Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 2021/ДШМ/39

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 12 өдөр                                2021/ДШМ/39                          Хэрлэн сум

 

Б-, Т-,

Д-, Т-, Ч-,

Ч-, А- нарт холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2021/0039

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,

Прокурор Н.Амаржаргал /цахимаар/,

Шүүгдэгч А-ийн өмгөөлөгч Б.Баярсайхан /цахимаар/,

Шүүгдэгч Б-, Т-, Ч-, Ч- нарын өмгөөлөгч Д.Оюунбаатар /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урантуяа нарыг оролцуулан,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/39 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Оюунбаатар, Б.Баярсайхан нарын гаргасан давж заалдах гомдлоор Б-, Т-, Д-, Т-, Ч-, Ч-, А- нарт холбогдох эрүүгийн 1940001640095 дугаартай 8 хавтас 1850 хуудас бүхий хэргийг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн итгэснээр хянан хэлэлцэв.

Хэнтий аймгийн Дархан суманд 1987 төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, ял шийтгэлгүй Б овогт Ц-н Т

Улаанбаатар хотод 1979 онд төрсөн, 41 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 4, ял шийтгэлгүй Б овогт Д-н Т-

Архангай аймгийн Хангай суманд 1973 онд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, ял шийтгэлгүй С овогт П-н Б,

Архангай аймгийн Хангай суманд 1980 онд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, ял шийтгэлгүй Б овогт Т-н Ч

Архангай аймгийн Хангай суманд 1983 онд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 8, ял шийтгэлгүй Б овогт Т-н Ч-

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд 1977 онд төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, ял шийтгэлгүй Т овогт А-н А-  

Хэнтий аймгийн Дархан суманд 1980 онд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, ял шийтгэлгүй Б овогт Ж-н Д-

Шүүгдэгч Т-, Т-, Б-, Ч-, Ч-, А- нар нь бүлэглэн машин механизм ашиглаж 2019 оны 08 дугаар сарын 25-27-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр багт нутаглах малчин Б-гийн “Бүрд” гэдэг газарт бэлчээрт байсан бог малаас эр ямаа 7, эм ямаа 8, бүдүүн эм хонь 50, эм төлөг 20, эр бүдүүн хонь 10, эр төлөг 20, хурга 4, нийт 119 тооны бог мал хулгайлж, бусдад 1.198.0000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ шунахай зорилгоор, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн,

Шүүгдэгч  Т-, Д- нар нь бүлэглэн 2019 оны 05 дугаар сард Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн малчин М-ын “Бүрд” гэдэг газарт бэлчээрт байсан хониноос 142 бог малыг хулгайлж, бусдад 14.080.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулж, бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ шунахай зорилгоор, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн,

- 2019 оны 06 дугаар сарын 12-13-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн нутаг “Бүрд” гэдэг газар нутаглах малчин В-гийн хаваржааны дээр байсан хонь, ямаанаас 30 хонь, 20 ямаа, нийт 50 бог мал хулгайлж, бусдад 4.300.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулж, бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэргийг үйлдэхдээ шунахай зорилгоор, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн,

- 2019 оны 06 дугаар сарын 10-28-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн малчин Б-гийн “Бүрд” гэдэг газарт бэлчээрт байсан адуунаас 1 адууг хулгайлж, бусдад 900.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулж, бусдын мал хулгайлсан гэмт хэргийг үйлдэхдээ шунахай зорилгоор, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн,

- 2019 оны 06 дугаар сарын 20-27-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн малчин В-гийн “Бүрд” гэдэг газарт бэлчээр байсан үхрээс 2 тооны үхрийг хулгайлж, бусдад 2.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулж, бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ шунахай зорилгоор, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн,

- 2019 оны 07 дугаар сарын 22-26-ны өдрийн хооронд машин механизм ашиглан Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн малчин Т-ын “Цэнхэр бүрд” гэдэг газарт бэлчээрт байсан 2 үхрийг хулгайлж, бусдад 2.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулж бусдын мал хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ шунахай зорилгоор, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн,

- 2019 оны 09 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн нутаг “Бүрд” гэдэг газар нутаглах Б-ийн “Аман хужир” гэх газарт бэлчээрт байсан адуунаас 2 тооны адууг хулгайлж, 1.300.000 төгрөгийн буюу бусдад үлэмж хэмжээний хохирол учруулж, бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэргийг үйлдэхдээ шунахай зорилгоор, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн,

Шүүгдэгч Д- нь ганцаараа 2020 оны 11 дүгээр сарын 27-ны орой Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр баг “Хужирын хонхор” гэдэг газраас өөрийн үхэрт нийлсэн малчин М-ы 2 тооны бярууг хулгайлж, бусдад 1.400.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ шунахай зорилгоор, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн,

