХХК үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримт гаргаж өгөөгүй, хэрэгт энэ талаар баримт авагдаагүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2019/01641 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.МӨНХЗУЛ

                         ШҮҮГЧИД                                 А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                           М.НАРАНЦЭЦЭГ