Шүүгдэгч Т- нь ганцаараа Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр баг “Бүрдний өндөр хамар” гэх газраас 2020 оны 07 дугаар сарын 17-18-ны өдрийн хооронд Д-, Г- нарын 70 тооны хонь, ямааг хулгайлж, бусдад 6.630.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ шунахай зорилгоор, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газраас Б-, Ч-, Ч-, А-, Т- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,  Д-, Т- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх: Шүүгдэгч С овогт П-н Б-, Б овогт Т-н Ч-, Б овогт Т-н Ч-, Т овогт А-н А-, Б овогт Д-н Т- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, шүүгдэгч Б овогт Ж-н Д-, Б овогт Цэ-н Т- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан “Бусдын олон тооны малыг хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Д-, Т- нарт тус бүр 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б-т 2 /хоёр/ жил 5 /тав/ сар, шүүгдэгч  Ч-, Ч-, А-, Т- нарыг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-т оногдуулсан 2 жил 5 сар, шүүгдэгч Ч-, Ч-, А-, Т- нарт тус бүр оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 07 сарын 02-ны өдөр батлагдаж 2021 оны 07 сарын 06-ны өдрөөс мөрдөж эхэлсэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д-, Т- нарт тус бүр  оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, уг хугацаанд шүүгдэгч Т-г өөрийн оршин суух газар болох Хэнтий аймгийн Дархан сумын “Д” багаас явахыг хориглох, шүүгдэгч Д-ыг өөрийн оршин суух газар болох Хэнтий аймгийн Дархан сумын “М” багаас явахыг хориглох үүргийг шүүгдэгч Т-, Д- нарт  хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т-, Д- нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Т-, Д- нарт оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.14, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг шүүгдэгч Т-, Д- нарт хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Т-, Д- нарт анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Т-гийн цагдан хоригдсон 74 хоног, шүүгдэгч Д-ын цагдан хоригдсон  29 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т-, Т- нараас тус бүр 1.000.000 /нэг сая/ төгрөг, шүүгдэгч Ч-, Ч-, А- нараас тус бүр 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг, шүүгдэгч Б-аас 5.280.000 /таван сая хоёр зуун наян мянга/ төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Б- д, шүүгдэгч Т-гээс 300.000 /гурван зуун мянга/ төгрөг, шүүгдэгч Д-аас 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Т- д, шүүгдэгч Т-гээс 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөг, шүүгдэгч Д-аас 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Б-д, шүүгдэгч Т-гээс 3.100.000 /гурван сая нэг зуун мянга/ төгрөг, шүүгдэгч Д-аас 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг, шүүгдэгч Т-гээс 500.000 /таван зуун мянга/ төгрөг, шүүгдэгч Д-аас 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийг тус тус гаргуулан хохирогч В-д, шүүгдэгч Т-гээс 9.550.000 /есөн сая таван зуун тавин мянга/ төгрөг, шүүгдэгч Д-аас 2.400.000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг тус тус гаргуулан хохирогч П.М-д тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Б-ын шар эрээн иштэй, 26.9 см урттай, ажлын хэсэг нь 14.9 см урттай хутга 1 ширхэг, хар өнгийн иштэй, 19 см урттай, ажлын хэсэг нь 9 см урттай хутга 1 ширхэг, Д-ын судалтай шар эрээн өнгийн иштэй, 26.5 см урттай, ажлын хэсэг нь 14 см хэмжээтэй хутга 1 ширхэг, төмөр иштэй сүх 1 ширхэг, 5 м урттай бугуйл зэргийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн “Эд мөрийн баримт устгах” комисст даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгч Д-аас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Портер” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 10.500.000 төгрөгийг гаргуулан, шүүгдэгч Т-ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн, улбар шар өнгийн “Супер Даюун” маркийн мотоцикл, шүүгдэгч Б-ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хөх ногоон өнгийн “Пронтер” маркийн тээврийн хэрэгслийг тус тус улсын орлого болгохоор заан шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Б-, Т-, Ч-, Ч- нарын өмгөөлөгч Д.Оюунбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“Шүүгдэгч Б- хохирогч Б-д 1.100.000, шүүгдэгч Ч-  хохирогч Б-д 900.000, шүүгдэгч Т- хохирогч Б-д 900.000 төгрөгийн хохирол тус тус төлсөн бөгөөд эдгээр баримтуудыг шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгч байна.  

Шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд шүүгдэгч Ч-ийн хувьд амьдралын боломжгүй нөхцөл байдлын улмаас хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй байгаа бөгөөд үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б-, Т-, Ч-, Ч-, А- нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирол нөхөн төлөөгүй, хохирол төлөхөө илэрхийлээгүй байх тул 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлан, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял шийтгүүлсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасан. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэгт заасан зохицуулалт нь ялыг өршөөн хэлтрүүлэхэд хамаарах заалт бөгөөд ялын төрлийг сольж өршөөлд хамруулахад хамаарахгүй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж таван жил, түүнээс бага ял шийтгүүлсэн хүнийг гэм буруугаа хүлээсэн, хохирол төлбөрөө төлсөн, төлөхөө илэрхийлснээс үл хамаарч Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих бүрэн боломжтой байсан. Иймд шүүгдэгч Б-, Т-, Ч-, Ч-, А- нарыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах боломжтой гэж үзэж байна.

Мөн шийтгэх тогтоолын 14 дэх заалтаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д-аас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Портер” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 10.500.000 төгрөг, шүүгдэгч Т-аас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн улбар шар өнгийн “Супер даун” маркийн мотоцикл, шүүгдэгч Б-аас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хөх ногоон өнгийн “Пронтер” маркийн тээврийн хэрэгслийг тус тус гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасан тул дээрх тээврийн хэрэгслүүд, тээврийн хэрэгслийн үнийг хохирол нөхөн төлөхөд зарцуулахаар шийдвэрлэх боломжтой байсан.

Мөн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс мөрдөж эхэлсэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д-, Т- нарт тус бүр оногдуулсан 3 жилийн хорих ялыг 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, уг хугацаанд шүүгдэгч Т-г өөрийн оршин суух газар болох Хэнтий аймгийн Дархан сумын “Дотуур булаг” багаас явахыг хориглох, шүүгдэгч Д-ыг өөрийн оршин суух газар болох Хэнтий аймгийн Дархан сумын “Мэргэн хошуу” багаас явахыг хориглох үүргийг шүүгдэгч Т-, Д- нарт хүлээлгэж шийдвэрлэсэн. Гэтэл шүүгдэгч Д- нь малчин учир цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан нүүдэл хийх шаардлага гарч байх тул сум орон нутгаасаа явахыг хориглож өөрчилж өгнө үү гэсэн саналтай байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч А-ийн өмгөөлөгч Б.Баярсайхан давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “А- нь бусадтай бүлэглэн Б-гийн олон тооны бог малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан материалд тодорхой байгаа ба хэргийн зүйлчлэлийн хувьд ямар нэгэн маргаан байхгүй байна. А- нь мэдүүлэг өгөхдөө “хохирогч Б-гийн хонийг мэдэхгүй, хулгайлаагүй” гэдэг боловч бүлэглэн гэмт хэрэг үйлдэгчид нь “мэдэхгүй, хулгайлаагүй” гэж хэл гэж тохиролцсон ёсоор мэдүүлдэг ба одоо хулгайлсан үйлдлээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.

Мөн хохирогч Б-д учруулсан хохирол болох 1.500.000 төгрөгийг төлж хохиролгүй болгосон тул 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж өршөөлд хамруулж өгнө үү” гэжээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Н.Амаржаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б-, Ч-, Ч-, А- нар хохирогч Б-гийн олон тооны малыг хулгайлснаа хүлээн зөвшөөрөөгүй учир хохирол нөхөн төлөөгүй байсан. Давж заалдах шатны шүүх хуралдаан дээр өмгөөлөгчийн тайлбарыг сонсоход гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид зарим хохирлыг төлж, үлдэх хэсгийг төлөхөө илэрхийлсэн байна.

Өршөөл үзүүлэх тухай хуулийг гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлсөн, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн тохиолдолд хэрэглэхээр заасан. Шүүгдэгч Б-, Ч-, Т- нар хохирогч Б-д тодорхой хэмжээний хохирол төлсөн талаар нотлох баримтуудыг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргаж өгсөн бөгөөд үлдэх хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх эсэх нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал тул энэ талаар прокурорын зүгээс тусгайлан гаргах саналгүй.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хураасан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь гэмт хэрэг үйлдэхдээ машин механизм ашигласан тохиолдолд уг тээврийн хэрэгслийг хураах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан байдаг. Гэмт хэрэг үйлдэхэд ашиглаагүй мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол нөхөн төлүүлэх зорилгоор эд хөрөнгийг битүүмжилсэн тохиолдолд битүүмжлэгдсэн эд хөрөнгөөр хохирол нөхөн төлүүлж болно. Харин гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг битүүмжилсэн бол хохирол төлүүлэх боломжгүй” гэжээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч Б-, Т-, Ч-, Ч- нарын өмгөөлөгч Д.Оюунбаатар, шүүгдэгч А-ийн өмгөөлөгч Б.Баярсайхан нарын гаргасан давж заалдах гомдлын үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т заасан “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх ёстой.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан эрүүгийн хариуцлага нь дээр дурдсан шударга ёсны зарчимд нийцээгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б-, Т-, Д-, Т-, Ч-, Ч-, А- нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Т-, Д- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Б-, Ч-, Ч-, А-, Т- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах зүйтэй байна.

Эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад дүгнэлт хийгээгүй болно.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6, 39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.3, 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/39 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б-, Т-, Д-, Т-, Ч-, Ч-, А- нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Т-, Д- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Б-, Ч-, Ч-, А-, Т- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.БОЛОРМАА

 

                           ШҮҮГЧИД                                                  Я.АЛТАННАВЧ

                                                               

                                                                                              Б.ДЭНСМАА